Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/1021/з |
Дугаар | 221/MA2017/0264 |
Огноо | 2017-04-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 221/MA2017/0264
2017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2017/0264 | Улаанбаатар хот |
Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Энхцэцэгийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Энхцэцэгийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн №80 тоот шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1 -д зааснаар “... “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон”-ыг ойлгох бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд нэгэнт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь бүтэц, орон тоог өөрчлөн баталснаар хасагдсан байх тул нэхэмжлэгчийн “Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байр, албан тушаал хасагдаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна” хэмээн [дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын Халамжийн |үйлчилгээний хэлтэс хэвээр байдаг бөгөөд тус хэлтсийн даргын ажил байхгүй болоогүй, дэд даргад энэхүү ажил нь хавсрагдаж байгаа нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан “орон тоо хасагдсан” гэдэгт .... тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон гэх ойлголтод хамаарахгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж ирсэн.
Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээд, байгууллага, ажил олгогчид бусдаар гүйцэтгүүлэх “ажил үүрэг” байснаар ажлын байр бий болж, түүнийг нэрлэсэн албан тушаалын нэр үүсдэг. Анхдагч ойлголт нь “ажил” байснаар албан тушаал бий болдог. Үүнийг УДШүүх “орон тоо хасагдсан” гэх үндэслэлийг “ажил, албан тушаал” хэмээн тодорхой тайлбарласан байдаг. Ажил олгогчийн ажилтан, албан хаагчийн эрхийг зөрчихгүй байх, ажил олгогчид баримт бичгийн давуу байдал хадгалагддаг тул “ажил үгүй” болсноор тухай нэршлийн ажлын байр, албан тушаал мөн адил үгүй болох
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийн “ажил” хасагдаагүй гэдгийг шүүхэд тайлбарласаар байтал “ажлын байр, албан тушаал” хасагдаагүй хэмээн тайлбарласан мэтээр шүүхийн шийдвэрт бичсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын гүйцэтгэх ажил, үүрэг байхгүй болоогүй, зөвхөн хэлбэрийн төдий буюу албан тушаалын нэрийг хассанаар тухайн ажил үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гаргасан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн №80 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Д.Энхцэцэгийг Нийслэлийн нийгмийн халамж газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас Нийслэлийн нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Аймаг нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан байх бөгөөд Нийслэлийн нийгмийн халамжийн газрын бүтэц, орон тооноос Халамжийн хэлтсийн даргын албан тушаал хасагдаж, харин тус хэлтэст өмнө байснаараа буюу нийт 8 мэргэжилтний орон тоотойгоор батлагдсан байна.
Ийнхүү Нийслэлийн нийгмийн халамж газрын Халамжийн хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж, шинэ бүтцээр Халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг тус газрын “дэд дарга” хариуцан ажиллахаар болсон байна. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж зааснаар төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын гүйцэтгэх ажил, үүрэг байхгүй болоогүй, зөвхөн хэлбэрийн төдий албан тушаалын нэрийг хассанаар тухайн ажил үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй” хэмээн маргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байр шинэ бүтцээр хасагдаж, түүний хийж байсан албан үүргийг газрын дэд дарга хавсран ажиллах болсон байгаа тул тухай ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Нөгөө талаар Нийслэлийн нийгмийн халамжийн газрын хуучин бүтцээр дэд даргын орон тоо байсан байна. Тиймээс шинээр бүтэц өөрчлөгдөж дэд даргын орон тоо шинээр бий болсноор Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын чиг үүрэг дэд даргад шилжсэн хэрэг биш байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ