Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1095

 

 

 

 

 

 

 

 

 

                            “КМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШШ2019/00834 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “КМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох

 

“КМ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003003159 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 4, 21, 22 тоотод байрлах 99 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Баянзүрх дүүрэг, 00 дугаархороо, Хар усан тохойд байрлах Ү-2204046187, Ү-2204032701 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анударь, Б.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, О.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“КМ” ХХК хоёр шаардлага гаргасан. Нэгт Дархан-Уул аймагт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, хоёрт сантай байгуулсан зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохойд байрлах хоёр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд үнэлгээ хийх тухай журмыг заасан. Тус журамд талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилж үнэлгээ хийлгэнэ гэж байгаа. Шинжээч томилж, үнэлгээ хийлгэх тухай асуудал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тайлбар, гуравдагч этгээдийн хэлж буй тайлбараар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4/15924 дугаартай албан бичгийг ажиллагаа хийсэн гэж үзэж байх шиг байна. Манай компанийн хувьд албан бичиг явуулсан нь хангалтгүй гэж үзэж байгаа. Нэгт хаягласан эзэндээ хүрээгүй, хоёрт шууданд хийгээгүй, гуравт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч компаниас ямар нэгэн үнийн санал ирээгүй. Төлбөр авагч, төлбөр төлөгч гэх хоёр этгээд хоорондоо барьцаа хөрөнгийг үнэлэх үнийн саналаа харилцан тохиролцоогүй гэдгийг тогтоосон баримт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байхгүй, зөвхөн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдлийг л үндэслэж байгаа. Гэтэл ямар ч тохиролцох ажиллагаа хийгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч дур мэдэн үнийн саналаа авчихсан. Дархан-Уул аймгийн 11 дүгээр баг, 6 дугаар хороо, 6 дугаар байр, 4-21, 22 тоот хуучнаар 99 м.кв, шинээр 152,7 м.кв 7 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 153/08 дугаартай тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж байгаа.

Хөрөнгийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хийж, өөр дээрээ хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацааг Иргэний хуульд заасан хугацаа тоолох аргачлалаар тооцож үзэх юм бол 1 сараас илүү байгаа. Мөн түүнээс өмнө Дархан-Уул аймагт байрлах эд хөрөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 17/280899/02 актаар битүүмжилсэн байдаг. 4 сард нэг битүүмжилж 1 сарын дотор үнэлэх ёстой байсан үнэлээгүй, 8 сард битүүмжлээд 1 сарын дотор үнэлэх ёстой байсан мөн үнэлээгүй. Хоёр удаа битүүмжилж авчихаад хуульд заасан хугацаанд үнэлэхгүй байгаа нь үнэлгээ үндэслэлгүй, хууль бус гэж үзэх үндэслэл болж байна. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө гэж байгаа. Гэтэл тэмдэглэл хөтөлсөн зүйл хэрэгт байхгүй.

Гуравдагч этгээд болох сангаас гаргасан тайлбарт тус зээлийг авахад энэ хоёр барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байсан учир нэмж Дархан-Уул аймагт байрлах хөрөнгийг барьцаалсан гэх зүйл ярьдаг. Хэрэв барьцаалсан бол барьцааны гэрээ бичгээр байгуулагдаж, хуульд заасан шаардлагыг хангаж, улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой. Бүртгэл байхгүй бол хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж үзэхгүй.

Маргааны гол зүйл нь Баянзүрх дүүрэгт байгаа үл хөдлөх эд хөрөнгө. Шүүхийн шийдвэр гарахдаа мөнгө төл гэх шийдвэр гарсан. Харин ямар үл хөдлөх эд хөрөнгөөр өр төлбөр барагдуулах талаар заагаагүй. Мөн тус барьцааны зүйлийг зохих журмын дагуу барьцаанд барьцаалсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Үүнээс харахад өмнөх зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээчээр үнэлүүлэх үндэслэл байсан. Тухайн үед н.Бямбацогтыг төлөөлж байсан этгээд болох О.Баяржаргалд “КМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Барсболдод хаягласан албан бичгийг гардуулж өгч, түүнийг хүлээгээд авчихсан баримт хэрэгт байгаа. Хэрэв тус гэрээ гуравдагч этгээдийн тайлбарласнаар барьцаанд байгаа гэж үзэх юм бол 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээг танилцуулсан байх ёстой гэх заалт байгаа. Гэтэл төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүйгээр ажиллагаа хийж байгаад гомдолтой байна.

Тиймээс барьцаанд байгаа хөрөнгө шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Эцэст нь төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаа тодорхой дараалалтай байгаа. Тус дарааллыг зөрчихсөн байгаа. Төлбөр барагдуулах ямар ажиллагаа явуулсан талаар баримт хэрэгт байхгүй. Хэрэгт барьцаалагдаагүй эд хөрөнгийг үнэлсэн нь хууль бус юм. Гуравдагч этгээдийн эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаггүй, чөлөөл гэхэд чөлөөлдөггүй, яах гэж барьж байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Энэ нь нэхэмжлэгчийн өмчлөлд байхгүй, гуравдагч этгээдийн өмчлөлд ч байхгүй. Тиймээс дээрх үндэслэлээр гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1391 шийдвэрээр “КМ” ХХК-аас 747 517 321 төгрөг гаргуулж, Бичил санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлбөр барагдуулаагүй тул Бичил санхүүгийн 2016 оны зээлийн гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураан авч, төлбөр төлөгч “КМ” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын эрхийн бүртгэлийн Ү2003004159 дугаартай Дархан--Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар байр, 4-21, 22 тоот, 99 мкв 7 өрөө орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчин тогтоосон зах зээлийн үнэ болох 307 145 100 төгрөгийн 70 хувиар тооцож, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 4/1524 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно гэж байгаа. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр давхар тэмдэглэл үйлдэж, гардуулж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид үнийн саналаа өгнө үү гэсэн боловч өгөөгүй. Мөн манайх байгууллага 1 сарын дотор шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээг талуудад Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар 3 хоногийн дотор гардуулна гэж заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр хүчинтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анударь, Б.Бадрал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал манай байгууллагаас 800 000 000 төгрөгийн зээл авчихаад төлөөгүй. Үнийн саналын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар талуудын саналыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тухайн зах зээлийн үнээр өөрөө тогтооно гэж заачихсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно гэж байгаа.

Нөгөө талаас О.Баяржаргал гэж хэн нь мэдэгдэхгүй хүн гарч ирээд шуудан авсан мэт зүйл ярьж болохгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн гэж шийдвэр гүйцэтгэгч хэлж байна шүү дээ. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар төлөөлөх эрх бүхий ажилтанд өгсөн ойлгоно. Дархан-Уул аймгийн үл хөдлөх эд хөрөнгө нь 2006, 2008, 2012 оны барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө, тухайн гэрээний үүрэг дуусгавар болсон шүү дээ гэж байна. Тухайн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж бид тайлбар өгөөгүй. Гэхдээ манайд барьцаалсан барьцааны зүйл хөрөнгө үнэлгээнд хүрэхгүй байсан учраас танай нэр дээр бүртгэлтэй байгаа бусад хөрөнгийг битүүмжилсэн. Гэрчилгээнд 4-21, 22 тоот гэх зэргэлдээ орон сууцны барилга байгаа. 99 м.кв Дархан-Уул аймгийн барилгын одоогийн ханш нь 1 мкв нь 830 000 төгрөг байна. Дарханы орон сууцны барилга өнөөдөр 1 мкв нь 3 000 000 төгрөг хүрчихсэн гэж байна. Өнөөдөр зайсангийн үнэтэй хорооллуудад л 3 000 000 төгрөгтэй байгаа. 2017 оны шинэ Дархан-Уул аймгийн барилга л 1 500 000 төгрөгтэй байгаа. Тиймээс үнэлгээний байгууллага үнийг харьцангуй өндөр тогтоочихсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулж, төлбөрийг зохих ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх хүртэл хөрөнгө битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр хүчинтэй хэвээр байна гэж байгаа. Төлбөрөө төлөөгүй байж барьцаанд байгаа төлбөрөө суллуулна гэх зүйл яриад байгааг ойлгохгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн шүүгчийн захирамж өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийг дэмжиж оролцож байна. 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч ямар нэхэмжлэл гаргасан, тэрийг шүүх баталсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 700 000 000 төгрөгөө авъя л гэх агуулгатай байсан. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлт гаргаагүй учир шүүх түүнийг батлаагүй гэж тэмдэглэлд тусгасан байдаг юм байна. Нэгэнт зээлийн гэрээг дүгнэсэн бол барьцааны гэрээ хамт яригдах ёстой байсан. Гэтэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг төлбөр авагч өөрөө шаардаагүй нь тус барьцаа хөрөнгөөсөө татгалзаж байна гэж ойлгож байна. Тиймээс барьцаа хөрөнгөө суллуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар “КМ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003003159 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 4, 21, 22 тоотод байрлах 99 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууцыг 307 145 100 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар нэхэмжлэгчийн Баянзүрх дүүрэг, 00 дугаархороо, Хар усан тохойд байрлах Ү-2204046187, Ү-2204032701 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг, улсын орлогоос 70.200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “КМ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01691 дүгээр захирамжаар “КМ” ХХК төлбөрийн 747 517 521 төгрөгийг "БСХС"-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Ингэж захирамжлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон байх боловч Гуравдагч этгээд болох иргэн Ц.Бямбацогтын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан.

Маргааны зүйл болсон 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Ц.Бямбацогтын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00 дугаархороо, Хар усан тохойд байрлах Ү-2204046187, Ү-2204032701 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан. Төлбөр авагч “БСХС”зээлийн гэрээг шүүхээр дүгнүүлэхдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй тул дээрх барьцааны гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байхад мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00 дугаарзүйлийн 20.1.6-д заасны дагуу 20.1.6.төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагаагүй байхад НШШГГ дур мэдэн Баянзүрх дүүрэг, 00 дугаархороо, Хар усан тохойд байрлах Ү-2204046187, Ү-2204032701 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн. Мөн анхан шатны шүүхээс төлбөр төлөгч “КМ” ХХК нь иргэн Ц.Бямбацогтын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй гэж үзэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн №2 дугаар зөвлөмжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчийн эрх зүйн байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШШ2019/00834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “КМ” ХХК хариуцагч НШШГГт холбогдуулан “КМ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003003159 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 4, 21, 22 тоотод байрлах 99 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Баянзүрх дүүрэг, 00 дугаархороо, Хар усан тохойд байрлах Ү-2204046187, Ү-2204032701 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1691 дүгээр захирамжаар, “КМ” ХХК нь 747 517 521 төгрөгийг Бичил санхүүгийн хөгжлийн санд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17280899/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 4, 21, 22 тоотод байрлах 99 м.кв талбай бүхий 7 өрөө, улсын бүртгэлийн Ү-2003003159 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 153/8 тоот тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан байна. /хх 39-40 дүгээр тал/

 

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 4, 21, 22 тоотод байрлах 99 м.кв талбай бүхий 7 өрөө, орон сууцыг хэдэн төгрөгөөр үнэлсэн талаарх баримтыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлээгүй байх тул шүүх, үнийн санал өгөөгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч үнийн санал өгөөгүйгээс НШШГГ нь “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “....Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

            “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь Дархан-Уул, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 4, 21, 22 тоотод байрлах 99 м.кв талбай бүхий 7 өрөө, улсын бүртгэлийн Ү-2003003159 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээний хандлагаар 307.145.100 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч “КМ” ХХК нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

            Мөн нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 00 дугаархороо, Хар усан тохойд байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх шаардлагын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШШ2019/00834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

     Ц.ИЧИНХОРЛОО