Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0025/з |
Дугаар | 85 |
Огноо | 2018-02-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 85
Ч.Ц-ын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Ч.Тунгалаг
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах, Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар Ч.Ц-ыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах”
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2017/0027 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0838 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Ч.Ц, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас
Хариуцагч: С.Мөнхтүвшин нар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2017/0027 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 23.14, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-ын “Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах, Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар Ч.Ц-ыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0838 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2017/0027 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-ын “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах тухай” шаардлагыг хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг баримтлан “Ч.Ц-ыг Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилохыг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгах тухай” Ч.Ц-ын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын гомдол... Нэхэмжлэгчийн зүгээс тус 0838 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг баримтлан Ч.Ц-ыг Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилохыг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгах тухай Ч.Ц-ын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах байдлаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дугаар 0838 тоот магадлалын хянавал хэсгийн хоёр дах хэсэгт Ч.Ц-ыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах шаардлагыг дүгнэжээ.
5. Уг хэсгийн хоёр дахь догол мөрөнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4 дэх хэсгүүдийг дурдаад “... сумын Засаг дарга нь багийн Засаг даргад томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлын санал болгосон нэр дэвшигчийг эхний удаад татгалзах эрхтэй байна” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
6. Бодит байдал дээр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг хуулийн дагуу явагдаагүй, дахин явуулахаар зөвлөсөн нь өөрөө тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан эхний удаа татгалзсан хэлбэр байсан болно. Өөрөөр хэлбэл тухайн татгалзлалын үндэслэл нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан хуулийн дагуу явагдаагүй учир дахин санал хураалт явуулж тогтоол ирүүлэхийг шаардсан байсан.
7. Дээрх үйлдэл нь тус хуулийн 26.4-д заасан нэг удаагийн татгалзал хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь тус хуулийн 26 дугаар зүйлд зааснаар дээд шатны Засаг дарга зөвлөмж гэсэн хариу хүргүүлэх боломж хуулиар олгогдоогүй болно.
8. Иймээс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоол нь хуулийн 26.4-д заасан татгалзсаны дараах дахин санал хураалт явуулж томилуулахаар хүргүүлж буй тогтоол учир Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга уг тогтоолыг хүлээн авсанаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байсан.
9. Нэгэнт нэхэмжлэгчийн гаргасан Сүмбэр сумын Засаг даргын Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулах шаардлагыг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тус хуулийн 26.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь бодит байдал дээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сэргээгдэхгүй нөхцлийг бүрдүүлсэн.
10. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 0838 тоот магадлалын тогтоох хэсгийн нэгдэх заалтын нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагатай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
12. Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргыг сонгох санал хураалт явуулсан, багийн Засаг даргад нэхэмжлэгч Ч.Ц, гуравдагч этгээд М.Ц нар нэр дэвшиж, эхний санал хураалтаар М.Ц 150 хүний, Ч.Ц 143 хүний санал тус тус авсан ч хуралдаанаас уг санал хураалтын хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулсан, дахин санал хураалтын дүнгээр Ч.Ц 138 санал буюу 87,3 хувь, М.Ц 19 санал буюу 12,7 хувийн санал авсан, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “... олонхийн санал авсан ... Ч.Ц-ыг багийн Засаг даргад томилуулах”-аар Сүмбэр сумын сумын Засаг даргад уламжилсан, уг тогтоолын дагуу Сүмбэр сумын Засаг дарга “...багийн Засаг даргад санал болгосон” нэр дэвшигч Ч.Ц-ыг сумын Засаг даргын албан тушаалд томилоогүй, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/147 дугаартай албан бичгээр “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ... /гаргасан/ зөвлөмжийг үндэслэн эхний санал хураалтын дүнг хангасан шийдвэр гаргаж ирүүлэх” хүсэлтийг Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
13. Түүнчлэн, Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар багийн Засаг даргыг сонгох асуудлыг дахин хэлэлцэж, санал хураалт явуулсан, мөн өдрийн 11 дүгээр тогтоолоор “... 84 хувийн санал авсан Ч.Ц-ыг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилах”-аар шийдвэрлэсэн, сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар “... багийн иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн санал авсан” гэх үндэслэлээр М.Ц-г Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилсон, талууд эдгээр үйл баримттай мөн маргаагүй байна.
14. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “баг .../-ны/ Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох”-оор, 26.3-т “... /хуулийн дагуу/ нэр дэвшүүлсэн бол ... баг ... /-ны/ Засаг даргыг сум ... /-ийн/ Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох”-оор, 26.4-т “... нэр дэвшигчийг ... /сумын Засаг дарга/ томилохоос татгалзвал зохих шатны Хурал ... /хуульд/ заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах”-аар тус тус заасан, давж заалдах шатны шүүх “... санал болгосон нэр дэвшигчийг томилох эрх бүхий Засаг дарга эхний удаа татгалзах эрх”-ийн талаар хуулийн заалтыг хэрэглэсэн нь зөв боловч, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор эхний удаа, 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хоёр дахь удаагаа Ч.Ц-ыг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад санал болгосон байхад хариуцагч аль аль тогтоолын дагуу нэр дэвшигчийг томилоогүй, татгалзсан үйл баримтад буруу дүгнэлт өгч, “... сумын Засаг дарга эхний удаа татгалзах эрхээ хэрэгжүүлсэн” гэсэн нь үндэслэлгүй байна.
15. Уг хуулийн заалтуудаас үзвэл, хариуцагч Сүмбэр сумын Засаг дарга нь 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигчийг томилоогүй, ийнхүү томилоогүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн , 26.4-т заасан томилох эрх бүхий этгээдийн “бүрэн эрх” байсан, харин, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 2 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор Ч.Ц-ыг дахин нэр дэвшүүлсэн саналд татгалзах эрхгүй, “тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах” үүрэгтэй байсан гэж үзнэ.
16. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэг удаагийн татгалзал хэрэгжсэн, ... /хоёр дахь/ тогтоолыг хүлээн авсанаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, магадлалын энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн “Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар Ч.Ц-ыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
17. Хариуцагчаас “... олонхийн саналыг М.Ц авсан эхний санал хураалт /зөв байсан/, ... дахин санал хураалт явуулсан ... нь хууль бус”, “...багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдаан нь анхнаасаа зар тараах ажил хангалттай хийгдээгүй, ... 50 хувийн ирцийг хангаагүй” гэх зэргээр маргах боловч, Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Анхдугаар, 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 2 дугаар хуралдаанууд нь “хууль бус болох”-ыг тогтоосон, аливаа этгээдээс уг хуралдаануудын талаар шүүхэд гомдол гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй тул уг хуралдаанууд, хуралдаанаас гарсан тогтоолуудыг “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй.
18. Анхан шатны шүүх “Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 захирамжийг илт хууль бусд тооцуулах, Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар Ч.Ц-ыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй, “... иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хоёрдугаар хуралдаан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 23.14, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д заасныг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцээгүй байна.
19. Түүнчлэн, хариуцагч Сүмбэр сумын Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 захирамжийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/195 дугаар захирамжаараа хүчингүй болгосон байхад уг актыг “илт хууль бусд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буруу, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.
20. Төв аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар “... Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны ... тэмдэглэл, ирц, хурлаас гарсан шийдвэрүүдэд хяналт, шинжилгээ хийсэн тухай Хурлын Ажлын албаны мэдээллийг хэлэлцэж”, “... багийн Засаг даргыг сонгох эхний санал хураалт ... /хуульд/ нийцсэн ... тул олонхийн санал авсан нэр дэвшигч /М.Ц/-ийг томилуулахаар эрх бүхий этгээдэд санал болгох, ... дахин санал хураалт явуулах шийдвэрээ эргэж харах, ... цаашид хурлын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн гүйцэд хөтлөж хэвших, ... хуулийн 41.2 дахь заалтыг анхаарч ажиллахыг ... багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд зөвлөх”-өөр шийдвэрлэсэн, хариуцагчаас 1 дүгээр багийн Засаг даргаар Ч.Ц-ыг томилоогүй үндэслэлдээ уг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг дурдсан байна.
21. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2-т “нутгийн өөрөө удирдах байгууллага бол ... тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”, Жаран нэгдүгээр зүйлийн 1-д “нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн ... сум, ... баг ... /ны/ нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх /эрхтэй/”, мөн зүйлийн 2-т “нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэж заасан байх тул багийн Засаг даргыг томилох талаарх багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээний асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргах эрхгүй.
22. Энэ үндэслэлээр, Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Анхдугаар хуралдааны хоёр дахь санал хураалтыг “хууль бус” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.
23. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0838 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ч.Ц-ыг Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилохыг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгах тухай” Ч.Ц-ын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Ч.Ц-ыг Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилохыг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА