| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/01404/И |
| Дугаар | 101/ШШ2022/03780 |
| Огноо | 2022-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2022/03780
2022 09 16 101/ШШ2022/03780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- нэхэмжлэлтэй,хариуцагч- / нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 141,803,843 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,
хариуцагч Г.Лувсанбат,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Арвайн үр хадгаламж зээлийн хоршоо нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт 139.000.000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч зээлдэгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн, талууд харилцан тохиролцож 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үндсэн гэрээг 12 сарын хугацаатайгаар сунгаж, нэмэлтээр гэрээ байгуулсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Г.Лувсанбатын өмчлөлийн Ү-220027042 дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны гудамж, 17/21 байрны 3 дугаар давхарт байршилтай 545.73 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацааг удаа дараа хэтрүүлж эргэн төлөлт хийхгүй байгаа тул Иргэний хуулийн 453.1, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 99,000,000 төгрөг, зээлийн хүүд 35,669,869 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,7133,974 төгрөг, нийт 141.803.843 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол барьцаалсан үл хөдлөх хөрөнгө буюу хариуцагч Г.Лувсанбатын өмчлөлийн Ү-220027042 дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны гудамж, 17/21 байрны 3 дугаар давхарт байршилтай 545.73 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүрийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Лувсанбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Пүрэвжамц 99.000.000 төгрөгийн зээл гэж хэлж байсан. Нэхэмжилж байгаа мөнгийг ямар тооцооллоор гаргасан талаар О.Пүрэвжамцтай уулзаж ярилцмаар байна. Одоогоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би зээлийн гэрээний мөнгийг авч ашиглаагүй. О.Пүрэвжамц авч хэрэглэсэн. Хэдэн төгрөгийн төлбөр төлсөн талаар мэдэхгүй байна. Би өмгөөлөгчтэйгээ ярилцад ийм шийдвэр гаргаад явж байна. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсанд маргахгүй. Нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа надтай холбогдсон, О.Пүрэвжамц төлөлт хийж байсан тул их хэмжээний хүү орж ирэхээр хүнд байна гэв.
Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн барим /хх-3-6/, нэхэмжлэгчийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-7/, Арвайн үр ХЗХоршооны тэргүүлэгдчийн зөвлөлийн хурлын гүйцэтгэх захирал томилсон тогтоол /хх-8, 125/, Арвайн үр ХЗХ-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9, 139/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-10-11/, 2019-03-12-ны өдрийн зээлийн гэрээ /хх-12-13/, 2020-03-25-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт /хх-14/, 2019-03-12-ны өдрийн барьцааны гэрээ /хх-15-16/, Г.Лувсанбатын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-17/, зээл хүүгийн тооцоолол /хх-18-19, 142-143/, О.Пүрэвжамцын хоршоонд гишүүнээр элсэх тухай өргөдөл /хх-20/, О.Пүрэвжамцын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, О.Пүрэвжамцын хоршооны гишүүний анкет /хх-22/, Г.Лувсанбатын хоршоонд гишүүнээр элсэх тухай өргөдөл /хх-23/, Г.Лувсанбатын хоршооны гишүүний анкет /хх-24/, О.Пүрэвжамцын гаргасан зээлийн өргөдөл /хх-25-26/, Г.Лувсанбатын гаргасан зээлийн өргөдөл /хх-27-28/, зохигчийн 2022-5-4-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-50/, Г.Лувсанбат, О.Пүрэвжамц нарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн тухай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол /хх-69/, шүүгчийн захирамжид гаргасан гомдолд гаргасан тайлбар /хх-114115/, гүйцэтгэх захирал Ү.Халиуныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-126/, тэргүүлэгчдийн зөвлөлийн хоршоонд гишүүн элсүүлэх, түүнийг бүртгэх журмыг баталсан тогтоол /хх-127/, Хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсүүлэх, бүртгэх, идэвхгүй гишүүнд тооцох, гишүүнчлэлээс гарах журам /хх-128/, Арвайн үр хадгаламж зээлийн хоршооны дүрэм /хх-129-136/, тэргүүлэгдчийн зөвлөлийн Г.Лувсанбат, О.Пүрэвжамц нарыг хоршоонд гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлсэн хурлын тэмдэглэл /хх-137-138/, тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр элсүүлэх тухай хурлын тогтоол /хх-140, 141/, Г.Лувсанбат, О.Пүрэвжамц нарын гаргасан зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт /хх-144/ зэрэг баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Г.Лувсанбатын төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-77, 85/, шүүгчийн захирамжид гаргасан гомдол /хх-107-108/ зэргийг хариуцагч Г.Лувсанбат шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Арвайн үр хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Г.Лувсанбат, О.Пүрэвжамц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141,803,843 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Лувсанбатад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр /хх-42/, хариуцагч О.Пүрэвжамцад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр /хх-49/ тус тус гардуулан өгч, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-43/ боловч хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх ямар нэгэн тайлбар шүүхэд бичгээр гаргаагүй.
Хариуцагч О.Пүрэвжцамцад шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдснээр 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирж хэргийн материалтай танилцсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид шүүх хуралдааны ирцийн талаар хүсэлт гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Гэвч шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Г.Лувсанбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг авч ашиглаагүй, хариуцагч О.Пүрэвжамц авч хэрэглэсэн тул хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг мэдэхгүй, надад энэ талаар нэхэмжлэгч нь мэдэгдээгүй бөгөөд шүүхэд хандсны дараа надад мэдэгдсэн, их хэмжээний хүү төлөхөөр байгаа нь хүнд байна гэх тайлбарыг гаргаж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1903/07 дугаартай зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 130,000,000 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар хариуцагч О.Пүрэвжамц, Г.Лувсанбат нарт зээлдүүлж, зээлдэгч буюу хариуцагч нар заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна /хх-12-13/.
Хариуцагч О.Пүрэвжамц, Г.Лувсанбат нар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт /хх-144/ гаргаснаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1903/07 тоот зээлийн гэрээний сунгалтыг 2003/07 тоот гэрээгээр 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан байна /хх-14/.
Мөн зээлдэгч Г.Лувсанбат нь Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Жуулчны гудамж 17/21 байр 3 дугаар давхар тоот хаягт байршилтай, 545.73 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, улсын бүртгэлт бүртгэгдсэн байна /хх-15-16/.
Дээрх зээлийн гэрээний дагуу 130,000,000 төгрөгийг хариуцагч Г.Лувсанбат би аваагүй, хариуцагч О.Пүрэвжамц авсан гэж маргасан.
Нэхэмжлэгч Арвайн үр хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3 жилийн хугацаагаар сунгуулсан байна /хх-10-11/.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж, 17.2 дахь хэсэгт зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, төрөл, хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөлөөс тогтоож болно гэж, хуулийн 17.5 дахь хэсэгт хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүддээ олгох зээл нь барьцаа, батлан даалт зэрэг хуулиар хориглоогүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангагдсан байна гэж тус тус зохицуулсан.
Хариуцагч О.Пүрэвжамц нь Арвайн үр хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр /хх-20/, хариуцагч Г.Лувсанбат нь тухайн хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр /хх-23/ тус тус гаргасныг Арвайн үр хадгаламж зээлийн хоршоо хүлээн авч, тус хоршооны гишүүнээр элсүүлэх тухай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гарсан байна /хх-69/.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна.
Талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Зээлдэгч нар зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 108,600,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг тооцож, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний сунгалт хийгдсэн /хх-14/ байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, хуулийн 20.7 дахь хэсэгт зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.
Түүнчлэн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж зохицуулсан байх тул хариуцагч Г.Лувсанбатын гаргасан их хэмжээний хүү байна гэсэн тайлбар үндэслэлгүй.
Хавтаст хэргийн 18-19, 142-143-р талд авагдсан хүснэгтийг зээл, хүүгийн тооцоолол гэж шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласнаас үзэхэд зээлдэгч нар дээрх зээлийн гэрээний үүргийн төлбөрийг 2019-07-17-ны өдрөөс 2021-10-31-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж байсан болох нь нотлогдож, зээлийн гэрээний хугацаа сунгалт хийгдсэн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 108,600,000 төгрөг байсанд талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь зээлдэгч нараас төлсөн төлбөрийг гэрээнийн 5.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийн төлбөрт гэсэн дарааллаар суутгасан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.
Зээлдэгч нар 1903/07 дугаартай гэрээний үндсэн үүргээс 21,400,000 төгрөгийг төлснөөр гэрээний хугацаа сунгалт хийгдсэн 2020-03-25-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 108,600,000 төгрөг, сарын хүү 2,6 хувиар тооцож гэрээний хугацаанд төлөгдөх хүүгийн төлбөр 40,560,000 төгрөг байх боловч 2020-03-12-ны өдрийн байдлаар 38,361,450 төгрөгийг төлсөн буюу 2,198,550 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Дээрх зээлийн гэрээний хугацаа сунгалт 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгаснаар үндсэн зээлийн төлбөрт 8,005,725 төгрөгийг, хүүгийн төлбөрт 22,504,515 төгрөгийг тус тус төлсөн байна.
Тиймээс зээлийн 1903/07 дугаартай гэрээний хугацааг сунгаснаар 2003/07 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дууссан байх тул үүнээс хойш төлөлт хийсэн 2021 оны 10-р сарын 31-ний 4,000,000 төгрөгийг, 2022 оны 01-р сарын 12-ны 2,000,000 төгрөгийг тус тус зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Ингээд хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг тооцвол 1903/07 дугаартай зээлийн гэрээний үндсэн үүрэг 94,594,275 (130.000.000-21,400,000-8,005,725-6,000,000) төгрөг байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөөгүй хуримтлагдсан хүүгийн төлбөр, гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцсон хүүгийн тооцоолол 40,221,287.5 төгрөг буюу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүүгийн төлбөрөөс илүү гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тус тус хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гарах хүртэлх хугацааны хүү нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч О.Пүрэвжцам, Г.Лувсанбат нараас үндсэн зээлийн үүрэгт 94,594,275 төгрөг, зээлийн хүү 35,669,869 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,133,974 төгрөг, нийт 137,398,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,405,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж үзэв.
Нэхэмжлэгч Арвайн үр хадгаламж зээлийн хоршоо нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Жуулчны гудамж 17/21 байр, 3 дугаар давхарт байршилтай 545.73 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Г.Лувсанбат бүртгэгдсэн /хх-17/ байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны 1903/07 дугаартай гэрээнд барьцаалуулагчийг төлөөлж хариуцагч Г.Лувсанбат гарын үсэг зурсан байна /хх-15-16/.
Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл болох нь Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Жуулчны гудамж 17/21 байр, 3 дугаар давхарт байршилтай 545.73 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд хариуцагч нараас 137,398,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 4,405,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэж хариуцагч О.Пүрэвжамцад хүргүүлж, мэдэгдсэн, хариуцагч Г.Лувсанбатын өмгөөлөгч П.Ганбилэг 2022-9-6-ны өдөр тов мэдэгдсэн баримт гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт байгаа эсэхийг шүүх хуралдааны оролцогч нараас асуухад шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Г.Лувсанбат нь өмгөөлөгч ирж байгаа гэх тайлбарыг хэлж, ирцийн талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл, тайлбарыг сонсож, хариуцагчаас тайлбар сонсоход өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох хүсэлтийг тайлбарын хамт гаргаснаар хэргийг хэлэлцэж, шүүх хуралдаан завсарлаж, хариуцагч Г.Лувсанбатын өмгөөлөгч П.Ганбилэг шүүхийн шийдвэр уншиж сонсгох үед шүүх хуралдааны танхимд орж ирсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт жлсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 937,169 /866,969+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжид 915,141 /844,941+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Пүрэвжамц, Г.Лувсанбат нараас зээлийн гэрээний үүрэгт 137,398,118 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Арвайн үр хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,405,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.Лувсанбатын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Жуулчны гудамж 17/21 байр, 3 дугаар давхарт байршилтай, 545.73 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202027042 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 937,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Пүрэвжамц, Г.Лувсанбат нараас 915,141 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Арвайн үр Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ