Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/668

 

Д.Г-, П.Б- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наянбаатарын өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Э.Ганбат, Г.Энхтүвшин, С.Батнасан,

шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Г.Нямхүү, М.Цэрэндэжид,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШТ/29 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Д.Г-, П.Б- нарт холбогдох эрүүгийн 1909030210889 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. П.Б-, 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Д.Г-, 1968 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            П.Б-, Д.Г- нар бүлэглэж 2019 оны 8 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 11 дүгээр гудамжны 282б тоотод Ч.Х-ыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Г-, П.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна. Прокурор яллах дүгнэлтдээ “...П.Б-, Д.Г- нарыг бүлэглэж Ч.Х-ыг алсан...” гэж бичсэн атлаа хэний, ямар үйлдлийн улмаас хохирогч нас барсныг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Мөн шинжээчийн дүгнэлт болон шинжээч Ц.Бадралын мэдүүлэгт “...хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь 1 удаагийн цохилтоос үүсэх боломжгүй...” гэсэн байна. ...” гэж дүгнэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдалгүйгээр буюу мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлох талаар ямар үүргийг биелүүлээгүй, ямар арга хэмжээг аваагүй талаар дурдалгүйгээр хэргийг хэт ерөнхий байдлаар дүгнэж прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй, хууль зүйн дүгнэлт тодорхойгүй, ойлгомжгүй, захирамжийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна. Шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэтэл хэргийн бодит байдлыг тогтоох талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэхэд ямар эргэлзээ төрүүлж байгаа, нэг нотлох баримт нь нөгөө нотлох баримтаа хэрхэн үгүйсгэж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хоорондоо ямар зөрүүтэй байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу тухайн үед амь хохирогч болон П.Б-, Д.Г- нар хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ингэхдээ хэрүүл, маргаан зодоон үүссэн болохыг тогтоосон хэргийн газрын үзлэг, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, бусад нотлох баримтууд авагдсан, нөгөөтэйгүүр амь хохирогчийн биед “...хүзүү, төвөнх, гүрээний тараагуур судас, тэнэгч мэдрэлийн /nervus vagus/ орчмын булчингийн ширхэг багц хооронд өөхөн эд дэх тархмал цус хуралт, хүзүүний урд доод хэсгийн булчин өөхлөг эд дэх голомтлог цус хуралт, хүзүүний урд доод хэсгийн булчин өөхлөг эд дэх голомтлог цус хуралт, хүзүүний баруун урд доод хэсгийн цус хуралт, дух, хоёр нүдний зовхи, баруун хацар, бугалга, эрхий хуруу, зүүн шуу, хэвлий, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт” бүхий гэмтлүүд учирч гадны нөлөөтэй нас барсан үйл баримт тогтоогдож байна. Хэргийн үйл баримтаар П.Б-, Д.Г- нар нь талийгаачтай хэрүүл маргаан үүссэн талаар мэдүүлж байх боловч прокуророос тэдгээрийг яллаж буй хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримтуудыг няцаасан, нөхцөл байдлыг үгүйсгэж чадаагүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй байгаа болно. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наянбаатарын өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь, энэ хэрэг 2019 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 22 цаг 28 минутаас 23 цаг 40 минутын хооронд гарсан. Тухайн гэмт хэрэг гарах үед амь хохирогч болон шүүгдэгч нар байсан. Хэргийг прокурорт буцааснаар амь хохирогч хэний цохилтоос болж нас барсан болохыг тогтоох боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих бүх ажиллагааг хийсэн бөгөөд шаардлагатай гэрчүүдийг бүгдийг нь асуусан тул гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар тогтоох боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор, мөрдөгч нь хуульд зааснаар хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй нотлох үүрэгтэй. Гэтэл прокурор бичсэн эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан тогтоол нь шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй талаар дурдсан байна. Прокурор шүүгдэгч нарыг бүлэглэсэн гэж үзээд хэргийг зүйлчилсэн. Ингэхдээ хоёр тусдаа нөхцөл байдлын талаар таамагласан шинжтэй дүгнэлт хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээр аль нь буруутай болохыг тогтоолгох гэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нарыг бүлэглэсэн гэж үзэх баримт тогтоогдоогүй. Ялангуяа шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлээс үхэлд хүргэх нөхцөл бүрдсэн бэ гэдгийг тогтоох ёстой байсан. Одоо хэрэгт авагдсан баримтаар энэ хоёрын аль нэг нь байх гэж таамагладаг. Түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх асуудлууд шүүх хуралдаанд их яригдсан. Шүүгдэгч П.Б- урьд нь амь хохирогчтой таарамжгүй харьцаатай байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлснийг өмгөөлөгч нь дэмжиж оролцсон. Энэ нөхцөл байдлыг зайлшгүй шалгах шаардлагатай. Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэх ёсгүй учир хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл, нас барах үеийн согтолтын зэрэг зэргээс таамаглахад хохирогч өөрөө унаж нас барсан байх магадлалтай. Учир нь, цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэгт “...нэг удаагийн үйлдлийн улмаас гэмтэл үүснэ...” гэдэг. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэргийн сэдэлт зорилго тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байна. Нөгөөтэйгүүр прокурорын эсэргүүцэлд энэ хэрэгт ямар ажиллагаа хийхийг шүүхээс даалгах утга агуулга дурдсан нь хэргийг хэрхэн шийдвэрлэх арга замыг хайж байгаа мэт. Хэргийн бодит үнэнийг эргэлзээтэй тогтоосноор хохирогч, холбогдогч нарын эрх ашиг хуулийн дагуу хамгаалагдах эсэх асуудал үүснэ. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г-г цагаатгах байр суурьнаас оролцсон өмгөөлөгч нарын байр суурь хэвээр байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Э.Ганбат, С.Батнасан нартай санал нэг байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгчийг цагаатгах үндэслэл бүрэн тогтоогдсон гэж үзсэн. Шүүгдэгч нарт полиграфын шинжилгээ хийлгэхэд анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн. Гэхдээ энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон учир хохирогчийн ар гэрийн сэтгэл зүйг бодож хэргийн учир зангилааг тайлж, хэний, ямар үйлдлээс гэмт хэрэг гарсан болохыг тогтоолгох нь зүйтэй. ...” гэв.

Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан 1762 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Ч.Х-ы биед учирсан гэмтэл нь амь эрсдүүлэх гэмтэл бөгөөд энэ нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэнтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч шинжээчээс асуухад “Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “Хохирогчийн биед үүссэн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Иймээс шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ үүссэн гэж шүүх дүгнэсэн байх гэж үздэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас гэм буруугийн асуудал тогтоогддоггүй. Уг гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал харагддаггүй. Зодоон болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй тохиолдолд шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэж цагаатгах эсхүл яллах боломжтой. Тухайн үед шүүгдэгч Д.Г- нь амь хохирогчтой муудалцсан байхад гэмт хэргийн мэдээлэл өгсөн хүнийг бүлэглэж оролцсон мэт дүгнэснээр хэрэг ийм болсон. Шүүх үүнийг анхаарч үзэх ёстой. ...” гэв.

Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч М.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Г.Нямхүүтэй санал нэг бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шинжээчийн мэдүүлгийн эргэлзээтэй байдал нь хэргийг прокурорт буцаахад нөлөөлсөн. 3 дугаар хавтаст хэргийн 115 дахь талд шинжээч “Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүснэ” гэсэн хэрнээ шүүх хуралдаанд “Нэг удаагийн үйлчлэлээр үүсэхгүй” гэж мэдүүлсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос П.Б-, Д.Г- нарыг бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 282б тоотод Ч.Х-ыг зодож алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэний эцэст “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна. Прокурор яллах дүгнэлтдээ “...П.Б-, Д.Г- нарыг бүлэглэж Ч.Х-ыг алсан...” гэж бичсэн атлаа хэний, ямар үйлдлийн улмаас хохирогч нас барсныг бүрэн гүйцэд тогтоогоогүй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой ба энэ нь шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд шууд нөлөөлөх тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдалд хандах хандлага, гэмт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.Г-, П.Б- нарын үйлдлийн шинж чанар, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хамтран оролцсон байдал болон шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийн шинжид хамаарч болох өөр хууль зүйн үр дагавар бүхий хэм хэмжээ байгаа эсэх, амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөллөөр хэрхэн үүссэн болохыг бүрэн гүйцэд шалгаж, эргэлзээгүй тогтоох шаардлагатай.

Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.

Иймд шүүхийн тогтоол болон магадлалд заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед, шинжээч Ц.Бадралаас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар авахад “...үхэлд хүргэсэн гэх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохилтоор үүссэн байх боломжтой...” /2хх 208/ гэж мэдүүлсэн байхад шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дээрх мэдүүлгийг тусгахдаа “...хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь 1 удаагийн цохилтоос үүсэх боломжгүй...” гэсэн мэтээр ташаа бичсэн, мөн тодорхойлох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх болсон заалтуудын хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцээгүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШТ/29 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН