Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/03874

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батсайхан, Х.Энхтайван, өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч Л.Э, өмгөөлөгч Ц.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... А.Д нь Л.Эд 53,388,500 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 0395 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Л.Э-ийн Хаан банкин дахь тоот дансанд нийт 35,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч зээлдэгч нь 12,600,000 төгрөг л төлөөд үлдэгдэл 22,400,000 төгрөгөө одоог хүртэл төлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 22,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзалд: ... Миний бие А.Д-аас нэг ч төгрөг аваагүй, зээл авах ямар ч шаардлага байхгүй. А.Д намайг хуурч мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан нь үнэн. А.Д гэгч хүн бид хоёрын хооронд ярьж тохирч зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарт: ... Гэрээг сайн дурын үндсэн дээр, гол нөхцөлөө тохиролцон, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулах ёстой байтал энэ гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хэлцэл. Учир нь, уг зээлийн гэрээг анх байгуулахад хариуцагч нь сайн дурын үндсэн дээр бус, би явмаар байна гэж дахин дахин хэлэхэд нэхэмжлэгч нь та гарын үсгээ зурчихаад яв, үгүй бол явуулахгүй, танд ямар ч хамаагүй, таныг яах ч үгүй гэж удаа дараа амлалт өгч, итгүүлж хууран мэхэлсэн. Эко захын хагас боловсруулсан бүтээгдэхүүн зардаг хүү Олонцоож, бэр Баярцэцэг нарын лангуун дээр би охин Оюунтүлхүүртэй ээлжлэн хааяа сууж тусалдаг байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танай лангуу өртэй, өрөө төлөхгүй байна гэж хэлээд охин Оюунтүлхүүрээс банкны карт уншдаг 2 ширхэг пос машиныг авч явсан. Худалдаа хийхэд пос машин маш их хэрэгтэй байсан тул А.Д-ы танил Сараа гэдэг хүнээр дамжуулан пос машинаа буцааж авахаар Натур төвийн хажууд байдаг UB tower гэх газар очсон. Тэнд А.Д-тай уулзаж, 1 ширхэг пос машинаа буцаан авах үед одоо цуг яваад гарын үсэг зураадах гэсэн, би юун гарын үсэг надад хамаагүй гэж дургүйцэхэд танд хамаагүй, зүгээр л гарын үсэг зурах хэрэгтэй байна гээд машиндаа суулган нотариат руу явахад нь би буумаар байна, хүүхдүүд гарын үсэг зуралгүй хүрээд ир гэсэн, би гарын үсэг зурахгүй гэхэд А.Д гарын үсгээ зурахгүй бол явуулахгүй гээд машинаасаа буулгахгүй байсан, Цайз 16-д байдаг нотариатын газар ирсэн. Нотариатч гэрээ байгуулахдаа хоёр талын зөвшөөрөл, гэрээний гол нөхцлийг тохиролцсон байдал зэргийг лавлаж, сайн дурын үндсэн дээр хийж байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр батлах ёстой байтал тухайн үед надаас зөвхөн иргэний үнэмлэх асуугаад байхгүй гэхэд хур системээс иргэний үнэмлэхийн мэдээллийг татан гэрээнд хавсаргасан, гэрээ ямар үр дагавартай талаар огт тайлбарлаж өгөөгүй. Ингээд өөр юу ч лавлалгүй гэрээ боловсруулж, хэвлээд А.Д-д өгсөн бөгөөд А.Д надад гарын үсгээ зүгээр л зур, танд огт хамаагүй гэсэн. Би энэ үед хараа муутай нүдний шилгүй учраас богино хугацаанд гэрээг уншиж танилцаж чадахгүй байсан тул чи цаасан дээр танд хамаагүй гэдгээ бичиж гарын үсгээ зурж өг гэж А.Д-аас шаардаж, цаасны өөдөс дээр бичиж, гарын үсгийг нь зуруулсны дараа тэр гэрээнд гарын үсгээ зурсан. Ийнхүү бичсэн баримт хэргийн 30 дахь талд хавсаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь уншаад намайг хууран мэхэлж гэрээ байгуулсан, бусдын өр төлбөр төлүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг мэдсэн үеэс эхлэн тооцохыг шүүхээс хүсч байна. Настай хүнийг өөрийгөө хамгаалах чадваргүй байгааг далимдуулан, хүчээр гарын үсэг зуруулж, хүүгээс маань авах ёстой мөнгөө надаас нэхэж, зовоож, данс хаалгаж, шүүхэд хандаж байгаа нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл учир маш их гомдолтой байна. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзалд: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0395 дугаар зээлийн гэрээг хууран мэхэлж байгуулсан гэдэг нь үндэслэлгүй. Тодруулбал, уг гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, гол нөхцлийг тусгасан бөгөөд хариуцагч нь бүрэн танилцсаны үндсэн дээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулаагүй, 40 дүгээр зүйлд заасан гэрээг байгуулсанд тооцох шаардлагыг бүрэн хангаж байна. Тиймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Хэргийн нотлох баримт:

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0395 дугаар зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ, Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 690, /685 дугаар тодорхойлолт, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ү.О*******ийн баталгаа, А.З*******ийн баталгаа, Хаан банкин дахь А.З*******ийн тоот, А.Д-ы  тоот, Ү.О*******ийн  тоот, Ч.У*******ын  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, нэхэмжлэлийн тооцоолол, Ч.Олонцоожтой байгуулсан зээлийн гэрээ.

б.Хариуцагчийн нотлох баримт: гар бичмэл баримт, Л.Э, Д.О нарын Хаан банкин дахь  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 28ш3-3/3597 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 523 дугаар тодорхойлолт, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн илтгэх хуудас, гэрч Б.Б*******, Б.С******* нарын мэдүүлэг.

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 0395 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагчийн дансанд нийт 35,000,000 төгрөг шилжүүлсэн. 12,600,000 төгрөг төлөөд үлдэгдэл 22,400,000 төгрөгөө одоог хүртэл төлөөгүй тул 22,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

3.Хариуцагчийн татгалзалд ... нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй, зээл авах ямар ч шаардлага байхгүй, бидний хооронд ярьж тохирч зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй, нэхэмжлэгч намайг хуурч мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ... 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 0395 дугаар зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулаагүй, нэхэмжлэгч нь та гарын үсгээ зурчихаад яв, үгүй бол явуулахгүй, танд ямар ч хамаагүй, таныг яах ч үгүй гэж удаа дараа амлалт өгч, итгүүлж хууран мэхэлсэн учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж тайлбарласан.

5.Нэхэмжлэгчийн татгалзалд: ... зээлийн гэрээг хууран мэхэлж байгуулсан гэдэг нь үндэслэлгүй, талуудын эрх, үүрэг, хариуцлага, гол нөхцлийг тусгасан бөгөөд хариуцагч бүрэн танилцсаны үндсэн дээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан гэж маргасан.

6.Зохигчид дор дурдсан нотлох баримтуудыг шүүхэд гарган мэтгэлцсэн. Үүнд:

6.1.Талууд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 0395 дугаар зээлийн гэрээг бичгээр үйлдэж, нэхэмжлэгчээс хариуцагчид 53,388,500 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулжээ (хэргийн 6 дахь тал).

Дээрх зээлийн гэрээний 3.4 дэх зээл олгох хэлбэр, хугацаа заалтад Хаан банкны 5039962015 тоот дансанд 2020 оны 12 дугаар сард олон удаагийн үйлдлээр өөрийн дансаар хүлээн авсан гэж дурджээ.

6.2.Нэхэмжлэгч Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудыг гаргаж дор дурдсан нийт 35,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын гүйлгээг нэхэмжлэлд хамааралтай гэж тайлбарласан (хэргийн 12-17 дахь тал):

а.А.З*******ийн тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоот дансанд 2,000,000 төгрөг tsooj bagts ichenhorloo гүйлгээний утгатай,

б.А.Д-ы  тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3,300,000 төгрөг (харьцсан данс тусгаагүй), 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоот дансанд 6,000,000 төгрөг tsoojiin bagts altantuya гүйлгээний утгатай, тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоот дансанд 1,000,000 төгрөг olontsooj гүйлгээний утгатай,

в.Ү.О*******ийн  тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг (харьцсан данс тусгаагүй), 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тоот дансанд 6,700,000 төгрөг olontsooj temvvjin bayraa гүйлгээний утгатай,

г.Ч.У*******ын тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тоот дансанд 5,000,000 төгрөг tsooj bagts manduuxai гүйлгээний утгатай, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоот дансанд 1,000,000 төгрөг tsooj bagts ichenhorloo гүйлгээний утгатай.

6.3.Мөн нэхэмжлэгчээс Ч.У*******той байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээ, А.З*******, Ү.О*******э нарын баталгаа гаргах тухай тодорхойлолт, дансны тодорхойлолтыг тус тус нэхэмжлэлд хавсаргасан (хэргийн 7-11 дэх тал).

6.4.Дээрх дансны хуулгуудад тусгагдсан 5039962015 тоот дансыг хариуцагч болон Д.Олонцоож нар хамтран эзэмшдэг байх ба хариуцагч нь уг дансны хамтран эзэмшигчээр бүртгэлтэй боловч өөрөө ашигладаггүй, хүү Д.Олонцоож ашигладаг гэж тайлбарлан 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргасан (хэргийн 78-102 дахь тал).

6.5.Шүүх талуудын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Б.Б******* ... энэхүү гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн, гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд автахгүйгээр хүсэл зоригт нийцсэн ... нотариатчийн дэргэд Э, Д нар гарын үсэг зурсан ... надад дарамт шахалттай зүйл мэдрэгдээгүй, хүн чөлөөтэй байж хурууны хээ гардаг, дарамт шахалтад орсон зүйл байгаагүй гэж, гэрч Б.С******* ... Л.Э-тай Эко худалдааны төвийн гадаа автобусны буудал дээр уулзаж ... А.Д эгчтэй уулзаад нотариат орохоор явсан, хүүхдэд нь мөнгө зээлсний дагуу дагуулж явсан ... Хүүхэд нь зээл авсан, хүүхдийнхээ өмнөөс төлөх үү гэхэд төлнө гэсэн яриа болсон ... Би А.Д, Олонцоож хоёрыг танилцуулж байсан, тийм учраас би Олонцоожийг олохоор болсон, ээжийнх нь дугаарыг охиноос нь авсан, тэгээд автобусны буудал дээр танилцаад болсон процессыг ярьсан ... Олонцоож бидэнтэй нүүрээрээ харьцаж байсан хэрнээ надад данс байдаггүй, манай ээжийн данс гээд өгч байсан гэж тус тус мэдүүлсэн.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд шүүх талуудын нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан үзэхэд дор дурдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх ба 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0395 дугаар зээлийн гэрээ бичгээр хийгдсэн боловч уг гэрээг байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Тодруулбал,

а.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

б.Хэргийн баримтаас үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 53,388,500 төгрөгийн зээл олгогдоогүй байх ба энэ талаар талууд шүүхэд маргаагүй.

в.Харин нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрийн хугацаанд хариуцагч болон Д.О нарын хамтран эзэмшдэг тоот дансанд 35,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнтэй холбоотойгоор 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан.

г.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй)-г хэлцэл гэх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

Түүнчлэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцлийг хийсэн гэж үзнэ.

д.Гэвч гэрч Б.С*******гийн ... Л.Э-тай ... А.Д эгчтэй уулзаад нотариат орохоор явсан, хүүхдэд нь мөнгө зээлсний дагуу дагуулж явсан ... Хүүхэд нь зээл авсан, хүүхдийнхээ өмнөөс төлөх үү гэхэд төлнө гэсэн яриа болсон ... Би А.Д, Олонцоож хоёрыг танилцуулж байсан, тийм учраас би Олонцоожийг олохоор болсон, ээжийнх нь дугаарыг охиноос нь авсан ... гэх мэдүүлэг, мөн дээрх зарлагын гүйлгээнүүдийн утга tsooj bagts ichenhorloo, tsoojiin bagts altantuya, olontsooj, olontsooj temvvjin bayraa гэж бичигдсэн зэргийг талуудын тайлбартай харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгө зээлдүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлдэн авах хүсэл зоригоо харилцан илэрхийлж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч болон түүний хүү Д.Олонцоож нарын хамтран эзэмшдэг дансанд нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлсэн явдал нь тухайн мөнгөтэй холбоотой үүрэг, хариуцлагыг хариуцагчид шууд үүсгэхгүй болно.

е.2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бичгийн зээлийн гэрээ нь 2020 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрийн хугацаанд хариуцагч болон Д.Олонцоож нарын хамтран эзэмшдэг тоот дансанд мөнгө шилжүүлсэнтэй холбоотой байх боловч тухайн шилжүүлгүүд дэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс тухайлан хариуцагчид зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, үүнээс гадна тус зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагчид өөр мөнгөн хөрөнгө зээлдүүлээгүй байна.

ё.Түүнчлэн нэхэмжлэлд хариуцагчийг 35,000,000 төгрөгөөс 12,600,000 төгрөг буцаан төлсөн гэж дурдсан бөгөөд зээлийн гэрээ үйлдсэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Д.Оюунтүлхүүр гэх этгээд тоот дансаар 9 удаагийн гүйлгээгээр цоож гэсэн утгаар нийт 600,000 төгрөг төлсөн тухай тооцооллыг нэхэмжлэгчээс ирүүлсэн. Гэвч энэ нь хариуцагчид хэрхэн хамааралтайг нэхэмжлэгч тайлбарлаагүй болно (хэргийн 119 дэх тал).

8.Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

9.Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бичгийн зээлийн гэрээ-г хууран мэхэлж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг шаардлага гаргасан ба дээр дурдсанаар байгуулагдаагүй зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэх үндэслэлгүй.

Үйл баримтын хувьд, нэхэмжлэгчийн зүгээс танд хамаагүй, зүгээр л гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж хариуцагч тайлбарлаж гар бичмэл баримт шүүхэд гаргаж байх боловч гэрч Б.С*******, Б.Б******* нарын мэдүүлгээр ийм байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэлцэл хийх зорилгоор хариуцагчийг хууран мэхэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

10.Хариуцагч нь хүү Д.Олонцоожийн зээлийг төлөх талаар нэхэмжлэгчтэй хэлэлцэх, тохиролцох асуудал нээлттэй бөгөөд нэхэмжлэгч ийм үндэслэлээр хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаагүй, мөн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бичгийн зээлийн гэрээ-нд ийм агуулга илэрхийлэгдээгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар үндэслэлээр юу шаардах нь түүний бие даан тодорхойлох асуудал бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас өөрөөр шийдвэрлэх эрхгүй болно.

 

Иймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгөтэй холбоотой өөр шаардлагыг зохих этгээдэд холбогдуулан гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

11.Дээрх үндэслэлүүдээр шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 22,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0395 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Э-д холбогдуулан гаргасан 22,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Д-ы нэхэмжлэлийг, нэхэмжлэгч А.Д-д холбогдуулан гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0395 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Л.Эгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА