Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/03772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Э нэхэмжлэлтэй,

хариуцагч- М холбогдох,

гэм хорын хохиролд 7.914.663 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч М.Буяндэлгэр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхсаруул нь Б.Мөнхболдод холбогдуулан гэм хорын хохиролд 7.914.663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ажил үүргээ гүйцэтгэж байхад ажилтан Б.Мөнхболд нь тавьсан шаардлагыг эсэргүүцэж нэхэмжлэгчийг ухаан баларттал боож, заамдан авч, түлхэж унгаснаас болж нэхэмжлэгч Б.Энхсаруулын зүүн шагайн 2 хавчаарын хугарал, мултрал гэмтэл учирч 2021 оны 09 дүгээр сарын 6-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуустал ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул хөдөлмөрийн чадвар түр алдсанаас дутуу авсан цалинд 7.914.663 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Б.Энхсаруулын нэг сарын цалин хөлсийг 2.890.000 төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа гэж тодорхойлсон.

 

Хариуцагч хариу тайлбартаа талуудын хооронд үүссэн маргааны улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцагч Б.Мөнхболд бүрэн төлж, нийт 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Энхсаруулд өгсөн. Нэхэмжлэгч нь өвчтэй байх хугацаандаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч байсан болох нь нийгмийн даатгалын газраас ирсэн лавлагаа баримтаар тогтоогдож, эмчилгээний зардлыг хариуцагч бүрэн төлсөн бөгөөд одоо өгөх өр төлбөргүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч хариуцагч тал гэм буруутай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч зөрүү болох мөнгийг гаргах эрхтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, Эм Жи Жи И Си ХХК-ийн Б.Энхсаруул нь цалингүй чөлөөтэй байсан тухай 2022-02-27-ны тодорхойлолт /хх-3/, Эм Жи Жи И Си ХХК-ийн Б.Энхсаруул нь сарын 1,600,000 төгрөг, нэмэгдэл 1,000,000 төгрөг, хөдөлмөрийн нөхцөл 290,000 төгрөг, нийт 2,890,000 төгрөгийн цалин хөлс авдаг тухай 2022-02-27-ны өдрийн тодорхойлолт /хх-4/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол /хх-5-7/, Б.Энхсаруулын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-8-16/, Б.Энхсаруулын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-17-21/, Б.Энхсаруулын төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-22/, Б.Энхсаруулын рентгэн зураг /хх-98/, Эм жи жи и си ХХК-ийн тодорхойлолт /хх-99/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч Б.Мөнхболдын төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-30/, хариу тайлбар /хх-31/, Төв аймгийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай яллах дүгнэлт /хх-33-36/ зэрэг баримтыг гаргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022-05-10-ны өдрийн 317 дугаартай албан бичиг /хх-51/, Б.Энхсаруулын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-57/, Эм жи жи и си ХХК-ийн тодорхойлолт /хх-58/, 2021-03-05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-59-62/, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Б.Энхсаруулын хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авсан тухай баримт /хх-81-93/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Төв аймаг дахь шүүхийн тамгын гзараас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021-11-17-ны өдрийн 463 дугаартай дүгнэлт /хх-53-55/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс 586,363 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7,328,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалинд 11,078,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийгмийн даатгалын хэлтсээс олгосон тэтгэмжийг хасч тооцсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 7,914,663 төгрөг болгож багасгасан.

 

Хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 3,500,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч нь өвчтэй байх хугацаандаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч байсан, эмчилгээний зардлыг бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

Хэрэгт авагдсан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Мөнхболдыг 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эм Жи Жи И Си ХХК-ийн уурхайн засварын талбай дээр ажлаа хурдан хийсэнгүй гэж дарамталлаа гэх шалтгаанаар инженер Б.Энхсаруулыг заамдан авч, түлхэж унагаасны улмаас Б.Энхсаруулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 463 дугаартай дүгнэлтээр Б.Энхсаруулын биед гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах зүүн шилбэний шагайн хавчаар ясны хугарал, мултрал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдсон үйл тогтоогдож байна /хх-5-7, 54-55/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон дээрх үйл баримтыг тус иргэний хэрэгт дахин нотлохгүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг эрүүл мэнд гэж тодорхойлсон. Тиймээс хүний сайн сайхан байх эрхэд нь халдсан, эсхүл амьдрах боломжийг нь алдагдуулсан этгээд учруулсан гэм хорыг эд хөрөнгийн байдлаар хариуцан арилгах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн зөрчигдсөн эрхийг хамгаалах зохицуулалтын аргатай холбогдоно.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 7,914,663 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч нь Хаан банкинд эзэмшдэг 5064 6746 28 дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, сарын цалингаа 2,890,000 төгрөгөөр тооцсон ба Эм Жи Жи И Си ХХК-ийн тодорхойлолтод нэхэмжлэгч баяжуулалтын инженерээр ажилладаг, сарын цалин 1,600,000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1,000,000 төгрөг, хөдөлмөрийн нөхцлийн 290,000 төгрөг, нийт 2,890,000 төгрөгийн цалин хөлс авдаг, 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд өвчтэй байсан тул компаниас нийгмийн даатгал төлөгдөж, цалингүй чөлөөтэй байсан болохыг тодорхойлжээ /хх-17-21, 3, 4, 58/.

 

Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод нэхэмжлэгч гэмтэл авахын өмнө болон 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд сарын цалин 1,600,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 304,761 төгрөг, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд сарын цалин 1,600,000 төгрөг гэж тусгасан байна /хх-57/.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг 1663516 дугаартай эмнэлгийн хуудсанд 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 1663596 дугаартай эмнэлгийн хуудсанд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 1663698 дугаартай эмнэлгийн хуудсанд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 1801693 дугаартай эмнэлгийн хуудсанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэж тус тус тодорхойлсон байна /хх-81-93/.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч цалин хөлсөө бүрэн авсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогдсон, эмнэлгийн хуудсуудад бичигдсэн онош болон цаг хугацаа нь түүний учруулсан гэмтэлтэй холбоогүй гэж дээрх баримтуудыг маргасан.

 

Шүүхэд нотлох баримтаар гаргасан нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад хариуцагчийн учруулсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн, үзлэг, эмчилгээ, оношилгоо хийгдсэн болох нь тогтоогдсон, түүнчлэн дээр дурдсан эмнэлгийн хуудсууд олгогдсон талаар бичигдсэн байх тул хариуцагчийн учруулсан гэмтлийн улмаас нэхэмжлэгчийг дээрх баримтуудад дурдсан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан байна гэж дүгнэх үндэстэй /хх-8-16/.

 

Иймд энэ талаар гаргаж буй хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

 

Харин нэхэмжлэлд хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг гэмтэл авсан цаг хугацаанаас эхлэн 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаагаар тооцсон байх хэдий ч дээр дурдсан эмнэлгийн хуудас олгогдсон сүүлийн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тооцох нь зүйтэй /хх-92-93.

Мөн нэхэмжлэгч сарын цалин хөлсөө 2,890,000 төгрөгөөр тооцож байх боловч Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж журамласан.

 

Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг түүний 2021 оны 6, 7, 8 дугаар саруудад авсан цалин хөлсөөс буюу 1,600,000 төгрөгөөс тооцсон байна /хх-82-93/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээдэг тул шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг нийгмийн даатгалын баримтыг үндэслэн тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн 2021 оны 6, 7, 8 дугаар саруудын дундаж цалин хөлс 1,600,000 (/1,600,000+1,600,000+1,600,000/:3) төгрөг байх бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 3 сарын хугацааны цалин хөлс 4,800,000 (1,600,000*3) төгрөг байна /хх-57/.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд нь гэм хор учирсан хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид 3,163,637 (545,455+1,090,909+490,909+1,036,364) төгрөг авсан байх тул энэ дүнг дээрх 3 сарын хугацааны цалин хөлс 4,800,000 төгрөгөөс хасч зөрүү болох 1,636,363 төгрөгөөр дутуу авсан цалин хөлсийг тооцох үндэстэй байна.

 

Хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 3,500,000 төгрөг төлж хохирол барагдуулсан гэж маргасан ба шийтгэх тогтоолд хохирогч 2,450,000 төгрөгийг хагалгаанд орсон зардал гэж үзэж байгаа, харин 1,050,000 төгрөг нь 15,966,000 төгрөгөөс хасагдаж тооцогдоно гэж мэдүүлж байх тул хохирогч Б.Энхсаруулын 15,996,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,050,000 төгрөгийг хасч 14,946,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Иймээс дээрх тооцоогоор нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлс 1,636,363 төгрөгөөс шийтгэх тогтоолд тусгагдсан 1,050,000 төгрөгийг хасч тооцох үндэстэй.

 

Дээр дурдсан үндэлслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 586,363 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 7,328,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагч тал гэм буруутай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч зөрүү болох мөнгийг гаргах эрхтэй гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн, шүүх дээр дурдсанаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар хариуцагчаас 18,241 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мөнхболдоос 586,363 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсаруулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,328,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Б.Мөнхболдоос 18,241 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Б.УНДРАА