Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00656

 

Р.Байгалийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаар шийдвэр,

  Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дүгээр магадлалтай,

Р.Байгалийн нэхэмжлэлтэй,

Б.Дашдондог, Б.Отгонбаяр, Б.Нансалдулам нарт холбогдох          

            64.902.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгч Р.Байгаль, хариуцагч Б.Дашдондог нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Байгаль, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 1999 онд Б.Дондогжанцантай гэр бүл болж, 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин Д.Биндэръяа одоо 15 настай, бага хүү Д.Энхтүвшин 13 настай болсон. Нөхөр маань 2009 оны 11 сарын 21-ний өдөр зуурдаар нас барж, би 2 хүүхдийнхээ хамт өнчирч үлдсэн. Нөхрийн маань нас барсан нь Р.Байгаль надтай холбоотой гэж буруутган талийгаач нөхрийн маань аав, ээж, ах, эгч дүү нар нь намайг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Би нийт 7 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт нөхрийнхөө үхэлд сэжиглэгдэн шалгагдаж эцэстээ гэм буруугүй гэж мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Намайг Цагдаагийн газарт шалгагдаж байх хугацаанд сэтгэл санааны маш хүнд дарамтанд гэр бүлийн эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг минь далимдуулж талийгаач нөхрийн ах Б.Дашдондог, эгч Б.Нансалдулам, төрсөн дүү Б.Отгонбаяр нар нь бүлэглэн намайг элдвээр доромжлон, дайрч миний гэр бүл, үр хүүхдүүдийн минь дундын эд хөрөнгө болох бог бод нийлсэн нийт 449 толгой малыг, мөнгөн хазаар, тэнзэн ташуур, мотоцикль, буу, шинээр хийлгээд удаагүй байсан 4 ханатай жижиг гэрийн мод зэргийг хүчээр аваад явсан. Тухайн үед хариуцагч нарын энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн боловч “энэ мал чиний хөрөнгө биш, бид нарын эд хөрөнгө” гээд 2 өнчин хүүхэдтэй ганц бие эмэгтэй надад дийлдэхгүй эд хөрөнгийг минь аваад явсан. Би 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл 2 хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж, хүнээс дутахааргүй хүүхдүүдээ асрамжлаад авч явж байна. Би хариуцагч нараас өөрийн гэр бүлийн дундын эд хөрөнгийг авах талаар удаа дараа хандаж байсан боловч ганц нэг мал л өгнө гэдэг боловч авч явсан бүх малыг минь буцааж өг гэж шаардахаар өгөх боломжгүй гэсэн байдлаар бид ойлголцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Би дээрх хүмүүст холбогдуулан бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргээр гомдлоо Цагдаагийн газарт өгч хандах боломжтой, буруутай хүмүүст ч хуульд заасан хариуцлага тооцох боломжтой гэдгийг мэдэж байгаа ч төрөл садан хүмүүсийн хувьд өнөөдрийн байдлаар хандаагүй, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 449 толгой мал 3 хэсэг 62 толгой адуутай байсан. Үүний 9 толгой адуу нь айлын тавиул адуу байсан бөгөөд манай нийт 53 толгой адуутай байсныг бүгдийг нь авч явсан. Азарга 2 толгой /нэгж үнэ 900.000/, 1.800.000 төгрөг, морь 12 толгой /нэгж үнэ 750.000/ 9.000.000 төгрөг, унагатай гүү 15 буюу 30 толгой /нэгж үнэ 1.000.000/ 15.000.000 төгрөг, соёолон насны адуу 2 толгой /нэгж үнэ 650 000/ 1.300.000 төгрөг, шүдлэн морь 2 толгой /нэгж үнэ 450.000/ 900.000 төгрөг, даага 3 толгой /нэгж үнэ 400.000/ 1.200.000 төгрөг, хонь 144 толгойг авч явсан, эр сувай хонь 30 толгой /нэгж үнэ 130.000/ 5.200.000 төгрөг, эм хонь 50 толгой /нэгж үнэ 115.000/ 6.900.000 төгрөг, төлөг 20 толгой /нэгж үнэ 80.000/ 1.600.000 төгрөг, хурга 44 толгой /нэгж үнэ 28.000/1.232.000 төгрөг, 243 толгой ямааг авч явсан, нас бие гүйцсэн эр ямаа 30 толгой /нэгж үнэ 150.000/ 4.500.000 төгрөг, хязаалан ямаа 30 толгой /нэгж үнэ 110.000/ 3.300.000 төгрөг, эм ямаа 71 толгой /нэгж үнэ 80.000/ 5.680.000 төгрөг, борлон 40 толгой /нэгж үнэ 45.000/1.800.000 төгрөг, ишиг 72 толгой /нэгж үнэ 20.000/ 1.440.000 төгрөг, Иж планета-5 мотоцикль /Орос улсад үйлдвэрлэгдсэн/ 700.000 төгрөг, буу 1 ширхэг /манайх уг бууг 2006 онд дүү Б.Отгонбаяраас бэлэн 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан/ үнэ 500.000 төгрөг, хуучны нарийн тэнзэн ташуур 1 ширхэг 200.000 төгрөг, битүү мөнгөн тоноглолтой эрт үеийн мөнгөн хазаар /1999 оны намар 8 сард н.Алтангэрэлээс малаар худалдаж авч байсан/ үнэ 800.000 төгрөг, ханатай гэрийн мод 50.000 төгрөг, нийт 64.902.000 төгрөгийн эд зүйлийг Б.Дашдондог, Б.Нансалдулам, Б.Отгонбаяр нар нь миний гэр бүлийн хамтын хүч хөдөлмөрөөрөө бий болгосон дундын эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүй хүчээр авч яваад буцааж өгөөгүй тул хариуцагч нараас нийт 64.902.000 төгрөгийг буюу эд зүйлийг шаардан гаргуулж өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Б.Дашдондог, Б.Отгонбаяр, Б.Нансалдулам нарын гаргасан хариу тайлбарт: “Миний дүү Б.Дондогжанцан Р.Байгальтай 1999 онд гэр бүл болж миний төрүүлсэн ээж Ш.Авидын ээж, буурал эмээ Шанжийн Лхамсүрэн, Лхагвын Ганчимэгтэй хамт амьдрах болсон юм. Манай буурал эмээ Ш.Лхамсүрэнтэй манай ах н.Алтангэрэл, талийгаач Б.Дондогжанцан нар хамт амьдарч байсан нь үнэн болно. Б.Алтангэрэл нь 16 нас хүрч, Улаанбаатар хотын барилгын техникумд суралцан цахилгааны мэргэжилтэй болж, хотод амьдрах болж зуны оюутны амралт, ажлын амралтаар буурал эмээгийндээ байсан болно. Одоо гэрлээгүй, түрээсийн байранд амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мал адууг өсгөсөн хүн нь н.Алтангэрэл ах юм. Р.Байгалийн булаацалдаж нэхэмжлээд байгаа 48 толгой адуу, хонь 144, ямаа 222 толгой нь ах н.Алтангэрэлийн өмчлөх өмч болох юм. Миний дүү 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аавындаа ирээд одоо удахгүй Улаанбаатар явна гээд гарсан гэдэг. Гэтэл 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дүү чинь гэнэт нас барах гээд байна гэснээр миний дүү Р.Байгалийн захиалгаар хүний гарт нас барсан юм. Өөрийгөө боймлох ямар ч үндэсгүй гэж хардаж гомдож суудаг юм. Миний аав н.Банзрагч 6 сар Цагдаагаар хөөцөлдсөн ч уг хэргийг 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20919454 тоот хэрэг үүсгэн хэрэгсэхгүй болгосон юм. Миний дүү гадны нөлөөтэй Р.Байгаль онцгой байдалд ажилладаг н.Баянмөнхтэй нийлж амийг бүрэлгэсэн гэх хардлага байдаг. Өмчийн шунахай сэдэлтээр ийм хэрэг гарсан гэсэн таамаглал мөн болох нь энэ нэхэмжлэлээс төрж эхэллээ. Ах н.Алтангэрэлд нь өмч өгөхгүй ээлжит гүтгэлэг гэж үзэж байна. Манай аав, ээж бид нарыг хуулийн байгууллагад нэгэнт үхсэн юм чинь босч ирэх биш гээд орхисон чинь нас барсан дүүг босгож ирээд 1999 оны 9 дүгээр сард бүртгүүлчихсэн, нас барсан эцгээр нь овоглуулж гэрчилгээ авч, Р.Байгаль дуртай цагтаа өрх толгойлсон эмэгтэй, дуртай цагтаа үхсэн хүнийг босгоод гэрчилгээ авч чаддаг иргэний гэр бүлийн бүртгэлийг яаж ч чаддаг зальт хүүхэн болох нь тогтоогдож байна. Доорх нөхцлөөр нэхэмжилсэн 64.902.000 төгрөгийн нэхэмжлэлийг өгөх боломжгүй. Миний дүү өвчнөөр нас бараагүй, Р.Байгаль, Р.Баянмөнхийн дарамтанд нас барсан. Шөнө нас барсныг өдөр зуурдаар нас барсан гэж нэхэмжлэлдээ бичсэн. 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш огт чимээгүй надтай бүү уулз гэсэн Р.Байгаль удаа дараа өмч авах санал тавьсан, хүлээж аваагүй арга ядахдаа шүүхэд хандаж байна гэж гүтгэн доромжилсон. Алаг нүдээрээ харж арван хуруугаараа тохиролцож тоолж өгсөн малаа булаагаад дээрэмдээд аваад явсан гэж гүтгэсэнд гомдож харуусаж байна. Ах н.Алтангэрэлийн хамтарсан өмчийг үгүйсгэсэн ташуур, мөнгөн хазаар нь н.Алтангэрэл ахын өмч байсан. Дүүг оршуулаагүй байхад хазаар, ташуур хоёрыг ламд үзүүлээд нүдэнд үзэгдэж зүүдэнд ороод байна гэж аавынд авчирч өөрөө орхисон. Буу нь Б.Отгонбаярын буу. БОтгонбаяр авсан нь үнэн бууны замгийг Р.Байгаль авч үлдсэн. Энэ угаас миний буу байсан юм. 4 ханатай гэрийн мод гэдэг нь манай буурал ээжийн илүү гэрийн мод юм. Буурал аав, ээжийн өмчинд очсон. 2 цоохор авдар, тахиж байсан бурхан, илүү гэрийн модыг авах хүн, хүүхэд багачуул нь байвал ав, авахгүй бол шатаана гээд байшингаасаа гаргаад овоолсон байсныг миний дүү аваачиж хураасан бурханыг цоохор авдартай нь том ах н.Амарбатад өгсөн. Мотоцикль 700.000 төгрөг гэжээ. Манай дүү 1 дүгээр хорооны Д.Лхагваа ахынд засаж өг гээд орхисон хуучин мотоцикль. Хашаа юу болсныг бид мэдэхгүй. Р.Байгалийг хоёр хүүтэй нь өмчгүй орхиогүй. Үүнд: 2 давхар бүрээстэй тавилга бүрэн гэр үнэ 250.000 төгрөг, Мөрөнгийн төвийн 9 дүгээр хороонд 0,5 га газартай 4 тал битүү хашаа үнэ 5.000.000 төгрөг, 7 харьцах нь 7-ийн харьцаатай өвлийн байшин доторлогоотой 20.000.000 төгрөг, 7 харьцах нь 8-ын харьцаатай зуны дүнзэн байшин 5.000.000 төгрөг, үхэр 8 толгой, хонь, ямаа нийлсэн 150 мал, дундаж үнэ 9 сая төгрөг, үхэр 8 толгой, 600.000 4.800.000 төгрөг, богийн дүнзэн хашаа 500 мал багтах багтаамжтай 5.000.000 төгрөг, нөхрийгөө нас барснаас хойш 14 хоног дотор гэрээс зайдуу аваачиж нядалсан 90 толгой орчим эр хонь, ямаа 8.100.000, шар 2 толгой 1.800.000 төгрөг, бүгд 66.700.000 төгрөг орчим хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг үлдээсэн” гэжээ.

           Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Нансалдуламаас битүү мөнгөн тоноглолтой эрт үеийн мөнгөн хазаар буюу 250.000 төгрөг, хариуцагч Б.Отгонбаяраас 4 ханатай гэрийн мод буюу 50.000 төгрөг, буу буюу 250.000 төгрөг, нийт 300.000 төгрөг, хариуцагч Б.Дашдондогоос иж планет-5 мотоцикль 1 ширхэг буюу 500.000 төгрөг, азарга 2 толгой буюу 700.000 төгрөг, морь 8 толгой буюу 2.400.000 төгрөг, унагатай гүү 3 толгой буюу 900.000 төгрөг, хязаалан морь 2 толгой буюу 500.000 төгрөг, шүдлэн морь 2 толгой буюу 400.000 төгрөг, эм хонь 50 толгой буюу 3.500.000 төгрөг, төлөг 10 толгой буюу 500.000 төгрөг, хурга 44 толгой буюу 1.320.000 төгрөг, эм ямаа 71 толгой буюу 4.260.000 төгрөг, ишиг 72 толгой буюу 1.080.000 төгрөг, нийт 16.060.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Байгальд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.260.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дүгээр магадлалаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д” гэсний дараа “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т зааснаар” гэж, мөн заалтын “хариуцагч Б.Дашдондогоос иж планета-5 мотоцикль 1 ширхэг буюу 500.000 төгрөг” гэснийг хэрэгсэхгүй болгож, “нийт 16.060.000 төгрөг” гэснийг “15.560.000 төгрөг” гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд “...Б.Дашдондогоос 238.750 төгрөг” гэснийг “235.750 төгрөг” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Р.Байгалийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Б.Дашдондог нь анхан шатны шүүхийн үйл явцад шүүгчид 53 толгой адуу, 335 хонь, ямаа бусад зүйлсийг авсан, мөн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр 48 толгой адуу, 318 толгой хонь, ямааг авсан нь үнэн хэмээн мэдүүлдэг. Миний зүгээс аль болох эвлэрэх, эв зүйтэйгээр шийдэхийн тулд хуулийн зөвлөгөө авч хариуцагч талын мэдүүлэг, тоо баримтын дагуу эд хөрөнгөө нэхэмжилж, малынхаа тоог 53 толгой адуу, 335 толгой хонь, ямааг гаргуулж өгнө үү хэмээн удаа дараа шүүхэд хандахад шүүх шийдвэрээ бүрэн гаргахгүй, энгийн хууль мэдэхгүй иргэн намайг ойлгож байхад хуулийн мэдлэгтэй, мэргэжлийн хүмүүс ямар учраас бүрэн шийдэж чадахгүй байгааг ойлгохгүй байна. Миний зүгээс нотлох баримтыг хангалттай гаргаж өгч, өөрийн амьдрал ахуйгаа үнэн зөвөөр тайлбарлан, үр хүүхдүүд минь эцгийнхээ эд хөрөнгийг нэхэмжлэн авах хүсэлтэй гэдгийг удаа дараа хэлж байсан боловч шүүх ямар учраас хоёр хүүхэд хохироосон, тэднийг сурч боловсрох, амьдрал ахуйдаа хэрэглэх, эцгийнхээ үр удам нь гэсэн итгэл үнэмшлийг үгүйсгэх сөрөг байдал үүсгэж, биднийг хохироосон шийдвэр гаргасан. Тухайн цаг үед хүнд байдал тулгарч, хонь, ямааг өөрийн гараар тоолж өгөөгүй нь миний буруу, гэхдээ би өнөөдрийг хүртэл хоёр хүүхдээ өсгөхдөө нэг ч төгрөг хариуцагч талаас аваагүй, хадмуудтайгаа холбоо харилцаа багатай байдаг. Мөн очихоор хөөдөг, огт мал, эд зүйл дурсахгүй байж байгаад гэнэт олон жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээн гүтгэн гомдол гаргадаг. Нөхөр бид хоёр анх 1999 оны 02 дугаар сард гэр бүл болж, нөхөр маань эмээгээсээ 199 тооны мал, би 49 тооны малтай, нийт 248 толгой малтайгаар айл гэр болж байсан. Жилийн эцсийн Улсын мал тооллогоор 248 толгой мал маань 140 төлтэйгээ нийлээд нийт 308 толгой мал тоолуулж байсан. Бид 10 жил ханилж, уг эд хөрөнгийг өөрсдийн хүч хөдөлмөрөөр буй болгож амьдарч ирсэн. Хэрэв биднийг хүн амины хэргээр буруутган, эд хөрөнгийг минь хураагаагүй бол үр хүүхдүүд минь эд хөрөнгийг минь олж өг хэмээн ээжийгээ шаардаж нэхэхгүй байсан. 2009 оны Улсын мал тооллогоор адуу орохгүйгээр 581 толгой малыг тоолуулсан. Хариуцагч нар авч явсан эд зүйлсээ үгүйсгэж, бид шатаах гэж байхад нь авсан гэдэг, мөн аль болохоор гүтгэж, гэнэт эд хөрөнгөө нэхлээ бид мэдэхгүй, аав мэднэ гэдэг. Алсдаа хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гэдгийг ойлгохгүй, шүүх нь шийдэж чадахгүй байгаад гомдолтой байна. Хариуцагч нар биднийг 9 дүгээр хороонд хашаа байшинтай хэмээн гүтгэдэг. Уг хашаа байшинг нөхөр маань 2006 оны үед зарж, мөнгийг нь бид амьдрал ахуйдаа хэрэглэсэн нь 2009 оны цагдаагийн газарт шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэгт тодорхой тусгагдсан. Нөхрөөсөө хойш 100 гаруй толгой малаа бөөцийлөн хоёр хүүхдээ тэжээн амьдарч яваа намайг болон хүүхдүүдийг минь ойлгохгүй байгаад гомдолтой байна. Бид ямар малын ашиг шим, төлийг бүрэн авна гэсэн биш. Бидний 53 толгой адуу, 335 толгой хонь, ямааг болон бусад эд зүйлсийг буцаан эзэмшүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч Б.Дашдондог адууг 3 хоногийн дотор авч явсаныг харж байсан хоёр хүүхэд, орон нутгийн иргэд, аав ээж минь адуун дунд байсан морьдоо авч үлдсэн байсан. Энэ бүх зүйлсийг мэдсээр хэрнээ сарын дараа авсан, адуу дутуу байсан гэх худал тайлбарыг өгдөг. Хадам талынхан намайг нөхрийн минь үхэлд буруутган хоёр хүүхдэд минь эд зүйлсийг өгөх бодолгүй байна. Иймд Б.Дашдондогоос бидний үнэт эд хөрөнгийг тарааж, аав ээж, ах дүү нартаа эзэмшүүлснийг хуулийн дээд шатандаа үнэн зөвөөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Б.Дашдондогийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Миний дүү учир битүүлгээр нас барах үед Р.Байгаль болон түүний дүү нар байсан гэдэг. Мөн н.Баасанжав гэх хүнтэй хамт архи уусан байдаг. Уг үхлийн шалтгааныг тодруулахаар аав минь 3 сар цагдаагийн байгууллагаар явсан ч энэ хэрэг хэрэгсэхгүй болсон юм. Миний дүү талийгаач нь эмээ, эгчийн охин, хотод байгаа ах Б.Алтангэрэл нар 25 жил гаруй хамт амьдарч байгааг бид болон нутгийн ахан дүүс мэднэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 53 толгой адуу Б.Алтангэрэл ахын адуу, эдгээр адуугаа талийгаачаар маллуулж байсан. Бэр Р.Байгаль нь нэг ч адуугүй ирсэн. 1999 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр аав ээж, буурал эмээ нар гэр бүл болгож 99 толгой малыг талийгаач дүүд минь өгнө гэж амлаж байсан. Үүний дагуу үхэр 10 толгой, хонь, ямаа 89 толгой  мал таслаж, өрх босгоод тусгаарласан. Эмээ маань нас барж, дээрх хүмүүсийн өмч болох үхэр 10 толгой, хонь, ямаа 89 толгой, бусад нь талийгаач эмээ, ах Б.Алтангэрэл, зээ Л.Ганчимэгийн мал юм. Нэхэмжлэгч нь хоёр амьд гэрч нас барснаар одоо бүх юм минийх гэдэг байдлаар хандаж байгааг хянан үзэж, ах Б.Алтангэрэлийг өмчтэй болгон шийдэрлэж өгнө үү. Мөнгөн хазаарыг зүүдэнд ороод байна гэж нэхэмжлэгч өөрийн биеэр аавд авчирч өгсөн. Үүнд миний дүү Б.Нансалдулам ямар ч хамаагүй. Илүү гэрийн мод гэдэг нь манай буурал эмээгийн 55 жил амьдарсан мод юм. Буу гэдэг нь талийгаач дүү буугүй ганц гэр хэцүү юм гээд түр барьж байсан бууг 500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж гүтгэж байна. Дүүг нас барсны дараа шийдвэр гаргаж, өвлийн байшинг давхар бүрээстэй тавилгатай бүрэн гэр, зуны байшин, 500 толгой мал, 20х20 хэмжээтэй дүнзэн малын хашаа, 150 толгой малыг хоёр хүүхдэд нь өгсөн. Л.Ганчимэг нь 16 нас хүртлээ буурал эмээтэй хамт амьдарсан болохоор Б.Алтангэрэл нарын өмч болно. Адууг нь талийгаач дүү харж байсан тул олны гараар дуусна, аваад ир гэж аавын хэлсний дагуу  Р.Байгальтай зөвшилцөн, аавд авчирч өгсөн. Нэхэмжлэгч нь талийгаачийг нас барснаас хойш 21 хоногийн дотор 2 шар үхэр, 90 толгой хонь, ямааг нядалж Мөрөн оруулсан байдаг. Энэ байдлаас харахад малыг тусгаарлаагүй бол цаашид юу болох нь тодорхой юм. Аавын хэлсний дагуу малыг туусан, аавтай учраа ол гэхээр надтай заргалдаад байгааг хянаж өгнө үү. Нэхэмжлэгч болон түүний хоёр хүүхдийн хувь хөрөнгийг үлдээснээ дурдвал: 2 давхар бүрээстэй тавилга бүрэн гэр үнэ 250.000 төгрөг, Мөрөнгийн төвийн 9 дүгээр хороонд 0,5 га газартай 4 тал битүү хашаа үнэ 5.000.000 төгрөг, 7 харьцах нь 7-ийн харьцаатай өвлийн байшин доторлогоотой 20.000.000 төгрөг, 7 харьцах нь 8-ын харьцаатай зуны дүнзэн байшин 5.000.000 төгрөг, үхэр 8 толгой, хонь, ямаа нийлсэн 150 мал, дундаж үнэ 9.000.000 төгрөг, үхэр 8 толгой, 600.000 төгрөгөөр бодоход 4.800.000 төгрөг, богийн дүнзэн хашаа 500 мал багтах багтаамжтай 5.000.000 төгрөг, нөхрийгөө нас барснаас хойш 14 хоног дотор гэрээс зайдуу аваачиж нядалсан 90 толгой орчим эр хонь, ямаа 8.100.000, шар 2 толгой 1.800.000 төгрөг, бүгд 66.700.000 төгрөг орчим хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг үлдээсэн. Булааж авч явсан гээд байгаа өмчнөөс адуу нь бүгэд ах Б.Алтангэрэлийн өмч бөгөөд хувиарлах эзэн нь нас барснаас талийгаач дүүгийн нэр дээр тоологдож явсан малыг ядаж ах Б.Алтангэрэлийн өвлөх өмч гэдгийг салгаж, зааглаж өгнө үү. Хар нуруунаас 48 толгой адууг цуглуулж аваачсан үүнээс: н.Ренчин-Сүрэнд 2 морь, адуунд нь байсан Д.Батхуягт 1 морь, Ж.Баатарт 3 морь, өнгөрдөгийн наймаа Д.Очирсүрэнд 4 морь, өнгөрдөг бэлгэнд Б.Ундралд 1 морь, аавын 60 насны тэмдэглэх ойд П.Банзрагчид 2 морь, зааны мялаалганд Л.Ганболдод 1 морь, сайн дурын Ц.Нацагдоржид 1 морь, хоногийн уншлаганд лам н.Банзрагчид 2 морь, лам н.Зоригоод 1 морь, буян номын ажилд 1 морь, нийт 21 адуу талийгаачийн адуунд байсан хүмүүсийн адууг өгсөн. Аав П.Банзрагч гүү, морь нийлсэн 21 адууг ченж Д.Дандарт тарга хүчнээс нь шалтгаалан 140.000-170.000 төгрөгөөр борлуулж, аавд 4.100.000 төгрөг өгснийг аав Б.Алтангэрэл ахад өгсөн юм. Р.Байгалийн нэхэмжлээд байгаа 318 толгой хонь, ямааг тууж аваачснаас Б.Алтангэрэл ахын 150 толгой хонь, ямаа байгаа, бусад төлөг, хонь нийлсэн хөгшин хонь, ямаа зэрэг туранхай мал газар нутагт дасан зохицохгүй 2010 оны хаврын хатууг даалгүй үхсэн. Аав, ээж эмчилгээнд Улаанбаатар хот руу 1, Эрээн хот руу 2 удаа явахад 60 гаруй хонь, ямаа нядлан авч явсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж, дээр дурдсан нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Р.Байгаль нь хариуцагч Б.Дашдондог, Б.Нансалдулам, Б.Отгонбаяр нарт холбогдуулан 64.902.000 төгрөгийн үнэ бүхий мал, эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэнзэн ташуур буюу 200 000 төгрөгөөр шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  буурал ээж Лхамсүрэнгээс дүү Алтангэрэл, Ганчимэг нарт өмчлөгдөх мал хөрөнгөө авч явсан, нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд 66.700.000 төгрөг орчим хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг үлдээсэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч Р.Байгаль нь Б.Дондогжанцантай 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 9 сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, охин Д.Биндэръяа 2000 оны 09 сарын 23-ны өдөр, хүү Д.Энхтүвшин 2002 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн,  2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Б.Дондогжанцан нь нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон нь өмчийн халдашгүй байдлын зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх маргааны зүйл болж буй 449 толгой мал, мөнгөн хазаар, 4 ханатай гэрийн мод зэрэг хөрөнгө нь Б.Дондогжанцангийн болон ах дүү Алтангэрэл, Лхамсүрэн, Ганчимэг нарын хуваарьт өмч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул эдгээр хөрөнгийг Р.Байгаль, Б.Дондогжанцан нарын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон,  гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын өмч гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Б.Дондогжанцангийн 2005-2009 оны малын А дансанд хүний тавиул мал тоологдоогүй, ...Алтангэрэл, Ганчимэг нарын өмчлөх ёстой мал Б.Дондогжанцангийнд байсныг хариуцагч нар нотолж чадаагүй тул “...Р.Байгаль болон түүний хүүхдүүдэд хамаарах мал биш, буурал ээжээс дүү нарын өмчид очих ёстой малыг авсан” гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.   

Хариуцагч Б.Дашдондог нь өөрийн дүү Б.Дондогжанцанг нас барсны дараа 499 толгой малыг авч явсан гэж Р.Байгаль нь нэхэмжилсэн боловч энэ хэмжээний толгой малыг хариуцагч авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнээд, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.1,  25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зохицуулалтад нийцсэн. Түүнчлэн мөнгөн хазаарыг хариуцагч Б.Нансалдуламаас гаргуулахдаа шүүх зохигчдын тайлбарыг үндэслэсэн, харин Б.Отгонбаяраас нэхэмжилсэн 4 ханатай гэрийн мод, буу гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрөхгүй гэсэн татгалзлаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин Иж планета-5 мотоциклийг хариуцагч Б.Дашдондог авсан нь тогтоогдохгүй байхад энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардсан байхад хуулийн зохицуулалтыг дутуу хэрэглэсэн  гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Р.Байгаль, хариуцагч Б.Дашдондог нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Байгаль, хариуцагч Б.Дашдондог нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

 2. Нэхэмжлэгч Р.Байгалийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 233.000 /хоёр зуун гучин гурван мянга/ төгрөг, хариуцагч Б.Дашдондогийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 235.750 /хоёр зуун гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН