Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/173

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,  

Шүүгдэгч Н.Б,  

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б,

Иргэний нэхэмжлэгч Д.Д,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                      

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ын Б-од холбогдох 2528000080122 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Субару простер” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэх зүйлгүй. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас болсон явдлыг сайн санахгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн гэв.   

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Уг хэрэгт байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Гэмт хэргийн улмаас 3,136,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг төлүүлмээр байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Уг хэрэг гарснаас жил гарангийн хугацаа өнгөрсөн боловч нэг ч төгрөгийн хохирол төлбөр төлөөгүй. Хохирлоо хурдан төлүүлмээр байна. Энэ хүнд санаа зовж байгаа зүйл байхгүй байна. Дараа төлнө, боломжгүй байна гэх зүйл хэлээд сууж болохгүй. Хохирол төлбөрөө хурдан барагдуулмаар байна. Тухайн үед шинэ жил болох гэж байсан. Миний машинд ерөнхийдөө 2,000,000 төгрөгийн засвар хийлгэсэн. Тухайн үед боломжгүй байсан учраас хүнээс мөнгө зээлсэн байсан. Буцаад тэр хүнийхээ мөнгийг өгөхөөр машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавьсан гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө найз нарын хамт караоке хаус гэх газарт орж архи ууж дуулцгаасан. Тэгээд уг газраас гарч ирээд би дуудлагын жолооч дуудаад машинаа унуулж явахаар болоод байж байтал караоке хаус гэх газраас хоёр залуу гарч ирээд манай найз нартай маргаан үүсгээд байсан. Тэр үед манай найз Б согтоод тасарчихсан миний машинд суучихсан унтсан байсан байх. Тухайн танихгүй 2 залуу манай найзуудтай маргаан хийгээд асуудал үүсэх гээд байсан. Дуудлагын жолооч ирээд миний машиныг унаад явах гэж байсан. Тэгэхээр нь би тухайн үед танихгүй 2 залууг өөрийнхөө машинд суулгаад дуудлагын жолоочид наад хоёр хүнээ хүргээд өгчихөө Улаанбаатар хотынх гэж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу миний машинд суугаад явсан. Манай найз Б машины ар талын суудал дээр суугаад унтчихсан байсан. Тэр 4 хүн миний машинаар явсан. Удалгүй манай найзын утсанд дуудлагын жолооч залгаад гэнэт араас боогоод намайг машинаас буулгаад машиныг чинь аваад явчихлаа танай найз чинь машинд цуг явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд машинаа хайж явсан. Машинаа 5 дугаар сургуулийн хойд талын зогсоол дээр байхад нь олсон. Тэр үед тухайн хоёр залуугийн нэг нь машины арын суудал дээр, нөгөө нэг залуу нь машины жолооны ард унтаж байсан. Тухайн үед би машинаа эрээд араас нь явж байгаад Б-ыг олж авсан. Тухайн үед Б-ыг зодоод машинаас буулгасан байсан. Канад хаус гэх газрын хойд талд манай найз Б-ыг буулгаад канад хаусын зогсоол дээр байсан 2 машиныг миний машинаар мөргөөд явах үедээ байшингийн хундам нь дээр тэгнүүлж ухуулж байгаад яваад 5 дугаар сургуулийн хойд талын зогсоол дээр очоод унтсан байсан. Миний тээврийн хэрэгсэл ... улсын дугаартай “Субару простер” загварын тээврийн хэрэгсэл байсан.” (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би гэртээ унтаж байтал 03 цаг 30 минутын үед манай ажлын газрын жижүүр яриад цагдаагийн газраас ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна гэж яриад байна гэж хэлсэн. Тэгээд би гараад харсан чинь манай прокурорын байгууллагын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талын хойд талын гупер, гэрэл зэргийг нь мөргөөд байрлалаас нь 2-3 метр газарт түрээд явчихсан байсан бөгөөд хажуу талд нь зогсож байсан цагаан өнгийн Альпард загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн буруу талын хойд талын хэсгийг мөн мөргөсөн байдалтай байсан. Тухайн үед замын цагдаагийн тасгийн Ц гэх алба хаагч хүрээд ирсэн. Ц ирээд согтуугаар хүний машин унаад явчихсан байна эрээд явж байна. Тухайн хүмүүс уг хоёр машиныг мөргөөд явсан байна гэж хэлсэн. Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд талын ар талын гупер хагарч бутарч унасан, гэрэл дохио комоороо хагарч бутарч унаад дахиж ашиглах боломжгүй болсон. Мөн үндсэн рам гүзүү нь цаашаа чихэгдээд орчихсон байсан. Рам нь цаашаа чихэгдэх үедээ зүүн хойд талын хаалгыг гажаагаад онгойх боломжгүй болгоод хаалганы хавтсанд нь гэмтэл учирсан байсан. Би уг тээврийн хэрэгсэл нь Өмнөговь аймгийн тамгын газрын өмчийн бүртгэлтэй Өмнөговь аймгийн Прокурорын газарт ашиглалтын гэрээтэй байдаг тээврийн хэрэгсэл бөгөөд уг тээврийн хэрэгслийг прокурорын байгууллага шуурхай үйл ажиллагаанд ашигладаг учраас тухайн цаг хугацаанд засварлаж ашиглахаас өөр аргагүй байсан тул үнэлгээний байгууллагаар эвдрэлийн үнэлгээг гаргуулаад Даланзадгад суманд байдаг приүс центр засварын газарт байгууллагын нэр дээр зээлээр засварлуулсан байгаа. Би ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээний дагуу яаралтай нөхөн төлүүлмээр байна.” (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Шөнө би гэртээ унтаж байтал манай байранд амьдардаг Б залгаад машиныг чинь мөргөсөн байна гэж хэлсэн. Тэгээд би гараад очтол миний ... улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Альпард” загварын тээврийн хэрэгслийн буруу талын хойд талын хэсгээс мөргөөд гупер нь хагарчихсан крыло нь цаашаа чихэгдсэн байдалтай байсан. Тэгээд Б бид хоёр байрны гадаа байж байтал замын цагдаа Ц ирээд хоёр согтуу хүн хүний машиныг унаад явсан байна. Бид нар эрээд явж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй 07 цаг өнгөрч байтал Ц эргээд ирсэн бөгөөд хүний машин унаад явсан хоёр согтуу хүнийг барьчихлаа тухайн хоёр хүн танай машиныг мөргөөд явсан байна гэж хэлсэн. Би уг тээврийн хэрэгслийг өөрөө мөнгө гаргаад засварын газарт 1,970,000 төгрөгөөр янзлуулсан. Үнэлгээгээр бол 1,911,000 төгрөг гарсан... Би ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээний дагуу төлүүлмээр байна. Мөн үнэлгээний төлбөр болох 1,440,000 төгрөгийг өөрөөсөө төлж тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээг авсан бөгөөд уг 1,440,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би энэ хэрэгтэй холбоотой сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “12 дугаар сарын 02-ны орой найзууд болох Н, Б, Ө, М, Э нарын хамт караоке хаус гэх газарт очсон. Тэнд сууж дуулж архи ууцгаасан. Тэгээд би тэндээ байж байгаад уусан архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Би юу болсон талаар мэдэхгүй байна нэг сэргэсэн чинь цагдаагийн машинд суучихсан Б-ын машиныг эрээд явж байсан. Б, Н хоёр надад хэлэхдээ караоке хаусд би согтоод намайг Б-ын машины арын суудалд суулгаад дуудлагын жолоочоор Б-ын машиныг нь унуулаад танихгүй хоёр залуутай хамт явуулсан гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу замдаа Б-ын машиныг унаад явж байсан дуудлагын жолоочийг машинаас нь буулгаад Б-ын машиныг унаад явсан байсан. Би энэ талаар эрүүл болсон дараагаа Б, Н хоёроос мэдсэн. (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн шөнө хувиараа дуудлагын жолоочийн ажил хийж байсан. Шөнө хэдэн цаг болж байсныг хэлж мэдэхгүй байна караоке хаусын гадаа дуудлагын жолооч хэрэгтэй байна гэж дуудлага өгсөн. Ингээд би тухайн газарт очиход нэг танихгүй залуу “Субару простер” загварын машины түлхүүрийг өгөөд та энэ машиныг унаад бид нарыг хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн машинд ороод суусан бөгөөд машины эзэн нь гэх танихгүй залуутай хамт явсан хүмүүс нь бас нэг танихгүй хоёр залуутай хэрүүл маргаан хийгээд байсан. Тухайн газарт 10 гаран минут хүлээгээд зогссон бөгөөд уг машины эзэн нь гэх залуу өөрийнхөө нэг найзыг суулгаад дараа нь найзуудтай нь маргалдаад байсан хоёр залууг машинд суулгаад намайг энэ хүмүүсийг хүргэж өгөөд ир бид нар энд хүлээж байгаад эргээд ирэхээр чинь хамт явъя гэж хэлсэн. Би тухайн гурван хүнийг суулгаад GB TOWN орохоор явсан бөгөөд машинд хамт явсан гурван залуу маргалдаад байсан. Караоке хаус гэх газрын гадаа болсон асуудлаас болоод машины эзний найз гэх залуутай танихгүй хоёр залуу нь маргаан үүсгээд уг залууг цохиж зодох гээд байсан, мөн найз нараа дуудаж байна уу? бид хоёр зугтаана гэх утгатай зүйл ярилцаад байсан. Би замдаа машины эзэн нь гэх залуутай утсаар яриад тухайн гурван хүнийг нэг газарт буулгаж болох эсэх талаар асуусан бөгөөд машины эзэн нь гэх залууг би эргэж очиж авах байсан болохоор намайг ирэх болж байна уу гэж асууж ярьсан. Тэгээд Хайрхан дэлгүүрийн уулзвар дээр очиж байтал цагдаа нар зам хаачихсан осол хэрэг болсон бололтой үзлэг шалгалт хийгээд байж байсан. Би хурдаа сааруулаад явж байтал нөгөө гурван залуугийн нэг нь миний араас боож авах гээд боож чадахгүй надтай хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь би цагдаа нарын ойролцоо байгаа дээр зогсоод хөдөлье гэж бодоод зогссон. Тэгээд би машинаас буутал цагдаагийн ажилтан З ах алхаад хүрээд ирсэн. Би З ахтай уулзаад тамхи татаад юм яриад зогсож байтал ард машины хаалга пат хийгээд дуугарах шиг болохоор нь эргээд хартал тухайн “Субару простер” загварын машиныг нөгөө танихгүй хүмүүсийн нэг нь унаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би эргээд нөгөө машины эзэн нь гэх залуутай утсаар яриад машиныг чинь хамт явсан хүмүүсийн нэг нь унаад явчихлаа гэж хэлсэн бөгөөд машины эзэн нь гэх залуу цагдаад дуудлага өгсөн.” (хавтаст хэргийн 50-52 дахь тал)

“Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 49325 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 1,911,000 төгрөг. (хавтаст хэргийн 59-64 дэх тал)

“Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49326 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 3,136,400 төгрөг. (хавтаст хэргийн 71-77 дахь тал)

“Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ “Subaru Forester” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 8,742,800 төгрөг. (хавтаст хэргийн 83-92 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 104 дэх тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал)

Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 109 дэх тал)

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн тухайд иргэн Б.Б-ын тээврийн хэрэгсэлд 8,700,000 төгрөгийн хохирол, Г.Б-ы тээврийн хэрэгсэлд буюу Прокурорын газрын тээврийн хэрэгсэлд 3,136,400 төгрөгийн хохирол, Д.Д-ын тээврийн хэрэгсэлд 1,918,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Үүнээс шүүгдэгч нь хохирогч Б.Б-ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоос 6,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Бусад хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна. Иймд дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн зөрчигдсөн хэргийг сэргээх саналыг гаргаж байна. Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 8,742,800 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 6,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 2,742,800 төгрөг, мөн үнэлгээний төлбөр 708,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, Прокурорын байгууллагад 3,146,000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирол төлөгдөөгүй учраас 3,146,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, Д.Д-од 1,918,000 төгрөг, үнэлгээний төлбөр болох 144,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгч Д.Д нь үнэлгээний төлбөрийг нэхэмжилнэ. Мөн хохирол төлбөрийг яг хэзээ төлөх хугацааг мэдмээр байна гэх,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь шуурхай албаны тээврийн хэрэгслийг засуулсан хохирол төлбөрийг 2025 он дуусахаас өмнө барагдуулах хүсэлтэй байна гэх,

Шүүгдэгчийн зүгээс 2025 он дуусахаас өмнө хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулна гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Субару простер” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч М.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), гэрч Ц.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал), “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 49325 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-64 дэх тал), “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49326 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 71-77 дахь тал), “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49331 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 83-92 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.          

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэдэгт автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудад, шүүгдэгч Н.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.

Тухайлбал шүүгдэгч Н.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ тэрээр хохирогчийн авто машиныг завших аливаа нэгэн зорилгогүй байсан болох нь тогтоогдож байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Н.Б нь шунахай сэдэлтээр, илээр, хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчид аливаа хэлбэрээр халдсан байдал тогтоогдоогүй, мөн шунахай сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж, өөртөө захиран зарцуулах бодит бололцоо олгосон байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Б-ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан дээрх үйлдлийг хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хангаж, шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгч Н.Б нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдэх явцад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т заасан зам гэх ойлголтод хамаарах хэсэгт бус, байрны гадаа байрлуулсан иргэний нэхэмжлэгч Д.Д, Өмнөговь аймгийн Прокурорын газрын өмчлөл, эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэлд хохирол учруулахдаа уг үйлдлийг санаатайгаар хүсэж үйлдсэн, эсхүл хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүйн зэрэгцээ санаатайгаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх сэдэлт, зорилго агуулаагүй байх тул шүүгдэгчийн үйлдлийг өөр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжгүй дүгнэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж  тус тус заасан тул санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Н.Б нь хариуцан арилгах үүрэгтэй, харин иргэний нэхэмжлэгч нар эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй юм.

Шүүгдэгч Н.Б нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдэх явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэлд 8,742,800 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газрын тээврийн хэрэгсэлд 3,136,400 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын тээврийн хэрэгсэлд 1,911,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 49325 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-64 дэх тал), “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49326 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 71-77 дахь тал), “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49331 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 83-92 дахь тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б-ын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өмнөөс үнэлгээний төлбөрт 708,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирлоос 6,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газрын өмнөөс үнэлгээний төлбөрт 308,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь оролцогчдын тайлбар болон хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 70, 83, 138 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.  

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ад үлдэх 2,742,800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газарт 3,136,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Д-од тээврийн хэрэгсэлд учирсан болон үнэлгээний төлбөрт нийт 2,055,000 төгрөгийн хохирол төлбөрийг тус тус шүүгдэгч Н.Б-оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь журмын хашаанд тээврийн хэрэгслийг хадгалуулсны төлбөрт 400,000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгч Д.Д нь хэлэх зүйл байхгүй гэх,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь хэлэх зүйл байхгүй гэх,

Шүүгдэгч нь ажил хийж хохирол төлбөрөө төлөхөөр төлөвлөсөн байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал ажил хийх цаг бага гарах байх гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.         

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.          

Шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар.   

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өмнөөс үнэлгээний төлбөрт 708,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирлоос 6,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газрын өмнөөс үнэлгээний төлбөрт 308,000 төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-од авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-оос 2,742,800 (хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга найман зуу) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ад, 3,136,400 (гурван сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газарт, 2,055,000 (хоёр сая тавин таван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Д-од тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын 400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өмнөөс үнэлгээний төлбөрт 708,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирлоос 6,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газрын өмнөөс үнэлгээний төлбөрт 308,000 төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ