| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/05317/и |
| Дугаар | 101/ШШ2022/04875 |
| Огноо | 2022-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2022/04875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Бнэхэмжлэлтэй,
хариуцагч-Г нарт холбогдох,
гэрээний үүрэгт 9,900,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва.
Хариуцагч Л.Ганзориг, С.Цэвээнпүрэв нар шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Ганзориг нь нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,500,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Л.Ганзориг нь 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч Л.Ганзориг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул үндсэн зээлийн 5,500,000 төгрөг, зээлийн хүү 1,100,000 төгрөг, 2022 оны 05 сарын 07-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги 3,300,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
Хариуцагч С.Цэвээнпүрэв нь барьцааны зүйлийн өмчлөгч нь тул үүрэг хүлээх учраас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч С.Цэвээнпүрэв шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Ганзоригийн зээлэнд байр барьцаалахад байрны ордерийн лавлагаа гаргаж өгсөн нь үнэн. Би энэ зээлээс нэг төгрөг авч зарцуулаагүй тул төлөлцөх үндэслэл байхгүй. Би 580,000 төгрөгийн тэтгэвэртэй, хүний байранд амьдардаг гэжээ /хх-19/.
Хариуцагч Л.Ганзориг шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Батсайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 222.6-д зааснаар хүүгээс анз тооцохгүй гэсэн байхад үндсэн зээл болон хүүгээс алданги тооцсон байна. Иймд 2022-01-07-нд байгуулсан зээлийн гэрээнд заасан үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүү 1,100,000 төгрөг, алданги 2,750,000 төгрөг буюу нийт 8,350,000 төгрөг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ /хх-20/.
Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Ч.Батсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-4/, Ч.Батсайханы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ /хх-6/, 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-7-8/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн С.Цэвээнпүрэвээс Л.Ганзоригт олгосон итгэмжлэл /хх-10/, Ч.Батсайханы төлөөлөгчөөр С.Ялалтыг томилсон итгэмжлэл /хх-26/, 2022-10-18-ны өдрийн эвлэрлийн гэрээний төсөл /хх-29/, Ч.Батсайханы төлөөлөгчөөр Б.Урангоог томилсон итгэмжлэл /хх-36/ зэрэг баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талаас тайлбар /хх-19, 20/, хариуцагч нарын шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт /хх-23, 24, 25, 34, 35/ зэргийг гаргасан байна.
Хавтаст хэргийн 9-р талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Ч.Батсайхан нь хариуцагч Л.Ганзориг, С.Цэвээнпүрэв нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9,900,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,500,000 төгрөгийг хариуцагч Л.Ганзоригт зээлдүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуарангийн гудамж 64-р байрны 30 тоотод байрлах 40,89 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь хариуцагч С.Цэвээнпүрэв байх тул хариуцагчаар татаж, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч Л.Ганзориг нь Иргэний хуулийн 222.6-д зааснаар хүүгээс анз тооцохгүй гэсэн байхад үндсэн зээл болон хүүгээс алданги тооцсон байх тул үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүү 1,100,000 төгрөг, алданги 2,750,000 төгрөг буюу нийт 8,350,000 төгрөг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргасан байна /хх-20/.
Хариуцагч С.Цэвээнпүрэв нь иргэн Ганзоригийн зээлэнд байр барьцаалахад байрны ордерийн лавлагаа гаргаж өгсөн нь үнэн. Би энэ зээлээс нэг төгрөг авч зарцуулаагүй тул төлөлцөх үндэслэл байхгүй гэх тайлбар гаргасан байна /хх-19/.
Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Ганзоригт холбогдох 9,900,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч С.Цэвээнпүрэвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар зохигч талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэлийн 0039 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Ч.Батсайхан нь зээлдүүлэгч, хариуцагч Л.Ганзориг нь зээлдэгчийн хувиар оролцож, 5,500,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байна /хх-6/.
Дээрх зээлийн гэрээнд хариуцагч С.Цэвээнпүрэв оролцоогүй, нэхэмжлэгчтэй хэлцэл хийх хүсэл зориг илэрхийлсэн, хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Харин зээлийн гэрээнд оролцогч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуулиар зохицуулсан хэлбэрийн шаардлагыг хангасан буюу 278 тамганы дугаартай нотариатч 2022-01-07-ны өдөр үйлдлийн үнэн зөвийг гэрчилсэн байна /хх-6/.
Харин хариуцагч Л.Ганзоригийн Иргэний хуулийн 222.6-д зааснаар хүүгээс анз тооцохгүй гэх татгалзсан тайлбарын тухайд Иргэний хуулийн 222 дугаар зүйл нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх зохицуулалт байх бөгөөд хуулийн 222.6 дахь хэсэгт заасан хүүгээс анз тооцохгүй гэх зохицуулалт нь мөн хуулийн 222.5-д заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг буюу хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх хамааралтай зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх бол энэхүү хүүгээс анз тооцдоггүй болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, хуулийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.
Тодруулбал, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгатай анз болохыг дээрх хуулиар тодорхойлсон бөгөөд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн гэдэгт үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хоёрын нийлбэр дүн болохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тусгасан байна.
Талууд зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж талууд харилцан тохиролцсон байна /хх-6/.
Түүнчлэн, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай тул тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай хийгдэнэ.
Тиймээс Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх тул хариуцагч Л.Ганзориг нь зээлийн гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Л.Ганзоригоос үндсэн зээл 5,500,000 төгрөг, зээлийн хүү 1,100,000 төгрөг, алданги 3,300,000 төгрөг, нийт 9,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Батсайханд олгож, нэхэмжлэгчийн хариуцагч С.Цэвээнпүрэвт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Батсайхан, хариуцагч Л.Ганзориг нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлийн барьцаанд хариуцагч С.Цэвээнпүрэв, Л.Ганзориг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204108183 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 13301 улаанхуарангийн гудамж 64-р байрны 30 тоотод байрлах 4,89 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Л.Ганзоригтой 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан байна /хх-7/.
Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд улсын бүртгэлд 2022-01-7-ны өдөр бүртгэгдсэн байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.
Иймд С.Цэвээнпүрэв, Л.Ганзориг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204108183 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 13301 улаанхуарангийн гудамж 64-р байрны 30 тоотод байрлах 4,89 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л.Ганзоригоос 9,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Батсайханд олгож, хариуцагч С.Цэвээнпүрэвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг С.Цэвээнпүрэв, Л.Ганзориг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204108183 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 13301 улаанхуарангийн гудамж 64-р байрны 30 тоотод байрлах 4,89 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 243,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
3. Тус нэхэмжлэлд шүүх 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж /хх-11/, хариуцагч С.Цэвээнпүрэв 2022-09-20, хариуцагч Л.Ганзориг 2022-09-22-ны өдөр шүүхэд хариу тайлбар /хх-19, 20/ гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрлийн гэрээний төсөл 2022-10-18-ны өдөр ирүүлснээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг зохигчийн эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж өөрчилсөн /хх-30-31/, энэ өдөр товлогдсон хуралд хариуцагч нараас шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлж, шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байна /хх-34, 35, 39/.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч Л.Ганзориг, С.Цэвээнпүрэв нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Ганзоригоос 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Батсайханд олгож, хариуцагч С.Цэвээнпүрэвт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг С.Цэвээнпүрэв, Л.Ганзориг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204108183 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 13301 улаанхуарангийн гудамж 64-р байрны 30 тоотод байрлах 4,89 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 243,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 243,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Батсайханд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ