Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 136/шш2023/00036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г м” ХХК 

Хариуцагч:  “Д г т м” ХХК

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** байрлах А

Нэхэмжлэлийн шаардлага: “Г м” ХХК-ийн эзэмшлийн 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг даалгах, 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлуулсан байгууламж, тоног төхөөрөмжийг буулгаж, тухайн талбайг чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.Г, өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Д,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г м” ХХК “Д г т м” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1. Ашигт малтмалын газраас “Г м” ХХК-д 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн С сумын А т гэдэг нэртэй газарт орших 253.52 гектор талбай бүхий ашиглалтын талбайд МV-01**** дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Уг талбайд манай компани 689,000,000 төгрөгийн хайгуулын зардал гаргаж, урьдчилсан байдлаар 249,000 тн битумын нөөц тогтоож /цаашид нөөц өснө/ батлуулан, ашиглалт олборлолтын үйл ажиллагаагаа явуулах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан.

Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийн дагуу өөрийн ашиглалтын талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулах гэтэл БНХАУ-ын хуулийн этгээд болох “Д Ж П Д групп” компанийн охин компани болох “Д гын т /М/” ХХК тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайд зохих зөвшөөрөлгүйгээр өөрсдийн нефть олборлох тоног төхөөрөмжүүдийг суурилуулан олборлолтын үйл ажиллагааг явуулж, манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчин, хохироож ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.

Манай компанийн зүгээс талбай чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч Монгол Улсын хуулийг үл тоомсорлон зөрчиж, харин ч санаатайгаар хашиж орох боломжгүй болгоод байгаа.

Дээрх үндэслэлээр “Г м” ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-ын хуулийн этгээд болох “Д Ж П Д групп” компани болон тус компанийн охин компани болох Монгол Улсын хуулийн этгээд болох “Д гын т /М/” ХХК нарт холбогдуулан “бусдын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, бусдын өмчид халдан, олборлолт хийж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлөхийг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийг албадан биелүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Г м” ХХК-ийн 16934 МВ тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд “Д гын т /М/ ХХК болон “Д Ж П Д групп” ХХК нар нь манай “Г м” ХХК-д мэдэгдэлгүйгээр, ашигт малтмалын нөөц бүхий талбайд нэвтэрч, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй буруутай үйлдлийг тогтоолгох” шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан.

2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэргийн материалыг судлан, танилцахад манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагааг явуулсан этгээд нь “Д г т м” ХХК болох нь тогтоогдсон.

Иймээс миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасныг үндэслэн өөрт олгогдсон эрхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Д Ж П Д групп” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

3. Миний бие хэрэгт цугларсан нотлох баримтыг сайтар судлан танилцахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгчээс өөрийн Дорноговь аймгийн С сумын А т гэдэг нэртэй газарт орших 253.52 гектар талбай бүхий ашиглалтын зөвшөөрөл бүхий талбайд “Д г т м ХХК хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр, өөрсдийн нефть олборлох тоног төхөөрөмжүүдийг суурилуулан олборлолтын үйл ажиллагаа явуулж, нэхэмжлэгч компанийг ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон тул өөрийн компанийн ашиглалтын үйл ажиллагааг явуулах, олборлолт хийх эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар манай компани нь өөрийн эзэмшиж буй талбайд ашигт малтмалын хайгуул явуулах, уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ашиглах, худалдан борлуулах, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах зэрэг эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:, 9.4.2-т “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх’' гэж заасанд нийцсэн хууль ёсны шаардлага юм.

3.2. Нэхэмжлэгч “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлөхийг даалгах, 01**** МV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын нөөц бүхий талбайд нэвтэрч, газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулж буй буруутай үйлдлийг тогтоолгох гэж маргаж байгаа бол хариуцагч нь “...Монгол Улсын засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 47 тоот тогтоолоор батламжлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд Д аймгийн Зб, Ц-Эний гэрээт талбайд газрын тос олборлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулж байгаа... ” гэдгээ баримтаар нотолсон.

Газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшихтэй холбоотой харилцааг Газрын тосны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Газрын тосны нөөцийг хүлээн авах тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргана.”, 24.2-т “Гэрээлэгч ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс ашиглалтын хугацаа эхэлнэ.”, 24.3-т "Ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны төв байгууллага гэрээлэгчид олгож, сунгана." гэж тус тус тодорхой заасан.

Өөрөөр хэлбэл газрын тосны нөөцийг хүлээн авах тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргаж, ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар хуульчилсан байна.

Хариуцагч талаас “Д аймгийн Зб, гэрээт талбайд газрын тос олборлох үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй” гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг тайлбараа нотлож чадаагүй байна.

3 3. Хариуцагч “Д г т м” ХХК нь газрын тос олборлох тусгай зөвшөөрөлтэй эсэх нь хуулийн дагуу баримтаар нотлогдсон тохиолдолд тус компани нь Газрын тосны тухай хуульд заасан үүргийн дагуу манай компанитай гэрээ байгуулж, манай компанийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч компани нь манай компанид огт мэдэгдээгүй, газрын тос олборлохтой эрхтэй эсэхийг нотлоогүй атлаа манай тусгай зөвшөөрлийн талбай дээр байгууламж барих, тоног төхөөрөмж байрлуулах зэргээр манай компанийн эрхийг зөрчиж байгаа нь баримтаар нотлогдож байгаа.

Иймд “Г м” ХХК-ийн эзэмшлийн 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг даалгах, 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлуулсан байгууламж, тоног төхөөрөмжийг буулгаж, тухайн талбайг чөлөөлөхийг “Д г т м” ХХК-д даалгах тухай

Хариуцагч “Д г т м” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Д” ХХК-ийн охин компани “Д гын т /М/ ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 47 тоот тогтоолоор батламжлагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” /97P**/ -ний хүрээнд Д аймгийн Зб, Ц-Эний гэрээт талбайд газрын тос олборлодог, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд билээ. Д аймгийн Зб * дугаар багт байрлах Д гын т /М/ ХХК нь “Г м” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг бие даан, бүрэн хариуцах болно.

“Г м” ХХК-ийн талбай чөлөөлүүлэхийг даалгах, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч ...ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэтэл манай талбайд хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр дайран орж, компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчин, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна гэжээ. Тус Д г т м” ХХК нь Монгол, Хятад улсын засгийн газрын хоорондын гэрээгээр ажилладаг компани юм. Манай компанид олборлолтын гэрээ, түүнд зориулсан эдэлбэр газар эзэмших, ашиглах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг. Иймээс тус компани бусдын газар руу дайрч орох, хууль бус үйлдэл хийх шаардлага байхгүй бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно. Тус “Г м” ХХК, манай компанийн эзэмших, ашиглах зөвшөөрлийг хэзээ олгосон хугацааг үзэхэд асуудал ойлгомжтой болно. Мөн “Г м, ХХК-ийн болон манай компанийн хууль ёсны зөвшөөрлийн хугацааг үзэхэд тодорхой болно. Газар олгогдоогүй үед зөвшөөрөл олгогдохгүй байх хуулийн заалттай. “Г м” ХХК нь хөрснөөс 4-5 м гүн ухаж сэндийчсэн байгааг зохих газрууд нь шалгаж үзэх нь зүйтэй болов уу. Тус компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн зүйл огт байхгүй болно. Нэхэмжлэгч ...зөвшөөрөлгүй нэвтрэн орж, олборлолт хийж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж ...хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, чөлөөлөхийг даалгаж, ...шийдвэрийг албадан биелүүлж өгнө үү гэжээ.

Зөвшөөрлийн талаар тайлбарласан бөгөөд хууль бус зөвшөөрөлтэй гэж үзэж байгаа бол Монгол Улсын Засгийн газарт хандах нь зүйтэй болов уу. Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж үзэж байгаа бол Монгол Улсад орж байгаа орлого хууль бус болж байна. Харин эдэлбэр газрыг зохих зөвшөөрөл олгодог этгээд санаатайгаар давхцуулан олгосон байхыг үгүйсгэхгүй. Иймд “Г м” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх болно. Хуулийн хугацаа зөрчиж гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Тус компани нь “ А” зэрэглэлийн тусгай зөвшөөрөлтэй, “А т” гэх газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг маш сайн ойлгож, үйл ажиллагаа явуулахад нь хамтран ажиллах талаар удаа дараагийн шүүх хуралд санал, хүсэлтээ гаргаж байсан .

Мөн тус компанид уулзалт хийж асуудлыг зөвшилцлийн журмаар шийдвэрлэх боломжийг удаа дараа тавьж байсан болно.

Тус компани нь урьд нь тусгай зөвшөөрөлгүй байхдаа олборлолт, ашиглалт хийж 4- 6 метр ухаж битум гаргаж авсан ул мөр одоо ч байгаа юм.

Тус компанийн үйл ажиллагааг санаатайгаар хашиж орох боломжгүй болгосон асуудал байхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг даалгах, 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлуулсан байгууламж, тоног төхөөрөмжийг буулгаж, тухайн талбайг чөлөөлөхийг даалгах тухай шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

БНХАУ-ын “Д” компани нь 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 тоот тогтоолоор батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг Австралийн “Р О (Г)” компаниас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Д” ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Д аймгийн нутагт орших 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Хийгдсэн ажил, хөрөнгө оруулалтын талаар: Өнгөрсөн хугацаанд буюу 1994-2021 онд тус талбайд нийт хайгуул, үнэлгээний 131 цооног өрөмдөн, 5138.8 тууш км-т 2 хэмжээст, 339.6 км2 талбайд 3 хэмжээст чичирхийллийн ажил хийсэн. 1993-2020 онд тус талбайд нийт 305.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Газрын тосны нөөцийн талаар: Тус талбайн нөөцийн тооцооны тайланг хуучин нэрээр ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, тус зөвлөлийн 2010 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэн Эрдэс баялаг, эрчим  хүчний сайдын “Нөөц бүртгэх тухай” 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 137 дугаар тушаалаар газрын тосны “баталгаат” нөөцийг 26.05 сая тонн буюу 186 3 сая баррель; үүнээс “ашиглалтын баталгаат” нөөцииг 2.07 сая тонн  буюу 14.86 сая баррелиар тус тус Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн.

Газрын тосны орд ашиглалтыг эхлүүлсэн талаар: Зб, Ц-Эний газрын тосны ордын ашиглалтын талбай (уурхайн эдэлбэр)-н хэмжээг 239.5 км2 (хайгуулын талбайн 4,5%)-аар тогтоосон. Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор 1997 оны. БХГ-т талбайд уурхайн эдэлбэрийн зөвшөөрөл олгосоН.

Газрын тосны олборлолт, экспорт: 1998-2021 онд 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайгаас 6.64 сая баррель буюу 928.7 мянган тонн газрын тос олборлож, 6.46 сая баррель буюу 905.6 мянган тонн газрын тос БНХАУ-д экспортолсон.

Олборлолтын ил байгууламж, дэд бүтэц, эрчим хүчний талаар: Д аймгийн Зб багаас газрын тосны ордын ашиглалт явуулах талбай хүртэлх 35 кВ-ийн 21 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 5МВт-ын дэд өртөө хуваарилах байгууламж, 35/6 кВ-ийн дэд станцын өргөтгөл, бкВ-ийн 38 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг “Б ЗӨБЦТС” ТӨХК-иар гүйцэтгүүлж ашиглалтад оруулсан.

Үйлдвэрлэлийн баазын үйл ажиллагаанд ашиглагдах 17 том, 6 бага оврын автомашины дулаан зогсоол, Зб дахь үйлдвэрлэлийн бааз болон Ц-Эний олборлолтын талбайд ажилчдын амьдрах байр, албан конторын барилга, ус шахалтын байгууламж, тэсрэх бодисын агуулах, ШТС, газрын тосны ордын ашиглалт явуулах талбайгаас түүхий тос хадгалах танк фарм хүртэлх 22,7 км хатуу хучилттай зам зэргийг Монгол Улсын холбогдох стандартын дагуу барьж ашиглалтад оруулсан.

Зб баг дахь үйлдвэрлэлийн баазад өвлийн улиралд тосыг уураар халаах зориулалттай цагт 4 тн уур гаргах хүчин чадал бүхий уурын зуух, нэг удаагийн ачилтаар 32 ш вагонцистернд зэрэг ачилт хийх чадалтай 400 м урттай вагонцистернд тос ачих байгууламж, түүхий тос хадгалах, цэвэршүүлэх, ачих, буулгах ил байгууламж зэргийг барьж ашиглалтад оруулан, 42 ш шинэ вагонцистернийг ОХУ-аас худалдан авч түүхий тосны тээвэрлэлтэд ашиглаж байна.

2018 онд “Д гын т (М)” ХХК нь 500 сая төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар Д аймгийн С сумын Зб багт 50 хүүхдийн багтаамжтай 2 давхар цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулсан. Мөн тус багийн эмнэлгийн дээврийн засварын ажлыг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан засварлаж өгсөн байна.

Газрын тосны орд ашиглалтын талаар: Зб, Ц-Эний газрын тосны ордын ашиглалтын хугацаанд нийт 171 цооног (шинээр 66 цооног өрөмдөх), нийт 8 усны эх үүсвэрийн цооног, Ц-Э ордоос Збгийн тос хадгалах танк фарм хүртэл 22.7 км хатуу хучилттай автозам барих, 2 ус шахалтын станц, гүний усыг гүн цэвэршүүлэх станц зэргийг барьж ашиглалтад оруулж, 2012-2030 оны хооронд нийт 8.34 сая баррель буюу 1.16 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөөд байна.

“Г м” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талаар: Д аймгийн С сумын А т нэртэй газарт 123,56 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12** дугаартай шийдвэрээр анх 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Г м” ХХК-д олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд  зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч компани нь 2008 оны төлөвлөгөө тайланг батлуулаагүй, 2009 оны төлөвлөгөө өгсөн тайлан батлуулаагүй, 2010 оны төлөвлөгөө батлуулаагүй тайлан өгсөн, 2011 оны төлөвлөгөө тайлан батлуулаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулаагүй байгаа нь мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн байна.

Ашигт малтмалын ашиглалтын М\/-01**** дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбай нь 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн газрын тосны ашиглалтын талбай дотор бүхлээр нь орж байгаа ба газрын тосны ашиглалтын талбайн 1.05% нь байна. Зб газрын тосны ордын 10 орчим цооног нь ашигт малтмалын ашиглалтын М\/-01**** дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн баруун хойд хэсэгт байрлаж байгаа ба тус талбайн 16%-ийг эзлэх талбайд байна. Тус цооногуудыг 1949-1969 онуудын хооронд “Монгол нефть” трест өрөмдсөн.

Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасны дагуу битум нь уламжлалт бус газрын тосонд хамаарах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.” гэж заасан.

Газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай хуулийн дагуу давхцах боломжтой бөгөөд Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “Түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана” гэж заасан.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь хэсэгт “газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбайтай бусад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай давхацсан тохиолдолд нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэрлэх”-ээр хуульчилсан.

Иймд “Г м” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн “...М\/-01**** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг даалгах, М\/-01**** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлуулсан байгууламж, тоног төхөөрөмжийг буулгаж, тухайн талбайг чөлөөлөхийг даалгаж өгнө үү...” шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-4-6, 2-р хх-26-28/, хууль бусаар тавигдсан байгууламжуудын жагсаалт гэх баримт /1-р хх-7-9/,

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-23, 3-р хх 109/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архивын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-26-27/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар /3-р хх 110/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /3-р хх 111/, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар бүтээгдэхүүн хуваах гэрээг батлах тухай тогтоолын хуулбар /3-р хх-115/, 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээ /3-р хх 116-162/ Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 114 дугаар хэлэлцээр батлах тухай тогтоолын хуулбар /3-р хх-163/, 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өөрчлөн байгуулах, эрх шилжүүлэх болон төлбөр тооцоог шийдвэрлэх тухай хэлэлцээрийн хуулбар /3-р хх-164-168/, 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эрх шилжүүлэх, хүлээн авах болон худалдан авах тухай хэлэлцээрийн хуулбар /3-р хх-169-171/169,     талбайд ашиглалтын талбайн хэмжээг тогтоосон тухай протокол, гэрээг, хэлэлцээр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-183-241, 3-р хх-114-249/, 121 дугаартай итгэмжлэл /2-р хх-240/, 21/114 дугаартай итгэмжлэл /2-р хх-244/, 020122 дугаартай итгэмжлэл /2-р хх-249/, Ашигт малтмал, газрын тосны газрын 1/1001 дугаартай албан бичгийн хуулбар /3-р хх-47/, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /36-р хх-109-111/, 019/22, 153/22 дугаартай итгэмжлэл /4-р хх-21-22/, 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын Засгийн газар, Н эн компанийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хуулбар, эрх шилжүүлэх, хүлээн авах болон худалдан авах тухай хэлэлцээрийн хуулбар, Р о ХХК, Д ж п групп ХХК-ийн эрх хуваарилах гэрээ, шилжүүлэгчийн эрхийг шилжүүлэн гэрээнээс гарах тухай хэлцэл, хавсралт 1 хувь шилжүүлэх, хавсралт 2 шинэчлэх хэлцэл, операторын гэрээг шилжүүлэх ба татгалзах, бүтээгдэхүүн хуваах гэрээний нэмэлт хэлэлцээр, протокол зэрэг 3-р хх-169-249/ зэрэг баримтыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгч “Г м” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын газрын даргын шийдвэр болон тусгай зөвшөөрлийн хуулбар, “Г м” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой хувийн хэрэг холбогдох баримтуудыг, 

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Ашигт малтмал газрын тосны газрын 1/500 дугаартай албан бичиг, хавсралт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад зориулан уурхайн эдэлбэрийн зөвшөөрөл олгох тухай 154 дугаар тогтоолын хуулбар түүний 3-р хавсралт 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд хамаарах 239.5 км2 талбайн хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол, 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд Зб, Ц-Эний ордын ашиглалтын талбайн зураг /хх-40-43/, Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 75 дугаартай албан бичиг /хх-44/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2/305 дугаартай албан бичиг, хавсралт “Д г т м” ХХК-ийн эдэлбэр газар “Г м” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтай талаар зураг /хх-67-68/, Д аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 10 дугаартай албан бичиг “Г м” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн зураг /хх-69-70/, Ашигт малтмал газрын тосны газрын 8/3229 дугаартай албан бичиг, хавсралт кадастрын тойм зураг /хх-137-138/, Д аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 594 дугаартай албан бичиг, хавсралт газрын давхцлын зураг /хх-142-143/, Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 907 дугаартай албан бичиг /хх-146/, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 068/76** дугаартай албан бичиг, хавсралт “Д г т м” ХХК-ийн талбай усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай талаар зураг /хх-153-154/, А т нэртэй MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, магадлан хэмжилтийн зураглал, гэрэл зураг /3-р хх-74-103/, Ашигт малтмал, газрын тосны газрын 11/5840 дугаартай албан бичиг /4-р хх-74-75/, зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

            а/“Г м” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар ашигт малтмал ашиглах, худалдан борлуулах, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох дамжин өнгөрөх, шаардлагатай байгууламж барих, түүнийг ашиглах зэрэг эрхтэй. Энэ эрхийг “Д г т м” ХХК нь зөрчиж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвшөөрөлгүй нэвтэрч нефть олборлох тоног төхөөрөмжүүдийг суурилуулан олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тул Иргэний хуулийн 9.4.1-д эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар зөрчигдсөн эрхээ сэргээлнэ гэж,

            б/“Г м” ХХК-ийн эзэмшлийн 01****MV ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлуулсан байгууламж, тоног төхөөрөмжийг буулгаж, тухайн талбайг чөлөөлөхийг хариуцагч “Д г т м” ХХК-д даалгана гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

а/манай компани 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаар Газрын тосны хэрэг эрхлэх газар, АНУ-ын Н эн компанийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, нэхэмжлэгч тал Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар тохиролцож ярилцалгүй шууд шүүхэд хандсан нь буруу манай тоног төхөөрөмж саад учруулсан зүйл байхгүй гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А тайлбартаа: “Д г т м” ХХК нь газрын тос ашиглах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа,

“Г м” ХХК нь 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авч байсан, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан. Нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй,

Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т зааснаар газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбай давхцсан тохиолдолд нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмблэн шийдвэрлэхээр хуульчилсан тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Г м” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагджээ. Тэрээр 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал, хайгуул хийх эрхлэх туслах үйл ажиллагааг 2 жилийн хугацаатайгаар эрхлэхээр, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ашигт малтмалын ашиглалт эрхлэх үйл ажиллагаа эрхлэхээр тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх-3/

“Г м” ХХК нь Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12** дугаар шийдвэрээр Д аймгийн С сумын А т нэртэй 369 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч улмаар 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д аймгийн С сумын А т нэртэй газарт орших 245.52 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах эрхийг олгож MV-01**** дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2041 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаатай Ашигт малтмалын газар олгожээ. 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр солбилцолд өөрчлөлт оруулж 253.63 гектар талбай болсон байх бөгөөд “Г м” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүрд төлж байжээ. /1-р хх 4-6, 2-р хх-37-38/  

“Д г т м” ГХОХХК нь газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэхээр 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлжээ. Тэрээр үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгуулсан байхаас гадна 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр газрын тос олборлолт эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн байна. /1-р хх-23/

Түүнчлэн уг ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ БНХАУ-ын Ш Д Ш Ч Г Газрын тосны корпораци байсныг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын Шгийн Орд Газрын Харъяа Д  болж өөрчлөгдсөн байна. /1-р хх-26-27/

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад зориулан уурхайн эдэлбэрийн зөвшөөрөл олгох тухай 154 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт орших 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд хамаарах 239.5 км2 талбайг “Д” компанид уурхайн эдэлбэрийн зөвшөөрөл олгож уг талбайн хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцлыг 3 дугаар хавсралтаар баталжээ. /1-р хх-41-43, 2-р хх-125-127/

            Засгийн газрын 2012 оны 154 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтад заасан солбилцлын цэг “Г м” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцсан болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын албан бичгийн хавсралт, Д аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг түүний хавсралтаар тогтоогдож байна. /1-р хх 67-70/ энэ талаар талууд маргахгүй байна.

            Үүнээс гадна “Д” ХХК нь Монгол Улсын Уул уурхайн яамнаас Монгол Улсын Уул уурхайн Сайдын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаар тушаалыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай БХГ-т 197 /PSC/ талбайд уламжлалт газрын тос ашиглах тусгай зөвшөөрлийг 8 жилийн хугацаатай олгожээ. /3-р хх-110 тал/

            Нэхэмжлэгч “Г м” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу, хариуцагч “Д г т м” ХХК нь уламжлалт газрын тос ашиглах тусгай зөвшөөрлийг Газрын тосны тухай хуулийн дагуу авсан, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй, дээрх тусгай зөвшөөрөл бүхий газрууд давхцсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, нэхэмжлэгч хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул нэхэмжлэгч “Г м” ХХК болон “Д г т м” ХХК-иуд нь ашигт малтмал ашиглах болон газрын тос ашиглах зөвшөөрлийн дагуу Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуульд зааснаар тайлан төлөвлөгөө батлуулж байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

            Иймд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн “Г м” ХХК-ийн эзэмшлийн 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг хариуцагч “Д” ХХК-д даалгах,

            “Г м” ХХК-ийн эзэмшлийн 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлуулсан байгууламж, тоног төхөөрмжийг буулгаж, тухайн талбайг чөлөөлөхийг хариуцагч “Д г т м” ХХК-д даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Харин талууд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллахаар, түүнчлэн газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүсэх эд хөрөнгийн болон бусад маргааныг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхээр Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлд зохицуулсан байх тул талууд харилцан гэрээ байгуулж, эсхүл төрийн захиргааны байгууллага болох Ат хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.    

            Хариуцагч “Д” ХХК нь Ж.Б, Б.Д нарт итгэмжлэл олгосон байх бөгөөд шүүхээс шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хойшлуулахдаа хариуцагч Б.Дд шүүх хуралдааны товыг хурлаас мэдэгдэхдээ хурлын тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байхаас гадна нэг төлөөлөгч шүүх хуралдаанд ирсэн, тусгайлан хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Г м” ХХК-ийн эзэмшлийн 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг хариуцагч “Д г т м” ХХК-д даалгах, “Г м” ХХК-ийн эзэмшлийн 01**** MV тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлуулсан байгууламж, тоног төхөөрмжийг буулгаж, тухайн талбайг чөлөөлөхийг хариуцагч “Д г т м” ХХК-д даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Ц.АРИУНЗУЛ