Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/04874

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/04874

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- нэхэмжлэлтэй,

хариуцагч- холбогдох,

гэрээний үүрэгт 1,189,723,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбор,

Хариуцагч талын өмгөөлөгч Р.Мэндсайхан /ӨҮ-1377/, өмгөөлөгч Э.Гомбо /ӨҮ-3320/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК нь Олдконстракшн ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 1,189,723,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 210 тоотод байрлах 3144 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компаний хувьцаа эзэмшигч, захирал Б.Өнөр-Утас нь өөрийн оффист байрладаг рестораны тохижилтод хөрөнгө оруулах зорилгоор 2018 оны 03 сарын 09-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн 2018 оны 05 сарын 18-ны өдөр 150.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж хариуцагч байгууллагын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсанд байрлах 3.144 мкв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан.

Зээлдэгч нь 2018 оны 04 сарын 10-нд зээлийн хүүгээс 9.300.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.000 төгрөг, 2018 оны 05 сарын 09-ний өдөр зээлийн хүү 9.000.000 төгрөг, 2018 оны 06 сарын 11-ний өдөр хүү 9.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180.000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс хоёр зээлийн гэрээний үүрэгт шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хоёр зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй. 2018 оны 06 сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл 1.375 хоног өнгөрсөн. Энэ хугацаанд эхний зээлийн үлдэгдэл 793.140 төгрөгийн болсон.

Хоёрдугаар зээлийн хувьд 2018 оны 06 сарын 11-нд зээлийн хүү 2.700.000, нэмэгдүүлсэн хүү 90.000.000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож нийт 796.570.000 төгрөг болсон. 2018 оны 03 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 300.000.000 төгрөг, хүү 412.500.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80.640.000 төгрөг, нийт 793.140.000 төгрөг, 2018 оны 05 сарын 09-ний өдөр авсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150.000.000 төгрөг, хүү 206.250.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.320.000 төгрөг, нийт 396.570.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа.

2018 оны 03 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 300.000.000 төгрөг, хүү 412.500.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80.640.000 төгрөг, нийт 793.140.000 төгрөг,

2018 оны 05 сарын 09-ний өдөр авсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150.000.000 төгрөг, хүү 206.250.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.320.000 төгрөг, нийт 396.570.000 төгрөгийг тус тус нэхэмжилж, нийт дүнгээрээ үндсэн зээлд 450.000.000 төгрөг, хүү 618.750.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.960.000 төгрөг, нийт 1.189.710.000 төгрөг болсон.

2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эхний гэрээний хувьд хүү 10.140.000 төгрөг, хоёрдугаар зээлийн гэрээний хувьд хүү 25.350.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.070.000 төгрөгийг тус тус нэмэгдүүлснээр хоёр зээлийн гэрээний үндсэн үүрэгт 450.000.000 төгрөг, зээлийн хүү 694.800.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136.170.000, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 1.280.983.000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлдэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Талууд 2018 оны 03 сарын 09-ний өдөр ЗГ-03092018 дугаартай зээлийн гэрээний дагуу 300.000.000 төгрөг, 2018 оны 05 сарын 18-ны өдөр ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээний дагуу 150.000.000 төгрөг, зээлийн гэрээ бүрт барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор улсын бүртгэлийн Ү-2206055956 дугаартай 600.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 70 хувийн гүйцэтгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 17020 Дүнжингарав гудамж, 210 тоотод байрлах 3.144 мкв үл хөдлөх хөрөнгийг 2 барьцааны гэрээний дагуу барьцаалсан.

ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг Б.Өнөр-Утас бэлнээр өгсөн. Нэхэмжлэгч байгууллагын захирал н.Насанбуян нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн, 2 хороо, Хоршооллын 13361, Б.Доржийн гудамж, 55 байр, 21 тоотод байрлах 40 мкв талбайтай орон сууцыг 100.000.000 төгрөгт тооцож, ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал байсан н.Булганд худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Б.Өнөр-Утас захирал нь бэлнээр 150.000.000 төгрөгийн авсан гэсэн баримтад гарын үсэг зурахыг шаардаж гарын үсэг зуруулан авсан. Энэ нь Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасны үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх талаар заасан.

Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж тус тус заасан. Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулдаг бөгөөд зээлийн үйл ажиллагааны талаар тус хуулийн 4 дүгээр бүлэгт тодорхой заасан байдаг.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж, 19.5 дахь хэсэгт зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн данс нээлгүйгээр 350.000.000 төгрөгийн зээлийг бэлнээр өгч, ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээний 100.000.000 төгрөгт тооцон мөнгөн хөрөнгө бус үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. Энэ зөрчил нь зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх нөхцөл байдлыг үүсгэж байна. Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан заалтыг тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хуулийг зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд зөрчил нь хэлцлийг эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан шаардлагыг хангаагүй хэлцэл байгуулагдсан байна. Мөн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээ байгуулахад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Булган нь 2018 оны 04 сарын 10-ны өдөр томилогдож, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулна гэж заасан. ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээг хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас байгуулсан нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хэлцэл гэж үзэхээр байна. Учир нь хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас нь гүйцэтгэх захирал н.Булганд банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигч нь аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулахаар өөр хэлцэлд төлөөлөх бүрэн эрхийг олгоогүй. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал удирдан зохион байгуулна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 03 сарын 09-ний өдөр ЗГ-03092018 дугаартай зээлийн гэрээ, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 сарын 18-ны өдөр ЗГ-05182018 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор барьцаа хөрөнгийг чөлөөлөн авч, өөрийн өмчийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхээс гадна гэрээнээс үүссэн үр дагавар буюу их хэмжээний хүүгээс чөлөөлөгдөж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгнө. Мөн хариуцагч талаас худалдан борлуулсан орон сууцны үнийн дүн болох 100.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дүн өөрчлөгдсөн талаар нэмэлт тайлбар байхгүй. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу зохицуулагдах ёстой гэв.

 

Нотлох баримтын тухайд

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх4-5/, Алаг уул ган ББСБ ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-7, 126/, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-8-10/, 2018-03-09-ний өдрийн ЗГ03092018 дугаартайз ээлийн гэрээ /хх-11-13/, 2018-03-09-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны 03092018 дугаартай гэрээ /хх-14-15/, 2018-05-18-ны өдрийн зээлийн ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээ /хх-16-18/, 2018-05-18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны 05182018 дугаартай гэрээ /хх-19-20/, Хан-Уул дүүргийн 11-р хороо, зайсан Дүнжингарав гудамж 210 тоот хаягт байршилтай 3144 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Олдконстракшн ХХК бүртгэлтэй тухай гэрчилгэ /хх-22/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-48-51/, зээл хүссэн 2018-03-09-ний өдрийн өргөдөл /хх-78/, зээл олгох 2018-03-9-ний өдрийн шийдвэрийн хуудас /хх-79/ 2018-05-18-ны өдрийн шийдвэрийн хуудас /хх-80/, Олдконстракшн ХХК-н хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас-с Ц.Булганд олгосон 2018-05-18-ны өдрийн итгэмжлэл /хх-87/, Алаг уулган ББСБ-н 2018-05-21-ний өдрийн кассын зарлагын баримт /хх-88/, 2018-03-09-ний өдрийн кассын зарлагын баримт /хх-89/, Олдконстракшн ХХК-ийн санхүүгийн зээлийн зарцуулалт бүхий хүснэгт /хх-95/, Алаг уул ган ББСБ-н 2021-04-06-ны өдрийн 04 дугаартай шаардлага /хх-98/, 2021-05-14-ний өдрийн 08 дугаартай шаардлага /хх-99/, 2021-05-19-ний өдрийн 14 дугаартай шаардлага /хх-100/, 2020-03-13-ны өдрийн 10 дугаартай шаардага /хх-106-р арын нүүр/, Олдконстракшн ХХК-н захирал Ц.Булган гэж 2018-12-13, 2019-06-24, 2019-11-28, 2020-03-13-ны өдөр гаргасан хүсэлт /хх-101, 103, 105, 106/, Олдконстракшн ХХК-иас Алаг уул ББСБ-д гэж хаягласан 2019-03-26-ны өдрийн 19/36 дугаартай албан бичиг /хх-102/, 2019-06-24-ний өдрийн 19/65 дугаартай албан бичиг /хх-104/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-127-129/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

/хавтаст хэргийн хх-23, 81-86, 90-94, 96-97, 133, 138-142/ -р талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

Хариуцагч Олдконстракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-27, 120, 143/, хариуцагчийн тайлбар /хх-44-45/, хариуцагчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы гаргасан гомдол /хх-75-76/, Б.Насанбуян, Ц.Булган нарын 2018-06-26-ны өдөр байгуулсан үл хөдөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-132, 180/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-146/, Ц.Булганы 2022-09-28-ны өдөр гарын үсгийн үнэн зөв гэрчилсэн тайлбар /хх-177-178/, Б.Өнөр-Утас-н 2022-09-28-ны өдөр гарын үсгийн үнэн зөв гэрчилсэн тайлбар /хх-179/, Ц.Булган, Х.Лхагвасүрэн нарын 2018-06-28-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-181/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Алаг Уул ган ББСБ ХХК нь хариуцагч Олдконстракшн ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 1.280.983.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдөр болох 2022 оны 03-р сарын 14-ний өдрөөс 2022 оны 06-р сарын 15-ны хүртэл 93 хоногийн ЗГ03092018 тоот зээлийн гэрээний хүүг 27,900,000 төгрөгөөр /хх-50/, 2022 оны 06-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 08-р сарын 30-ны хүртэл 76 хоногийн хүү 22,800,000 төгрөгөөр /хх-128/, нэмэгдүүлсэн хүүг 2022 оны 03-р сарын 14-ний өдрөөс 2022 оны 06-р сарын 15-ны хүртэл 93 хоногоор 5,580,000 төгрөгөөр /хх-50/, 2022 оны 06-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 08-р сарын 30-ны хүртэл 76 хоногоор 4,560,000 төгрөгөөр /хх-128/ тус тус нэмэгдүүлсэн.

 

Мөн ЗГ05182018 тоот зээлийн гэрээний хүүг 2022 оны 03-р сарын 14-ний өдрөөс 2022 оны 06-р сарын 15-ны хүртэл 93 хоногийн 13,950,000 төгрөгөөр /хх-50/, 2022 оны 06-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 08-р сарын 30-ны хүртэл 76 хоногийн хүү 11,400,000 төгрөгөөр /хх-128/, нэмэгдүүлсэн хүүг 2022 оны 03-р сарын 14-ний өдрөөс 2022 оны 06-р сарын 15-ны хүртэл 93 хоногоор 2,790,000 төгрөгөөр /хх-50/, 2022 оны 06-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 08-р сарын 30-ны хүртэл 76 хоногоор 2,280,000 төгрөгөөр /хх-128/ тус тус нэмэгдүүлсэн.

 

Хариуцагч тал ЗГ03092018 дугаартай зээлийн 300,000,000 төгрөгийг авсанд маргахгүй, харин ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 100,000,000 төгрөгт нь Алаг уул ган ББСБ ХХК-н захирал Б.Насанбуян өөрийн өмчлөлийн *******, 2-р хороо, хоршооллын Б.Доржийн гудамж 55-р байрны 21 тоотод байрлах орон сууцыг өгсөн тул уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 451-р зүйлд зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ зээлийн данс нээж дансаар шилжүүлээгүй, бэлнээр 150,000,000 төгрөг өгсөн гэх баримтад захирал Өнөр-Утасаар гарын үсэг зуруулсан. Олдконстракшн ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Ц.Булган томилогдсон байхад, компаний хувьцаа эзэмшигчтэй зээлийн гэрээ байгуулсан байх тул зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,189,710,000 төгрөгийн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 91,273,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-6-10/.

 

1. Алаг уул ган ББСБ ХХК нь Олдконстракшн ХХК-тай ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 300,000,000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй байх /хх-11-12/,

ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, 150,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06 хүртэлх хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй байх /хх-16-17/ зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.

 

Зээлийн барьцаанд Олд констракшн ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 210 тоот хаягт байршилтай, 3144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 03092018 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЗГ05182018 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-14-15, 19-20/.

 

Хариуцагч талаас дээрх хэлцлийг зээлийн данс нээж дансаар зээлийн мөнгөн хөрөнгийг олгоогүй, компаний хувьцаа эзэмшигчид зээл олгосон, зээлийн мөнгөн хөрөнгөний оронд орон сууц шилжүүлсэн тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

 

Талуудын хооронд байгуулсан тус хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Харин, хариуцагч тус хэлцэл хууль зөрчсөн буюу зээлдэгчид зээлийн данс нээж зээлийг олгоно гэсэн хуулийн заалтыг зөрчиж бэлнээр зээлийн мөнгөн хөрөнгийг өгч, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн буюу Олдконстракшн ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Булганы зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж маргаж байх тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж зохицуулсан бөгөөд хариуцагч тал энэ үндэслэлээр маргаж байна. Хэлцэл хууль зөрчсөн байх нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн байхыг эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд энэ нь тухайн хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Тиймээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /2002 оны/ хуулийн 21 дгүээр зүйлийн 21.2-т зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэсэн зохицуулалтын дагуу зээлийг олгоогүй нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч хэрхэн авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн илэрхийлэл тусгагдаагүй буюу энэ талаар гэрээний талууд харилцан тохиролцоо хийгдээгүй байна.

 

Харин хэлцэл субъектийн шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, 56.1.6-д сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл, 56.1.7-д эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл, 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд нотолгооны хэрэгсэлийн хувьд тус үндэслэл нь зохигчийн тайлбараар бус бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн маргаж буй үндэслэл буюу дан ганц хэлцлийн нэг талын тайлбараар аливаа хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь татгалзалын үндэслэлээ бичгийн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул тус хэлцлийг субъектийн шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2018 оны 03 дугаар сарын 9, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдийн зээлийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд хариуцагч компаний захиралаар Ц.Булган томилогдсон байсан гэх хариуцагч талын тайлбар, татгалзал баримтаар нотлогдохгүй байх бөгөөд дээрх зээлийн гэрээнд Олд констракшн ХХК гэсэн тамга дарж, хувьцаа эзэмшигч Б.Өнөр-Утас гэж гарын үсэг зурсан байна /хх-12, 17/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000167489 дугаартай гэрчилгээг 2018-07-19-ний өдөр дахин олгосон байх бөгөөд нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хэсэгт Ц.Булганыг захиралаар томилсон бүртгэл 2018-04-10-ны өдөр хийгдсэн байна /хх-27/.

 

Харин нэхэмжлэгч талаас Олдконстракшн ХХК-г ганц хувьцаа эзэмшигчтэй гэж ойлгосон гэж тайлбарлан нотлох баримтаар гаргасан Олд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нотлох баримтын хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй байна /хх-23, 81/.

 

Хариуцагч талын нотлох баримтаар гаргасан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд оролцогч худалдагч Б.Насанбуян нь нэхэмжлэгч компаний гүйцэтгэх захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар /хх-6/, худалдан авагч Ц.Булган нь хариуцагч компаний захиралаар 2018-04-10-ны өдрөөс 2019-01-21-ний өдрийг хүртэл ажилласан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар /хх-27/, хариуцагч компаний хувьцаа эзэмшигч буюу зээлийн гэрээнд компанийг төлөөлөн зээлдэгчээр оролцсон Б.Өнөр-Утас-н эхнэр нь болох зээл хүсэгчийн зээлдэгчийн анкет /хх-78/ зэрэг баримтаар тогтоогдож, талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч тал 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнд хамааралгүй гэж татгалзсан тайлбар гаргасан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Хоршооллын /13361/ б.доржийн гудамжны 55 дугаар байрны 21 тоот хаягт байрлах, 40,05 м.кв талбайтай, 1 өрөө, 1 хүний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан талаар дурджээ /хх-180/.

 

Харин дээрх гэрээний худалдан авагч Ц.Булган нь Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Хоршооллын /13361/ б.доржийн гудамжны 55 дугаар байрны 21 тоот хаягт байрлах, 40,05 м.кв талбайтай, 1 өрөө, 1 хүний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Х.Лхагвасүрэнд 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан талаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд дурджээ /хх-181/.

 

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс дээрх орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч бусдад худалдснаар нэхэмжлэгчээс нийт 450,000,000 төгрөгийн зээл авсанд маргахгүй гэж тайлбарлаж, дээрх худалдах худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргасныг нэхэмжлэгч талаас үгүйсгэж, няцаасан тайлбар, баримтыг гаргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зохицуулсан.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээ тус бүрийн ерөнхий нөхцөлд зээлийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 546 хоног, зээлийн хэмжээ 300,000,000 төгрөг, зээлийн хүү 30 хоногт 3 хувь, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 534 хоног, зээлийн хэмжээ 150,000,000 төгрөг, зээлийн хүү 30 хоногт 3 хувь, зээлийг хугацаанаас нь өмнө 15 хоногийн дотор төлж дуусгах тохиолдолд 15 хоногийн хүүтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх, зээлийн үйлчилгээний шимтгэл 0,3 хувь, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нэмж төлөхөөр тус тус талууд тохиролцжээ /хх-11, 16/.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан.

 

Иймд тухайн хэлцлийн агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс Иргэний хуульд заасан ямар гэрээний үүргийг үүсгэхээр илэрхийлснийг шүүх тодорхойлж, тус гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй эсэхэд хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус зохицуулсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 сарын 06-ны өдөр дууссан, хариуцагчаас 2018 оны 04-р сарын 10-нд 9,300,000 төгрөгийг зээлийн хүүд, 60,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт, 2018 оны 05-р сарын 09-нд 9,000,000 төгрөгийг зээлийн хүүд, 2018 оны 06-р сарын 11-нд 9,000,000 төгрөгийг зээлийн хүүд, 180,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн болохыг,

ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11-р сарын 06-ны өдөр дууссан, хариуцагчаас 2018 оны 06-р сарын 11-нд 2,700,000 төгрөгийг зээлийн хүүд, 90,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд төлсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласанд хариуцагч тал маргаагүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-иас зээлдэгч Олд констракшн ХХК-нд 2019-06-24-нд 4/31, 2020-03-13-нд 10, 2021-04-06-нд 04, 2021-05-14-нд 08, 2021-05-19-нд 14 дугаартай шаардлагыг тус тус /хх-103-н арын нүүр, 106-н арын нүүр, 98-100/ хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Олд констракшн ХХК-иас захирал Ц.Булган, гүйцэтгэх захирал Ж.Баярсайхан гээд 2018-12-13, 2019-03-26, 2019-06-24, 2019-11-28, 2020-03-13-ны өдрүүдэд нэхэмжлэгчид зээл төлөх талаар хүсэлт илгээсэн /хх-101-106/ байна.

 

Зохигчид дээрх зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ЗГ03092018, ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 100,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч компаний захирал Б.Насанбуян орон сууц шилжүүлэн өгсөн тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.

 

Хэдийгээр хариуцагч Олдконстракшн ХХК нь 100,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй орон сууц шилжүүлэн авч бусдад худалдсан мөнгийг өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан талаараа буюу зээлдүүлэгчээс нийт 450,000,000 төгрөгийн зээл авсан талаар тайлбарлаж, нэхэмжлэгч талаас 2018-03-09, 2018-05-21-ний өдрийн огноотой кассын зарлагын баримтыг нотлох баримтаар гаргасан /хх-88, 89/.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ЗГ03092018 дугаартай гэрээний үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 463.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,780,000 төгрөгийг, ЗГ05182018 дугаартай гэрээний үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 231,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,390,000 төгрөг, нийт 1,280,970,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч тал 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн зээлийн хүүгийн төлбөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шаардага гаргах эрхээ хэрэгжүүлээгүйс хариуцагч их хэмжээний хүүгийн өрөнд орсон гэж татгалзсан тайлбар гаргаж маргаж байна.

 

Олдконстракшн ХХК нь эхний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй, хоёр дахь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар хариуцагч зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах учиртай бөгөөд талуудын хооронд байгуулсан ЗГ03092018 дугаартай гэрээний 3.3.1-д зээлдэгч ...бусад аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална гэжээ.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь 2018-03-09-ний өдөр гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2018-05-18-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад зээлдүүлэгч нь 2018-06-11-ний өдрөөс хойш 2022-03-14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь 2018 оны 6 дугаар сараас хойш төлөгдөөгүй байсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан зохицуулалтаар хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 6 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэж, хариуцагч Олдконстракшн ХХК-иас ЗГ03092018 дугаартай гэрээний үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүүд 412,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,640,000 төгрөг, ЗГ05182018 дугаартай гэрээний үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 206,250,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,320,000 төгрөг, нийт 1,189,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 91,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн хөрөнгийг хариуцагч төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд ЗГ03092018, ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлийн барьцаанд Олдконстракшн ХХК-н өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, 210 тоот хаягт байршилтай, 000648943 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206055956 улсын бүртгэлийн дугаартай, 3144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ03092018 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ05182018 дугаартай барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргахгүй /хх-14-15, 19-20/, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Олдконстракшн ХХК бүртгэгдсэн байна /хх-22/.

 

Барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.

 

Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, 210 тоот хаягт байршилтай, 000648943 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206055956 улсын бүртгэлийн дугаартай, 3144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 13,000 төгрөг, нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хуулийн зохицуулалттай бөгөөд 62.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан байх шаардлагатай тул хуульд зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж зохицуулснаар нэхэмжлэгч шүүхэд бичмэл нотлох баримт гаргахдаа хуулиар тогтоосон нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан байдлаар гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс 13,000 төгрөгийн зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хуулиар хүлээсэн үүрэг нь гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд хамаарахгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гарсан зардал 13,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас ЗГ03092018, ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,189,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 91,273,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Олдконстракшн ХХК-н өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, 210 тоот хаягт байршилтай, 000648943 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206055956 улсын бүртгэлийн дугаартай, 3144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тус тус шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-03-14-нд төлсөн 6,176,770 /70,200+6,106,570/ төгрөг /хх-4-5/, 2022-06-13-нд төлсөн 409,050 төгрөг /хх-51/, 2022-08-29-нд төлсөн 363,150 төгрөг /хх-129/, нийт 6,948,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжид 6,176,700 /70,200+6,106,500/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Олдконстракшн ХХК-иас 1,189,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 91,273,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Олдконстракшн ХХК-н өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, 210 тоот хаягт байршилтай, 000648943 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206055956 улсын бүртгэлийн дугаартай, 3144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,948,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Олдконстракшн ХХК-иас 6,176,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ