Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 149/ШШ2023/00033

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 149/ШШ2023/00033

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 14 тоотод оршин суух, 1972 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Боржигон овогт Жаргалтулгын Соёл-Эрдэнэ /РД:МЯ72122203/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 14 тоотод оршин суух, 1971 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Гал овогт Тогоохүүгийн Төмөрсүх /РД:ФБ71013017/ нарт холбогдох

Зээлийн төлбөр 183,418,838.65 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай, З.Батгэрэл, хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 4-1-73 тоотод оршин суух, 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, Төрийн банкны Зүүнхараа салбарт тооцооны төв хариуцсан менежер ажилтай, Хар бүргэд овогт Болдын Мандхайгаас /РД:МЗ82061764/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Зүүнхараа салбараас Хэрхийн Оджи ХХК-ний захирал Ж.Соёл-Эрдэнэ, хамтран зээлдэгч Т.Төмөрсүх нар нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр № 52/02 тоот зээлийн гэрээгээр 250 сая төгрөгийг бариа заслын уламжлалт эмнэлэг ашиглалтанд оруулах зорилготойгоор 96 сарын хугацааатай сарын 1 хувийн хүүтэй, жилийн 12 хувийн хүүтэй батлан даалтын эх үүсвэртэй төслийн зээл авсан. Зээл аваад зөвхөн хүүгээ төлж явж байгаад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ковидтой холбоотой зээл төлөхийг хойшлуулах хүсэлт гаргасан учир 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн № 60/205 дугаартай зээлийн гэрээгээр өөрчлөлт оруулж зээл төлөхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан. Дараа нь дахин 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ковидтой холбоотой хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № 210/651 дугаартай зээлийн гэрээгээр үндсэн зээл төлөхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж зөвхөн хүү төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан. Ковид-19 цар тахлын улмаас хойшлуулсан хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлээ төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сар хүртэл зээлийн хүүг төлсөн. Хэрхийн Оджи ХХК нь зээл авснаас хойш буюу 2022 оны 04 дүгээр сараас эхлэн зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн тул шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Зээлийг төлөх талаар зээлдэгч нарт банкнаас удаа дараа шаардаж мэдэгдэл өгч байсан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл зээлийн хүүнд 21625932 төгрөг төлөх ёстой байснаас 12968432 төгрөгийг төлж үлдэгдэл 8657500 төгрөгийг төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үндсэн зээлд төлөлт хийгээгүй, зээлийн хүүнд 2830291 төгрөг төлөгдсөн. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 173,652,339.26 төгрөг, зээлийн хүүнд 8,657,500.39 төгрөг, нийт 182,309,839.65 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 39500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,069,499 төгрөг, нийт 183,418,838.65 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийг сайн дураар төлөөгүй тохиолдролд барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Холбоо толгойн № 104 тоотод оршин суух, 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Төрийн банкны Зүүнхараа салбарт харилцааны менежер ажилтай, Боржигон овогт Зоригоогийн Батгэрэл /РД:МИ97022814/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж ярих зүйлгүй. Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банкны Зүүнхараа салбараас батлан даалтын сангийн эх үүсвэртэйгээр хөрөнгө оруулалтын зээл 250 сая төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай авсан. Зээлээ төлж явж байгаад Ковид-19 цар тахалтай холбоотойгоор уламжлалын эмнэлгийн үйл ажиллагаа түр зогссон учир орлого буурсан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бид нар зээлийн хүүг төлж явж байгаад хүнд байдалд орж хамтран ажиллаж байгаа Засгийн газрын зээлийн батлан даалтын санд хүсэлт тавьж 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн батлан даалтын сангаас 74442432 төгрөгийг Төрийн банкны зээлийн дансанд төлсөн. Төрийн банкны Зүүнхараа салбараас хүүнд нэхэмжилж байгаа 8657500 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж байна. 2022 онд нийт 91669449 төгрөгийн орлого манай Хэрхийн Оджи ХХК-ний дансанд орсон. Үүнээс 74442432 төгрөгийг хасахаар 17227017 төгрөг үлдэж байгаа юм. 2022 оны эцсийн байдлаар буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай компанийн дансны үлдэгдэл 1121671 төгрөг байна. 16305146 төгрөгийг Төрийн банкны Зүүнхараа салбар нь хүүний төлөлт гээд автоматаар татаж авсан гэж үзэж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 173,652,339.26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжинд 1069499 төгрөгийг төлсөн баримт, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 52/02 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 52/02 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн № 60/205 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн № 210/651 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нарын иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хэрхийн Оджи ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хэрхийн Оджи ХХК-ний дүрэм, Төрийн банк ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, Хэрхийн Оджи ХХК-д төлбөр төлөх тухай 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн баримт, зээлдэгчтэй зээл төлөх талаар холбоо барьж ярьсан тэмдэглэл, Вокзалын № 14 тоотод байрлах хувийн сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянхангайн 6 дугаар баг, Депогийн 4-426 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Депогийн 11 дүгээр байрны № Б тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Депогийн 2-234 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нараас зээлийг графикийн дагуу төлнө гэсэн хариу тайлбар гаргаж, Төрийн банкны харилцах дансны хуулгыг хавсаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар нь хариуцагч Хэрхийн Оджи ХХК, хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 52/02 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 173,652,339.26 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 8,657,500.39 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 39500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,069,499 төгрөг, нийт 183,418,838.65 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 14 тоотод байрлах хувийн сууц, гражийн зориулалттай 217 метр квадрат талбайтай нэг хүний өмчлөлийн Ү-1307000583 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, гражийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 4-426 тоотод байрлах 60 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-1307000061 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Депогийн 11 дүгээр байрны № Б тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307000146 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 2-234 тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307003525 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт зэрэг үл хөдлөх эд хөрөнгө болон суудлын автомашин 1 ширхэг, эмийн сангийн бараа материал, гэрийн эд хогшил, цахилгаан бараа, эмийн сангийн лангуу, тоног төхөөрөмж, шинээр бий болох эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга зэрэг хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нараас зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлнө гэж хариу тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд зээлийн хүүнд нэхэмжилсэн 8,657,500.39 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Хэрхийн Оджи ХХК-ний захирал Ж.Соёл-Эрдэнэ, хамтран зээлдэгч Т.Төмөрсүх нар нь Төрийн банкны Зүүнхараа салбараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр № 52/02 дугаартай зээлийн гэрээ байгуулан 250,000,000.00 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, жилийн 12 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай бариа заслын уламжлалт эмнэлэг ашиглалтанд оруулах зориулалтаар Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 14 тоотод байрлах хувийн сууц, гражийн зориулалттай 217 метр квадрат талбайтай нэг хүний өмчлөлийн Ү-1307000583 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, гражийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 4-426 тоотод байрлах 60 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-1307000061 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Депогийн 11 дүгээр байрны № Б тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307000146 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 2-234 тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307003525 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, суудлын автомашин 1 ширхэг, эмийн сангийн бараа материал, гэрийн эд хогшил, цахилгаан бараа, эмийн сангийн лангуу, тоног төхөөрөмж, шинээр бий болох эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан № 52/02 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 52/02 дугаартай үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн № 60/205 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № 210/651 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Хэрхийн Оджи ХХК нь Төрийн банкны Зүүнхараа салбартай 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр № 52/02 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 52/02 дугаартай барьцааны гэрээ байгуулахад Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нар нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх ба Иргэний хуулийн 156, 166 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр № 52/02 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нартай үл хөдлөх эд хөрөнгийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 14 тоотод байрлах хувийн сууц, гражийн зориулалттай 217 метр квадрат талбайтай нэг хүний өмчлөлийн Ү-1307000583 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, гражийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 4-426 тоотод байрлах 60 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-1307000061 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Депогийн 11 дүгээр байрны № Б тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307000146 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 2-234 тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307003525 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт зэрэг үл хөдлөх эд хөрөнгө болон суудлын автомашин 1 ширхэг, эмийн сангийн бараа материал, гэрийн эд хогшил, цахилгаан бараа, эмийн сангийн лангуу, тоног төхөөрөмж, шинээр бий болох эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга зэрэг хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гаргаагүй, нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул хариуцагч Хэрхийн Оджи ХХК-ний орлогоос шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүүнд тооцон суутган авсан гэх 2,830,291 төгрөгийг зээлийн хүүнд нэхэмжилсэн 8,657,500.39 төгрөгнөөс хасч тооцон 5,827,209 төгрөгийг зээлийн хүүнд гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн суудлын автомашин 1 ширхэг, эмийн сангийн бараа материал, гэрийн эд хогшил, цахилгаан бараа, эмийн сангийн лангуу, тоног төхөөрөмж, шинээр бий болох эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга зэрэг хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгаа боловч ямар улсын дугаартай, ямар загварын, аль улсад хэдэн онд үйлдвэрлэсэн автомашин, аль улсад үйлдвэрлэсэн ямар төрлийн цахилгаан бараа, ямар зориулалттай тавилга, эмнэлгийн ямар тоног төхөөрөмж, ирээдүйд бий болох ямар тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан нь тодорхойгүй, холбогдох гэрчилгээ, бичиг баримтууд нь хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй тул хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар, хариуцагч Хэрхийн Оджи ХХК, Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан № 52/02 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Хэрхийн Оджи ХХК, Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нараас үндсэн зээлийн төлбөр 173,652,339.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,827,209 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 39,500 төгрөг, бүгд 179,519,048.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 14 тоотод байрлах хувийн сууц, гражийн зориулалттай 217 метр квадрат талбайтай нэг хүний өмчлөлийн Ү-1307000583 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, гражийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 4-426 тоотод байрлах 60 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-1307000061 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Депогийн 11 дүгээр байрны № Б тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307000146 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 2-234 тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307003525 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Хэрхийн Оджи ХХК, Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар нь 182,309,839.65 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 1,069,499 төгрөгийг төлснийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 179,519,048.26 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Хэрхийн Оджи ХХК, Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нараас улсын тэмдэгтийн хураамжинд 1,055,545 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хэрхийн Оджи ХХК, хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нараас үндсэн зээлийн төлбөр 173,652,339.26 төгрөг, зээлийн хүү 5,827,209 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 39,500 төгрөг, бүгд 179,519,048.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгож, нэхэмжлэлээс 2,830,291 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,069,499 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэрхийн Оджи ХХК, хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нараас улсын тэмдэгтийн хураамжинд 1,055,545 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Ж.Соёл-Эрдэнэ, Т.Төмөрсүх нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 14 тоотод байрлах хувийн сууц, гражийн зориулалттай 217 метр квадрат талбайтай нэг хүний өмчлөлийн Ү-1307000583 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, гражийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 4-426 тоотод байрлах 60 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-1307000061 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Депогийн 11 дүгээр байрны № Б тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307000146 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 2-234 тоотод байрлах орон сууцны зориулалттай нэг хүний өмчлөлийн Ү-1307003525 улсын бүртгэлийн дугаартай 26.4 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.