Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/04531

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 31

101/ШШ2022/04531

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.О-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Т-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Н.Т-тай ажил хэргийн танил бөгөөд яаралтай мөнгөний хэрэг болоод байна, 20 хоногийн хугацаатай мөнгө зээлүүлээч гэхээр нь 500,000 төгрөгийг дансаар, 4,900,000 төгрөгийг бэлнээр, нийт 5,400,000 төгрөгийг 20 хоногт 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр хийж, дэлгүүрийнхээ орлогоос зээлдүүлсэн. Гэвч Н.Т мөнгөө хугацаанд нь төлөхгүй, өнөөдрийг хүрч утсаа ч авахгүй алга болсон. Иймд Н.Таас зээл 5,400,000 төгрөг, хүү 540,000 төгрөг, алданги 2,700,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

3.Хэргийн нотлох баримт:

 

3.а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Н.Тын хүсэлт.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 5,400,000 төгрөг, зээлийн хүү 540,000 төгрөг, алданги 2,700,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөг төлүүлэхээр шаардсан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, хэргийн материалтай танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй.

 

Мөн шүүх хуралдааны товыг нэхэмжлэлд дурдсан хаяг болон улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргуулсан хаягийн дагуу тус тус хариуцагчид хүргүүлсэн боловч тухайн хаягуудад хариуцагч оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

 

Дээрх хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хуульд заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд үүнийг хүргэсэнд тооцно.

 

Шүүх дээрх журмын дагуу шүүх хуралдааны товыг холбогдох Засаг даргад хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, зохигч талууд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн огноо бүхий зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 5,400,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 20 хоногийн хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нь 20 хоногт 10 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн хоногт 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Мөн гэрээний 1 дэх заалтад 500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 4,900,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өглөө гэж тусгасан байна.

 

5.Түүнчлэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн огноо бүхий хариуцагчийн хүсэлтэд ... Т.О-ээс 2022.01.24-ний өдөр 5,400,000 төгрөг зээлдэж авсан нь үнэн болно. Би уг мөнгийг 2022.02.14-ний дотор хүүгийн хамт буцааж төлнө. Хэрвээ энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандахад татгалзах зүйлгүй гэжээ. 

 

6.Дээрх баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд талууд зээлийн гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хүчин төгөлдөр байна.

 

7.Нэхэмжлэгч нь зээл шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

8.Талууд зээлийн гэрээгээр 20 хоногт 10 хувийн хүү тооцохоор тохирсон байх ба зээлийн гэрээ хүүтэй байж болохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан тул нэхэмжлэлд хүү 540,000 төгрөг (5,400,000*10%) тооцсон нь үндэстэй.

 

9.Түүнчлэн зээлийн гэрээний 5 дахь заалтад ... гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Дээрх нөхцөл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байна.

 

10.Хариуцагч нь зээлийн төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй байх тул хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн алданги тооцогдох үндэстэй.

 

Нэхэмжлэлд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар 2,700,000 төгрөг тооцсон байх ба дээрх хуулийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчөөгүй байна.

 

11.Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагчаас зээл 5,400,000 төгрөг, зээлийн хүү 540,000 төгрөг, алданги 2,700,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

12.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн төлсөн 153,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 д дугаар сугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т-аас 8,640,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О-т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас 153,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 119.4 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА