Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 282

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

шүүгдэгч Ж.Алаг-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 32 дугаар гудамжны 412 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УХ94032314/ Боржигон овогт Жавхлантын Алаг-Эрдэнэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020845 дугаар 185/2017/0303/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Алаг-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14-543 тоот хүн байнга амьдардаг Н.Баяндоржийн эзэмшлийн байшин буюу орон байрны цонхоор нэвтэрч 2017 оны 03 дугаар сарын 24-ний өглөөний 10 цагаас оройн 20 цагийн хооронд орж ТСL загварын 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Алаг-Эрдэнийн: 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн өдөр болсон. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буюу маргааш нь би бага зэрэг архи уусан байсан. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг ээжийн төрсөн дүүгийнд орж унтаж байгаад, ахынхаа зурагтыг авч гарсан нь үнэн. Би одоо ээж, аав, ах, хамаатныхаа царайг харж чадахгүй, болчимгүй үйлдэл хийсэндээ харамсаж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн Мөрдөн байцаалтад хохирогч Н.Баяндоржийн: ...гэрээ төрсөн эгч Саранцэцэгийн охин болох Алтанчимэгээр харуулж байсан. 2017 оны 3 дугаар сарын 24-ний орой эгчийн охин Алтанчимэг над руу утсаар залгаад ах аа байшинд хулгай орсон байна гэж надад хэлсэн. Манай гэрээс зөвхөн зурагт л алга болсон байсан ... 2015 онд электрон барааны  BSB  дэлгүүрээс 32 инчийн LCD зурагтыг 500.000 төгрөгөөр худалдан авч байсан, үнэлгээтэй санал нийлж байна. Ж.Алаг-Эрдэнэтэй ах дүүсийн харилцаатай, сүүлийн жилүүдэд манай тэр хавийн хүүхдүүдтэй нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа. Шүүх хуралдаанд оролцохгүй. Надад ямар нэгэн гомдол санал алга байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Жавхлантын: ...Миний том хүү Ж.Алаг-Эрдэнэ нь 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа аав ээжийн гар дээр өсч хүмүүжсэн. Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургуульд суралцаж байгаад 2012 онд Ертөнц дунд сургуулийн 11 дүгээр ангийг төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, сургууль төгссөнөөс хойш тодорхой ажил эрхлээгүй, хүнтэй харилцахдаа эелдэг зөөлөн зантай, сүүлийн үед найз нөхөдтэйгээ нийлээд архи согтууруулах ундаа хэрэглээд байгаа сурагтай байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 сарын 3-ны өдрийн шинжээчийн №1949 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр ирүүлж бэхжүүлсэн 5 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин №3 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

  2. Шинжилгээнд тэнцэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №1 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN000510015944, MN000610019150 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Жавхлант овогтой Алаг-Эрдэнийн зүүн гарын эрхийн хурууны хээтэй, №2 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN000510015944, MN000610019150 гэсэн бүртгэлийн дугаараар, бүртгэгдсэн Жавхлант овогтой Алаг-Эрдэнийн зүүн гарын чигчий хурууны хээтэй, №5 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN000510015944, MN000610019150 гэсэн бүртгэлийн дугаараар Жавхлант овогтой Алаг-Эрдэнийн баруун гарын долоовор хурууны хээтэй тус тус тохирно.

  3. Шинжилгээнд тэнцэх 5 ширхэг гарын мөр Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй. Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оюунболд гэсэн дүгнэлт /хх27-29/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-37/,

     

    Мөрдөн байцаалтад Ж.Алаг-Эрдэнийн яллагдагчаар: ...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ... урьд өдөр нь миний төрсөн өдөр байсан болохоор би бага зэрэг архи уусан байсан. Ахынхаа байшинд цонхоор орж хэсэг унтаж байгаад гарахдаа зурагтыг нь авч гарсан. Мөнгөний хэрэг гараад зурагтыг нь зарсан. Би зурагтаа Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Нарантуул зах руу явдаг урд талын автобусны буудал дээр очоод урьд өмнө нь огт харж байгаагүй танихгүй хүнд зурагтаа зарсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-43-44/,

    хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-10/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-50-52/, Ж.Алаг-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-18/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилснээр нотлогдон тогтоогдов.

     

    Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ж.Алаг-Эрдэнэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

    2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан дагуу прокуророос Ж.Алаг-Эрдэнэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ж.Алаг-Эрдэнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

     

Шүүгдэгч Ж.Алаг-Эрдэнэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Н.Баяндоржийн хэргийн материалтай танилцахдаа гаргасан хүсэлтээр нотлогдов.

 

Шүүгдэгч Ж.Алаг-Эрдэнэ ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-17/ тогтоогдов.

 

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ж.Алаг-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Жавхлантын Алаг-Эрдэнэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилсүгэй.

  2. Жавхлантын Алаг-Эрдэнийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  3. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Жавхлантын Алаг-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  4. /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар Ж.Алаг-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5. < > цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

    2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ж.Алаг-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ж.Алаг-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Алаг-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                  

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ