Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

2022 оны 04 сарын 20 өдөр                        2022/ШЦТ/73                               Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул, Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн

22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2030002580108 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал эдийн засагч, бэлтгэл судлал зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар 2016-2020 онд томилогдон ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн 14.2.3-т заасан “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” гэсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Нягтдан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, тус сумын нутаг дэвсгэрт үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг хэрэгжүүлэхээр төсвөөс олгосон санхүүжилтийн хөрөнгө байршиж байсан Дарьганга сумын кассын орлогын дугаартай данснаас 8,100,000 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын нярав ******* нэр дээрх ХААН банканд бүртгэлтэй харилцах дансаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

 

шилжүүлэн авч, мөн өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр зээлээ төлүүлэх, өөрийн дансанд шилжүүлэн авах зэргээр 6,650,000 төгрөгийг хувьдаа зарцуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хохирогчийн зүгээс 6,650,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.1,150,000 төгрөгийн холбогдох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн. Тухайн мөнгийг манай мэдүүлэг гаргагч буруу мэдүүлсэн байсан. Төрд авсан бараа бүтээгдэхүүнийг намайг авсан мэтээр гаргаж ирсэн. 1,150,000 төгрөгийн хохирол надад хамаагүй. Энэ талаарх бүх баримтууд Сүхбаатар аймгийн Төрийн санд байгаа. Төрийн аудитын газраас хянаж, баримтуудыг үдсэн байсныг хуулбарлаж аваад, нотариатаар батлуулж шүүхэд шинээр гаргаж өгсөн. Миний хувьд 5,500,000 төгрөгийг хууль бусаар зарцуулснаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Эрүүгийн 2030002580108 дугаартай хэргээс:

- Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр комиссар******* гэдэг хүн надаас мэдүүлэг авсан, мөн өвчний актуудыг хуулбарлаж аваад хэргийг прокурорт шилжүүлж байгаа хэрэв эрүүгийн хэрэг үүсгэх бол танд 3 хоногийн дараа мэдэгдэнэ. Үүнээс хойш хугацаа өнгөрвөл хэрэг хаагдах байх гэж байсан. Би хэргийг хаагдсан гэж ойлгож байсан. Прокурорын тогтоолтой танилцахад намайг 6,650,000 төгрөг өөртөө авсан гэсэн байна. Би бол 5,500,000 төгрөгийг дансаар оруулсан. Тэгэхээр 1,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аймгийн Хөдөө аж ахуйн газартай оготно устгах гэрээ байгуулсан. Цаг агаар оройтсон, цас орох гээд байсан. Бид санхүүжилт орж ирэхээс өмнө оготно устгалын ажил эхэлсэн. Хувиасаа болон хүнээс мөнгө зээлээд оготно устгал хийж байсан. Дараагийн оготно устгалыг хийх гээд бэлтгэл ажлыг хангаад бэлэн болсон байтал дараа өдөр нь цас орсон учраас оготно устгалын ажлыг зогсоосон. Дараа жил устгахаар болж санхүүжилтээр орж ирсэн мөнгийг авч үлдэхээр шийдсэн. Энэ шийдвэрийг Засаг даргын орлогч, тамгын газрын дарга, багийн Засаг дарга нартай зөвшилцөж шийдсэн. Энэ үед шинэ жилийн баяр болж байсан. Намын гишүүд дэмжигчдэд бэлэг өгөх асуудал яригдсан. Энэ асуудал багийн Засаг дарга нар болон Засаг даргын орлогч, Тамгын дарга нарын хооронд яригдсан. Тухайн үед Намын даргын ажлыг Батжаргал хийж байсан. Намаас санхүүжилт байхгүй учраас намын нэр дээр албан тушаалд томилогдсон хүмүүс арга хэмжээний мөнгийг өөрсдөө гаргадаг. Арга хэмжээний үеэр сугалаа зохион байгуулсан 1,660,000 төгрөгийг өөрсдөөсөө бэлэн гаргаж байсан. Би хувиасаа 500,000 төгрөгийг Батжаргалын дансанд шилжүүлсэн. Засаг даргын орлогч хувиасаа сугалаанд өгөх цахилгаан бараа гаргаж байсан. Батжаргал өөрөөсөө 500,000 төгрөг, багийн Засаг дарга Дорж, нар тус бүр 200,000 төгрөг, , хоёр тус бүр 100,000 төгрөг гаргаж байсан. 6,100,000 төгрөгөөр бэлэг авах шаардлагатай болсон. Шинэ жилийн баяр дөхсөн байсан тул “Өсөх дэлгэр Ундрах” дэлгүүрээс би 6,100,000 орчим төгрөгийн бэлэг авсан. Үүний 5,500,000 төгрөгийг оготно устгалын мөнгөнөөс авна гэж тооцоолж хүнээс зээлсэн. Би хувиасаа 600,000 орчим мянган

 

төгрөг гаргаж байсан. Хүнээс 3,000,000 төгрөг зээлсэн. Өөрт байсан 3,100,000 төгрөгийг гаргасан. Ингээд дараа нь оготно устгалын мөнгө орж ирэхээр Оюунтуяа, Болортунгалаг нарт тус бүр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Учир нь энэ хүмүүсээс бэлэг авахдаа мөнгө зээлсэн байсан. Нийт 600 ширхэг бэлэг тус бүрийг 10,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бэлэгт зориулж бараа бүтээгдэхүүн худалдаж аваад Засаг даргын орлогчийн өрөөнд буулгасан. Засаг даргын тамгын газрын ажилчдаар бэлгийг боолгосон. Тамгын газраас сумын соёлын төвд бэлгийг зөөж намыг гишүүн дэмжигч нарт бүртгэлийн дагуу олгосон. Бүртгэл нь намыг дарга Батжаргалд байгаа. Оюунтуяагийн зээл төлөх гэж байсан 1,500,000 төгрөгийг зээлсэн байсан. Ингээд мөнгийг Оюунтуяад өөрт нь өгөлгүй зээлийн дансанд нь гүйлгээг хийлгүүлсэн. 2,000,000 гаруй төгрөг үлдсэн санагдаж байна. Үлдсэн мөнгийг санхүүгийн алба мэднэ, би хэрэглээгүй. 2019 онд 3 дугаар багт оготно усгалын ажилд оролцсон хүмүүс багийн Засаг дарга оор дамжуулж цалинг нь олгосон. Үлдсэн мөнгийг хүмүүст бэлнээр олгосон. 2020 оны оготно устгалын ажилд зарцуулсан. Энэ ажлыг Засаг даргын орлогч Буд хариуцан зохион байгуулсан. Хэдэн төгрөг зарцуулсан гэдгийг мэдэхгүй тусдаа тайлан нь гарсан байгаа. Надад бол төрөөс мөнгө ашиглая гэсэн санаа сэтгэл байгаагүй. Энэ мөнгийг ашиглахгүй бол буцаагаад татаж авах байсан. Тэртээ тэргүй энэ мөнгийг ажил хийсэн хийгээгүй иргэдэд л олгох байсан, буцаагаад санхүүжилтийг татуулаад яах вэ гэж бодоод намын гишүүд дэмжигчдэд бэлэг хэлбэрээр олгосон. Мөн энэ ажлыг ерөнхийд нь би удирдан зохион байгуулсан. Батжаргал бол тухайн үед төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй үүрэг гүйцэтгэгч байсан. Би энэ мөнгийг гаргуул гэж үүрэг өгсөн. Тэдгээр хүмүүс Засаг даргын үгнээс гарна гэж юу байх вэ. Батжаргал болон бусад албан тушаалтныг энэ асуудалд буруутгаж оролцуулмааргүй байна. Энэ мөнгө миний дансаар л орсон. Батжаргалын дансаар мөнгө шилжсэн зүйл байхгүй. Батжаргал гарын үсэг зурж мөнгийг шилжүүлсэн асуудал л байгаа. Батжаргалыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна. Энэ асуудлыг шүүх прокурорын шатанд мөн ярина. Яг хувьдаа бол ашигласан мөнгө бол байхгүй. Харин хувиасаа мөнгө нэмж гаргаж байсан. Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь миний буруу. Улс төрийн нам төрөөс санхүүжилт авдаггүйгээс болж ийм асуудалд орлоо. Хуулийн зохицуулалт нь ийм учраас өөр ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг

/3 хх 43-45 дугаар хуудас/,

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “ Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Дарьганга сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. 2019 оны оготно устгалын ажил хийгдэж байгаа гэж сонсож байсан. Гэхдээ төсөвлөсөн мөгийг хэрхэн яаж зарцуулсан талаар бол мэдээгүй. Засаг даргаар ажиллаж байсан *******аас тогтоолд дурдсан хувьдаа ашигласан гэх 6,650,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /3 хх-ийн 9-10 дугаар хуудас/,
  • Гэрч “...Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны санхүүгийн тайланд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд санхүүгийн тайлангийн аудит хийж гүйцэтгэсэн. Энэ шалгалтаар Хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр оготно устгахад зориулж аймгийн Хөдөө аж ахуйн газраар дамжуулан тус суманд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөө аж ахуйн газрын Төрийн сангийн 100120019402 тоот данснаас Дарьганга сумын Засаг даргын тамгын газрын 1 тоот данс руу 7,875,000 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөн 7,875,000 төгрөгийн, мөн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6,750,000 төгрөгийн буюу нийт 22,500,000 төгрөгийн санхүүжилт орсон байсан. Шалгалтаар оготно устгахаар сумын 50 иргэнтэй гэрээ, хэлцэл байгуулсан байсан. Гэтэл тус 50 иргэнээс Э.Амарсанаа, Б.Болорбаатар, Я.Мажигсүрэн, Б.Болдбаатар, Ч.Оюунболд нар нь
 

давхардсан, мөн гэрээ хэлцэл байгуулсан боловч ажлын хөлс аваагүй Т.Баяржаргал, Г.Батбаатар, Б.Сэргэлэнбаатар гэх иргэд байсан. Мөн гэрээ, хэлцэл байгуулаагүй боловч Ц.Бямбадорж, О., М.Энхцэцэг, Д.Баясгалан, Т.Хүрэлээ, Х.Цэвээндорж, Э.Гунаасүрэн, Ч.Бямбасүрэн, Х.Буянбаяр нарын иргэд нь ажлын хөлс авсан байсан. Тухайн 22.5 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахдаа шатахуунд 9,336,000 төгрөгийг, 50 хүний ажлын хөлсөнд 9,000,000 төгрөгийг, Засаг даргын тамгын газраас ажилласан 12 ажилтны урамшуулалд 720,000 төгрөгийг, шувууны үүр, ухагч, тоног төхөөрөмжийг худалдан авахад 3,200,000 төгрөгийг, хөдөлмөр хамгаалалд 244,000 төгрөгийг зарцуулсан тухай санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлсэн байсан. Ер нь үлийн цагаан оготно нь хүйтний улиралд ичдэг амьтан, гэтэл устгалын ажлыг орой эхэлсэн, хэрэв санхүүжилт нь орой орж ирсэн боловч устгалын ажлыг хийх боломжгүй гээд санхүүжилтийг буцаан татуулах ёстой байсан. Мөн шалгалтаар шатахууны үлдэгдэл 3,929,166 төгрөгийг “Зоригт Ай” ХХК-ийн дансанд илүү шилжүүлж, авлагаар бүртгэсэн байсныг 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 1/84СТА- 2020/27/СТА-ТШЗ дугаартай акт тавьсан, актын дагуу орон нутгийн орлого руу тухайн шатахууны үнэ болох 3,929,166 төгрөгийг татан төвлөрүүлсэн. Энэ илүү шилжүүлсэн тухай албан тушаалтнууд тайлбарлахдаа “шатахууны төлбөрийг урьдчилан шилжүүлсэн” гэсэн утгатай зүйлийг хэлдэг. Мөн сумын Засаг даргын тамгын газраас аймгийн Хөдөө аж ахуйн газарт тус санхүүжилтийн тайланг хүргүүлэхдээ 22.5 сая төгрөгийг бүгдийг нь оготно устгалын ажилд зарцуулсан гэсэн тайлан мэдээ өгсөн байсан. Дээрх илэрсэн зөрчлүүд нь илтэд гэмт хэргийн шинжтэй байсан учир үүнийг шалгуулахаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт мэдээлэл гаргасан юм...” гэх /1 хх-ийн 98-100 дугаар хуудас/,

  • Гэрч “... Би үлийн цагаан оготно устгалын ажилд 3 хоног ажилласан. Багийн дарга надад суманд явж байхад шинж жилийн өмнө 150,000 төгрөг ажлын хөлс гэж өгөөд гарын үсэг зуруулсан. Энэ бүртгэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн...” гэх /1 хх 103-104 дүгээр хуудас/
  • Гэрч “... 2019 оны 5 дугаар сарын дундуур Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг “Ар гол”, “Зүлэгт” гэх газруудаар 7 хоног оготно устгалын ажилд өөрийн Даюун маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Манай ангийн дарга миний мотоциклд 10 литр бензин устгалд явж байхад өгсөн. Би үлийн цагаан оготно устгалын ажилд 7 хоног ажилласан. Ямар нэгэн цалин хөлс аваагүй. Энэ бүртгэлд байгаа гарын үсэн миний гарын үсэг биш байна...” гэх / 1 хх 105-106 дугаар хуудас/
  • Гэрч “...2019 оны 05 дугаар сарын дундуур Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг “Өргөн дэрс” гэх газарт 2 хоног оготно устгалын ажилд өөрийн Даюун маркийн 18-24 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Би устгалын ажилд оролцохдоо засаг захиргаанаас бензин шатахуун аваагүй. Би үлийн цагаан оготно устгалын ажилд хоёр хоног ажилласан. Ямар нэгэн цалин хөлс аваагүй. Энэ бүртгэлд байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэх /1 хх 107-108 дугаар хуудас/
  • Гэрч “...2019 оны 4 билүү, 5 дугаар сард Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг “Хойморын ширээ” гэх газарт 1 хоног оготно устгалын ажилд өөрийн Даюун маркийн мотоциклтой явсан. Би үлийн цагаан оготно устгалын ажилд нэг хоног ажилласан. Ямар нэгэн цалин хөлс аваагүй. Энэ бүртгэлд байгаа гарын үсэг миний гарын үсэг биш. Би гарын үсгээ дармалдаж бичдэг...” /1 хх 109-110 дугаар хуудас/
 
  •   Гэрч “... 2019 оны намар 11 дүгээр сарын үед багийн дарга надад оготно устгалд яваад өг гэж гэж гуйсан. Тэгээд өөрийнхөө улсын дугаартай Бонго маркийн машинтай хөдөө мал дээр байхад сумын орлогч дарга Буд хэдэн хүний хамт ирж оготно устгалд хоёр өдөр ажиллаад 3 дахь өдөр нь суманд ирсэн. Хэд хоногийн дараа гэртээ дуудаж надад ажлын гэж 160,000 төгрөг өгч гарын үсэг зуруулсан. Надад 3 хоног ажиллах 30 литр дизель түлш МТ шатахуун түгээх станцаас хийж өгсөн. Өөр ямар нэгэн бензин тос өгөөгүй...” гэх /1 хх 111-112 дугаар хуудас/,
  • Гэрч “Би оготно устгалын ажилд оролцоогүй. Би энэ ажлын хөлс олгосон жагсаалтыг харлаа. Би ямар нэгэн мөнгө аваагүй. Миний гарын үсэг биш байна ” /1 хх 133-114 дүгээр хуудас/,
  •   Гэрч “. Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед өөрийн багийн нутагтаа 7 хоног оготно устгалын ажилд ажилласан. 2020 оны 12 дугаар сарын 20- ны өдөр манай багийн дарга надад 150,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх

/1 хх 115-116 дугаар хуудас/,

  • Гэрч “...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед өөрийн багийн нутагтаа 7 хоног оготно устгалын ажилд ажилласан. 2020 оны 12 дугаар сарын 20- ны өдөр манай багийн дарга надад 150,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ бүртгэлд байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Мөнгө олгохдоо надад нэг цаасан дээр гарын үсэг зуруулж байсан” /1 хх 117-118 дугаар хуудас/,
  •   Гэрч Э “...би үлийн цагаан оготно устгалын ажилд хоёр хоног ажилласан. Би ямар нэгэн бүртгэлд гарын үсэг зураагүй. Надад 162,000 төгрөг өгөөгүй. Одоогоос 3-4 хоногийн өмнө манай багийн дарга над руу залгаад “цагдаагийн байгууллагаас мөнгө авсан уу гэж мэдүүлэг авбал бэлнээр авсан гэж хэлээрэй” гэж надад хэлсэн. Би ямар нэгэн мөнгө аваагүй. дарга дараа нь би чамд өгнө гэж хэлсэн” гэх /1 хх 119-120 дугаар хуудас/,
  • Гэрч “...Миний нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй. Би оготно устгалын ажилд оролцоогүй. Би энэ ажлын хөлс олгосон жагсаалтыг харлаа. Би ямар нэгэн мөнгө аваагүй., гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Манай суманд миний мэдэхээр Х.Цэвээндорж гэдэг нэртэй малчин хүн байхгүй” /1 хх 121-122 дугаар хуудас/,
  • Гэрч “Би 2019 онд оготно устгалын ажилд яваагүй. Өмнө нь явж байгаагүй. Би мөнгө аваагүй. Устгалын ажилд оролцоогүй. Энэ миний гарын үсэг биш байна” гэх /1 хх 123-124 дүгээр хуудас/,
  • Гэрч “ Би 2019 оны хавар оготно устгалын ажилд сумын орлогч дарга Д.Будын хамт хоёр хоног гэрийнхээ ойролцоо 2 хоног устгалд оролцсон. Харин ямар нэгэн ажлын хөлс аваагүй. Багийн дарга Дорж саяхан манайхаар очихдоо “танаас хүн оготно устгалд ажиллаж мөнгө авсан уу гэж асуувал авсан гэж хэлээрэй” гэж ярьж байсан...” гэх /1 хх 125-126 дугаар хуудас/,
  • Гэрч “ Би оготно устгалын ажилд нэг өдөр ажиллахдаа машинтай яваагүй, оготнын нүхэнд хор хийхэд тусалсан. Би энэ ажлын хөлс олгосон жагсаалтыг харлаа. Би ямар нэгэн мөнгө аваагүй, миний гарын үсэг биш байна” /1 хх 127-128 дугаар хуудас/
  •   Гэрч “.Багийн дарга Дорж 12 сард 85,000 төгрөгийг манай эхнэрт бэлнээр өгсөн байсан. Надад өөр мөнгө өгөөгүй ” гэх /1 хх 131 дүгээр
 

хуудас/

  • Гэрч “...Хүнс, хөдөө ахуйн яамнаас үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулах гэрээг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай байгуулдаг, манай газраас үлийн цагаан оготнын тархалт ихтэй сумдтай тэмцэх ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулдаг байгаа. Ерөнхийдөө тухайн оны 09-11 дүгээр сарын хооронд гэрээг байгуулдаг, манай газар яамтай 2019 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн 80 мянган га талбайд устгал хийх гэрээг байгуулсан. Үүнээс Дарьганга сумын 10,000 га талбай бүхий нутаг дэвсгэрт устгал хийх, тэмцэх арга хэмжээ зохион байгуулах гэрээг 22,500,000 төгрөгийн төсөвтэй хийлгүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн устгалын ажлын санхүүжилт нь улсаас өгдөг бөгөөд өнгөрсөн жил Засгийн газрын 185 дугаар тогтоолоор 1 га талбайд устгал явуулах төсвийг 2250 төгрөгөөр тооцож санхүүжилт олгосон. Үүний дагуу Дарьганга сумын Засаг даргын тамгын газрын даргатай “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй, энгийн механик, биологийн аргаар тэмцэх арга хэмжээг зохион байгуулах ажлын гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж, тус гэрээг манай газрын дарга болон сумын Засаг дарга нар баталсан... Манайх сумдаас тайлан мэдээгээ авч яам руу явуулаад яамнаас хянаж шалгаад үлдэгдэл санхүүжилтийг явуулдаг юм. Тухайн сумаас ирүүлсэн тайланг үндэслэхэд олгосон мөнгөөр оготнотой тэмцэх ажлыг хийсэн л гэж бодож байгаа...” гэх /1 хх 179-181 дүгээр хуудас/,
  •   Гэрч “3 дугаар багт ажиллаад дуусаж сумын төв рүү ороод буцаад өөр баг руу явах гэтэл цас орж хүйтэрсэн учир дахин механик аргаар тэмцэх ажлыг хийж чадаагүй. 2019 оны 12 дугаар сард аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэрэгч амьтантай механик аргаар тэмцсэн ажлынхаа тайланг ирүүл гэсэн чиглэлийг надад өгсөн. Би Засаг дарга руу орж энэ талаар хэлэхэд дарга ******* нь “үлдсэн багуудад устгалын ажлыг ирэх хавар хийе, тайлангаа ямар ч байсан явуул” гэсэн чиглэлийг надад өгсөн. Ингээд би багийн дарга нараас ирэх жил устгалд ажиллах малчин иргэдийн нэрсийг авч сумын 4 багийн нутаг дэвсгэрт нийт 10,000 га талбайд устгалын ажил хийгдсэн гэсэн тайланг бичиж өгсөн. 2020 оны хавар би бэлчээр хариуцсан мэргэжилтний ажлаа хүлээлгэж өгсөн, тэр хавар механик аргаар оготно устгах ажил нөхөж хийгдээгүй. Харин аймгаас ирсэн хор буюу будааг 2020 оны 05 дугаар сард сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт цацсан... Хуурамч тайлан мэдээ явуулсан нь буруу, үүнийг ойлгож байна” гэх /1 хх 193-195 дугаар хуудас/,
  • Гэрч “...Би бэлнээр гаргаж болохгүй, малчдын дансаар хийх ёстой гэдгийг танилцуулахад Засаг дарга ******* нь “зарим малчид дансгүй байгаа, мөн малчидтай хөлсийг бэлнээр өгнө гээд тохирсон, мөн тэгж данс руу нь шилжүүлж цаг хугацаа алдаж байхаар бэлнээр гаргаад өгсөн нь дээр” гэдэг саналыг хэлсэн учраас бэлнээр гаргасан. Нярав Алтангэрэл нь ажлаас гарахаар болж гарахынхаа өмнө 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр надад 1,539,000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Засаг дарга *******т өгөхөөр орсон юм билээ, тэгсэн дарга над руу өгчих, хадгалах сейф байхгүй гэсэн учраас надад авчирч өгсөн. Түүнээс биш 2,300,000 төгрөгөөр бэлэн мөнгө надад огт өгөөгүй ээ. Тухайн 1,539,000 төгрөгийг надад өгөхөд Засаг дарга “оготно устгалын үлдэгдэл мөнгө буюу малчдад тараах мөнгө байгаа юм, одоо наад мөнгөөр чинь устгалын ажил хийнэ” гэж хэлээд хадгалуулсан. Ингээд 2 хоногийн дараа буюу 2020 оны 05 сарын 14-ний өдөр дээрх мөнгийг орлогч дарга оготно устгалын ажилд зарцуулна гээд бэлнээр аваад явсан. Тухайн оготно устгалын зардлаас надад өөрөөр бэлнээр өгсөн мөнгө байхгүй” гэх /1 хх 212-214 дүгээр хуудас/,
 
  • Гэрч ******* “...Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр, өдрийг нь нарийн санахгүй байна, Засаг дарга ******* ХААН банкнаас бэлнээр мөнгө аваад ир гэхээр нь оготно устгалд ажилласан малчдад өгөх ажлын хөлсний мөнгө болох 8,100,000 төгрөгийг /татварын 10 хувь суутгагдсан/ бэлнээр авахаар сумын банканд очсон боловч банк бэлнээр 8,000,000 төгрөг байхгүй байна гээд миний тоот данс руу 8,100,000 төгрөгийг хийсэн. Ингээд тухайн дансанд орсон мөнгөнөөс Засаг даргын данс руу 2019 оны 12 сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн, Засаг даргын хэлснээр Баяр-Өлзий гэж хүний данс руу мөн 2019 оны 12 сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөгийг, Сум хөгжүүлэх сангийн данс руу Засаг даргын хэлснээр 1,500,000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл мөнгийг би банкнаас бэлнээр авсан шиг санаж байна. Ингээд 2020 оны 04 дүгээр сард би ажлаас гарах өргөдлөө өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн 8,100,000 төгрөгийн үлдэгдэл болох 1,539,000 төгрөгийг Засаг даргад бэлнээр өгөх гэхэд хадгалах сав байхгүй гээд Санхүү албаны дарга Нансалмаад өг гэхээр нь би оруулж өгсөн...” гэх /1 хх 199-200-р хуудас/,

...Би дансны хуулгаа харахад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Засаг

дарга ийн харилцах дансанд 1,150,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ мөнгө миний дансанд шилжүүлсэн 8,100,000 төгрөгийн үлдсэн мөнгийг шилжүүлж байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн данснаас бэлнээр 1,539,000 төгрөг авсан байна. Энэ мөнгийг Санхүү албаны даргад Засаг дарга өг гэсний дагуу өгсөн. Би энэ үед ажлаасаа чөлөөлөгдсөн байсан...” гэх дахин мэдүүлэг /1 хх 207-208 дугаар хуудас/,

  • Гэрч “...Би тухайн үед “Дээжис” гэх дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Сумын засаг дарга нь надаас 1,500,000 төгрөг зээлдэж авсан байсан. Ингээд зээлсэн мөнгөө 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэж надад хэлсэн. Баяр-Өлзий нь манай нөхөр байгаа юм...” гэх /2 хх 7 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Будын “ 2019 оны 12 дугаар сарын эхээр байсан байх. Тухайн үед Засаг даргын өрөөнд Засаг дарга, миний бие, тамгын газрын дарга, багийн дарга нар байсан шиг санаж байна, бид нар уулзсан. Тэгэхэд Засаг дарга “оготно устгалын мөнгийг эргэн татуулж байхаас гаргаж авъя, ирэх хавар өөрсдийн хүч бололцоогоор устгалын ажлыг гүйцэтгэе” гэж ярилцсан. Харин тухайн устгалын мөнгөө гаргаж авсны дараа байх Засаг дарга “иргэдэд ажлын хөлсөнд өгөх мөнгөөр шинэ жилийн арга хэмжээний үеэр сумын олон иргэдэд гарын бэлэг авч өгье...” гэж ярилцсан. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр намайг аймагт явж байхад Засаг дарга утсаар ярьж нөгөө хүмүүст өгөх бэлгийг авчихлаа, машин олж ирээд сум руу аваад яв гэсэн. Тэгээд би очиж авсан бэлгийг машинд ачиж суманд авчраад миний өрөөнд хурааж, хүн хүнд өгөхөөр нь савлаж боосон. Тухайн бэлгийн мөнгийг Засаг дарга шийдвэрлэсэн...” гэх /1 хх 190-192 дугаар хуудас/,
  • Гэрч “...Миний цагдаагийн байгууллагад өгсөн тэр мэдүүлэг худлаа юмаа. Дээрх нэр бүхий хүмүүс нь 2019 оны хавар манай багт оготно устгалд ажилласан хүмүүс байгаа юм. Би ямар учраас тэр хүмүүсийг ажиллаж мөнгө өгсөн гэж худал мэдүүлэх болсон шалтгаан нь 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Засаг дарга *******, тамгын дарга нар нь намайг өрөөндөө дуудаад “оготно устгалын мөнгө татагдах гээд байгаа юм, тиймээс мөнгийг нь гаргаж аваад санхүүгийн баримтыг нь бүрдүүлж байгаа юм, харин 2020 оны хавар устгалыг хийнэ, тиймээс багийнхаа дээрх хүмүүсийг 2019 оны намар ажилласнаар баримт бүрдүүлэх хэрэгтэй байна...” гэсэн утгатай зүйлийг надад хэлсэн, би тэр үедээ сайн ойлгоогүй тэгээд өнгөрсөн. Гэтэл энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаад намайг Гантулга мөрдөгчид мэдүүлэг өгөхийн өмнө Засаг дарга ******* нь
 

өрөөндөө дуудаад “...нөгөө танай багийн хүмүүсийг ажилласан гээд баримтыг бүрдүүлсэн байгаа, тэр хүмүүст чинь мөнгийг нь удахгүй өгнө, тиймээс чи 12 дугаар сард надаас хүмүүст өгөх ажлын хөлс болох мөнгийг бэлнээр авч малчдадаа бэлнээр нь тараасан гээд мэдүүлэг өгөөрэй” гэж хэлсэн учраас би хошууч Гантулга гэх байцаагчид мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан...” гэх /1 хх 172- 174 дүгээр хуудас/,

  • Гэрч “... дугаартай Дарьганга төрийн сан гэх нэртэй данс нь кассын орлогч данс мөн байна. Тухайн данснаас хоёрдугаар гарын үсгийг Санхүүгийн албаны дарга, нэгдүгээр гарын үсгийг Засаг дарга зурж гүйлгээ хийдэг...” гэх /2 хх 23-24 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 17 дугаар хуудас
  • Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хүлээн авсан баримтууд /1 хх 18-90 дүгээр хуудас/
  •   Голомт банканд дахь “Фленти трейд” ХХК-ийн дансны хуулга /2 хх 31 дүгээр хуудас/
  • ХААН банканд дахь Зоригтын депозит дансны дэлгэрэнгүй дансны хуулга /2 хх 34 дүгээр хуудас/
  •    Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засан даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 35-42 дугаар хуудас/
  •   “Дарьгангаболор чулуут”-ын ХААН банканд дахь депозит дансны дэлгэрэнгүй дансны хуулга /2 хх 44-45 дугаар хуудас/
  •   *******ийн ХААН банканд дахь депозит дансны дэлгэрэнгүй дансны хуулга /2 хх 84-99 дүгээр хуудас/
  • ХААН банканд дахь депозит дансны дэлгэрэнгүй дансны хуулга /2 хх 100-110 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн тайлан, зарлагын дэлгэрэнгүй /2 хх 112-113 дугаар хуудас/
  • Үржинжавын ын ХААН банканд дахь депозит дансны дэлгэрэнгүй дансны хуулга /2 хх 116-129 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 132 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/69 дугаартай “*******ийг ажилд томилох тухай” захирамж, үр дүнгийн гэрээ /2 хх 135-155 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай “ыг ажилд томилох тухай” захирамж /2 хх 156 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/07 дугаартай “ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамж /2 хх 157 дугаар
 

хуудас/

  • Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16- ны өдрийн Б/02 дугаартай “Багийн засаг дарга нарыг ажилд томилох тухай” захирамж /2 хх 160 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн А/123 дугаартай “бэлчээрийн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж /2 хх 164 дүгээр хуудас/
  •   Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “үлийн цагаан оготнотой тэмцэх тухай” дүгнэлт /2 хх 165-169 дүгээр хуудас/
  • Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-303 дугаартай “үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг нэмэлтээр санхүүжүүлэх, хуваарь батлах тухай” тушаал /2 хх 170-171 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймгийн Төрийн сангийн 100120019402 дугаартай дансны зарлагын дэлгэрэнгүй /2 хх 173-175 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Төрийн сангийн 100120000988 дугаартай дансны зарлагын дэлгэрэнгүй /2 хх 176-177 дугаар хуудас/
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 178-181 дүгээр хуудас/
  • Үлийн цагаан оготнотой тэмцэх багаж, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт /2 хх 184- 191 дүгээр хуудас/
  • Үлийн цагаан оготнотой тэмцэх УТАГЧ-SUPER-2000, төхөөрөмж худалдан авах ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт /2 хх 192-198 дугаар хуудас/
  • Үлийн цагаан оготнотой энгийн механик биологийн аргаар тэмцэх, арга хэмжээнд ашиглах багаж, тоног төхөөрөмжийн захиалга, худалдан авах ажлын гэрээнүүд /2 хх 198-204 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******ийн оршин суух хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа

/3 хх 60-61 дүгээр хуудас/

  • Шүүгдэгч *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт

/ 2 хх 162 дугаар хуудас/

  • Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/3 хх 54 дүгээр хуудас/

  • Шүүгдэгч *******ийн “мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021 оны тооллого /3 хх 68-71 дүгээр хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн

 

оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэм буруугийн талаар:

  1. Шүүх хуралдаанд хэлэлцэгдэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэвэл, шүүгдэгч ******* Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус аймгийн Хөдөө аж ахуйн газартай хийсэн “ Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулах гэрээ”-ний дагуу төсвөөс олгосон санхүүжилтийн хөрөнгө байршиж байсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын кассын орлогын дугаартай данснаас 8,100,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав ******* нэр дээрх ХААН банканд бүртгэлтэй харилцах дансаар өөртөө шилжүүлэн авч, мөн өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр өөрийн бусдаас авсан өр төлбөрөө төлөх, мөн өөрийн зээлийг төлөх зэргээр 5,500,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.
  2. Шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэбаатар болон гэрч нарын мэдүүлгүүд, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хүлээн авсан баримтууд, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засан даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн тайлан, зарлагын дэлгэрэнгүй, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/69 дугаартай “*******ийг ажилд томилох тухай” захирамж, үр дүнгийн гэрээ, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/123 дугаартай “бэлчээрийн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж, Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “үлийн цагаан оготнотой тэмцэх тухай” дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
  3. Прокуророос шүүгдэгч *******т холбогдох дээрх үйл баримтыг Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах ” хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Нягтдан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно ”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн буюу нийтийн албан туаашлтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
  4. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх
 

мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь уг хуулийн үйлчлэлд хамаарахыг тодорхойлжээ.

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргаар томилогдон ажилласан бөгөөд тухайн хэрэгт холбогдох үедээ нийтийн албан тушаалтан байжээ.

  1. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаал хашиж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Дарьганга сумын нутаг дэвсгэрт үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг хэрэгжүүлэхээр төсвөөс олгосон санхүүжилтийн хөрөнгө болох 5,500,000 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын нярав ******* нэр дээрх ХААН банкны

 

дансаар өөрийн дансанд шилжүүлэн авч, өр төлбөр, зээлээ төлүүлэх зэргээр хувьдаа зарцуулан өөртөө давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангах бөгөөд төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.

Тодруулбал, шүүгдэгч *******ийн хувьд өөрийн хувийн ашиг сонирхлыг хангах зорилгоор санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах буюу сумын Засаг даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож төсвөөс олгосон санхүүжилтийн хөрөнгийг авсан байгааг дурдъя.

  1. Иймд шүүгдэгч *******т холбогдох дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
  2. Шүүгдэгч *******ийг гэмт хэргийг гэм буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Тэрээр тодорхой зориулалтын дагуу орж ирсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нь хууль бус болохыг мэдсээр атлаа хувийн ашиг сонирхлыг хангах зорилгоор өөртөө давуу байдал бий болгон төсвийн хөрөнгийг хувьдаа авч зарцуулж төрийн үйл ажиллагаа болон эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тодорхойлогдоно.

  1. Шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Төрийн санд эд хөрөнгийн хохирол учирсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

  1. Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч ******* нь улсад учруулсан 5,500,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хэмжээ үлэмж, их хэмжээнд хүрэхгүй, хохирлоо нөхөн төлсөн байх боловч тэрээр гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд
 

итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас “Шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл болно. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлын хэмжээ үлэмж болон их хэмжээний хохиролд хүрэхгүй гэх улсын яллагчийн саналтай санал нэг байна. ******* нь хорих ялыг биечлэн эдлэх боломжгүй гэдэг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байна. Учир нь ******* нь бөөрний архаг дутагдалтай, 7 хоногт 2-3 удаа аппарат ордог. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй. Учир нь шүүгдэгчийн хувьд байнгын эмчилгээнд явдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

  1. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
  2. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалттай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн эрхэлсэн ажил, төрөлгүй байгаа, эрүүл мэнд болон санхүүгийн,

 

хувийн байдал буюу түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн “Улсад учруулсан хохирлыг төлөх гэж нэлээн асуудал үүсэн. Миний хувьд ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 1 жил 6 сар эмнэлгээр эмчилгээ хийлгэж явж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд бэлдэж байгаа. 5,500,000 төгрөгийг хүнээс зээлж төлсөн ” гэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “ оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Яллах дүгнэлтээр шүүгдэгч *******ийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Төрийн санд 6,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн боловч улсын яллагчаас уг хохирлоос 1,150,000 төгрөгийг хохирлоос хасаж тооцох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч *******аас шүүх хуралдаанд гаргаж өгсөн санхүүгийн баримтыг үндэслэвэл, Дарьганга сумын Засаг даргын тамгын газрын нярав Б.Алтангэрэл нь 1,150,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *******ийн данс руу шилжүүлсэн, тэрээр тухайн мөнгөөр сумын битүүлэгт зарцуулах бэлэг дурсгалын зүйлс авсан ба уг 1,148,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 26-нд Дарьганга сумын Төрийн сангийн данснаас нярав ******* данс руу буцаан шилжүүлсэн нь холбогдох баримтуудаар нотлогдож байна. Иймд энэхүү 1,150,000 төгрөгийг шүүгдэгч ******* нь хувьдаа зарцуулаагүй байх тул хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй юм.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Төрийн санд 5,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр уг хохирлыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 1 дугаартай дансанд нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 
  1. Шүүгдэгч ******* овогт *******ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, түүнд авсан албадлагын арга хэмжээ хэрэгжих үеэс эхлэн хугацааг тоолсугай.
  6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
  7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, гэмт хэргийн улмаас Дарьганга сумын ЗДТГ-ын Төрийн санд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан
 

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН