Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/410

 

 

 

 

 

 

 

2025        09           08                                               2025/ШЦТ/410

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Э.Г

Хохирогч Ж.Э

Хохирогчийн өмгөөлөгч Д.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 2525000000452 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн Л-ийн Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Б нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” нэртэй авто засварын газарт Ж.Э ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээр ирж мөнгө нэхэж хэрүүл үүсгэлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 11-р хавирганы хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун бугалга, баруун, зүүн гуя, баруун шилбэ, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “Э  нилээд согтуу ирсэн. Ажил хийж байхад араас ирж өшиглөөд 50 мянган төгрөг өгчих гэхээр нь би 2 удаа алгадсан. Өөр зодож, цохьсон зүйл байхгүй. Э  согтуу явж байхдаа өөрөө хөл алдаад машин засдаг яамруу уначихсан” гэв.

 

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э  мэдүүлэхдээ: “Хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байгаагүй. Эксэватороос болж жил гаруй маргалдаж байгаа, дэлгүүр дотор нилээд зодсон, гаражийн гадна зодсон. Би зугатаж жалгаруу ороход араас өшиглөж унагаасан. Эчмилгээний зардал, цалингийн зөрүү нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл. /хх-ийн 10-12-р тал/

2. Хохирогч Ж.Э ын “2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өмнө ажиллаж байсан газар болох Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг * авто засварын газар дээр Эзэн болох Б-тай уулзахаар очсон. Б-тай   дундаа нэг экскаватортой байсан юм тэгээд мөнгөний жоохон маргаантай байсан. Тэгээд тэр асуудлаа шийдэх гээд очсон чинь Б намайг эхнэр болох О-тай хардаад учир зүггүй зодоод унасан. Миний толгой хэсэг рүү гараараа 10 удаа цохиж алгадсан. Миний хавирга хэсэг рүү 10-20 удаа өшиглөсөн. Намайг Б   гуйгаад байгаа юм аа яам руу унасан болгоод хэлээд өгөөч гээд, тэгэхгүй бол би бүүр балрах гээд байна гээд байсан. Цагдаагийн гадаа байж байхад тэгж ярьж тохиролцоно гээд байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17, 19-р тал/

3. Гэрч Г.О-н “Би Б  ахын засвар дээр байж байсан чинь нэг үл таних залуу ирсэн байсан. Архи уусан байсан. Минийхээр бол нэлээн согтуу байсан. Тэгээд Б  ах тэр хоёр юм ярьж байснаа дотор байдаг сэлбэгийн дэлгүүр рүү орсон. Удалгүй гараад ирсэн явж байсан. Хэрэлдсэн бололтой хоёулаа орилж чарлаад байсан. Би тухайн үед гадаа юм хийж байсан. Дотор юм унах шиг чимээ гарсан чинь тухайн үл таних залуу яамнаас гарч ирж байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдээд байсан, тэгснээ барьцалдаж аваад зогсож байхаар нь би очиж салгасан, тэр залуу Б  ахтай хэрэлдээд мөнгө өгсөн, өгөөгүй гэх мэтээр хэрэлдэж байгаад тэр залуу яваад өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/

4. Гэрч Р.М-н “Б  , Э ыг цохиж зодсон зүйлийг мэдэхгүй байна би граш руу орохдоо та хоёр болиоч гэж хэлээд гарсан. Зодож цохисон зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Би тэнд нэг их удаагүй машиныхаа под карлааг дарж оруулаад явсан. Тэр хооронд зодож цохисон зүйл мэдэгдээгүй Э ын биед яагаад гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Э  яам руу унасан талаар мэдэх зүйл байхгүй байна. Б гийн яам нь нэлээн урт яам байдаг урд хэсэгт нь саарал өнгийн Ланд 80 маркийн машин байсан санагдаж байна, будаг хийх гэж байгаа бололтой байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 680 дугаартай "Ж.Э ын биед зүүн 5, 6, 11-р хавирганы хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун бугалга, баруун, зүүн гуя, баруун шилбэ, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт. /хх-ийн 29-30-р тал/

6. Эрдэнэт-Дүрс оношилгооны төвийн цээжний эгц болон хажуу байрлалын рентген зураг, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо, чихний хэнгэрэгийн зураг. /хх-ийн 31-33-р тал/

7. Шинжээч эмч Э.Б-н “2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ж.Э ыг өөрийг нь биеэр болон дагалдах бичиг баримтыг үндэслэн гаргасан... зүүн хэнгэрэгэн хальсны цоорол гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Э ын биед учирсан зүүн талын 5,6,11 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг. /хх-ийн 37, 40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” нэртэй авто засварын газарт Ж.Э ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээр ирж мөнгө нэхэж хэрүүл үүсгэлээ гэх шалтгааны улмаас бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 11-р хавирганы хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун бугалга, баруун, зүүн гуя, баруун шилбэ, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дн “Шүүдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон. Хохирогч эмчилгээний зардал 230,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй. Ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч хохирогчийг зодсон гэх үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөрдөх ажиллагаа бүрэн биш хийгдсэн” гэв

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал, дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, хохирогч Ж.Э ын “Миний толгой хэсэг рүү гараараа 10 удаа цохиж алгадсан. Миний хавирга хэсэг рүү 10-20 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Г.О-н “Хэрэлдсэн бололтой хоёулаа орилж чарлаад байсан. Би тухайн үед гадаа юм хийж байсан. Дотор юм унах шиг чимээ гарсан чинь тухайн үл таних залуу яамнаас гарч ирж байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдээд байсан, тэгснээ барьцалдаж аваад зогсож байхаар нь би очиж салгасан” гэх мэдүүлэг, гэрч Р.М-н “Тэр хооронд зодож цохисон зүйл мэдэгдээгүй Э ын биед яагаад гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Э  яам руу унасан талаар мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 680 дугаартай дүгнэлт, Эрдэнэт-Дүрс оношилгооны төвийн цээжний эгц болон хажуу байрлалын рентген зураг, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо, чихний хэнгэрэгийн зураг, шинжээч эмч Э.Б-н “2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ж.Э ыг өөрийг нь биеэр болон дагалдах бичиг баримтыг үндэслэн гаргасан. Зүүн хэнгэрэгэн хальсны цоорол гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Э ын биед учирсан зүүн талын 5,6,11 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Б нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” нэртэй авто засварын газарт Ж.Э тай маргалдаж, эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 11-р хавирганы хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун бугалга, баруун, зүүн гуя, баруун шилбэ, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Б нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “хохирогч өөрөө унаж гэмтсэн. Зодсон зүйл байхгүй гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан боох нь тогтоогдож байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э ын эрүүл мэндэд “зүүн 5, 6, 11-р хавирганы хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун бугалга, баруун, зүүн гуя, баруун шилбэ, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал 230,000 төгрөгийн баримтаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн бусад шаардлагатай холбоотой баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгчээс эмчилгээний зардал 230,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Л-ийн Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Л.Б-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  аас 230,000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Э  /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн **** тоотод оршин суух, РД:, утас /-т олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А