| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/02544/И |
| Дугаар | 181/ШШ2022/02620 |
| Огноо | 2022-11-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2022/02620
| 2022 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 181/ШШ2022/02620 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т Д” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б Т Х” ХХК-д холбогдох
209,730 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О, хариуцагчийн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хариуцагч “Б Т Х” ХХКнь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 206,730 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөр тооцоог төлж барагдуулаагүй болно. Иймд хариуцагч “Б Т Х” ХХК-иас бараа бүтээгдэхүүний төлбөр 206,730 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 209,730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ”Б Т Х” ХХКнь 2020 оны 04 сарын 03-ны өдөр 206,730 төгрөгийн бараа хүлээж аваагүй бөгөөд манай компани нь тус компанитай зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хийж байгаагүй. Өнгөрсөн 2 жил 2 сарын хугацаанд “Б Т Х” ХХК-ийн захирал надад нэг ч удаа төлбөрийн асуудлаар тайлбарлаж яриагүйгээр шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-”Т Д” ХХК-аас 2022 оны 06 сарын 22-ны өдөр А.Отгонцэцэгт олгосон 3-02-252 дугаартай итгэмжлэл
-Нотариатын үйлчилгээний тасалбар
-”Т Д” ХХК-ийн зарлагын баримт
Хариуцагчаас:
-Б.Золзаяагийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Шүүхэд ирүүлсэн хариу тайлбар хэрэгт авагдсан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Т Д” ХХК нь “Б Т Х” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөрт 206,730 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 3000 төгрөг, нийт 209,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Т Д” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Б Т Х” ХХКнь 206,730 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалан авсан бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч өнөөг хүртэл авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй байгаа тул хүлээн авсан бараа бүтээгдэхүүний мөнгөн хөрөнгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал, нотариатын хөлсийг гаргуулна гэж мэтгэлцсэн.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. “Б Т Х” ХХКнь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 206,730 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, бүтээгдэхүүн зээлээр авах, дараа нь төлбөрийг хийх гэсэн тохиролцоотой ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй, Эх булаг дэлгүүр нь манай дэлгүүр мөн боловч тухайн үед манай компани ажиллуулаагүй байсан, дэлгүүрийн ойролцоо амьдардаг Ж гэдэг хүн манай дэлгүүрийг түр ажиллуулж байсан, тухайн үед би өөрөө гадагшаа явах болоод дулаан, цахилгааны мөнгө өгөхөд хэцүү байсан тул Ж-г уг зардлыг хариуцаад ажиллуул гэж дэлгүүрээ хүлээлгэж өгөөд, би өөрөө Солонгос улс руу явсан, манай компанийн хувьд барааг хүлээн аваагүй, Ж нь ажиллаж байх хугацаандаа манай байгууллагаас 10 гаруй сая төгрөгийн бараа, материал дутаагаад алга болсон, би өөрөө ч хохирогч болсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч “Т Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Зарлагын баримт /№37200402114139/-ыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.
Учир нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Зарлагын баримтад харилцагч Эх Булаг-2 гэснийг хариуцагч “Б Т Х” ХХК-ийн төлөөлөгч Б.З нь өөрийн компанийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн Бэлхэд байрлах хүнсний дэлгүүр мөн гэдгийг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн боловч баримтад заагдсан бараа бүтээгдэхүүнийг компанийн хувиар буюу биечлэн хүлээн аваагүй талаар маргасан тул зөвхөн уг баримтаар хариуцагч байгууллагыг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Тодруулбал, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүний нэр нь Ж гэж бичигдсэн, хариуцагчийн зүгээс Жг өөрийн хамаарал бүхий этгээд бус, тухайн компанид ажилладаггүй талаар мэдүүлсэн, мөн тухайн үед Ж нь дэлгүүрийн цахилгаан, дулааны төлбөрийг төлж, уг дэлгүүрийг бие даан ажиллуулж байсан тул компани уг төлбөрийг хариуцахгүй, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүн нь өр төлбөрийг хариуцах ёстой гэж тайлбарласан, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулагдаагүй тул хариуцахгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч тал бараа бүтээгдэхүүнийг “Б Т Х” ХХК-д хүлээлгэн өгсөн, гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх боловч талуудын хооронд буюу “Т Д” ХХК болон “Б Т Х” ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг хөдөлбөргүй тогтоох үйл баримт, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Нөгөө талаас “Т Д” ХХК нь бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хийсэн гэх боловч иргэн н.Жтай, эсхүл “Б Т Х” ХХК-тай хийсэн нь тодорхой бус байх бөгөөд гэрээний дагуу шаардаж байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан зарлагын баримтаар 206,730 төгрөгийн барааг “Б Т Х” ХХК-д хүлээлгэн өгсөн гэдэг нь хангалттай нотлогдоогүй, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Худалдах, худалдан авах гэрээний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нотариатын зардал 3,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр хариуцагч “Б Т Х” ХХК-д холбогдох бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 206,730 төгрөг нотариатын зардалд 3,000 төгрөг, нийт 209,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Б Т Х” ХХК-д холбогдох бараа бүтээгэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 206,730 төгрөг, нотариатын зардалд 3,000 төгрөг, нийт 209,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Т Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД