Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/05309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Г ХХК нэхэмжлэлтэй,

хариуцагч- Л-д  холбогдох,

гэрээний үүрэгт 1,127,879.90 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

Хариуцагч Б.Лхагвадорж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Лхагвадорж нь 2019 оны 02 сарын 4-ний өдөр нэхэмжлэгч байгууллагатай 116885314 дугаартай кредит картын гэрээ байгуулж, 1,100,000 төгрөгийн эрхтэй, бэлэн мөнгөний гүйлгээний хүү сард 3,5 хувь, бэлэн бус гүйлгээ нь сарын 2 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар гэрээнд тусгаж, 24 сарын хугацаанд ашиглахаар авсан. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хариуцагч нь 24 сарын хугацаа хэтрүүлсэн байсан.

2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлбөр хийсэн. Түүнээс хойш төлөлт огт хийгээгүй тул зээлийн гэрээний 3,6 дахь хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 984,114.80 төгрөгийн 1 хувиар тооцож гаргасан. Кредит картын хугацаа 2021 оны 02 дугаар сард дууссан. Гэрээний 3.6 дахь хэсэгт заасны дагуу 1 хувийн төлбөрийг 984,114.80 төгрөгөөс 7 сарын хугацаанд тооцож гаргасан. Хүүг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож бодсон. Зээлийн картын хэмжээнээс буюу 1,100,000 төгрөгөөс хэтрүүлж ашигласанд зээлийн эрх хэтрүүлсний хүү тооцогдож байгаа. Харин хугацаа хэтрүүлсний хүү нь зээлдэгч төлбөрөө төлөх ёстой хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөх ёстой өдрөөс төлөгдөөгүй байгаа мөнгөн дүнгээс бодогдож байгаа. Хариуцагч нь карт авснаас хойш картын жилийн хураамжид 35,000 төгрөгийн бэлэн гүйлгээ хийсэн. Энэ дүнгээс бэлэн гүйлгээний хүүг тооцсон. Хариуцагчийн ашиглалт нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлсэн. Зээлдэгчийн төлөлтөөс нэмэгдүүлсэн хүүг эхэлж хасдаг. Дараа нь үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг хасдаг тул 27,754.55 төгрөгийг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс хойш 3,423 төгрөгийг хоногоор нь тооцож гаргасан. Ашигласан хоногоор тооцоход 3423 төгрөг гарч байгаа нь хугацаа хэтрүүлсний төлбөр байгаа. Уг дүнг тооцохдоо үндсэн төлбөрийн 984,114.80 төгрөг дээр үндсэн хүү 22,182.60 төгрөгийг нэмж 1,006,297.40 төгрөгийн 1 хувиар тооцож гаргасан тул одоо зээлийн үндсэн төлбөрт 984,110.80 төгрөг, зээлийн хүү 116,010.55 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрт 27,754.55 төгрөг нийт 1,127,879.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4-5/, Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн кредит картын гэрээ /хх-7-10/, кредит картын тооцооллын хүснэгт /хх-11-14/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь Б.Лхагвадоржид холбогдуулан кредит картын гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 984,110.80 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 116,010.55 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрт 27,754.55 төгрөг, нийт 1,127,879.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч Б.Лхагвадоржид холбогдуулан гаргасан 1,127,879.90 төгрөг гаргуулах тухай Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гардуулан өгч /хх-21/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-23/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

4. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, түүний шүүхэд мэдэгдсэн 88814576 дугаарын утас руу залгахад дуудлага хүлээж авахгүй, холбогдох боломжгүй, нэхэмжлэл гардаж авсан хаягаар хүргэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудас гардуулагдаагүй байх тул утсанд нь мессеж илгээсэн талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Б.Лхагвадорж-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Голомт банк ХХК, Б.Лхагвадорж нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр кредит картын ЗГ/116885314 дугаартай гэрээ байгуулагдсан, 1,100,000 төгрөгийн зээлийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2%, бэлэн гүйлгээний сарын хүү 3,5%, зээлийн эрх хэмжээнээс хэтрүүлж зээл авсан тохиолдолд хэтэрсэн хэсэгт бодогдох зээлийн хүү 2%, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1% байх, картын хугацаа 2 жил байхаар зээлийн нөхцлийг талууд тохиролцжээ /хх-7/.

Мөн АТМ-ээс бэлэн мөнгө авах шимтгэлийг Голомт банкны АТМ-ээс бол 100 төгрөг, дотоодын бусад банкны АТМ-ээс бол 100 төгрөг+ 500 төгрөг байх, төлбөр эргэн төлөх өдрийг сар бүрийн 15 өдөр-с өмнө, эргэн төлөх доод хувь 10% байхаар талууд гэрээгээр тохиролцсон байна /хх-7/.

7. Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд дээрх байгуулсан гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэв.

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

8. Харин талуудын байгуулсан дээрх гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдөр дууссан, кредит картын тооцооллын хүснэгтээс үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс зарлага, орлого, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, хугацаа хэтрүүлсний хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү бодогдож 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 9,275,094.90 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн төлбөрт 664,118.28 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөрт 35,745.37 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүгийн төлбөрт 2611.35 төгрөг бодогдсон байх бөгөөд үүнээс зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 8,290,980.10 төгрөгийг, хүүний төлбөрт 548,107.73 төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөрт 7990.82 төгрөгийг, эрх хэтрүүлсний хүүний төлбөрт 2611.35 төгрөгийг төлсөн байна /хх-11-14/.

Иймд кредит картын тооцооллын хүснэгтээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 984,110.80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 116,010.55 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрт 27,754.55 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

9. Хариуцагч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн кредит картын гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт зэрэг баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, мөн зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

10. Иймээс хариуцагч Б.Лхагвасүрэн нь дээрх тооцоллын дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөх үүрэгтэй тул үндсэн төлбөрт 984,110.80 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 116,010.55 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрт 27,754.55 төгрөг, нийт 1,127,879.90 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,619.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,619.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Лхагвадоржоос кредит картын гэрээний үүрэгт 1,127,879.90 /нэг сая нэг зуун хорин долоон мянга найман зуун далан есөн төгрөг 90 мөнгө/ төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 31,619.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лхагвадоржоос 31,619.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ