22 11 08 101/ШШ2022/04712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Э.Т нэхэмжлэлтэй,
хариуцагч- Ц.О холбогдох,
бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, газрын хууль ёсны өмчлөх эрхийг сэргээж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Тогосмаа,
Хариуцагч Ц.Отгонбаяр, түүний өмгөөөлөгч Б.Түвшинтөгс /ӨҮ-3109/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******, 9-р хороо, шархадны 12-р гудамжны 238 тоотод 1998 оноос амьдарч байна. 238 тоотод байрлах газрыг хоёр хувааж, а, б болгосноор 2004 онд энэ газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гарсан. Би 238Б тоотын газар дээр амьдардаггүй байсан бөгөөд гадаад улс руу яваад эргэж ирэхэд хариуцагч Ц.Отгонбаярынх зөвшөөрөлгүй ирж буусан байсан бөгөөд уг газрыг худалдаж авмаар байна гэж хүсэлт гаргасан тул зөвшөөрч нотариат орж бэлэглэлийн гэрээ байгуулснаар 2020 оны 06-р сард хариуцагч Ц.Отгонбаяр нь надад 1,000,000 төгрөг өгсөн.
2020 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний асуудлаар би шүүхэд хандсан. Харин хариуцагч Ц.Отгонбаяр нь намайг ноцтой гомдоосон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдсээр байж хариуцагч Ц.Отгонбаяр нь хэл амаар доромжилж, хууль ёсны өмчлөгч биш гэж хэлсэн. Хариуцагчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч ингэж хэлэх хүн биш гэж үйлчлүүлэгчээ өмөөрсөн. Хариуцагч намайг зодох гэж дайрсан. Хүүхэд болон нөхрөөрөө зодуулах гэж сүрдүүлсэн. Энэ талаар бичлэгт байгаа. Гэрэл зураг ч байгаа. Шөнө хүртэл намайг ирж айлгадаг байсан, чи ганцаараа амьдардаг эмэгтэй хүн шүү айж яваарай гэх мэтээр заналхийлдэг байсан тул би гэртээ камер тавьсан. Бэлэглэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан, бэлэглэгчийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар заналхийлсэн тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Шүүх хурал бүрт хариуцагч Ц.Отгонбаяр нь худлаа хэлээд байдаг, үнэхээр тийм байсан бол яагаад манай ээжтэй энэ асуудлаар ярилцаж байгаагүй юм? Би гомдолтой байна. Өмнөх шүүх хуралдаануудаар хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичлэг зэргээр бэлэг хүлээн авагч нь намайг гомдоосон гэж үзэж байгаа. Миний энэ маргаан бүхий газар 2020 оны 06-р сарын 18-ны өдөр хариуцагч Ц.Отгонбаярын нэр дээр шилжсэн байсан гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлэглэлийн гэрээг газрын өмчлөх эрхийн нэрийг шилжүүлэн авах зорилгоор байгуулсан, түүнээс нэхэмжлэгчид 1.500.000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Бид газрыг аваад байшин бариад эхлэхэд энэ хүн 1.500.000 өг гэж нэхэж эхэлснээр бидний хооронд маргаан гарсан. Нэхэмжлэгч Э.Тогосмаа нь хашаандаа камер байрлуулаад манай хүүхдүүдийг алуурчдын хүүхэд явж байна гэж хэлдэг. Биднийг байнга алуурчин гэж гүтгэж, доромжилдог. Энэ газрыг анх 2007 онд Одмөнх компани Э.Тогосмаагийн ээжээс худалдан авсан байдаг, ээж нь хүүхдийг ирэхээр газрын гэрчилгээний нэр шилжүүлнэ гэж хэлснээр шилжүүлээгүй байгаад манайхыг компаниас энэ газарт буулгасан. Ингээд амьдарч байгаа газрынхаа гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахаар Э.Тогосмаад хандахад өмнөх айлын үлдээсэн хог ачуулах, цахилгааны төлбөр төлөхийг хэлснээр 100.000 төгрөгийг төлсөн. Тэр үеийн 100,000 төгрөг бол одоогийн 1.000.000 төгрөгтэй тэнцэнэ. Гэтэл Э.Тогосмаа нь гэрчилгээ байхгүй байна гэж хэлээд өнгөрөөсөн. Түүнээс гэрчилгээний нэр шилжүүлж өгөхгүй байснаар дахин хүсэлт гаргахад 1,000,000 төгрөг өг гэснээр өгч газрын гэрчилгээний нэр шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийсэн. Газрын гэрчилгээ л Э.Тогосмаагийн нэр дээр байсайн болохоос биш газар надад шилжих ёстой байсан. Би энэ хүнийг гомдоогоогүй. Нэхэмжлэгч Э.Тогосмаа өөрөө бичлэг хийгээд янз бүрийн зүйл яриад зогсож байдаг, энэ хүний зүй бус харилцааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бас зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд Од мөнх ХХК-нь ажилтандаа газар худалдаж авч өгөхөөр зарын дагуу 235б тоот газрыг олж очиж уулзсан. Ингээд газрыг худалдан авахаар нэхэмжлэгчийн ээжтэй уулзсан. Ээж нь 750.000 төгрөгөөр газрыг худалдана. Газар манай охины нэр дээр байгаа. Манай охин гадаадад байгаа учраас нэрээ шилжүүлж чадахгүй байна гэсэн. Ийнхүү газрыг худалдаж аваад тухайн газарт амьдардаг болсон. 2007 оноос тухайн байгууллагын ажилтан нь өөр хаяг руу нүүсэн. Үүний дараа тус байгууллагын ажилтан н.Мягмарсүрэнд газрыг өгсөн. н.Мягмарсүрэнг газар дээр амьдарч байхад нэхэмжлэгч нь ойролцоо ирээд буусан. Нэхэмжлэгчээс гэрчилгээгээ шилжүүлж авах талаар хэлэхэд хашаагаа бариад гэрчилгээгээ шилжүүлж аваарай гэсэн. Хашаагаа барьж дуусаад гэрчилгээгээ авах гэтэл хог маш их болсон байгаа тул 100.000 төгрөгийг төлөөд ав гэсэн. Тухайн хогыг 100.000 төгрөгөөр ачуулж өгөөд гэрчилгээг авах гэтэл нэхэмжлэгч өгөхгүй хэвээр байсан. Ингэж явсаар 2020 он болсон. Хариуцагч нь мөн 1.000.000 төгрөгийг нэмж шилжүүлээд бэлэглэлийн гэрээ байгуулж гэрчилгээгээ авсан.
Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс энэхүү гэрээ нь бэлэглэлийн гэрээ биш бөгөөд хариуцагч тал нь нэгэнт өмчлөгч мөн тул өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч нь миний болон миний үйлчлүүлэгчийн талаар худал зүйлсийг их ярьж байна. Хоёр шатны шүүхээс тухайн гэрээ нь бэлэглэлийн гэрээ биш бөгөөд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Энэ талаар нотлох баримт буюу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хоорондоо маргалдаж байсан зүйл байдаг боловч нэхэмжлэгчийг сүрдүүлсэн, заналхийлсэн үйлдэл байхгүй. Хариуцагч талаас хэдий өгөх ёсгүй ч гэсэн хөршүүд учир маргаангүй байх зорилгоор 1.500.000 төгрөг төлье гэж хэлсэн боловч нэхэмжлэгч авахгүй, тохиролцохгүй гэсэн. Бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудлыг хоёр шатны шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргасан.
Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-9/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022-6-10-ны өдрийн 210/МА2022/01118 дугаартай магадлал /хх-11-14/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/11202 дугаартай захирамж /хх-15-16/, фото зураг /хх-46-48/, Д.Уранцэцэгийн нас барсны гэрчилгээ /хх-51/, Э.Тогосмаад газар өмчлүүлэх тухай 2004-03-30-ны өдрийн шийдвэр /хх-52/, кадастрын зураг /хх-53/, Ц.Отгонбаярын 2021-10-12-нд гаргасан сөрөг нэхэмжлэл /хх-54-56/, Ашид билгүүн ХХК-ийн 2017-04-25-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-60-65/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03457 дугаартай шийдвэр /хх-66-75/, нэмэлт тайлбар /хх-80/ зэргийг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч хариу тайлбар /хх-24/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022-6-10-ны өдрийн 210/МА2022/01118 дугаартай магадлал /хх-29-32/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/01491 дугаартай шийдвэр /хх-33-36/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-37/, 2020-06-15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-91/, Баянзүрх дүүргийн 9-р хороо,******* 12-р гудамж 238Б тоот хаягт байршилтай 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Ц.Отгонбаяр бүртгэгдсэн 2020-06-18-ны өдрийн гэрчилгээ /хх-92/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний гаргасан 2021-06-16, 2021-07-07, 2021-09-30, 2022-03-11 гэж бичигдсэн сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-95-96/ баримтыг бүрдүүлсэн.
Хавтаст хэргийн хх-5-8, 10, 17, 76-78, 90-р талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Тогосмаа нь хариуцагч Ц.Отгонбаярт холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, газрын хууль ёсны өмчлөх эрхийг сэргээж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Отгонбаяр нь намайг ноцтой гомдоосон, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдсээр байж хэл амаар доромжилж, газрын хууль ёсны өмчлөгч намайг биш гэж хэлснээр бэлэглэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан, бэлэглэгчийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар заналхийлсэн тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно гэж тодорхойлсон.
Хариуцагч Ц.Отгонбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий газрыг анх Одмөнх компани худалдан авч төлбөрийг нэхэмжлэгчийн ээжид өгсөн байдаг, Одмөнх компанид манай нөхөр ажилладаг байгаад энэ газарт буулгаснаар манайхыг газрын гэрчилгээг шилжүүлж аваарай гэснээр газрын өмчлөх эрхийг нэр дээрээ шилжүүлэн авахын тулд Э.Тогосмаагийн хэлсэн мөнгийг өгч, тухайн газарт хуримтлагдсан хогыг ачуулж, цахилгааны төлбөрийг төлсөн, Э.Тогосмааг гомдоосон зүйл байхгүй, энэ хүн л өөрөө утсаараа бичлэг хийгээд зүй бус харилцаа гаргадаг гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Э.Тогосмаа болон хариуцагч Ц.Отгонбаяр нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр Э.Тогосмаа нь нэгж талбарын 18649313161264 дугаартай, улсын бүртгэлийн Г-2204027277 дугаартай, *******, 9-р хороо, Шархад 12-р гудамжны 238Б тоот хаягт байрлах, 330 м.кв талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Ц.Отгонбаярт хариу төлбөргүй, олон жил хамт амьдарсан тул өөрийн хүсэлтээр шилжүүлэхээр тохиролцсон байна /хх-91/.
Хариуцагч Ц.Отгонбаярын өмчлөлд нэгж талбарын 18649313161264 дугаартай, улсын бүртгэлийн Г-2204027277 дугаартай, *******, 9-р хороо, Шархад 12-р гудамжны 238Б тоот хаягт байрлах, 330 м.кв талбайн хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шилжин бүртгэгдсэн байна /хх-92/.
Тиймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж, хуулийн 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж, мөн хуулийн 276.3 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж зохицуулагдснаар бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчид 238б тоотын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэсэн гэрээг бичгээр үйлдснээр уг газрын өмчлөх эрх хариуцагч Ц.Отгонбаярт шилжин бүртгэгдсэн байна.
Харин Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлээ Ц.Отгонбаяр намайг ноцтой гомдоосон, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдсээр байж хэл амаар доромжилж, газрын хууль ёсны өмчлөгч намайг биш гэж хэлснээр бэлэглэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан, бэлэглэгчийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар заналхийлсэн гэж тодорхойлж, уг үндэслэл нь нотлох баримтаар гаргасан сиди-нд бичигдсэн бичлэгээр нотлогдоно гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан 2021-06-16, 2021-07-07, 2021-09-30, 2022-03-11 гэсэн огноо бичигдсэн сиди бичлэгт үзлэг хийснээр сиди-нд хуулсан 4 видео бичлэгийг үзэхэд тухайн бичлэгийг нэхэмжлэгч өөрийн гар утсаар хийсэн болохыг тайлбарлаж, эхний 1 минут 55 секунтын бичлэгт бичлэг хийж байгаа эмэгтэй хүн гудамжинд байгаа хүмүүстэй муудалцаж, ярилцаж байгаа бичлэг, гудамжинд байгаа хүмүүсийн дүрсийг буулгасан, хоёрдахь 1 минут 42 секунтын бичлэгт блокон байшингийн дүрс харуулсан, яриа бичигдээгүй, гуравдахь 1 минут 20 секунтын бичлэгт гудамжинд байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бичсэн, бичлэг хийж байгаа эмэгтэй хүн нь зүй зохисгүй үг хэлж байгаа бичигдсэн, дөрөвдэх 14 секунтын бичлэг нь харанхуйд хийгдсэн, бичлэг хийж байгаа эмэгтэй хүн зайлаач, намайг дарамталж, заналхийлж байна гэсэн үг тус тус бичигдсэн байна /хх-95-96/.
Дээрх бичлэгийг нэхэмжлэгч өөрөө хийсэн болохыг тайлбарласан тул тухайн бичлэгт байгаа яриа, хэлж байгаа үгсийг нэхэмжлэгч өөрөө хэлсэн гэж үзэхээр байна /хх-95-96/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тэрүүн ээлжинд нотлох үүрэгтэй.
Түүнчлэн зохигчийн нотлох баримтаар гаргасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01118 дугаартай магадлалаар Э.Тогосмаагийн нэхэмжлэлтэй, Ц.Отгонбаярт холбогдох, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөлийн газрыг буцаан олгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй, *******, 9-р хороо, Шар хад 12-р гудамж, 238б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Тогосмаад даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлсэн байна /хх-11-14, 29-32/.
Дээрх магадлалын хянавал хэсгийн 5-рт ...зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна /хх-31/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, хуулийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж, мөн хуулийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус тус зохицуулсан.
Дээрх үйл баримтаар нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан буюу ноцтой гомдоосон, хэл амаар доромжилсон, газрын хууль ёсны өмчлөгч намайг биш гэж хэлснээр бэлэглэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар заналхийлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Отгонбаярт холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, газрын хууль ёсны өмчлөх эрхийг сэргээж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Э.Тогосмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ