Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00185

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 13 181/ШШ2023/00185

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ю.М-т холбогдох,

Гэрээний үүрэгт 8,290,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 06 сарын 29-ний өдөр хариуцагч Ю.Мтай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Ю.М нь манай нөхрөөр дамжуулан мөнгөний хэрэгцээ гараад байна мөнгө зээлээч гэж гуйхаар нь 5,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр болсон. Ингээд 5,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцоод 2022.06.22-ны өдөр 5,000,000 төгрөгөө бэлнээр өгсөн боловч тухайн өдөр нь ажил гараад гэрээгээ байгуулж амжаагүй тул дараа байгуулахаар болсон. Ингээд 2022.06.29-ний өдөх би Ю.Мтай нотариат дээр очиж гэрээгээ бичгээр байгуулаад батлуулсан. Ю.М нь гэрээний дагуу хүүнд 2022 оны 7 сард 500,000 төгрөг, 2022.08.22-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлээ төлөөгүй. Хариуцагчид төлөлтөө хийх талаар удаа дараа хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй байна. Иймээс үндсэн зээл 5,000,000 төгрөгнөөс 2022.08.22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.11.10-ны өдрийг хүртэлх хугацааны хүүнд 1,315,000 төгрөг, гэрээний 3.7-д алданги төлөхөөр тохиролцсны дагуу 2022.08.22-ноос 2022.11.10-ны өдрийг хүртэлх 79 хоногийн алданги 1,975,000 төгрөг, үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг нэхэмжжилж байна. Иймд Ю.Маас 8,290,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2022.06.29-ний өдрийн Зээлийн гэрээ, Ю.М, Д.О нарын иргэний үнэмлэхний хуулбарыг нотлох баримтаар өгсөн. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ю.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,290,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Зээлдүүлэгч Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, сарын 10%-ийн хүүтэйгээр, 2022-06-22-ны өдрөөс 2022-08-22-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Ю.М нь зээл 5,000,000 төгрөгийг, хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцож, Зээлийн гэрээ бичгээр байгуулан гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хавтаст хэргийн 3-4 хуудас/

Талуудын хүсэл зоригийн илэрхийллийн агуулга, зорилго нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний зохицуулалтад нийцсэн, гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Иргэний 282 282.4- Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно ан.

Зээлийн гэрээний 3.4-д Зээл олгох хэлбэр хугацаа: бэлэн бусаар ХААН банкны 5111640291 тоот дансанд 2022.06.22-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ гэж заасан ба зээлдүүлэгч Д.О нь зээлдэгч Ю.Мт 2022.06.22-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

2. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

а. Зээлдүүлэгч Д.О нь зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг Ю.Мт хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

б. Зээлдэгч Ю.М нь зээлийн гэрээний 3.6-д Эргэн төлөх нөхцөл: зээлийн хүүг сарын 22-ны өдөр, зээлийг хүүгийн хамт хугацааны эцэст ХААН банкны 5990183158 тоот дансаар төлнө гэсний дагуу зээлдэгч Ю.М нь 2022 оны 7 сард зээлийн хүү 500,000 төгрөг, 2022.08.22-ны өдөр зээлийн хүү 500,000 төгрөг тус тус төлсөн байх боловч 5,000,000 төгрөгийг 2022-08-22-ны өдөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу Д.О, Ю.М нар нь зээлийн гэрээг /хх-3х/-г бичгээр хийсэн тул гэрээнд заасан хугацааны хүүг авах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талуудын бичгээр хийсэн Зээлийн гэрээ-ний сар бүр хүү төлөх үүрэг 2022.08.22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиролцоог бичгээр хийгээгүй тул нэхэмжлэгч Д.О нь 2022.08.22-ноос 2022.11.10-ныг хүртэлх хүү шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Оийн 2022.08.22-ны өдрөөс 2022.11.10-ны өдрийг хүртэлх хугацааны хүүнд 1,315,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч Ю.М зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

 

5. Зээлийн гэрээ-ний 3.7-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тохиролцжээ.

Зээлдэгч Ю.М нь зээлийн төлбөр 5,000 000 төгрөгийг 2022.08.22-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацааг хэтрүүлсэн байна. Иймээс хугацаа хэтрүүлсэн 2022-08-23-ны өдрөөс 2022-11-10-ны өдрийг хүртэл 79 хоногоор гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /5,000,000 төгрөг/-гээс алдангийг тооцоход 1,975,000 төгрөг /5,000,000 х 0,5% = 25,000 төгрөг х 79 хоног = 1,975,000 төгрөг/ болж байгаа тул хариуцагч Ю.Маас алданги 1,975,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Дээрхи үндэслэлээр хариуцагч Ю.Маас үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 1,975,000 төгрөг нийт 6,975,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож, нэхэмжлэлээс хүү 1,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ю.Маас 6,975,000 /зургаан сая есөн зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож, нэхэмжлэлээс 1,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Маас 126,550 /нэг зуун хорин зургаан мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж Д.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА