Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 7

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай шийдвэртэй,

“Б” ХХК-ний нэхэмжлэлтэй, Булган аймгийн Цагдаагийн Газарт холбогдох, 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Н, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч өмгөөлөгч                                     Т.Эрдэнэзаяа

   Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн

                                                     төлөөлөгч         Б.Ө түүний өмгөөлөгч

                                                                               Х.Ундрах-Оргил

   Нарийн бичгийн дарга                                      С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ний  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Б" ХХК нь Булган аймгийн Засаг даргатай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/331 дугаар захирамжийн дагуу "Авто зам дагуух газруудад хаягийн самбар байршуулах ажлын гэрээ" байгуулсан. Гэрээний салшгүй хэсэг болох 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2018/32 тоот "Улсын чанартай авто зам дагуу хаягийн тэмдгийг стандартын дагуу хийж, байрлуулах ажлын даалгавар"-ын ажлын үндэслэл, техникийн шаардлагыг баримтлан Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын чанартай авто зам дагуу 32 байрлалд 64 ширхэг самбарыг хийж гүйцэтгэн байрлуулчихаад улсын комисс ажиллуулах хүсэлтийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлсэн байсан. Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын чанартай авто зам дагуу 32 байршилд 64 ширхэг самбар байршуулсан нь замын холбогдох хууль, стандартыг зөрчсөн байна гэж үзэн Булган аймаг дахь Цагдаагийн газар бидэнд мэдэгдэлгүй самбарыг буулгасан байсан. Манай компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, стандарт болон гэрээний заалтыг баримтлан 32 байршилд 64 ширхэг самбарыг байршуулсан. Уг ажилд 22000000 төгрөгийг зарцуулсан. 2018 оны 09 дүгээр сард Булган аймаг дахь Цагдаагийн газарт 32 байрлалд 64 ширхэг самбарыг буцаан байршуулахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Манай компани уг ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөх ажил үлдсэн байсан. Иймд Булган аймаг дахь Цагдаагийн газраас гэрээнд тусгагдсан үнэ болох 22 000 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Хоёр стандарт зөрчилдөөд байгаа учир MNS5283 нь албан байгууллага хаягжуулалтын стандарт, MNS4597 нь замын тэмдэг тэмдэглэгээний стандарт юм. Цагдаагийн газрын баримталж байгаа MNS4597 стандартад ногоон өнгийн тэмдэг тэмдэглэгээ суурин газрын гадна талд тавина гэж заасан байгаа нь суурингийн дотор тавьж болохгүй, тууш замд байрлуулна гэсэн заалттай юм. Тууш зам гэдэг нь маш аюултай автоматаар 100 км цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг. Замын тэмдэг тэмдэглэгээний стандарт гэдэг нь олон улсын гэрээ конвенцоор батлагдчихсан, ямар ч орчуулагч хэлмэрчийн шаардлагагүй аль ч улсын иргэн хараад таньж, мөрдөж байх ёстой. Миний бие 2018 оны 04 дүгээр сард Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн газарт ахлах зохицуулагчаар ажиллаж байх үедээ ахлах зохицуулагч нарын зөвлөгөөнд сууж байхад Булган аймгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байсан хүнийг босгоод танай Булган аймагт ногоон өнгөтэй тэмдэг тавих гэж байна үүнийг болиулаарай гэж шүүмжилж байсан. Өмнөх Замын цагдаагийн тасгийн дарга яагаад самбаруудыг авсан бэ гэхээр Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авалгүй, дураараа замын хажууд тэмдэг тавьсан байсан. Замын тэмдэг тэмдэглэгээ тавихад заавал Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авсан байх шаардлагатай байсан. Булган аймгийн мэргэжлийн хяналтын авто тээврийн байцаагчаас бас зөвшөөрөл аваагүй. Замын тэмдэг тэмдэглэгээ тавих гэж байж Замын цагдаагийн газарт хандаагүй, зөвлөгөө аваагүй. 2018 онд мөрдөж байсан Замын хөдөлгөөний дүрмэнд замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд замын хөдөлгөөний дүрэмтэй нийцсэн байна гэж заасан. Даалгавар бичсэн Засаг дарга хоёр янзийн стандартыг холиод тавьсан байсан. Монгол улс Венийн конвенцэд нэгдсэн улс тус конвенцэд хориглох зүйлс дээр бусдыг төөрөгдүүлэх тэмдэг тэмдэглэгээ тавиж болохгүй гэж заасан. Ногоон өнгийн тэмдэг тэмдэглэгээ буруу гэдгийг Тээврийн цагдаагийн алба, геодези газарзүйн алба хуралдаад стандарт буруу тавигдсан байна үүнийг шийднэ гэсэн шийдвэр гарсан. Замын цагдаагийн албанаас удаа дараа бичиг ирж байсан. Замын цагдаагийн газрын ... Д  гэх хүн Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн даргад энэ тэмдгийг яаралтай ав гэсэн үүрэг өгсөн. Зам тээврийн осол гарах нөхцөл байдал бүрдсэн байна гэж үзсэн. Хуучин Замын цагдаагийн тасгийн дарга Э болохгүй шүү гэж хэлээд байхад бид нар хаягжуулалтын стандартаа барина гэж хэлээд тавьсан байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ манай хариуцах асуудал биш бид зөрчлийг арилгасан. Захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллага хоёрын асуудал байна гэжээ

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-д зааснаар Булган аймгийн Цагдаагийн газраас 22 000 000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 950 /хоёр зуун жаран найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.     

           Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Н болон түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа давж заалдах гомдолдоо: "...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-г баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйл Иргэний эрх зүйн хамгаалалт. 9.1 Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Хаягийн самбар байршуулснаас болж хэний эрх зөрчигдсөн. Ямар эрхийг сэргээх гээд байгаа нь тодорхойгүй. Мөн хуулийн 9.3 Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам аргаар хэрэгжүүлнэ. Төрийн болон бусад эрх бүхий байгууллага гэдэгт шүүх, арбитрыг ойлгоно. Мөн хуулийн 9.4.4 учирсан хохирлыг арилгуулах. Иргэний эрх зүйд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх нэгэн гол нөхцөл нь гэм хор учирсан байх явдал юм. Эдийн гэм хор гэдэг нь эд хөрөнгийн алдагдал буюу эд юмс гэмтэж устсанаас эд хөрөнгөд учирсан өртгийн алдагдал, түүнчлэн алдсан буюу хорогдсон орлого, зайлшгүй гарах болон гарсан зардлыг ойлгоно. Цагдаагийн байгууллагын дээрх үйлдэл нь хуулиар хүлээсэн тухайн байгууллагын үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл байх бөгөөд энэ үүргээ биелүүлэхдээ хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзсэн. Цагдаагийн газрын албан хаагч нар зөрчигдөөгүй байгаа эрхийг хамгаалахдаа аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэлгүй хохирол учруулах бүрэн эрхтэй субъект мөн үү. Мэдэгдсэний дараа аж ахуй нэгж байгууллага ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс болж иргэд хохирсон цагдаагийн байгууллагын үйлдэл нь зөв юм. Булган аймаг дахь Цагдаагийн газар хаягийн самбарыг замын тэмдэгтэй адилган үзэж мэдэгдэлгүй буулгасанаас болж "Б" ХХК гүйцэтгэсэн ажлаа Булган аймгийн Засаг даргад өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгч чадаагүй болно. "Б" ХХК хохирч байгаа болохоос өөр иргэн, аж ахуй нэгжид хохирол учраагүй юм. Монгол улсын Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага ММ55283:2014 стандартын хамрах хүрээ "Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа засаг захиргааны нэгж, суурин газар, үйлдвэр, уурхай, аялал жуулчлал, рашаан сувилал, түүх соёлын дурсгалт газрууд, өвөлжөө, хаваржаа, үл хөдлөх эд хөрөнгө болон тэдгээрийг холбосон улсын болон орон нутгийн чанартай бүх төрлийн (асфальтан, сайжруулсан шороон болон хөрсөн) замууд, тэдгээрийн уулзварт байрлуулах баталгаажсан хаяг бүхий нэгдсэн загвартай хаягийн тэмдэг, хаягийн зургийн самбарыг үйлдвэрлэх, тээвэрлэх, байрлуулахад тавих ерөнхий шаардлагыг тогтооно" гэж заасны дагуу Булган аймгийн төвд бүх үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулсан байгаа. Үүгээр 2014 онд батлагдсан Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага МNS5283:2014, Авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага МNS4597:2014 стандартууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол улсын 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот Конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орох тухай. 1 дүгээр зүйл.1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо байгуулсан "Замын дохио, тэмдгийн тухай Конвенц"-ийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсугай. 2 дугаар зүйл.  Энэхүү Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу замын "Анхааруулах тэмдэг"-ийн "Аа", "Зогсохгүй явах хориотой" тэмдгийн "В, 2 а" хэлбэрийг сонгон авч байгааг мэдэгдсүгэй гэсэн байдаг. Уг конвенцын 1 дүгээр зүйл. М/ тууш зам гэдэгт замын дагуух эзэмшилд үйлчилдэггүй, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулж тусгайлан байгуулсан замыг ойлгоно.

Нэхэмжлэл  иргэний  хэргийн шүүхийн харъяалал биш байсан бол иргэний хэрэг үүсгэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлииг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааныг заасан. Гэм хорын хохирлын шүүх хуралдааныг анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байтал шүүгч О.О дангаар шийдвэрлэсэн нь процессын алдаа юм. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Булган аймгийн цагдаагийн газраас 22.000.000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Булган аймгийн засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/331тоот “Гэрээ шууд байгуулах тухай”  захирамжийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 62/2018 тоот “Авто замын дагуух газруудад хаягийн самбар байршуулах ажлын гэрээг” Булган аймгийн Засаг даргатай байгуулж 32 байршилд 64 ширхэг самбар байршуулсаныг Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас буулгасан үйл баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. /хх-н 5-12/

Нэхэмжлэгч дээрх самбаруудыг байршуулахдаа гэрээнд заасны дагуу “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавигдах ерөнхий шаардлага” MNS 5283-2014 стандартын дагуу  нийт 22.000.000 төгрөгийн зардлаар гэрээнд заасан  ажлаа хийж гүйцэтгээд захиалагч байгууллагад хүлээлгэж өгөхөөр саналаа явуулсан байхад Булган аймгийн Цагдаагийн газар манай компанид мэдэгдэлгүй самбаруудыг буулгасан тул 22.000.000 төгрөгийн зардал нэхэмжилж байна гэж “аймгийн засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ” болон бусад нотлох баримтуудад үндэслэжээ.

Хариуцагч Булган аймгийн Цагдаагийн газар  нэхэмжлэгч “Б” ХХК нь аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэдэг боловч   тухайн орон нутгийн замын цагдаагийн газраас зөвшөөрөл аваагүй,  мөн MNS 5283 -2104 стандарт нь “Авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага” MNS 4597-2014-стандарттай” зөрчилдөж байсан учир захиалагч аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох эрх бүхий албан тушаалтанд  амаар мэдэгдэж байсан, дээд газраас өгсөн үүргийн дагуу зарим самбаруудыг буулгасан самбарууд нь манай постнууд дээр байгаа  иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, орон нутгийн зам дагуу хийгдэх замын тэмдэг тэмдэглэгээ хийх байхад тууш замд хийгдэх тэмдэг тэмдэглэгээ хийсэн нь осол гарах нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй тул буулгасан гэж тайлбар гарган маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь Булган аймгийн засаг даргатай  байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээний” дагуу тухайн ажил үүргээ гүйцэтгэсэн хэдий ч MNS 5283-2014, MNS 4597-2014 стандартууд зөрчилдсөн тохиолдолд  Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн зохих заалтыг баримтлах бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх  зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч цагдаагийн газар манай компанид мэдэгдээгүйгээр самбаруудыг буулгаж гэм хор учруулсан байхад шүүх бүрэлдэхүүнтэйгээр  шийдвэрлэх байтал шүүгч дангаараа шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Монгол улсын Цагдаагийн ерөнхий газар  тээврийн цагдаагийн албанаас  MNS 5283-2014 стандартыг авто замын орчинд байрлуулахгүй  байхыг захиалагч аймгийн засаг даргад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14/632 тоот албан бичгээр анхааруулсан, 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн тэмдэглэл зэргээр захиалагч байгууллагад нь мэдэгдэж байснаас үзэхэд  хариуцагч Булган аймгийн цагдаагийн газрыг буруутгах боломжгүй байна. 

Нөгөө талаар хариуцагч Булган аймгийн Цагдаагийн газар тухайн самбаруудыг буулган авсанаас болж  нэхэмжлэгч “Б” ХХК-д ямар хэмжээний хохирол учирсан талаар  нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжилж буй 22 000 000 төгрөгт ямар ямар зардал орсон нь тодорхойгүй, хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирол бодитой байх ёстой. Гэм хор учирсан талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлоогүй, гэм хор учирснаас тухайн байгууллагад ямар хор уршиг учирсан нь тодорхойгүй байх тул гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй учир давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн дэвж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267950 төгрөгийг төхийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                         ШҮҮГЧИД                              С.УРАНЧИМЭГ  

                                                                                      М.ХҮРЭЛБААТАР