Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1055

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    Б.И-ы нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2019/00792 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Б.И-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Х-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47 962 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.И- нь хариуцагч Б.Х-тай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцсоны дагуу Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 67Б байр, 00 тоот хаягт байршилтай, 44.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны эд хөрөнгийг 83 000 000 төгрөгөөр худалдахаар “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь тус орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөрт Хаан банк дахь нэхэмжлэгчийн 5630125959 тоот дансаар 41 500 000 төгрөгийг төлсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь үлдэгдэл төлбөр 41 500 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 500 000 төгрөгөөр төлөх, нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр 41 500 000 төгрөгийг бүрэн хүлээж аваад орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр тус тус тохиролцжээ. Гэвч хариуцагч Б.Х- нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлөх 14 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөлгүй, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг төлж, эхний төлбөрөөс 9 000 000 төгрөгийг дутуу төлсөн тул нэхэмжлэгч хариуцагчаас 36 350 000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрөөс огт төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлд 31 350 000 төгрөг, алдангид 16 612 500 төгрөг, нийт 47 962 500 төгрөгийг хариуцагч Б.Х-аас гаргуулж өгнө үү. Надад олгосон итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон боловч би хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Х- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Б.И-ы гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг нь эс зөвшөөрч байна. Би Б.И-тай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үл эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасан үүргээс 10 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 31 500 000 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаандаа төлж чадаагүй. Би БНХАУ-д суралцдаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр сургууль руугаа дадлага хийхээр яваад 7 дугаар сард уулын дугуй унаж байхдаа зүүн хөлийнхөө шагайны доод хэсгийн судсыг тасалж гэмтэл авч удаан хугацаагаар эмчилгээ хийлгэн, эмчилгээний зардал их хэмжээний мөнгө төлсөн учир гэрээнд заасан хугацаандаа тохирсон төлбөрийг төлж чадахгүй болсон. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн. Үүний дараа 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 3 500 000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрт төлсөн 5 000 000 төгрөгийг хасахаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 31 500 000 төгрөг болж байгаа бөгөөд би нэхэмжлэгч Б.И-д гэрээний үлдэгдэл төлбөр болох 31 500 000 төгрөгийг сар бүр хуваан төлсөөр 2019 оны 12 дугаар сар гэхэд бүрэн төлж дуусгах, харин алдангийн төлбөрийг төлөхгүй байх зэргээр нэхэмжлэгчтэй тохиролцох саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Х-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31 350 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 41 350 000 гаргуулан нэхэмжлэгч Б.И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 612 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх шийдвэрийн үндэслэлдээ "Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 31 350 000 төгрөг гаргуулах нь зүйтэй бөгөөд харин хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт хэсгийг баримтлан хариуцагчаас 10 000 000 төгрөгийн алданги гаргуулж, үлдэх 6 612 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэжээ.

Хэдийгээр хуулийн дээрх зохицуулалтад анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан боловч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэхдээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хөндсөн. Учир нь, хариуцагч Б.Х- нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 8 сараар хэтрүүлсэн, төлбөрийг бүрэн төлөөгүй зэргээс шалтгаалж нэхэмжлэгч Б.И- нь өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орон сууц худалдан авч чадалгүй, түрээсийн байраар амьдарч байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт нь хариуцагч анзын талаар маргасан, шүүхэд хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэгддэг.

Гэвч хариуцагч анзын хэмжээ их байгаа тухай маргаагүй, мөн шүүхэд анзын хэмжээг багасгах тухай хүсэлт огт гаргаагүй бөгөөд харин үндсэн төлбөрийг төлж, анз огт төлөхгүй эвлэрэх саналтай байгаа тухайгаа илэрхийлсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Гэтэл шүүх хэргийн байдлыг харгалзан үзэхдээ ямар баримт, шалтгааны улмаас анзын хэмжээг багасгаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн нь тодорхойгүй. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2019/00792 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 612 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгахан давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч Б.Х- нь БНХАУ-д суралцдаг байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дадлага хийхээр тус улсыг зорьсон.Тус улсад байх хугацаандаа буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр уулын замаар дугуй унаад явж байхдаа унаж, зүүн хөлийнхөө шагайны доод хэсгийн судсыг тасалж, хүнд гэмтэл авсан.

Үүний улмаас удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэж /одоо ч бүрэн эдгэрээгүй/ эмчилгээндээ олон сая төгрөг зарцуулсан бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч Б.И-тай байгуулсан гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж чадаагүй болно. Иймд дээрх гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаанаар биелүүлээгүй хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн алдангийн 10 000 000 төгрөгийг өгнө үү.

Мөн хариуцагч Б.Х- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2 500 000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 1 500 000 төгрөгийг нийт 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрөөс 4 000 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.И- хариуцагч Б.Х-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 31 350 000 төгрөг, алдангид 16 612 500 төгрөг, нийт 47 962 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч үндсэн төлбөр болох 31 350 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч алдангийг төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан байна.

 

            Зохигчид 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 67Б байр, 00 тоот хаягт байршилтай, 44.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.И- хариуцагч Б.Х-д 83 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөрт 41 500 000 төгрөгийг төлсөн байна. Талууд орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 500 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэлт зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Анхан шатны шүүх хариуцагчаас орон сууцны үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

 

            Мөн гэрээний 3.6-д алданги төлөхөөр тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар заасныг зөрчөөгүй болно.

 

            Шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг багасгаж 10 000 000 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм.  

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан талуудын тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр 31 350 000 төгрөг, алдангид 16 612 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэр гарсны дараа төлсөн 4 000 000 төгрөгийг хасуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх алдангийг багасгаж шийдвэрлэснийг хүчингүй болгуулахаар тус тус давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгасныг буруутгах үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагчийн төлсөн 4 000 000 төгрөгийг түүний төлөх мөнгөн дүнгээс хасч тооцох боломжтой тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2019/00792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 750 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 174 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО