Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 140/ШШ2023/00026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох,

нэр төр, алдар хүнд гутаагдсаныг сэргээлгэж, нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, иргэдийн төлөөлөгч Ц., нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Ч.******* болон түүний нөхөр хоёрыг хоёуланг нь хариуцагчаар татах байсан байна. Миний талаар хоёулаа л янз бүрийн зүйл яриад байгаа юм байна лээ. 2022 оны хавар 6 сард Ч.*******г өвөлжөөнөөс нүүлгээд өгөөч гэхээр нь би гэрийг нь нүүлгэж өгөөд буух газарт нь хүргэж өгсөн. Тухайн үед юм ярихгүй байснаа намар 10 сард адуунд явж байгаад Ч.*******гийнд очсон чинь л намайг Ч.******* 3 үстэй дээл гаргаад ир гэж хэлсэн. Ч.******* намайг манайхаас хулгай хийсэн гэж гүтгэх санаатайгаар нүүлгүүлсэн байна гэж үзэж байгаа. Тэр зун нь намайг 3 үстэй дээл авсан гэж ярьж байгаад сүүлдээ надад халдаасан юм байна лээ. Би энэ асуудал дээр нэлээн ноцтой хандаж байгаа. Ч.******* намайг хулгай хийсээр байгаад 3 хүүхдээ балай болгосон гэж хэлсэн. Одоо Ч.******* тийм зүйл яриагүй, хэлээгүй гээд байгаа. Эгч нь уурлахаараа тэгээд хэлчихсэн гэж хэлдэг. Уурласан ч гэсэн хүнийг тэгж хулгай хийсэн гэж хэлж болохгүй. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. *******г миний нэр төр, алдар хүндийг унагаасан үйлдэлд нь хариуцлага тооцож, дахин ийм үйлдэл гагахгүй байхыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч.*******гийнх хавар *******аар өвөлжөөнөөсөө нүүлгүүлсэн нь үнэн юм байна лээ. Ингэж нүүхдээ өвөлжөөн дээрх амбаартаа 3 ширхэг үстэй дээл үлдээгээд нүүсэн юм байна лээ. Тэгээд зун нь *******ыг ирэхээр нь өвөлжөөний амбаарт үлдээсэн 3 ширхэг үстэй дээл алга болсон байна гэдгээ хэлсэн болохоос *******ыг хулгай хийсэн гэж хэлээгүй. Тухайн үед өвөлжөө дээрээ 3 ширхэг үстэй дээл үлдээснийг *******аас өөр хүн мэдэхгүй гэдэг утгаар нь *******д хэлсэн. Түүнээс биш Ч.******* нь А.*******ыг хулгайч гэж хэлж, 3 үстэй дээл хулгай хийсэн гэж сумын ******* баг, сумын багийн иргэдэд санаатайгаар тараасан гэж ор үндэслэлгүй гүтгэлэг бичсэн байна. Дээр байдлаар хэн нэгэн хүнд хэлж байгаагүй, А.*******ын нэр хүндэд халдсан үйлдэл гаргаагүй, ийм мэдээ гүтгэлгийг тараагаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч талаас: Шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэлийн талаар тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн болно. 

Хариуцагч талаас: Ч.*******гаас Б.*******од олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн болно. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.******* нь өөрийн нэр төр, алдар хүнд гутаагдсаныг сэргээлгэх, нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...намайг 3 ширхэг үстэй дээл хулгай хийсэн, ...чи хулгай хийсээр байгаад 3 хүүхдээ балай болгосон гэж ярьж, энэ яриагаа сумын ******* баг, сумын багийн иргэдэд санаатайгаар тараасан. Үүний улмаас тухайн орон нутагт амьдрах боломжгүй байдалд хүрч, сэтгэл санаагаар унаж хямралд орж байна... гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус хуульчилжээ.

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр бусдад мэдээлсэн, өөр хэн нэгэн этгээдэд тарааснаар /түгээснээр/ тухайн иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж үнэлэмжийг доройтуулсан байхыг иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна гэж үзэхээр байна.

Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч А.*******ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/, тухайн мэдээг тарааснаар /түгээснээр/ нэхэмжлэгч А.*******ын нэр төрд гэм хор учирсан, үнэлэмжийг доройтуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүнийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Ч.*******д холбогдох өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг даалгуулах тухай А.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Мөн иргэдийн төлөөлөгч Ц.гийн гаргасан дээрх дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.*******д холбогдох нэр төр, алдар хүнд гутаагдсаныг сэргээлгэж, нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг даалгуулах тухай А.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ

 ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ

 Э.ОЮУН-ЭРДЭНЭ