Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/03698

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 07

101/ШШ2022/03698

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Н-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: И м сөх-д холбогдох,

 

Цалин хөлс 588,208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Санчирсүрэн, гэрч Ц.Эрдэнэдалай, Б.Бямбадорж, Н.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Миний бие И м сөхнд 2020 оны 12 дугаар сараас хойш орцны үйлчлэгч албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байтал байгууллагын удирдлага солигдсонтой холбоотой 2022 оны 02 дугаар сарын цалин 588,208 төгрөгийг надад олгохгүй байна. Энэ хугацаанд би өөрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Иймд И м сөхноос 2022 оны 02 дугаар сарын цалин 588,208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... И м сөх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь одоо ажиллаж байгаа сууц өмчлөгчдийн холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан, шинээр Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулахыг мэдэгдэхэд удирдлагыг эсэргүүцэж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2022 оны 01 дүгээр сарын цалинг нягтлан бодогч Н.Мөнхтулга гэх хүнээс авсан бөгөөд манай байгууллагын данснаас уг цалинг олгогдоогүй. Н.Мөнхтулга 2021 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн байтал 2022 оны 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг өөрчилж цалин аваагүй хүмүүсийн цалинг олгосон мэтээр шивж, харин ажилласан хүмүүсийн нийгмийн даатгалыг хасаж, байгууллага болон одоо ажиллаж байгаа ажилчдыг хохироогоод байна. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сард ажиллаагүй, цагийн бүртгэл байхгүй гэв.

 

3.Хэргийн нотлох баримт:

 

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн  дугаар мэдэгдэл, 2022 оны 02 сарын цалингийн тооцоо, баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төрийн банкин дахь харилцах дансны харилцагчийн хуулга. 

 

б.Хариуцагчийн нотлох баримт: Төрийн банкин дахь харилцах дансны харилцагчийн хуулга, Удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоол, захирлын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн /1010/01 тоот ажлаас халах тухай тушаал, цагийн бүртгэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт гаргасан гомдол, мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, гэрч П.Аюуш, Н.Мөнхтулга нарын мэдүүлэг. 

 

в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: цагийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн Төрийн банкин дахь харилцах дансны харилцагчийн хуулга, орлогын мэдүүлэг, гэрч Ц.Эрдэнэдалай, Б.Бямбадорж, Н.Мөнхтулга нарын мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын цалин 588,208 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2022 оны 02 дугаар сарыг дуустал орцны үйлчлэгчээр ажилласан тул уг хугацааны цалинг гаргуулна гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ... сууц өмчлөгчдийн холбооны удирдлага өөрчлөгдсөн, мөн Хөдөлмөрийн тухай хууль шинээр хэрэгжсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээ шинэчилж байгуулахыг нэхэмжлэгчид мэдэгдэхэд удирдлагыг эсэргүүцэж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2022 оны 01 дүгээр сараас ажил хийгээгүй, 2022 оны 01 дүгээр сарын цалинг манай байгууллагаас олгоогүй гэж тус тус тайлбарлаж мэтгэлцсэн.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2020 оны 12 дугаар сараас эхлэн орцны үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй, харин 2022 оны 02 дугаар сард ажилласан эсэх, цалин хөлс олгох эсэхэд маргаж байна.

 

5.Хэргийн баримтаас үзэхэд, И м сөхны Удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/01 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал П.Аюушийг үүрэгт ажлаас чөлөөлж, А.Алтантуяаг томилсон байх ба Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын гэрчилгээнд энэ талаар бүртгэл хийгдсэн (хэргийн 39 дэх тал).

 

Мөн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Санчирсүрэн, гүйцэтгэх захирал А.Алтантуяа нараас цагдаагийн байгууллагад ... байгууллагын тамга гэрчилгээг авч зугтан өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байгаа иргэн Б.Байгальмаа, Н.Мөнхтулга нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоож өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргаснаар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, П.Аюуш, Н.Мөнхтулга нараас гэрчийн мэдүүлэг авсан байна (хэргийн 46-51 дэх тал).

 

Түүнчлэн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/01 тоот тушаалаар нягтлан бодогч Н.Мөнхтулгыг ажлаас чөлөөлжээ (хэргийн 52 дахь тал).

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд сууц өмчлөгчдийн холбооны удирдлага өөрчлөгдсөн, улмаар дүүргийн Засаг дарга уг өөрчлөлтийг бүртгэсэн байх ба өмнөх удирдлагын зүгээс байгууллагын тамга, гэрчилгээг хүлээлгэн өгөөгүйгээс маргаан үүссэн байдал тогтоогдож байна.

 

6.2022 оны 02 дугаар сарын цагийн бүртгэлийн дэвтрийг нэхэмжлэгч нь тус шүүх дэх Б.Булгансүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхийн журмаар үзлэг хийлгэх замаар (хэргийн 75-79 дэх тал), хариуцагч нь нотлох баримтын шаардлага хангасан хуулбараар (хэргийн 40-45 дахь тал) тус тус шүүхэд гаргасан ба эдгээр 2 бүртгэлийг харьцуулан үзэхэд камер хянагч Даваацэрэн хөтөлсөн гэх нэхэмжлэгчийн баримт байгууллагын тамга тэмдгээр баталгаажаагүй, бүртгэгчийн гарын үсэг тодорхой бус, харин хариуцагчийн баримт байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан, мөн Ж.Батжаргал бүртгэсэн талаар тусгагдсан байна.

 

7.Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын цалин гэх 700,674 төгрөг авсан талаарх өөрийн дансны хуулгыг шүүхэд гаргасан ба хариуцагчийн хүсэлтээр уг баримтыг тодруулж Төрийн банкнаас баримт гаргуулахад тухайн дансанд бэлнээр шилжүүлэг хийгдсэн байх (хэргийн 86-87, 99 дэх тал) бөгөөд шүүх хуралдаанд гэрч Н.Мөнхтулга уг төлбөрийг бэлнээр, өөрийн ажилладаг Баянмонгол хотхон ХХК-аас олгосон талаар мэдүүлсэн.

 

8.Мөн нэхэмжлэгч нь Ц.Эрдэнэдалай, Б.Бямбадорж нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрчүүд нэхэмжлэгчийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн гэж шүүхэд мэдүүлсэн.

 

9.Нэхэмжлэлд 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн огноотой 2022 оны 02 сарын цалин, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн огноотой, Н.Мөнхтулгын гарын үсэгтэй 2022 оны 1, 2-р саруудын олгогдоогүй байгаа цалин, ээлжийн амралтын мөнгөний тооцоо гэх баримтууд хавсаргаса.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд зохигч талуудын нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг 2022 оны 02 дугаар сард хариуцагч И м сөхнд орцны үйлчлэгчийн ажил үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэл эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй. Тодруулбал,

а.Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цаг хугацааны өмнөх буюу 2022 оны 01 дүгээр сарын цалинг хариуцагч байгууллагаас олгоогүйн зэрэгцээ нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан ажлын цагийн бүртгэлийг хүчин төгөлдөр баримт гэж үнэлэх боломжгүй.

 

б.Мөн сууц өмчлөгчдийн холбоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Мөнхтулгын хөдөлмөрийн гэрээ 2021 оны 10 дугаар сард дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн дансанд 2022 оны 01 дүгээр сарын цалин гэх мөнгийг өөр байгууллагаас шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчид 2022 оны 02 дугаар сард цалин хөлс олгохоор тодорхойлсон түүний үйлдлүүдийг ажил олгогчийн өмнөөс хийгдсэн зохих үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй.

 

в.Үүнээс гадна сууц өмчлөгчдийн холбооны удирдлага өөрчлөгдсөн нь хуульд нийцсэн эсэх асуудал тус маргаанд огт хамааралгүй бөгөөд шүүх дүүргийн Засаг даргаас олгосон бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүрэн эрхийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт зааснаар ажилтан нь гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй боловч хэргийн баримтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд хариуцагч байгууллагад ажил үүрэг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй байна.

  

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 18,900 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И м сөхноос 588,208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Л.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 18,900 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА