| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/1009/З |
| Дугаар | 128/ШШ2023/0044 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0044
2023 оны 01 сарын 11 өдөр Дугаар 128/ШШ2023/0044 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И.Х************
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б************,
Хариуцагч: С******* Нийгмийн даатгалын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М************, Н.У************ нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М************, Н.У************, нарийн бичгийн дарга М.Д******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.Х************ нь С******* нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “И.Х************ 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өргөдөлд С******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож, олгохыг С******* нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч И.Х************ нь 1969 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эмэгтэй, Мо******* 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророор анх томилогдон ажилласнаас хойш прокуророор тасралтгүй 25 жил 1 сар ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Мо******* 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/**** дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
2.2. Улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материал бүрдүүлэн өргөдлөө 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С******* Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан боловч тус хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/**** тоот албан бичгээр "Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул Прокурорын тухай хуулийн дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.
2.3. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч шүүхэд “С******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож, олгуулахыг С******* нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие улсад нийт 29 жил ажилласан бөгөөд Монгол Улсын прокурорын байгууллагад 25 жил тасралтгүй ажилласан. 1 хүүхэдтэй юм Прокурорын ажил нь онцгой нөхцөлд ажилладаг Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагчийн хувьд нийгмийн баталгааг өөрөөр тогтоодог юм. Иймд Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насан хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж хуульчилсан байна. Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно” гэж заажээ.
3.2. Дээрх хуулийн заалт нь эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол шууд тэтгэвэрт гаргахаар хуульчилсан биш, харин өөрөө хүссэн тохиолдолд дээрх насанд хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор эрх олгосон зохицуулалт юм. Прокурорын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудад тэтгэврийн насыг болон ажилласан хугацааг зөрүүтэй заасан ч эдгээр хуулийн шаардлагаар 25 жил ажилласан прокурор тэтгэвэр тогтоолгох эрхтэй нас бөгөөд ажилласан хугацаа юм. Нөгөө талаас Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, ...баталгаа, ...бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж , 60 дугаар зүйлд прокурорын “Нийгмийн баталгааг” “50 насанд хүрсэн эмэгтэй эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж прокурор нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийг 3.3 дахь хэсэгт “хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байна.
3.3. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас Прокурорын тухай хуульд зааснаас өөр өөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр хуулийн зохицуулалттай байна. Прокурорын тухай хуульд зааснаар миний бие насны хувьд ч, ажилласан хугацааны хувьд ч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх бүрэн үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3.4. Хууль хэрэглээний талаар шүүхийн практик ч тогтсон байгаа. Монгол Улсын Ерөнхий Прокурор “тэтгэвэрт гарах тухай миний хүсэлтийг харгалзан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/**** дугаар тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С******* Нийгмийн даатгалын хэлтэст “өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай” өргөдөл материал өгсөн юм. Иймд өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан С******* Нийгмийн даатгалын хэлтсийн ******* 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоох, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг С******* Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэжээ.
3.5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус дүүргийн 20 дугаар хорооны иргэн И.Х************ нь С******* Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоох, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг С******* Нийгмийн даатгалын хэлтэст даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. "Прокурорын тухай" хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэсэн хуулийн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгуулах хүсэлт гаргасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20- иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэсэн нөхцөлийг хангаагүй байна.
3.6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн Даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл И.Х************ нь Прокурорын байгууллагад 25 жил ажилласан нөхцөлөөр Прокурорын тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж үзэж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул Прокурорын тухай хуулийн дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна.
3.7. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт заасны дагуу иргэн И.Х************ нь 55 нас хүрсэн, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлтэй юм. Гэтэл И.Х************ хувьд 55 нас хүрээгүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоож, олгох боломжгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч И.Х************ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “...Прокурорын тухай хуульд зааснаар насны хувьд ч ажилласан хугацааны хувьд ч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул өргөдөл гаргасан. Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хууль хоорондоо зөрчилдвөл нэгдүгээрт, нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглэх эсвэл хамгийн сүүлд батлагдсан хуулийн заалтыг хэрэглэхээр зохицуулсан. Тиймээс 2017 онд батлагдсан Прокурорын тухай хуулийг удирдлага болгоно...” гэж, хариуцагчаас “...Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулаагүй тул Прокурорын тухай хуулийн дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Нэхэмжлэгч И.Х************ нь 1969 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эмэгтэй, Мо******* 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророор анх томилогдон ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Мо******* 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн буюу прокуророор тасралтгүй 25 жил 1 сар ажилласан байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн прокуророор ажилласан жил, нас зэрэгт маргаагүй, зөвхөн Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой эсэх хууль хэрэглээний асуудлаар маргаж байна.
4. Прокурорын тухай /шинэчилсэн найруулга/ хууль нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино”, 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж тус тус хуульчилснаас үзэхэд уг хуулиар прокурор, түүний эрх зүйн байдал, нийгмийн хамгааллын асуудлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлжээ.
5.1. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоосон бол, 4 дүгээр зүйлийн 2-т төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр.... 3-т газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ тэтгэвэр тогтоолгон авах-аар, 6-д гоцлол дуучин, бүжигчин хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахаар тус тус заасан байна.
5.2. Хуулийн дээрх зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд энэ хуулиар 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан буюу даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр байна. Энэ хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх үндэслэлгүй юм.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд прокурор, түүний эрх зүйн байдал, нийгмийн хамгааллын асуудлын талаарх харилцааг сүүлд нарийвчлан зохицуулсан Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна.
7. Иймд С******* Нийгмийн даатгалын хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/**** тоот албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул Прокурорын тухай хуулийн дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгч, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хуульд нийцэхгүй бөгөөд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “...50 насанд хүрсэн эмэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан болзлыг зэрэг хангасан нэхэмжлэгч И.Х************ өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэлээ.
8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ...хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан.
9. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус хэлтэст хандан өргөдөл, холбогдох баримтаа гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан “2022.11.01-нд Өн тэтгэврийн материал хүлээн авав” /хх 10 тал/ тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул хариуцагч С******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож, олгохыг С******* Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1, 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Х************ С******* нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, И.Хү************ 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өргөдөлд С******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоож олгохыг С******* нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ