Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/670

 

С.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Амарсанаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Б.Э-н гаргасан давж заалдах гомдлоор С.Х-т холбогдох эрүүгийн 2006044000152 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

      С.Х-, 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч С.Х- нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 03 цагийн үед, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Генерал” шөнийн цэнгээний газарт Б.Э-н толгойн тус газарт нь шил шидэж, эрүүл мэндэд нь “дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн хөмсөгний язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Б.Э- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, С.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “...шинжээчийн дүгнэлтэд дурдсанчлан мохоо зүйлийн үйлчлэлээр энэ олон тооны, тодорхой хэмжээний урттай гэмтлүүд учрах боломжгүй гэж үзэж байна. Учир нь, шилэн эдлэл хагараагүй, нэг л газар цохисон, ганцхан гэмтлийг учруулаагүй. Өөрөөр хэлбэл, нүд орчим цохихдоо хагарч, хагарсан хагархайнууд нь язралт, зүсэлтүүд бүхий гэмтлүүдийг үүсгэсэн. Энэ гэмтлийг авснаас хойш удаан тонгойж чадахгүй, үе үе дотор муухайрах, толгой хүчтэй өвдөх, зарим шөнө нойр хүрэхгүй байх зовуурьтай болсон. Эмчилгээ, эм тарианы баримтуудаа хөдөө мартаж ирээд хэрэгт өгч чадаагүй байсан. Олон нийтийн газарт согтуугаар бусадтай маргалдаж, хөндлөнгийн хүн рүү холоос шил шидэж нүүр лүү минь цохиод гэмтэл учруулсан энэхүү үйлдлийг хөнгөн гэмт хэрэг гэж ганцхан зүйл, ангиар зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна. Удаа дараа уламжлалын аргаар хүнд бариулсан. Анхан шатны шүүх хуралдаанд үг хэлэх эрхийг минь хязгаарласан гэж үзэж байна. Зүгээр зогсож байтал духан тус газарт маань язралт бүхий гэмтэл өөрөө учирсан мэтээр бичжээ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөн анх үзлэг хийсэн эмчээс мэдүүлэг авч өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор А.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй зүйл байхгүй тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            С.Х- нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 03 цагийн үед, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Генерал” шөнийн цэнгээний газарт Б.Э-н толгойн тус газарт нь шил шидэж, эрүүл мэндэд нь “дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн хөмсөгний язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч Б.Э- нь: “...П-, Б- бид гурав ... “Генерал” гэдэг шөнийн цэнгээний газарт орсон ... бүжгийн талбайд Б-х нэг залуутай маргалдаад байх шиг байхаар нь би очоод тэр хоёрыг салгасан. ... тэр хоёр бие биенээ цохиж зодсон эсэхийг би хараагүй. ... Б-хийг би ширээний сандал дээр суулгаад хажууд нь зогсож байсан. ... нэг харсан чинь Б-хтэй муудалцсан залуу тунгалаг өнгийн архины хундага ч юм уу, ундааны аяга шиг зүйл над руу чиглүүлээд шидсэн. Тэр нь ирээд миний зүүн талын шанаа, нүдний харалдаа хэсгийг оносон. Тэгээд зүсэгдээд цус гарсан. ...” /хх-ийн 9-13/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - гэрч Т.Б-хийн: “...01 цаг өнгөрч байх үед бид гурав “Генерал” гэдэг бааранд орсон. ... Э- бид хоёр тайзан дээр бүжиглэж байгаад би тэнд байсан нэг танихгүй хүүхний өгзөг рүү нь 1 удаа алгадсан. Тэгсэн чинь тэр хүүхний нөхөр нь бололтой нэг залуу ирээд миний хүзүү хэсэг рүү 1 удаа цохисон. “Яаж байна” гээд тэр залуу бид хоёр маргалдаад зууралдаад авсан чинь манай найз Э- ирээд салгасан. Тэгээд Э- бид хоёр ширээнийхээ хажууд зогсоод юм яриад байж байсан чинь бид хоёрын зогсож байсан газрын шалан дээр тунгалаг өнгийн шилэн зүйл хагарах чимээ сонсогдсон. Тэр шилийг хаанаас хэн шидсэнийг нь би хараагүй. Тэгтэл Э- “Надаас цус гараад байна” гэж хэлэхээр нь хартал түүний зүүн талын хөмсөгний дээд хэсэг нь сэтэрчихсэн, цус гарч байсан. ...” /хх-ийн 23-26/,

            - гэрч Б.Б-ий: “...би заалаа тойроод ажлаа хийгээд явж байтал бүжгийн талбай дээр бүжиглэж байсан улаан өнгийн цамцтай нэг эмэгтэйн бөгс рүү тэнд бүжиглэж байсан цагаан өнгийн цамцтай залуу алгадаад авах шиг болсон. Тэгтэл тэр эмэгтэйтэй хамт явж байгаа бололтой нэг залуу уурлаад нөгөө бөгс рүү нь алгадсан залуутай хэрэлдсэн. Тэд нар маргаад байхаар нь бид нар тэр хүмүүсийг ширээнд нь суулгасан. ... Тухайн үед би шил шиддэг залуугийн ширээ лүү хараад зогсож байсан юм. Тэгтэл нөгөө баруун урд талын ширээнд сууж байсан залуу нөгөө маргадаг залуугийн зүг рүү ширээн дээр байсан пивоны шил аваад шидсэн. Тэр үед тухайн шидсэн шил нь миний хажуугаар өнгөрсөн. ... Тэр залууг шил шидсэний дараа би эргээд хартал миний ар талын ширээний хажууд зогсож байсан эрээн хувцастай залуугийн нүүр хэсэг нь тэр чигтээ цус болчихсон нэг талынх нь хөмсөг нь сэтэрчихсэн байсан. ...” /хх-ийн 29-30/,

            - гэрч Б.Бу-ийн: “...шилэнд оногдсон гээд байгаа залуугийн найз нь гэх цагаан өнгийн футболктой залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хар өнгийн саравчтай малгай, улаан өнгийн цамцтай эмэгтэйн бөгс рүү нь 1 удаа алгадаад авсан. ... Тэгээд хэрүүл маргаан болоод байхаар нь бид нар тухайн хүмүүсийг ширээ ширээнд нь суулгаад гэрлээ асаагаад хөгжмөө унтраагаад баараа хаахаар болсон. Тэр үед би тухайн хүмүүсийн ширээнийх нь урд хэсэгт зогсож байтал ... нөгөө залуу ширээн дээрээ улаан цамцтай хүүхэнтэй зууралдаж байснаа засвараар нь ширээн дээр байсан шилийг авч маргалдаад байсан залуугийнхаа сууж байсан ширээ лүү чиглүүлээд шидчихсэн. ... Тэгтэл шидсэн шил нь тэр эрээн хувцастай залуугийн зүүн талынх нь хөмсөг хэсэгт нь оносон. ... зүүн хөмсөг хэсэг нь задраад тэр газраас нь маш их цус гоожиж байсан. ...” /хх-ийн 32-33/,

            - шүүгдэгч С.Х-ийн яллагдагчаар өгсөн: “...бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэг цагаан өнгийн футболктой залуу хажуугаар гарах үедээ манай эхнэрийн өгзгөөс нь гараараа базаад авсан. Тэгэхээр нь би уурлаад тэр залуутай уулзах гэсэн чинь манай эхнэр “Яах юм бэ” гээд болиулсан. Тэгээд би ширээн дээрээ суугаад манай эхнэр бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед нөгөө залуу дахиад өгзгөөс нь базаад авсан. ... би ширээнээсээ босч очоод тэр залуутай маргалдаад бие биенээ ганц нэг цохисон. Тэгж байтал баарны хамгаалагч нар болон эхнэр, тэрний найзууд салгаж болиулсан. ... Би уур хүрээд тэр залуугийн сууж байсан ширээ лүү ууж байсан пивоныхаа шилийг чиглүүлээд шидсэн. Миний шидсэн шил нөгөө манай эхнэрийг өдөөд байсан залууг оносон эсэхийг би хараагүй. ... Тухайн үед зөөгч нь “Чиний шидсэн шилэнд энэ залуу оногдчихлоо” гээд эрээн хувцастай залууг заасан. Миний харснаар тэр залуугийн зүүн талын шанаа, хөмсөг хэсгээс нь цус гарч байсан. ...” /хх-ийн 46-48/ гэсэн мэдүүлгүүд,

            - хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12866 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37/ зэргээр давхар нотлогджээ.

            Хохирогч Б.Э- гаргасан давж заалдах гомдолдоо “...шинжээчийн дүгнэлтээр өөрт учирсан гэмтлүүдийг зөв тогтоож чадаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлагыг хангаагүй...” хэмээн дурдсан байна.

            Хэргийн материалыг судлахад, хохирогч Б.Э- нь гэмтэл авсан өдрөө буюу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Шүүх эмнэлэгт үзүүлж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Med trauma” эмнэлэгт толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэжээ.

            Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12866 дугаартай дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт үзлэг хийсэн үзлэгийн үр дүнд үндэслэн гаргасан байх бөгөөд уг дүгнэлтээр “...дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” болохыг тогтоожээ.

            Дээрх шинжилгээг хийлгэх явцад шинжээч Ц.Оюун-Эрдэнэд хууль сануулсан, тэрээр гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээд бөгөөд тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан дүгнэлтийг нь үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

             Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх, шинжээчээс мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэв.

             Түүнчлэн шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.                                          Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба шийтгэх тогтоол нь зохих хуулийн шаардлагыг хангаж гарчээ.

            Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар маргасан хохирогч Б.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч С.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

            Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр тодорхойлогддог.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад, хохирогч Б.Э-н зүгээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг тодорхойлсон баримтууд гаргаж өгөөгүй тул хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж заасантай нийцсэн гэж үзлээ.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд шүүгдэгч С.Х-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх тул шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Хохирогч Б.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН