Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/00507

 

 

 

 

 

 

 

2023 01 19

101/ШШ2023/00507

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Д.Ганболд, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2 Сэнтрал тауэр 13 давхар, 1305 тоот хаягт байрлах Ард даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Консул тауэр 79-169 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б-д холбогдох,

Даатгуулагчид олгосон хохирлын нөхөн төлбөрт 42,446,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганди, өмгөөлөгч Б.Хүрэлтулга, иргэдийн төлөөлөгч Т.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Худалдаа хөгжлийн банк нь Ард даатгал ХК-тай 2021 оны 5 сарын 20-ны дөр Д2130062178480 тоот Банкны тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан тус банкны өмчлөлийн 00-10 УНЦ улсын дугаартай Land rover Range rover загварын тээврийн хэрэгслийг даатгуулсан байдаг.

Гэтэл 2022 оны 4 сарын 13-ны өдөр хариуцагч С.Батжаргал замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргаж даатгалын зүйл болох 00-10УНЦ тээврийн хэрэгслийг мөргөж, 42,366,239 төгрөгийн хохирол учруулсан нь Хөрөнгө эстимэйт ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Үүн дээр ачих үйлчилгээний 800,000 төгрөгийн зардал гарсан.

2022 оны 4 сарын 19-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар 71-97 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Батжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй гэдгийг тогтоож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, С.Батжаргалын зөрчилд шийтгэл ногдуулан буруутай этгээдийг тогтоосон байдаг.

Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 4.1.8-д Даатгалын тохиолдолд бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 6 сарын 17-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай албан бичгийг тус тус үндэслэн буруутай этгээд болох С.Батжаргалаас нийт 42,446,239 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

С.Батжаргалын үйлдсэн гэх зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд хариуцлага ногдуулснаас бус түүний Худалдаа хөгжлийн банк ХХК-нд 42,366,329 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 42,366,239 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хөрөнгө эстимэйт ХХК-ийн гаргасан тайлангаар тогтоогдсон гэх атлаа энэ талаарх баримтыг гаргаж өгдөггүй, тухайн компанийн тээврийн хэрэгсэлд 42,366,239 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоогүй байхад энэ талаар тогтоогдсон мэтээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу төлсөн 10 хувийн татвар 4,444,626 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энэ хүний учруулсан хохиролд энэ үнийн дүн хамаарахгүй бөгөөд бид 4 сая төгрөгийг төлөх ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Хэрэв Даатгалын байгууллага даатгуулсан этгээдүүдэд мөнгө гаргаж өгөөд дараа нь гуравдагч этгээдээс нэхэмжлэл гаргаж мөнгө аваад байх юм бол даатгалын гэрээний зорилго алдагдана.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 6 сарын 17-ны өдрийн 3/5948 тоот шаардах эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2022 оны 5 сарын 24-ний өдрийн 5/5127 тоот Даатгалын нөхөн төлбөр авах тухай албан бичиг, Банкны тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авах тухай тэмдэглэл, 2022 оны 4 сарын 19-ний өдрийн магадлагаа, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудас, Б.Мөнхбаярын гаргасан өргөдөл, ачаа тээш чингэлэг бэлтгэх, хүлээн авах, ачих, тээвэрлэх үйлчилгээний хураамжийн төлбөрийн баримт, хөрөнгө эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, хавсралт, гэрэл зураг, худалдаа хөгжлийн банк, С.Тэгшдэмбэрэл нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 38,201,615.10 төгрөгийн шилжүүлэгийн баримт, албан татварын тайлан, 4,244,623 төгрөгийг татварын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралданд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ард даатгал ХК нь хариуцагч С.Батжаргалд холбогдуулан 42,446,239 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Ард даатгал ХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан Банкны тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу 42,446,239 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3.Ард даатгал ХК болон Худалдаа хөгжлийн банк ХХК нар 2021 оны 5 сарын 20-ны өдөр Банкны тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан байх бөгөөд энэ гэрээний үндсэн дээр Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн өмчлөлийн Range Rover маркийн 00-10 УНЦ улсын дугаартай автомашинд учирсан хохиролд нэхэмжлэгчээс 38,201,615 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-нд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Банкны тээврийн хэрэгслийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 8-10, 25 дугаар тал/

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг 2022 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 3/5948 дугаартай Шаардах эрх шилжүүлэх тухай хэлцлээр шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/

4.Хариуцагч Ц.Батжаргал нь Prius маркийн 71-97 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа зөрчил гаргаж Худалдаа хөгжлийн банкны өмчлөлийн Range rover маркийн 00-10 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зэм тээврийн осол гаргасны улмаас 42,366,239 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудас, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 12-23 дугаар тал/

5.Хариуцагчаас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлсөн хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх нь Нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл-ээр тодорхойлогдох бөгөөд агуулгын хувьд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар шаардах эрх хэрэгжүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шаардах эрхийг хариуцагч С.Батжаргалд холбогдуулан гаргасан бөгөөд даатгалын гэрээний 4.1.8, Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7-ийн заалтуудыг үндэслэн гуравдагч этгээд буюу буруутай этгээдээс нэхэмжлэх төлбөр нэхэмжлэхээр зохицуулсан байна.

6.Нэхэмжлэгчээс буруутай этгээдийг хариуцагч С.Батжаргал буюу 71-97 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчийг гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээр Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах харилцааг зохицуулсан бөгөөд 499 дүгээр зүйлийн 499.1 болон 499.2 дахь хэсэг нь, тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчид хариуцлага оногдуулах үр дагаврыг зохицуулжээ.

Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс өөр этгээд тус тээврийн хэрэгслийг эзэмших явцдаа бусдад гэм хор учруулсан үйл баримттай зохигчид маргаагүй, хариуцагч тал энэ талаар үгүйсгэсэн тайлбар хийгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг нотолгооны хэрэгсэл гэж үзэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал тус тайлбарыг эсэргүүцээгүй байх тул хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.

7.Хариуцагчаас аж ахуйн нэгжийн албан татварт төлсөн 4,244,623.90 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд 42,366,239 төгрөгийн, ачих үйлчилгээний төлбөрт 80,000 төгрөг нийт 42,446,239 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн шаардах эрх шилжүүлэгчээс 42,446,239 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлсэн ба нэхэмжлэгч нь өөрийн хуулиар хүлээсэн үүрэг болох 4,244,623.90 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

8.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Батжаргалаас 42,446,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ард даатгал ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,244,623.90 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

9.Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгч Ард даатгал ХК нь хариуцагчаас мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Батжаргалаас 42,446,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ард даатгал ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,244,623.90 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,181 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Батжаргалаас 348,958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ард даатгал ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

Б.УНДРАА