Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/669

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

хохирогч Б.Д-,

шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/458 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2108000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв;

Б.Г-, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа цахилгаан бараа засдаг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед ***  гэртээ “найз алгадсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Д-ын баруун суга болон хөхний орчим 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, баруун суганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулан алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...хэрэг гардаг өдөр хохирогч Д- нь нилээд согтсон бөгөөд манай найз нарыг зодож цохиж, дараа нь архины шил хагалаад Г-ын гарыг зүсэж манай гэр оронд агсраад байхаар нь би хутга аваад айлгах санаатай 2 удаа хутгалсан юм. Миний хувьд хохирогчийг алах санаатай үйлдэл хийгээгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өөрчилж, эрх зүйн байдлыг маань дээрдүүлж өгөхийг хүсье. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба харж хандах хүнгүй үлдсэн 2 охиныг маань бодож энэхүү гомдлыг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад гомдол санал байхгүй. Эрүүл мэндийн байдал сайн байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгт болсон үйл явдлын талаар тодорхой тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн. Иймээс хэргийн бодит байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Түүнчлэн шүүгдэгч Б.Г-ын эрүүл мэндийн байдал болон ар гэрт нь бага насны хоёр хүүхэд харж хандах хүнгүй үлдсэнийг анхаарч үзэхийг хүсье. ...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Г- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, алахыг завдсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэлийн хувьд хүнийг алахад чиглэсэн шууд санаатай үйлдэл хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй. Иймээс гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилсэн. Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Б.Г- нь хохирогчид уурлан гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд хохирогчийн баруун суга, баруун хөх хэсэг рүү 2 удаа хутгалсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөгдсөн, хохирогчоос цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг оногдуулсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд тэд хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаж байна. Энэ нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамааруулах эсэх асуудалтай холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс хөнгөн юм. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед ***  гэртээ “найз алгадсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Д-ын баруун суга болон хөхний орчим 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, баруун суганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулан алахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Г-ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, тухайлбал шүүгдэгч Б.Г-ын үйлдэлд хохирогч Б.Д-ын амь насыг хохирооход чиглэсэн субъектив санаа зорилго тодорхой бус байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн үйл явдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг анхаарч,  ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зөв тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлийг тодорхойлон заадаг тул түүнийг буруу хэрэглэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг буруу сонгоход хүргэж, ингэснээрээ ял завшуулах эсхүл үндэслэлгүйгээр хүнд ял оногдуулах боломжийг бүрдүүлдэг тул уг тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан хуулийг буруу хэрэглэсэнд хамааруулан үздэг ба энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх зарчмыг хангасан байхын зэрэгцээ сонгон оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь хүнийг алахыг завдах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээнээс их байна.

Иймээс Б.Г-ын дээрх үйлдлийн субъектив санаа зорилгыг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар шалгаж, тодруулсны эцэст хэргийн талаар бодитой хууль зүйн дүгнэлт хийж, уг дүгнэлтэд тулгуурлан хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай ба шүүхээс уг асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан Б.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхилоо.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/458 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хэрэг очтол Б.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН