Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/03722

 

 

 

 

 

 

 

 

2022 09 09 101/ШШ2022/03722

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Х-Э,

 

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,877,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар, хариуцагч Д.Х-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Д.Х-Э, Б.Б нар нь Хас банктай 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13 тоот зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлсэн. Банк нь мөн өдөр 4,500,000 төгрөгийг зээлдэгч Д.Х-н Хас банкин дахь дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээл 804,660 төгрөг, зээлийн хүү 227,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 275 төгрөг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ збрчиж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 562 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Хас банк нь удаа дараа зээлээ төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч нараас зээл 3,695,340 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх хүү 1,082,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,360 төгрөг, нийт 4,877,164 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... Би 2020 оны 08 дугаар сард ажлаасаа халагдсан, түүнээс хойш 2 сарын хугацаанд зээлийн гэрээний дагуу зээлээ төлж байсан. Тухайн үед ковид өвчин гараад бүх юм хаагдаад надад ажил төрөл хийх боломж байхгүй болсон. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ надад хугацаа өгөөч, одоо нялх хүүхэдтэй, нас 40 гарсан ажил олдоход хэцүү байна гэв.

 

3.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нотлох баримт: 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар зээлийн гэрээ, хариуцагч Д.Х-н дансны хуулга, зээлийн тооцоолол.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,877,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Х-Э хүлээн зөвшөөрч маргахгүй байх боловч хугацаа шаардлагатай гэж тайлбарласан ба хариуцагч Б.Б шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

3.Нэхэмжлэгч Х б ХХК арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ. 

 

4.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тоот барьцаат зээлийн гэрээ (хэрэглээний зээл) байгуулан 4,500,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан, улмаар нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн талаар шүүхэд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул түүнээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

6.Хариуцагч Д.Х-Э ажлаас халагдсан, мөн ковид-19 цар тахалтай холбоотой ажил олдохгүй байснаас зээлээ төлж чадаагүй, одоо ажил эрхлэхгүй байгаа учир зээл төлөх хугацаа өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

Зээлдэгч Д.Х-Э, хамтран зээлдэгч Б.Б нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

7.Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 3,695,340 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх хүү 1,082,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,360 төгрөг, нийт 4,877,164 төгрөг гаргуулахаар шаардсан нь дор дурдсанаар үндэслэл бүхий байна:

 

а.Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн ба хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч нар зээлд 804,660 төгрөг, зээлийн хүүнд 227,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 275 төгрөг тус тус төлж, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй.

 

Дээрх төлбөр тооцоо болон зээлийн тооцооллыг хариуцагч шүүхэд маргаагүй.

 

б.Зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт Хүү (Үндсэн болон хэтэрсэн хугацааны): Жилийн буюу 365 хоногт тогтмол 18 хувь, (сарын 1.5 хувь) байна, 2.4 дэх хэсэгт Нэмэгдүүлсэн хүү: Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийг өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрэний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүүнд дээр нэмж Банкинд төлнө гэж тус тус заажээ.

 

в.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасан.

 

г.Талууд зээлийн гэрээндээ дээр дурдсан байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

 

д.Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардсан нь үндэстэй.

 

е.Хариуцагч Д.Х-Э нь ковид-19 цар тахлын улмаас ажил эрхлэх боломж олдоогүйгээс шалтгаалан зээлээ төлж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь үүссэн нөхцөл байдлын хувьд нийтэд илэрхий хэдий ч тухайн нөхцөл байдлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгчид хандсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг дэх төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтад талуудын зээлийн гэрээ хамаараагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 3,695,340 төгрөг, зээлийн хүү 1,082,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,360 төгрөг, нийт 4,877,164 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 92,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 92,984 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Х-Э, Б.Б нараас 4,877,164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-Э, Б.Б нараас 92,984 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-д олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА