Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/03761

 

 

 

 

 

 

 

 

2022 09 14

101/ШШ2022/03761

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж т к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.С-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,070,367.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Загдхорол, өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Ж т к ББСБ ХХКнь Н.Стай 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГХ19/ тоот зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 2.1.4 дэх хэсэгт гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр ФГХ19/ тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулж, Hyundai porter маркийн, арлын  дугаартай,  УАЕ улсын дугаартай автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч сар бүрийн 15-ны өдөр зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч байнга зөрчсөн, нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 744 хоног зөрчсөн, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаардлага тавьсан боловч үр дүн гараагүй тул фидуцийн гэрээний дагуу ажиллагааг хийх гэсэн боловч хариуцагч нь фидуцийн зүйлийг өөрөө эзэмшдэггүй, орон нутагт оршин суудаг гуравдагч этгээдэд өгч эзэмшүүлж байгаа тул хөрөнгө хаана байгааг олж чадаагүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 6,411,242.29 төгрөг, зээлийн хүү 2,053,361.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,788.14 төгрөг, даатгалын хураамж 346,275 төгрөг, нотариатын төлбөр 21,700 төгрөг, орчуулгын хөлс 12,000 төгрөг, нийт 9,070,367.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж т к ББСБ ХХК-аас 7,500,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн компани нь надаас 9,070,367 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн зээлийг авснаас хойш би зээлийн эргэн төлөлтөө бага багаар хийж нийт 4,560,000 төгрөг эргүүлэн төлсөн, энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Тухайн үед хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан боловч дэлхий нийтийн цар тахал корона вирусын улмаас дэлгүүр маань үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хаалгаа барьсан. Энэ хугацаанд банк бус санхүүгийн байгууллага нь маш их дарамталдаг, дэлгүүрт ирж айлган сүрдүүлдэг байсан. Дэлгүүр дампуурсан ч зээлийн төлбөрөө бага багаар төлдөг байсан. Зээлийн 7,500,000 төгрөгөөс 4,560,000 төгрөгийг эргүүлэн төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 2,940,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин 6,130,367 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хэргийн нотлох баримт:

 

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ 2019.10.15 №ЗГХ19/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ 2019.10.05 №ФГХ 19/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах мэдэгдэл 2020.05.11 №20/170, гэрээ цуцлах шаардлага 2020.05.25 №ш20/153, шаардлага хүргүүлэх тухай 2021.03.22 №ш21/33, шаардлага 2022.03.07 №ш22/017, 2022.04.21 №ш22/47, төлбөрийн баримт, эргэн төлөлтийн хуулга, зардлын дэлгэрэнгүй, Хишигжаргал төлбөрийн баримт.

 

б.Хариуцагчийн нотлох баримт: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,070,367.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2,940,000 төгрөгөөс бусад хэсгийг төлөхөөс татгалзаж байна.

 

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а.Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллага болох нь нотлогдож байна.

 

б.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГХ19/ тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 7,500,000 төгрөгийг жилийн 31.2 хувийн буюу сарын 2.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашины зээлийн зориулалтаар зээлдүүлэхээр тохирчээ (хэргийн 11-13 дахь тал).

 

в.Зээлийн төлөлтийн хуваарьт зээлдэгч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 15-ны өдөр зээл, зээлийн хүүний төлбөрт нийт 320,000 төгрөг төлөхөөр тусгагдсан.

 

г.Зохигчид дээрх байдлаар хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан, улмаар нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн талаар шүүхэд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус зааснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул түүнээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

5.Хэргийн баримтаар хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй, улмаар нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан болох нь тогтоогдож байх (хэргийн 22-26 дахь тал) ба нэхэмжлэгч нь холбогдох хууль болон зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж байгаа талаар нэхэмжлэлд тусгасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна.

 

6.Түүнчлэн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан байх боловч хариуцагч уг тээврийн хэрэгслийг өөр этгээдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон гэж нэхэмжлэгч тайлбарласан, энэ нөхцөл байдлыг хариуцагч шүүхэд үгүйсгээгүй (хэргийн 14-16 дахь тал).

 

7.Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 6,411,242.29 төгрөг, зээлийн хүү 2,053,361.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,788.14 төгрөг төлөхийг шаардсан.

 

Мөн зээлдэгчээс нийт 4,662,538.51 төгрөг төлсөн гэж тодорхойлон эргэн төлөлтийн хуулга баримтад дор дурдсанаар тусгасан (хэргийн 28 дахь тал):

- 2019.10.15 320,000 төгрөг: хүү 64,109.58 төгрөг, зээл 255,890.42 төгрөг,

- 2019.11.15 320,000 төгрөг: хүү 191,958.98 төгрөг, зээл 128,041.02 төгрөг,

- 2019.12.15 320,000 төгрөг: хүү 182,483.29 төгрөг, зээл 137,516.71 төгрөг,

- 2020.01.21 363,000 төгрөг: хүү 227,871.70 төгрөг, зээл 135,128.30 төгрөг,

- 2020.02.15 330,000 төгрөг: хүү 146,243.02 төгрөг, зээл 183,756.98 төгрөг,

- 2020.08.24 600,000 төгрөг: хүү 600,000 төгрөг,

- 2020.10.20 1,309,538.51 төгрөг: хүү 1,061,114.23 төгрөг, зээл 248,424.28 төгрөг,

- 2021.06.04 150,000 төгрөг: хүү 150,000 төгрөг,

- 2021.07.23 150,000 төгрөг: хүү 150,000 төгрөг,

- 2021.08.23 300,000 төгрөг: хүү 300,000 төгрөг,

- 2021.10.05 500,000 төгрөг: хүү 500,000 төгрөг.

 

8.Хариуцагч нь зээл 7,500,000 төгрөгөөс өөрийн төлсөн 4,560,000 төгрөгийг хасч, үлдэх 2,940,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг төлөхөөс татгалзаж, шүүхэд Хаан банкин дахь дансны хуулга ирүүлсэн ба дор дурдсан 1,495,000 төгрөгийн зарлагын гүйлгээг зээлийн гэрээнд хамааралтай гэж тайлбарласан (хэргийн 43, 47-50 дахь тал):

- 2019.10.15 320,000 төгрөг,

- 2019.11.15 320,000 төгрөг,

- 2019.11.17 100,000 төгрөг,

- 2019.11.19 5,000 төгрөг,

- 2019.12.15 320,000 төгрөг,

- 2020.02.17 330,000 төгрөг,

- 2020.02.17 100,000 төгрөг.

 

9.Зээлийн гэрээний 1.1 дэх заалтад ... Зээлдэгч нь гэрээгээр тогтоосон журмын дагуу авсан зээлийг түүний хүүгийн хамт буцаан төлнө, 2.1.3 дахь заалтад Зээлийн хүүгийн хэмжээ: жилийн 31.20%, сарын 2.6% гэж тус тус заажээ.

 

Мөн зээлийн эргэн төлөх хуваарьт сар бүр зээлийн хүүг төлөхөөр тохирсон.

 

а.Талууд дээрх байдлаар зээлийн гэрээндээ зээлийн хүү тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

б.Нэхэмжлэгчийн тооцоололд зээл ашигласан буюу хүү тооцсон хоног, мөн бодогдсон болон төлүүлсэн хүүг тусгасан байх ба хариуцагч уг тооцоог үгүйсгэсэн баримт шүүхэд гаргаагүй.

 

в.Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зээлийн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул зээлд хүү тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

 

Хариуцагч 1,495,000 төгрөгийн баримт шүүхэд гарган 4,560,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгч 4,662,538.51 төгрөг төлсөн тооцоогоо шүүхийн хэлэлцүүлэгт дэмжсэн ба талуудын зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх баримтлах үндэстэйг дурдав.

 

10.Харин нэхэмжлэлд нэмэгдүүлсэн хүү тооцсон байх боловч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү-ний нөхцөл нь дор дурдсанаар хуульд нийцээгүй байна.

 

а.Зээлийн гэрээний 1.3.4 дэх заалтад Хугацаа хэтрүүлсэн хүү гэдэг нь энэхүү гэрээний хавсралт-1-д заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй эсхүл гэрээ цуцлагдсан тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөрөөс бодогдох хүү юм, 2.1.4 дэх заалтад Хугацаа хэтрүүлсэн хүү: жилийн 37.44%, сарын 3.12% гэжээ.

 

б.Талуудын хүсэл зоригийн агуулгыг үгийн шууд утгыг анхаарч тайлбарлах бөгөөд дээр дурдагдсан зээлийн үлдэгдэл төлбөрөөс бодогдох хүү нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол ... зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтаар зээлийн эргэн төлөх хуваарьт хэсэгчлэн төлөхөөр тусгасан зээлийн хэсэгчилсэн дүнг тухайн хуваарьт хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох байтал талуудын зээлийн гэрээнд зээлийн үлдэгдэл төлбөрт нэмэгдүүлсэн хүү тооцох өөр агуулга илэрхийлэгджээ.

 

в.Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээ нь зээлдүүлэгч талаас зээлдэгч талд санал болгож байгаа, хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон шинжтэй учир Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарах ба мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заажээ.

 

г.Иймээс дээрх үндэслэлээр талуудыг нэмэгдүүлсэн хүүний талаар хуульд нийцүүлэн тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн тооцооллоор нэмэгдүүлсэн хүүнд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 7,158.28 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 184,441.75 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 25,209.36 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 33,977.83 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 47,130.53 төгрөг тус тус төлүүлсэн, мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 64,896.17 төгрөг тооцсон нь нэхэмжилсэн хүүний төлбөр 2,053,361.59 төгрөгт багтсан байх тул эдгээрийн нийлбэр 362,813.92 төгрөгийг зээлийн хүүний шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

 

д.Мөн нэхэмжлэлд хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй 225,788.14 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11.Нэхэмжлэлд зээлийн гэрээний үүргээс гадна ... зээлийн гэрээний 2.1.9 дэх заалтад зээлдэгч нь даатгалын байгууллагаар тээврийн хэрэгслийн даатгал хийлгэж даатгалын төлбөр төлөхөөр заасан үндэслэлээр даатгалын хураамж 346,275 төгрөг, ... шүүхэд гаргах нотлох баримтын хуулбарыг гэрчлүүлэх, мөн нотлох баримтыг монгол хэл рүү орчуулуулахтай холбоотойгоор тус тус нотариатч болон орчуулагчид төлсөн үндэслэлээр нотариатын төлбөр 21,700 төгрөг, орчуулгын хөлс 12,000 төгрөг тус тус төлүүлэхээр шаардсан.

 

а.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

б.Гэвч зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг эхээр нь шүүхэд өгөх боломжтой, мөн нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд, өөрийн эрх зүйн байдалтай холбоотойгоор орчуулагчид хөлс төлсөн гэж үзэхээр байх тул эдгээр зардлыг дээрх хуулийн зохицуулалтаар үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн хохиролд тооцох үндэслэлгүй.

 

в.Мөн даатгалын хураамж гэх төлбөрт холбогдуулан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ гэх баримтууд (хэргийн 20, 21 дэх тал) нэхэмжлэлд хавсаргасан байх боловч даатгагч, даатгуулагч баталгаажуулаагүй буюу хүчинтэй болоогүй баримт байхын зэрэгцээ тухайн хураамжийг нэхэмжлэгч төлсөн гэх баримт шүүхэд ирүүлээгүй.

 

г.Дээрх үндэслэлээр даатгалын хураамж 346,275 төгрөг, нотариатын төлбөр 21,700 төгрөг, орчуулгын хөлс 12,000 төгрөгийг тус тус хариуцагчаас төлүүлэхээр шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

 

12.Шүүх дээр дурдсаныг нэгтгэн хариуцагчаас зээлийн үлдэгдэл 6,411,242.29 төгрөг, зээлийн хүү 1,690,547.67 (2,053,361.59-362,813.92) төгрөг, нийт 8,101,789.96 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх талуудын гаргасан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж маргааныг ийнхүү хянан шийдвэрлэсэн болно.

 

13.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хэсэгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн төлсөн 160,075.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 144,579 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.С-аас 8,101,789.96 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж т к ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 968,577.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж т к ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,075.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С-аас 144,579 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж т к ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА