Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/672

 

 

 

 

 

 

2021              07            08                                         2021/ДШМ/672                                      

 

Б.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                   

            прокурор Ц.Амгаланбаатар,

            шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2009025161334 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн Б-гийн Б, Дорнод аймагт 1987 оны 02 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 0 дугаар баг, Төв 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 27 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтэрсэн,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 10 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 4 сарын хугацаагаар тогтоосон,  

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн.

Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 02:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны 505 дугаар байрны В-1 давхарын “СӨХ”-ны эзэмшлийн өрөөний цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Г.Гын гагнуурын аппарат, 2 ширхэг цохилттой дрилл, гар таслагч, молоток зэрэг эд хөрөнгийг авч 550,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулж тооцохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо: “... Хийсэн хэргээ ухаарч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б-ын ял хөнгөрүүлэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт буруутгагдсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хорих ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх талаар заасан. Б.Б- өмнө нь баривчлах ялаар шийтгүүлж өршөөлд хамрагдаж байсан тул үүнд хамаарахгүй. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Б.Б- нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Төв 2 дугаар гудамжны 6 тоот хаягт тогтмол оршин суух хаягтай” гэв.

            Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн. Давж заалдах шүүхэд хэрэг хянагдах явцад Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдан хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулсан байна. Гэтэл Б.Б- нь 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан боловч баривчлах ялаар өршөөгдсөн. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-од оногдуулсан 2 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна. Ингэж ингэж шийдвэрлэхдээ цагдан хоригдсон 95 хоногийг хасч эдлээгүй үлдсэн ялыг тооцоог хийх шаардлагатай. Б.Б- нь Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн учраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 02:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны 505 дугаар байрны В-1 давхарын “СӨХ”-ны эзэмшлийн өрөөний цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Г.Гын гагнуурын аппарат, 2 ширхэг цохилттой дрилл, гар таслагч, молоток зэрэг эд хөрөнгийг авч 550,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Гын “... харуул Н.Ганбаатар “СӨХ”-ны хажуу талын өрөөнд хулгай орчихсон байна. Хулгайчийг барьсан гэж утсаар ярьсан. Намайг очиход өрөөний цонх нээлттэй, молоток цонхон дээр тавьсан байсан. Тэр хулгайч 10 хоногийн өмнө манай 505 дугаар байранд айлын хаалга засаж байсан хүн мөн байсан...” /хх 11-12/,

гэрч Н.Г-ын “... Шөнө 02 цаг 50 минутын үед 505 дугаар байрны баруун талын В-1 давхарын өрөөний гэрэл асах шиг болсон. Би гайхаад очтол 35 орчим насны согтуу эрэгтэй молоток барьчихсан цонхоор авирч байснаа намайг хараад “Чи энийг авчих, би энд ажилладаг, хаалгаар нь гарна” гээд буцаж буусан. Цонхоор гарах гэхээр нь би түлхэж унагахад хаалга жийж эвдээд гарч зугтсан...” /хх 17-18/,

эд зүйлийн үнэлгээ /хх 24-25/, хэргийн газрын үзлэг хийж хулгайлсан эд хөрөнгөө хашаанд нуусан байсныг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/, шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 48-49/ зэргээр нотлогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзлээ.

Иймд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн шүүгдэгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж үзвэл шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэргүүдэд байхгүй, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн баривчлах ялаас өршөөгдсөн нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай ... 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ... хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэх хориглосон заалтад хамаарахгүй байх тул түүнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.     

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан нь шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хэргийн зүйлчлэлд тохирч байна.

Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагын хангасан байх учиртай.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б- нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг тэр даруй хохирогчид буцаан өгсөн бусдад төлөх төлбөргүй байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялаас өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоногийг хасч, үлдэх 1 жил 08 сар 26 хоног хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр дүйцүүлэн солих нь зүйтэй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын албан ёсны хаяг болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 26 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Б.Б-ыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.   

            4. Шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                  Н.БАТСАЙХАН

 

                                ШҮҮГЧ                                                  М.ПҮРЭВСҮРЭН