Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/04759

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- М холбогдох,

55,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул, түүний өмгөөлөгч Б.Ариунтуяа /ӨҮ-3374/, М.Жавхлан /ӨҮ-3284/,

Хариуцагч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Э.Мтай Төв аймгийн Заамар суманд ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцож байгуулснаар хариуцагч Э.М нь нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зөвшөөрлийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээж, нэхэмжлэгчийн зүгээс энэ ажлын хөлсөнд нь 155,000,000 төгрөгийг өгсөн. Гэвч Э.М нь ажлыг гүйцэтгээгүй учраас бид залилуулсан гэж үзээд цагдаагийн байгууллагад хандахад Э.М нь 155,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 100,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх төлбөрийг график гарган төлөхөөр тохирсон боловч төлөөгүй. Иймд үлдэгдэл 55,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 148.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Маас авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг нь надад шагнал гэж 48.000.000 төгрөгийг өгч байсан. Харин 55.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэх бичигт анзааралгүй гарын үсэг зурсан. Тухайн үед нэхэмжлэгч нь надаас алт угаадаг бункерийг авч хэрэглэж байсан. Тэрийг одоо буцааж авахгүй учраас бункерийг 20.000.000 төгрөгт тооцож үлдэгдэл 28.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нотлох баримтын тухайд

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2020-11-27-ны өдрийн 3879 дугаартай тогтоол /хх-7-8, 50-51/, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2022-01-05-ны өдрийн 46 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-9-10/, Нийслэлийн прокурорын газрын 2022-01-26-ны өдрийн 1/347 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-11/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-14/, нэмэлт тайлбар /хх-22-23/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-32, 47-48/, Хаан банкы 2020-10-26-ны өдрийн орлогын мэдүүлэг /хх-45/, Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст 2020-10-26-ны өдөр гаргасан хүсэлт /хх-46/, Ч.Мын Хаан банкны 5029889874 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-49/, өмгөөлөгч М.Жавхланг оролцуулах хүсэлт /хх-53/ зэргийг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч хариу тайлбар /хх-21/ гаргасан.

 

Хавтаст хэргийн хх-5, 6, 12-13, 24-26-р талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М нь алтны шороон ордны тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлж, хөөцөлдүүлэх ажлыг хийлгэх зорилгоор хариуцагч Э.Мт 155,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, эрүүгийн хэрэг шалгах явцад 100,000,000 төгрөгийг буцааж өгсөн тул үлдэх 55,000,000 төгрөгийг өгөөгүй гэж тодорхойлон 55,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Э.М нь нэхэмжлэгчээс 148,000,000 төгрөгийг бэлнээр авсан, эрүүгийн хэрэгт шалгагдах явцад 100,000,000 төгрөгийг буцаан өгсөн, одоо 28,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн надаас авсан алт угаадаг бункерийг 20.000.000 төгрөгт тооцож хасуулна, би 55.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэх бичигт цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байхдаа анзааралгүй гарын үсэг зурсан, 48.000.000 төгрөгийг надад өгч байгаа шагнал гэж ойлгосон гэх тайлбар гаргасан.

 

Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 48,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3879 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд

...хохирогч Ч.Мын надаас авсан 150,000,000 төгрөгийн 100,000,000 төгрөгийг өнөөдөр Мөнхсаран төлж барагдуулсан, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг нотариат орж гэрээ байгуулан график гарган төлөхөөр болсон. Би Мөнхсаран, Ган-Эрдэнэ хоёртой аман тохиролцооны үндсэн дээр 150,000,000 төгрөгийг өгсөн, цаашид гарах гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хааж өгнө үү гэх мэдүүлэг,

гэрч Т.Мын ...энэ намраас ажил эрчимжсэн болохоор Ч.Маас авсан 155,000,000 төгрөгийн 100,000,000 төгрөгийг өнөөдөр дансаар шилжүүлэн өгч үлдэгдэл 55,000,000 төгрөгийг график гарган төлж барагдуулахаар болсон ...гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Мын ...хэргийг хааж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдхгүй, ...гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан талаар дурджээ /хх-7-8/.

 

Нэхэмжлэч Ч.Мын Хаан банкны 5029 8898 74 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөгөөр, 104,000,000 төгрөгөөр тус тус зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт гэж нэхэмжлэгчийн регистрийн дугаар бичигдсэн /хх-49, 14/ байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талын график гарган үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэх тайлбарын үндэслэл болгосон хүсэлт нь Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст 2020-10-26-ны өдөр гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд нэхэмжлэгч нь иргэн Э.М, Г.Ган-Эрдэнэ нарт уул уурхайн ажилд зориулан амаар тохиролцож 155,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар, Э.М, Г.Ган-Эрдэнэ нар дансаар 100,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг өгөхөөр болсон талаар дурдсан /хх-46/-г нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байна.

 

Нэхэмжлэгчээс 155,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж, хариуцагч нь 148,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарлан, эрүүгийн хэрэг шалгах явцад нэхэмжлэгчид 100,000,000 төгрөгийг хариуцагч өгсөн үйл баримтад талууд маргаагүй боловч хариуцагч нь 20,000,000 төгрөгийг эд зүйлийн үнэнд хасаж тооцуулна гэж тайлбарласан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан тул цагдаагийн байгууллагад гаргасан гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар авагдаагүй учир дээрх прокурорын тогтоолд дурдсан гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч 155,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх шаардлага, үндэслэл эргэлзээгүй тогтоогдож байна гэж үзэх боломжгүй.

 

Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч Э.Маар алтны шороон ордны газрын зөвшөөрөл бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 148,000,000 төгрөгийг өгсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх бөгөөд уг хэлцлийн дагуу хариуцагч Э.М нэхэмжлэгчээс авсан мөнгөн хөрөнгийг түүнд буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус зохицуулсан.

 

Тодруулбал, аливаа иргэн гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд зохигчдын хооронд үүссэн хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй.

 

Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Э.М нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөс 100,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, үлдэх 48,000,000 төгрөгийг шагналд авсан гэх, 20,000,000 төгрөг эд зүйлийн үнийг хасаж тооцно гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул түүнд 48,000,000 төгрөгийг үлдээх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Маас 48,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 397,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Маас 48,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Маас улсын тэмдэгтийн хураамжид 397,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ