| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Т.Батжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/126 |
| Огноо | 2016-06-13 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2016/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Б.Болд
Шүүгдэгч ******************
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У********* ***********ийн Э***********д холбогдох 201***********42 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч ****************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2- т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн нутагт байрлах Музейн урд "HYUNDAI маркийн **** ХӨВ улсын дугаартай өөрийн эзэмшлийн микробустай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 7.12 "жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" дахь хэсэгт заасныг зөрчин зам тээврийн осол гарган иргэн Н.Б***********гийн жолоодож явсан “HYUNDAI” маркийн **** УНР улсын дугаартай авто машиныг мөргөж дотор нь зорчиж явсан Б.Б*******ий биед зулай хэсгийн тархины эдийн няцрал, зулай, чамархай, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь
Шүүгдэгч ******************гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 18:30 цагын орчим өөрийн эзэмшлийн “HYUNDAI маркийн **** ХӨВ улсын дугаартай микробустай төв музейн урд талд хамгийн сүүлийн хунээ буулгаад зам дээр буцаж эргэтэл баруун гар талаас хурдтай нэг машин ирж харагдаад би тоормосоо гишгээд хальт зогсоод тэр машиныг мөргөчихсөн. Би буугаад жолоочтой нь уулзаад чи цагдаа дууд би даатгалаа дуудахаас хаалгыг чинь төлж өгье хоёулаа хэрэлдээд яах вэ гэж хэлсэн. Машин дотор сууж явсан зорчигчтой нь уулзаагүй. Б.Б*******ий ээж Г*******т эмчилгээний зардал гэж 1 200 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх,
Насанд хүрээгүй хохирогч Б.Б*******ий мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 24-ний орой ***********цагийн үед Мөрөн сумын 8 дугаар багийн Гоо даль нэртэй үсчний газарт үсээ засуулчхаад тэндээсээ гараад хуучин ахуй үйлчилгээний газрын хажуугийн таксины зогсоол дээрээс цайвар өнгөтэй такси аваад 7-р хорооны Уран мандал хороололд байдаг авга эгчийндээ очхоор явсан, Таксинд суугаад 4 замаар зүүн тийш эргээд Шүүхийн урд талын замаар зүүн тийшээ явж байтал миний сууж явсан такси руу хажуу талаас нь микробус ирж мөргөсөн. Би таксины арын суудлын зүүн талын буланд сууж явсан. Мөргөсөн машин миний сууж явсан хаалга руу ирж мөргөсөн. Машин мөргөхөд би толгойгоороо шил мөргөх шиг болсон толгой манараад явчихсан. ...би арын суудлын зүүн талаас баруун тал руу хаалгаар гарахаар шилжиж суухад таксины жолооч ирээд хаалга онгойлгоод өөр таксинд суучих гэсэн. Намайг таксинаас буухад манай ангийн А*********, Ц******* хоёр таарч нар руу ирж намайг А**** дэлгүүрийн таксины зогсоол хүргэж өгсөн. Тэгээд авга эгчийндээ очоод толгой өвдөөд бөөлжиж хоносон. Маргааш нь ээжийг ажлаас ирэхээр нь эмнэлэгт үзүүлж шууд хэвтсэн. Миний биед таталт өгдөг болсон. Улаанбаатар хот руу дахин ирж үзүүл гэсэн гэх /хх-ийн 16-18-р хуудас/,
Гэрч Д.***********баярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын сүүлчээр 24 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад жижүүрийн шуурхай албанаас дөрвөн замаас зүүн тийш 3-р цэцэрлэгийн урд талд хоёр машин мөргөдлөө гэсэн дуудлага ирлээ гэсний дагуу яваад очход суудлын автомашин, микробус хоёр мөргөлдсөн байсан. " HYUNDAI маркийн микробусны жолооч музейн урд талаас гэнэт чиглэлээ өөрчлөн буцаж эргэх үйлдэл хийхдээ HYUNDAI маркийн машиныг замын хашлага руу шахаж мөргөсөн байдаг. Их хүчтэй мөргөсөн нь илт мэдэгдэж байсан. HYUNDAI маркийн машины баруун ар талын дугуй нь тэнхлэгээрээ дотогшоо хазайсан байдалтай зогсож байсан. Тухайн үед очоод шалгахад ямар нэг зорчигч сууж явсан талаар надад хэлээгүй гэх /хх-ийн 20-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ц*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 23-24-ны орчимд тэмцээний бэлтгэл хийх гэж Эрчим дээр заал авсан. Тоглож дуусаад ***********бид хоёр номын сангийн урдуур явж байсан. Энэ үед цагаан сааралдуу микробус HYUNDAI маркийн машиныг чигээрээ зүүн тийшээ явж байтал гэнэт эргээд хажуугаас нь мөргөчихсөн. Тэгээд бид хоёр хараад аяархан алхаж байтал HYUNDAI машин дотроос Б******* толгойгоо барьчихсан буугаад ирсэн. Б*******ийг бид хоёр 2-3 удаа дуудахад эргэж харж зогссон. *********** бид хоёр зам гарч Б******* дээр очоод юу болсон гэж асуухад Б******* такси дотор явж байтал гэнэт мөргөчихлөө толгойгоороо цохьчихлоо гэсэн. Гадна талдаа шарх сорви харагдаагүй. Царай нь хачин болсон байсан, Тэгээд бид гурав юм ярьж явж байгаад АНУ худалдааны төвийн урд талын таксины зогсоол дээр ирээд манай ангийн Б*********гийн аав зогсож байна гээд тийшээ суучих гэсэн гэх /хх-ийн 22-23-р хуудас/ мэдүүлгүүд,
Гэрч Б.Г******* /хх-ийн 24-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.А********* /хх-ийн 24- 25-р хуудас/ нарын мэдүүлэг, шинжээч эмч Ц.Нандинцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 38-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 129 тоот дүгнэлтэд: "1 .Б.Б*******ий биед гэмтэл тогтоогдлоо.
2. Б.Б*******ий биед зулай хэсгийн тархины эдийн няцрал, чамархай, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
З. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6.Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна" гэжээ /хх-ийн 27-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон актад: "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн музейн урд асфальтан замд 2016 оны 02-р сарын 25-ны орой 19 цагийн үед HYUNDAI маркийн 3****** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ****************** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12, 1.5-р зүйлүүдэд "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", "жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдолоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" заасныг зөрчсөн байна гэж үзэн акт тогтоов" гэжээ /хх-ийн 44-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-р хуудас/, Зам тээвэр осол дээр тогтоосон акт, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 42-44-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ****************** нь урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар /хх-ийн 92-95-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгч ******************гийн ялтайд тооцох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б*******ий хууль ёсны төлөөлөгч Б.Г*******ын шүүхэд ирүүлсэн "...эмчилгээний зардалд 1 200 000 төгрөг авсан. ...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтээр шүүгдэгч ******************г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч ****************** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******************д ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *************гийн №59****** дугаартай ВСЭ ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. У******* ***********ийн Э***********ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ******************ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн еренхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.
5.Эруүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 -т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******************гийн эзэмшлийн №59****3 дугаартай ВСЕ ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ