| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/07113/И |
| Дугаар | 101/ШШ2023/00479 |
| Огноо | 2023-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2023/00479
| 2023 01 18 | 101/ШШ2023/00479 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д. Б /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б. Ж /рд:/,
Хариуцагч: Д.У /рд: нарт холбогдох
70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, хариуцагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие хувиараа бизнес эрхэлдэг ба мал махны худалдааны ажил хийдэг юм. Миний бие хувиараа бизнес эрхэлж байгаад, ажил хэргийн шугамаар танилцсан ба тухайн үед Б.Ж, түүний эхнэр У нар нь мөн ноолуур, мал махны худалдаа хийдэг байсан. Б.Ж, Д.У нар нь 2019 оны өвөл 01 сарын 18-нд над уруу хандаж “Завхан аймгийн Отгон сумаас мал мах бэлдэж өгье, мөнгө нь явуулаач” гэхээр нь түүнтэй ярилцаад улмаар би Б.Ж, У хоёр уруу хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийт 264,500,000 төгрөгийг өөрийн данснаасаа шилжүүлсэн байдаг. Тухайн үед Б.Ж нь өөрөө ХААН банкны данс байхгүй гээд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар мөнгийг хүлээж авч байсан. Мөнгө шилжүүлсний дараагаар удалгүй Б.Ж, түүний эхнэр У нар нь цахим чатаар “мал авчихлаа, ийм тооны толгой мал авчихлаа” удахгүй явуулна гээд фото зургийг нь хүртэл над уруу фэйсбүүкээр явуулж байсан. Тэр малаасаа тодорхой тооны мал мах бэлдэж, арьсыг хамт явуулсан байдаг ба энэ нь нийт 194,500,000 төгрөгийн мал мах, арьс явуулсан нь бидний тооцоогоор гарсан байдаг. Харин үлдэгдэл 70,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн ба энэ нь 140 ш төлөг, 93 сарлагийн мах нядалж арьстай нь явуулахаар бидний хоорондын тооцоо үлдсэн. Гэтэл Ж, У хоёр нь утсаа салгаад алга болчихсон. Хааяа утас нь холбогдоод ярихаар төлнө, мал мах бэлдэж өгнө гэсээр өдий хүрсэн. Тэрээр миний өгсөн мөнгөөр хөдөөгөөс мал хямд аваад, надтай тохиролцсон үнээр тухайн үеийн ханшаар махаа надад илүү үнээр ашиг өөртөө тооцож өгдөг байсан. Гэтэл миний өгсөн мөнгөнөөс 70,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Б.Жг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан, тэрээр хотод оршин сууж байгаа хаягаа өгсөн мөн мөнгө авсан тухайгаа, үлдэгдэл төлбөр тооцоо байгаагаа мэдүүлсэн. Энэ хэргийг иргэд хоорондын зээлийн иргэний хэрэг байна гэж Цагдаа, прокуророос үзэж хэргийг хаасан байна. Иймд Б.Ж, У нарт өгсөн 264,500,000 төгрөгийн үлдэгдэл 70,000,000 төгрөгийг Б.Ж, Д.У нараас гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь Завхан аймгийн гаралтай. 2 хариуцагчтай нэхэмжлэгч нь олон жилийн өмнө бизнесийн үйл ажиллагаагаар танилцсан. Нэхэмжлэгч нь мах болон түүхий эд малчдаас авах журмаар хариуцагчтай танилцсан. Улмаар хариуцагч нь мах бэлдэж өгөх болсон. Малчдаас хямд мал нэхэмжлэгчийн мөнгөөр аваад үнэ нэмж нэхэмжлэгчид өгөх болсон. 264 500 000 төгрөгийг 14 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Энэ талаар цагдаад удаан хугацаанд шалгагдаад хариуцагч нь зөвшөөрсөн байдаг. 194 500 000 төгрөгийн мах болон түүхий эд явуулсан байдаг. Үлдэгдэл 70 000 000 төгрөг нь тухайн үеийн ханшаар махаа явуулаагүй. Улмаар хаяг нь тодорхойгүй болж алга болсон. Нэхэмжлэгч нь Завхан аймагт очиж уулзахад ах, дүү нар нь найр наадамтай байна мөнгийг нь төлнө гэсэн байдаг. Иймд үлдэгдэл 70 саяыг гаргуулна. Үлдэх мөнгөө төлнө гэсэн нотлох баримт байгаа юм. Цагдаагийн байгууллагад өөр зүйл ярьдаг. Өгсөн мөнгөнөөс илүү зүйл өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна гэв.
Хариуцагч Б.Ж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Бтай 2018 онд мах болон ноолуур, түүхий эдийн наймаа хийж танилцсан юм. 2019 оны өвөл манай нутагт бяруу 300,000 төгрөгөөр малчдад тарааж байсан юм. Тэгээд 30,000,000 төгрөг авч малчдад тараасан юм. Тэр хавраа ноолуур ноос авч өгч байгаад малаа цуглуулах мөн ямаа худалдан авах болсон ба малчдаас авахад шинэ шүдлэн үхэр /сарлаг/ 600,000-650,000 төгрөг болсноор малчдаас тэр ханшаар авах ба эсвэл мөнгөө буцааж авах болсон. Мөн тэр үед эм ямаа 70,000-80,000, эр ямаа 120,000-130,000 болж өссөн. Миний авсан 264,500,000 төгрөг бүхэлдээ ямаа худалдан авах малчдын хөлс, мал цуглуулах, шатахуун түлш, нядалгааны зардал, тээврийн хөлс гэх мэтэд зарцуулагдсан бөгөөд тэр өвөл нь авчирч өгөхөд арьсны мөнгө /ямааны/ 73,000,000 төгрөг болж өөрийн дансаар авсан /Б/ ямааны мах 32,500 кг болж 1 кг-ийг 6,200 өгсөн гэсэн. Иймээс энэ бүгд хэдэн төгрөг болсон нь харагдах байх. Би энэ мөнгөнөөс ашиглан завшсан юм байхгүй.
Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь 264 500 000 төгрөг авсан. Тухайн үед махны бизнес хийдэг хүмүүс мэднэ. Тэр үед мал огцом өссөн. Нэхэмжлэгчид 72 000 000 төгрөгийн ямааны арьс , 32,5 тонн махыг зооринд цуг очиж хийсэн. Үүнийг 6 200 төгрөгөөр тооцно гэж нэхэмжлэгч хэлсэн. Энэ бүгд нийлээд 282-284 сая төгрөг болно. 300 000 төгрөгөөр мөнгө тарааж байтал хавар очиход 500 000 төгрөг болсон байсан. Ингээд ямаа авсан. Нэхэмжлэгч нь тухайн үеийн хямд үнээр авсан гэж бодож байх боловч би орон нутгийн ханшаар авсан. 72 сая гээд байгаа нь Говь-Алтайн Дэлгэр суманд нядалгаанд оруулаад өөрийнх нь дансанд шилжүүлж байсан. Энэ талаар цагдаад ч хэлсэн. Арьс болон мах өгөхөд баримт үйлдээгүй гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх12-20, 35-44/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 1389 дүгээр тогтоолын хуулбар /хх23-25/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Б.Жгээс 70,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Б нь олгосон мөнгөнөөс мах, түүхий эд хүлээн аваагүй хэсэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Улмаар хариуцагчаар Б.Ж, Д.У нарыг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Уээс татгалзаж, хариуцагч Б.Жгээс 70,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Д.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Ж төлбөрийн үлдэгдэлгүй гэж маргаж байна.
Хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг бусдын буюу өөрийн хүргэн болон н.М гэгч хүний дансаар дамжуулан авсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан.
Нэхэмжлэгч нь Хаан банк дахь өөрийн дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн бөгөөд мөнгө хүлээн авсан данс нь дамжуулан авсан данс мөн болохыг хариуцагч зөвшөөрсөн. /хх35-44/
Цаашлаад зохигчид нийт 264,500,000 төгрөг олгосон үйл баримтын талаар маргаагүй.
Зохигчид уг мөнгө хөрөнгөний зориулалтыг хариуцагч нь бусдаас мал, түүхий эд худалдан авч, тодорхой хэмжээний ажлын хөлс нэмж, нэхэмжлэгчид олгох гэж тайлбарлаж байна.
Улмаар нэхэмжлэгч нь 194,500,000 төгрөгийн мах, түүхий эд хүлээн авсан бөгөөд үлдэх 70,000,000 төгрөгт ямар нэг зүйл хүлээн аваагүй гэж тайлбарласан.
Үүнээс үзэхэд хариуцагч нь 264,500,000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрсөн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн харилцаа үүсэж, хариуцагч нь мах, түүхий эд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч нь 72,000,000 төгрөгт ямааны арьс, 32,500 кг махыг 1 кг-г 6,200 төгрөгөөр тооцож олгосон тул үлдэх төлбөргүй гэж маргасан.
Гэвч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй. Энэ талаар ямар нэг баримт үйлдэгдээгүй гэж тайлбарласан.
Цаашлаад хариуцагч нь хууль зүйн мэдлэггүйн улмаас өөрийн тайлбараа нотолж чадаагүй гэх боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдээгүй нь уг хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хууль мэдээгүй гэх тайлбар нь ямар нэг давуу байдал үүсгэхгүй юм.
Иймд хариуцагч Б.Ж нь 70,000,000 төгрөгт холбогдох үүргээ гүйцэтгэсэн нь нотлогдоогүй тул түүнээс энэхүү мөнгөн хөрөнгийг гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь анх 2 хариуцагч татаж, улмаар нэг хариуцагчаас татгалзсаны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн нэгнээс өөрийн үзэмжээр үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.
Харин мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хариуцагч Б.Ж нь үүргийг гүйцэтгэсний дараа хамтран үүрэг гүйцэтгэгчид ногдох хэсгийг түүнээс шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч Б.Жгээс 70,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Уээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жгээс 507,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД