Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,  

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч О.Д,        

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,              

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн О-ын Д-т холбогдох 2528000890170 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт:     

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11-12 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.С-ийг архи дарс уухаа боль гэснээс шалтгаалан үсдэж зулгаан дарж бие эрх чөлөөнд нь халдсан,

мөн согтуугаар 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх хаягт байх гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Ц.С-ийг үсдэж, хөлөөрөө шилбэ рүү нь өшиглөж зодсон,

мөн 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөн тухайн хаягт байх гэртээ Ц.С-тэй маргалдаж улмаар үснээс нь зулгааж, баруун гарын мөр хэсэг рүү нь гараараа цохиж зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Д-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд зодсон байсан. Тухайн асуудал гэрт болсон. Гурван удаа зодсон гэх мэдүүлэг өгсөн байсан. Миний буруу. Одоо архи уухгүй байгаа гэв.  

Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ... тоотод байх гэртээ очиход нөхөр болох Д согтуу байсан. Гэртээ ороод хэдэн өдөр архи дарс уулаа болих юм биш үү чи гэсэн чинь уурлаад намайг хэл амаар доромжилж байгаад намайг үсдээд доош нь дараад 5-7 минут орчим болсон. Намайг үсдэхээрээ аймар үсдэж зулгаадаг. Тэгэхэд надтай хамт миний бага охин хамт явж байгаад дунд охин болох О руу залгасан байсан. Тэгээд О ирж бид хоёрыг салгасан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирээд аваад явсан. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ... тоотод байх гэртээ ажлаасаа буугаад очиход нөхөр болох Д согтуу байсан. Тэгээд бид хоёр муудалцаад байж байгаад би нөхөр болох Д-ыг нэг алгадсан чинь босож ирээд намайг үсдээд авахаар нь би түлхээд хамтдаа ойчсон. Тэгээд босоод иртэл намайг хөлөөрөө миний шилбэ рүү тийрчихсэн. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийн төрсөн өдөр болоод юм хийгээд байж байтал Д гаднаас гэрт орж ирээд намайг доромжлоод байсан. Тэгээд би гараад машинаа унаад явах гэж байхад араас гарч ирээд үснээс зулгаасан. Намайг хоёр удаа баруун гарын мөр хэсэг рүү Д зангидсан гараараа хөхөртөл цохисон. Тэгээд охин О, У хоёр салгаад цагдаа дуудаж өгсөн. Одоо Д бид хоёр хамтдаа амьдарч байгаа. Д архины эмчилгээ хийлгээд эм ууж байгаа. Нөхөртэйгөө эвлэрээд хамтдаа амьдарч байгаа учир энэ хэргийг болж өгвөл хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлүүлмээр байна.” (хавтаст хэргийн 9 дэх тал)

Насанд хүрээгүй гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сард аав бид хоёр гэрт байсан. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ээжтэй маргалдаад байж байхад нь би салгах гээд дундуур нь ороод түлхсэн чинь миний үснээс зулгаасан. Тэгээд эгч болох У ирж салгасан. Одоо эгч урагшаа говь руу явчихсан утас нь холбогдохгүй байгаа. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гадаа хашхиралдаад байсан. Тэгээд би гэрээсээ гараад очиход ээжийн үснээс нь зулгаагаад байж байхаар нь би салгах гэж дундуур нь орсон. Ер нь бол жоохон байснаас л архи уусан л бол гэрт дандаа зодоон болдог байсан. Өөрөөр яг хэзээ ээжийг зодож байсан талаар санахгүй байна.” (хавтаст хэргийн 12 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.О-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” (хавтаст хэргийн 27-28 дахь тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.С-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)  

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 49-50 дахь тал)

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 18 дахь тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 19 дэх тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал)

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал).

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн хувьд хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ийм үйлдэл гаргасан нь миний буруу гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11-12 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.С-ийг архи дарс уухаа боль гэснээс шалтгаалан үсдэж зулгаан дарж бие эрх чөлөөнд нь халдсан,

мөн согтуугаар 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх хаягт байх гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Ц.С-ийг үсдэж, хөлөөрөө шилбэ рүү нь өшиглөж зодсон,

мөн 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөн тухайн хаягт байх гэртээ Ц.С-тэй маргалдаж улмаар үснээс нь зулгааж, баруун гарын мөр хэсэг рүү нь гараараа цохиж зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Ц.С-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), насанд хүрээгүй гэрч Д.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.      

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч О.Д, хохирогч Ц.С нар нь 20 жил хамт амьдарч дундаасаа 5 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү зүйлд заасан байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна. Шүүгдэгч О.Д нь эхнэр Ц.С-ийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, нийт 3 удаагийн үйлдлээр буюу байнга Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ... тоотод байх гэртээ үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөх, баруун гарын мөр хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.Д нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч О.Д нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч О.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.  

Хохирогч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.          

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний одоогийн оршин сууж байгаа газар болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.            

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.          

Шүүхээс шүүгдэгч О.Д-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон хохирогчийн “...Нөхөртэйгөө эвлэрээд хамтдаа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.Д-ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.        

Шүүгдэгч О.Д-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

Улсын яллагч 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 129 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэж бичигдсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулан шалгаж үнэлэх, гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт сонсох ажиллагааны шатанд оролцогчдын гаргасан тайлбар, дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгчийн сүүлийн үйлдэл нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч Д овгийн О-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.Д-ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.     

3. Шүүгдэгч О.Д-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

   

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ВОЛОДЯ