| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/4049/и |
| Дугаар | 101/ШШ2022/03715 |
| Огноо | 2022-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/03715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Г ХХК/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Ц.З-д холбогдох,
кредит картын гэрээний үүрэгт 3,058,805.48 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун,
Хариуцагч Ц.Золбоотуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, шаардлагадаа: Хариуцагч Золбоотуяа нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай 330683889 дугаартай кредит карт ашиглах гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг зээлийг, бэлэн зээлийн хэрэглээнд 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь төлбөрөө төлөхгүй байгаа учир 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан боловч оршин суух хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчийг эрэн сурвалжлуулан хаягийг тогтоогоод дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 08 сард зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээл болон зээлийг хүүг төлөхгүй байгаа учир банкны зүгээс 2022 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар тооцож бэлэн бус зээлийн хэрэглээнд 1.567.394 төгрөг, хүү 1.232.842.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248.568.05 төгрөг нийт 3.058.805.40 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Зээл авсан нь үнэн. Гэхдээ хүүг эрт зогсоох боломж байсан. Нэхэмжлэгч байгууллагаас над руу холбогдож байсан зүйл байхгүй. Эрэн сурвалжлуулсан, оршин суугаа хаягтаа байгаагүй гэсэн үндэслэлээр их удаад хүү нь нэмэгдсэн байна. Би одоо оршин суугаа хаягтаа сүүлийн 20 жилийн турш тасралтгүй амьдарч байна. Би нэхэмжлэгч байгууллагаас 1.500.000 төгрөгийн эрхтэй кредит карт авч ашигласан. Үндсэн зээл 1.500.000 төгрөг, түүний хүү болох 500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс илүү төлж үнэхээр чадахгүй гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, ередит картын тооцооллын хүснэгт /хх-5-6/, 2017-08-22-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ /хх-7-9/, Голомт банкны гүйцэтгэх захиралын эрх олгох тухай тушаал /хх-10/, Голомт банкны ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02130 дугаартай шийдвэр /хх-24-25/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2021-12-16-ны өдрийн 26ж-3-3/5461 дугаартай албан бичиг /хх-26/, тус шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2022-01-26-ны өдрийн 02521 дугаартай захирамж /хх-27-29/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь Ц.Золбоотуяад холбогдуулан кредит кар эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт бэлэн бус зээлийн картын хэрэглээнд 1,567,394.20 төгрөг, бэлэн бус зээлийн хэрэглээний хүү 1,242,842.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248,568.54 төгрөг, нийт 3,058,805.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, карт ашиглаагүй хаагдсан, ковидын үед надтай нэг утсаар холбогдож байсан, хүүгээ зогсоож хаах боломж нэхэмжлэгчид байсан тул бусд төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Голомт банк ХХК нь Ц.Золбоотуяатай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/330683889 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж, кредит картын зээлийн эрхийн хэмжээ 1,500,000 төгрөг, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байна.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус зохицуулсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Харин талуудын байгуулсан дээрх гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,242,842.74 төгрөгийн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү болох нь кредит картын тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон, кредит картын тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийгээгүй, гэрээний 2.1-т зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт автоматаар хаагдана гэжээ.
Тиймээс хариуцагч нь эзэмшиж буй кредит картын зээлийн эрхийн хэмжээнд хийгдсэн гүйлгээ, төлсөн дүнг кредит картын тооцооллын хүснэгтээс тооцоход
2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлэн бус гүйлгээнд бодогдсон дүн 11,360,000 төгрөг, мөн хугацаанд бэлэн бус гүйлгээнд төлсөн дүн 9,792,605.8 төгрөг байх тул бэлэн бус гүйлгээний төлөгдөөгүй үлдэгдэл 1,567,394.20 төгрөг байна.
2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийн бэлэн бус зарлага бодогдож, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,448,811.01 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 51,188.99 төгрөгийн үлдэгдэлтэй байгаад эргэн төлөлт хийгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 25 хоногийн 2 хувийн хүүг тооцоход 25,592.5 төгрөг байна.
Эргэн төлөлт хийгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1,484,749.02 төгрөгөөс үлдэгдэл 51,188.99 төгрөгийг хасч тооцвол 1,433,560.03 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр хариуцагч нь 1,500,000 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээ дахин хийснээр 1,433,560.12 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байх бөгөөд эргэн төлөлт хийгдсэн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 5 сар 16 хоногийн хүү /1,433,560.12х2%:30 хоног/ 158,647.2 төгрөгийн хүү,
хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,369,163.58 төгрөг төлж, мөн сарын 28-ны өдөр 1,350,000 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээ дахин хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 1,414,396.4 төгрөг болсноор дараагийн эргэн төлөлт хийгдсэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 20 хоногийн хугацааны хүү 18,858 төгрөг,
хариуцагчаас 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1,464,961.92 төгрөгийн төлөлт хийж, мөн сарын 19-ний өдөр 1,450,000 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээ дахин хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 1,532,314.47 төгрөг болсноор дараагийн эргэн төлөлт хийгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 58,213 төгрөг,
хариуцагчаас 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 94,228.73 төгрөгийг төлж, мөн сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээ хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 1,538,085.74 төгрөг болсноор дараагийн эргэн төлөлт хийгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 13,328.9 төгрөг,
хариуцагчаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 41,000 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 516,724.25 төгрөгийн төлөлт тус тус хийж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 570,000 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээ хийгдэх хүртэлх хугацааны хүү 29,941.7 төгрөг байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,550,361.49 төгрөг болсноор дараагийн эргэн төлөлт хийгдсэн 2019 оны 01 дгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 50 хоногийн хугацааны хүү 51,675 төгрөг /1,550,361.49х2%:30/,
хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 372,967.29 төгрөгийг төлж, мөн сарын 14-ний өдөр 390,000 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээ хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 1,567,394.20 төгрөг болж гэрээний хугацаа дуусаж, карт системд автоматаар хаагдах хугацаа буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 7 сар 7 хоногийн хугацааны хүү 226,748.9 төгрөг /1,567,394.20х2%:30/ тооцогдож байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,567,394.20 төгрөг, зээлийн хүү 575,254.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,505 төгрөг, нийт 2,154,153.8 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Кредит картын тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч Ц.Золбоотуяа нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээ хийгээгүй, ЗГ/330683889 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2.1-д зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа нэг сар гэж талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хүү шаардах эрхгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Ц.Золбоотуяагаас кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 2,154,153.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 904,651.68 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,890.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49,416 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Золбоотуяагаас кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний үндсэн үүрэгт 1,567,394.20 төгрөг, хүүд 575,254.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,505 төгрөг, нийт 2,154,153.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 904,651.68 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,890.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Золбоотуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 49,416 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ