Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 107

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Сүхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Энхбаатарын Бавуудорж, Боржигон овогт Отгонбаярын Амар, Лодой овогт Эрдэнэбатын Болдбаатар   нарт холбогдох 201715000081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Уянга сум 7 дугаар баг “Өлт” гэх газар оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд:  -2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, -2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, -2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 07 дугаартай захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай" хуульд хамрагдаж суллагдсан, -2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овгийн Энхбаатарын Бавуудорж /регистерийн дугаар ЙО82011239/  гэв.  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд: -2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, -2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж  байсан, Боржигон овгийн Отгонбаярын Амар /регистерийн дугаар ЙО89102718/ гэв.  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 ээж, аав, ах дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн 
Уянга сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  Лодой овгийн Эрдэнэбатын Болдбаатар /регистерийн дугаар ЙО90112419/ гэв.  
Шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар нар нь согтуурсан үедээ, ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр Э.Болдбаатартай бүлэглэж, машин механизм ашиглаж, /Э.Болдбаатарын эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн, М.Санчирхүүгийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй Хэнсим маркийн мотоциклиуд/ 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг "Баруун түрүү" гэх газарт бэлчээрээс иргэн Н.Цээлхаагийн эзэмшлийн 1 тооны монголын үхрийг шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан Шүүгдэгч Э.Болдбаатар нь согтуурсан үедээ Э.Бавуудорж, О.Амар нартай бүлэглэж, машин механизм ашиглаж, /Э.Болдбаатарын эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн, М.Санчирхүүгийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй Хэнсим маркийн мотоциклиуд/ 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг "Баруун түрүү" гэх газарт бэлчээрээс иргэн Н.Цээлхаагийн эзэмшлийн 1 тооны монголын үхрийг шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.              Шүүгдэгч Э.Бавуудорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Э.Болдбаатар, О.Амар бид 3 алт угаах гэж яваад замын хажууд нэг шил архи хувааж уусан. Тэгээд нэг үхэр барьсан юм. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.   
Шүүгдэгч О.Амар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Бавуудорж, Э.Болдбаатар бид 3 шороо угаах гэж яваад замын хажууд архи хувааж уусан. Тэгээд хажууд үхэр байсан. Түүнийг хулгайлж Санчирын гэрт нь авчирч  янзалсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  
Шүүгдэгч Э.Болдбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Бавуудорж, О.Амар бид 3 шороо угаах гэж яваад замын хажууд архи хувааж уусан. Тэгээд үхэр хулгайлж Санчирын гэрт нь авчирч  янзалсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. Хохирогч Н.Цээлхаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс зүүн урагшаа 1 км зайтай "Баруун түрүү” гэх газарт намаржиж байсан. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өглөө үхрээ Уянга сумын төвөөс урд зүг рүү бэлчээрт гаргасан. Манай үхэр бэлчээрт гарчихаад өөрсдөө эргээд ирдэг, тухайн үед хариулагагүй байсан. Маргааш өдөр нь буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө үхэр бэлчээрээсээ ирэхэд манай 5 тооны монгол үхрээс улаан халзан зүсмийн имгүй, эвэртэй нас гүйцсэн сувай үнээ алга болсон байсан. Тэр өдөртөө алга болсон үнээгээ хайгаад олоогүй. Тэгээд сумын цагдаа нартаа мэдэгдсэн. Алдагдсан үнээ цагаан дэлтэй, эвэртэй, улаан халзан зүсмийн имгүй, нас гүйцсэн сувай 4 настай үнээ байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/  
Гэрч О.Шийлэгбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 10, 11-ний үеэр байсан одоо он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах "Их булаг" нэртэй түүхий эдийн төв дээр самар аваад байж байхад мотоцикльтой 2 залуу ирсэн. ...Тэгээд "үхрийн мах зармаар байна та мах авах уу" гэхээр 
нь "авна энд аваад ир" гэхэд тэр 2 залуу "машин байдаггүй та гэрт очоод авчихаач" гээд байхаар нь би за гээд тэр 2 залууг дагаад явсан. ...Тэгээд тэр 2 залууг дагаж яваад өндөрлөгийн наад руу 2 дугаар багт байдаг нэг айлд очсон. Тэр айлын хашаа нь хойшоо харсан хаалгатай хашаан дотроо 1 гэр, 1 байшин байсан. ...би машинаа хашаанд нь оруулаад хойд талд байх байшинд нь ороход тарган цэвэрхэн хийсэн мах байхаар нь хиллэж үзэхэд 168 кг болоод 1 кг 2.500 төгрөгөөр бодоод нийт 420.000 төгрөг болсон, мөнгөө тоолж нэг залууд нь өгсөн. ...Миний авсан мах монголын мах байсан. Сарлагын мах бол биш байсан. ...Би хулгайн мах гэдгийг мэдээгүй, их цэвэрхэн гаргаж янзалсан мах байхаар нь хулгайн юм өгч байна гэж бодоогүй. Гарал үүслийн гэрчилгээг бол асуугаагүй. Намхан шар залуугаас нь би хулгайн юм биш биз гэж асуухад тийм юм байхгүй гэж байсан. Тэр залууг өмнө зүс харж байсан залуу байсан. Дараа нь бодоход Бавуудорж гэж залуу байсан байна лээ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37 дугаар хуудас/,  
Гэрч Ц.Батбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай гэр Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс урагшаа 1 км зайтай "Баруун түрүү" гэх газарт намаржиж байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй, ажлаар гадагшаа явчихсан байсан. Тэгээд 2 хоноод ирэхэд эхнэр манай 5 тооны монгол үхрээс улаан халзан зүсмийн, имгүй, нас гүйцсэн, сувай 4 настай үнээ байсан. Н.Цээлхаа нь манай эхнэр байгаа юм. ...алдагдсан үнээ нь манай гэр бүлийн дундын эзэмшлийн хөрөнгө байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38 дугаар хуудас/,  
Гэрч С.Лхагвадолгорын мөрдөн байцаалтанд өгсөн: “...М.Санчирхүүгийн эзэмшилд нэг Хятад мотоцикль байдаг цэнхэр өнгөтэй. Энэ мотоциълийг Ягаан тогойд байдаг найзаасаа 50000 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39 дугаар  хуудас/,  
Гэрч С.Лхагвацэрэн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э.Болдбаатарын өөрийн эзэмшилд нэг улаан өнгөтэй Хятад мотоцикль байдаг. Би энэ мотоциклийг 2016 оны намар малчин Жамъяандагва гэж хүнээс авч байсан. Намайг авахад улсын дугааргүй хуучин мотоцикль байсан. Би тухайн үед Э.Болдбаатарт 300000 төгрөгөөр бодож зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,  
Гэрч Ж.Отгонбаяр мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хүү О.Амар 1989 оны 10 дугаар сарын 27-нд Уянга суманд төрсөн. Багаасаа мал дээр гараад сургууль соёлд сураагүй боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй хүүхэд байгаа юм. Өмнө нь унаж татдаг өвчтэй байж байгаад одоо эмчилгээ хийлгээд гайгүй болж байгаа. Зан аашийн хувьд их дагүй ааш зантай хөгшин хүмүүст тустай хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ххийн 41 дүгээр хуудас/,  
Гэрч Ж.Очир мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дүү О.Амар 1989 оны 10 дугаар сарын 27-нд Уянга суманд төрсөн. Багаасаа мал дээр гараад сургууль соёлд сураагүй боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй хүүхэд байгаа юм. ...Зан аашийн хувьд их дажгүй ааш зантай хөгшин хүмүүст тустай хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар  хуудас/,  
Гэрч Б.Наранчимэг мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би нөхөртэйгээ 2015 оноос хойш хамт амьдарч байгаа. Э.Бавуудорж нь багаасаа хөдөө мал дээр гарсан болохоор сургуульд сурч боловсрол эзэмшээгүй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй хааяа алтны шороо ухаж амьдарч байгаа. Хааяа найз нөхдийн хүрээнд архи уудаг, архи уучихаад элдэв зан гаргаад байдагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46 дугаар хуудас/,  
Гэрч Р.Намжилцэрэн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э.Бавуудорж нь багаасаа хөдөө мал дээр гарчихсан болохоор сургуульд сурч боловсрол эзэмшээгүй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй хааяа алтны шороо ухаж амьдарч байгаа. Айлын том хүүхэд эхээс тавуулаа, доороо 3 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдагүй. Над дээр ирэхдээ согтуу орж ирж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,  
Шүүгдэгч Э.Бавуудоржийн мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-103,  108 дугаар хуудас/, Шүүгдэгч О.Амарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95, 110 дугаар хуудас/, Шүүгдэгч Э.Болдбаатарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-99, 114-115 дугаар хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,  Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/21 дугаартай " эм, 4 настай шүдлэн имгүй, үүлдэр  симентал омгийн 1 толгой үхрийн үнэлгээг 1.200.000 төгрөгөөр тогтоов" гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 04/25 дугаартай Эрдэнэбат овогтой Болдбаатарын эзэмшлийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийн өнөөгийн үнэ цэнэ 50.000  төгрөг" гэсэн дүгнэлт /хх-ийн 56-63 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-17, 20-21, 24-25 дугаар хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19, 22-23 дугаар хуудас/ Хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 194, 243 дугаар хуудас/ Шүүгдэгч Э.Бавуудоржийн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 126 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 116 дугаар хуудас/,  Шүүгдэгч О.Амарын хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 128 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 118 дугаар хуудас/,  Шүүгдэгч Э.Болдбаатарын хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 120 дугаар хуудас/,  Хохирогч Н.Цээлхаагийн шүүхэд ирүүлсэн “...хохиролд шүүгдэгч О.Амараас 350.000 төгрөг, Э.Бавуудоржоос 350.000 төгрөг, Э.Болдбаатараас 350.000 төгрөгийн хохирол тус тус авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тул намайг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг болно.  
Шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нар нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг "Баруун түрүү" гэх газарт бэлчээрээс иргэн Н.Цээлхаагийн эзэмшлийн 1 тооны монголын үхрийг хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэмт  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөрийн өмчлөлийн  малыг буюу үхрээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Н.Цээлхаагийн "...Манайх Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс зүүн урагшаа 1 км зайтай "Баруун түрүү” гэх газарт намаржиж байсан. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өглөө үхрээ Уянга сумын төвөөс урд зүг рүү бэлчээрт гаргасан. Манай үхэр бэлчээрт гарчихаад өөрсдөө эргээд ирдэг, тухайн үед хариулагагүй байсан. Маргааш өдөр нь буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө үхэр бэлчээрээсээ ирэхэд манай 5 тооны монгол үхрээс улаан халзан зүсмийн имгүй, эвэртэй нас гүйцсэн сувай үнээ алга болсон байсан. Тэр өдөртөө алга болсон үнээгээ хайгаад олоогүй. Тэгээд сумын цагдаа нартаа мэдэгдсэн. Алдагдсан үнээ цагаан дэлтэй, эвэртэй, улаан халзан зүсмийн имгүй, нас гүйцсэн сувай 4 настай үнээ байсан. ...Би гомдолтой." гэсэн мэдүүлэг, /хх-н 28/, гэрч Ц.Батбадрахын “...Манай гэр Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс урагшаа 1 км зайтай "Баруун түрүү" гэх газарт намаржиж байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй, ажлаар гадагшаа явчихсан байсан. 
Тэгээд 2 хоноод ирэхэд эхнэр манай 5 тооны монгол үхрээс улаан халзан зүсмийн, имгүй, нас гүйцсэн, сувай 4 настай үнээ байсан. Н.Цээлхаа нь манай эхнэр байгаа юм. ...алдагдсан үнээ нь манай гэр бүлийн дундын эзэмшлийн хөрөнгө байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/, тухайн алдагдсан үхрийн махыг худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч О.Шийлэгбатын "...2016 оны 10 дугаар сарын 10, 11-ний үеэр байсан одоо он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах "Их булаг" нэртэй түүхий эдийн төв дээр самар аваад байж байхад мотоциклтой 2 залуу ирсэн. ...Тэгээд "үхрийн мах зармаар байна та мах авах уу" гэхээр нь "авна энд аваад ир" гэхэд тэр 2 залуу "машин байдаггүй та гэрт очоод авчихаач" гээд байхаар нь би за гээд тэр 2 залууг дагаад явсан. ...Тэгээд тэр 2 залууг дагаж яваад өндөрлөгийн наад руу 2 дугаар багт байдаг нэг айлд очсон. Тэр айлын хашаа нь хойшоо харсан хаалгатай хашаан дотроо 1 гэр, 1 байшин байсан. ...би машинаа хашаанд нь оруулаад хойд талд байх байшинд нь ороход тарган цэвэрхэн хийсэн мах байхаар нь хиллэж үзэхэд 168 кг болоод 1 кг 2.500 төгрөгөөр бодоод нийт 420.000 төгрөг болсон, мөнгөө тоолж нэг залууд нь өгсөн. ...Миний авсан мах монголын мах байсан. Сарлагын мах бол биш байсан. ...Би хулгайн мах гэдгийг мэдээгүй, их цэвэрхэн гаргаж янзалсан мах байхаар нь хулгайн юм өгч байна гэж бодоогүй. Гарал үүслийн гэрчилгээг бол асуугаагүй. Намхан шар залуугаас нь би хулгайн юм биш биз гэж асуухад тийм юм байхгүй гэж байсан. Тэр залууг өмнө зүс харж байсан залуу байсан. Дараа нь бодоход Бавуудорж гэж залуу байсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/, шүүгдэгч Шүүгдэгч Э.Бавуудоржийг сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 101-103, 108/, шүүгдэгч О.Амарын сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 94-95, 110/, шүүгдэгч Э.Болдбаатарыг  сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 97-99, 114-115/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
Шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нарт холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  
 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нарт  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.    Шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нар нь бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.  
Шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бусдын  малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  
Хохирогч Н.Цээлхаа нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.  
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас 
гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн  байдал зэргийг  тус тус харгалзан үзэж шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар нарт хуульд заасан хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     Шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Бавуудорж нь 350.000 төгрөг, шүүгдэгч О.Амар нь 350.000 төгрөг, шүүгдэгч Э.Болдбаатар нь 350.000 төгрөг  тус тус хохирогч Н.Цээлхаад төлсөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт,  бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт шүүгдэгч Э.Бавуудоржийн эзэмшлийн AH2340997 дугаартай 20.000 төгрөгийг битүүмжилсэн, шүүгдэгч О.Амарын эзэмшлийн AD0354692 дугаартай 20.000 төгрөг битүүмжилсэн, шүүгдэгч Э.Болдбаатарын  эзэмшлийн АА1163282 дугаартай 20.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолууд мөн шүүгдэгч Э.Болдбаатарын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоцикль, М.Санчирхүүгийн эзэмшлийн “Хэнсим” маркийн мотоцикль  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  
Шүүгдэгч Э.Болдбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон                                                  

            ТОГТООХ нь:  
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өвөрхангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.   
2. Шүүгдэгч Боржигин овогт Энхбаатарын Бавуудорж, Боржигон овогт Отгонбаярын Амар, Лодой овогт Эрдэнэбатын Болдбаатар нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Энхбаатарын Бавуудорж, Боржигон овогт Отгонбаярын Амар нарыг  6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.  
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лодой овогт Эрдэнэбатын Болдбаатарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацааагаар  тэнссүгэй.  
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Лодой овогт Эрдэнэбатын Болдбаатарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.   7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Болдбаатарыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.   8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Болдбаатарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.    9. Шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар, Э.Болдбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Бавуудорж нь 350.000 төгрөг, шүүгдэгч О.Амар нь 350.000 төгрөг, шүүгдэгч Э.Болдбаатар нь 350.000 төгрөг  тус тус хохирогч Н.Цээлхаад төлсөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт,  бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт шүүгдэгч Э.Бавуудоржийн эзэмшлийн AH2340997 дугаартай 20.000 төгрөгийг битүүмжилсэн, шүүгдэгч О.Амарын эзэмшлийн AD0354692 дугаартай 20.000 төгрөг битүүмжилсэн, шүүгдэгч Э.Болдбаатарын  эзэмшлийн АА1163282 дугаартай 20.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолууд мөн шүүгдэгч Э.Болдбаатарын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоцикль, М.Санчирхүүгийн эзэмшлийн “Хэнсим” маркийн мотоцикль  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Болдбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 
 12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бавуудорж, О.Амар нарт авсан цагдан хорих, Э.Болдбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      
                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.МАНДАХБАЯР