| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/04801/И |
| Дугаар | 101/ШШ2023/00226 |
| Огноо | 2023-01-05 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/00226
| 2023 01 05 | 101/ШШ2023/00226 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө п д л ХХН-н гаргасан,
Хариуцагч: Д д м т ХХК-д холбогдох,
27,918,327.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр, нарийн бичгийн дарга З.Амартүвшин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:
Манай компани 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Д д м т ХХК-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 1.1, 1.2-т тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаатай хавсралт 1-т заасан хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай үзүүлэх, үйлчлүүлэгч тал гэрээний хавсралт 2-т заасан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хариуцагчийн бичгээр болон амаар өгсөн даалгаврын дагуу бүх төрлийн гэрээний төсөл, компанийн баримт бичиг, компани үүсгэн байгуулах баримт бичиг, хөдөлмөрийн эрх зүйн бүхий л дүрэм, журам болон тушаал, зааврын төсөл боловсруулахаас гадна шүүхийн маргаанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж ирсэн. Уг гэрээний дагуу хариуцагч нь үйлчилгээний хөлсөнд 1 /нэг/ сарын 2,500,000.00 төгрөгийг бидэнд төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний хугацаа дуусахад 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин 1 /нэг/ жилийн хугацаагаар сунгасан.
Бид нар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу жил бүрийн эцэст гэрээг дүгнэж, төлбөрийн талаар тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулдаг бөгөөд манай нөхөрлөл 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 20,416,666.67 төгрөгийн үйлчилгээ үзүүлснээс хариуцагч нь 5,558,838.71 төгрөгийг төлж, үлдэгдэл 14,857,827.96 төгрөгийг төлөөгүй. Мөн 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 30,000,000.00 төгрөгийн үйлчилгээ үзүүлснээс хариуцагч тал 20,029,500.00 төгрөгийг төлж, 2020 оны үлдэгдэл 2021 оны үлдэгдэл 24,828,327.96 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгааг харилцан баталгаажуулсан. Ингээд 2022 оны 1 дүгээр сараас гэрээ цуцлах өдөр хүртэл буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 8,583,333.33 төгрөгийн үйлчилгээ үзүүлснээс хариуцагч нь 5,493,333.33 төгрөгийг төлж 2020 он, 2021 он, 2022 оны үлдэгдэл нийлээд 27,918,327.96 төгрөг гарсныг хоёр талын эрх бүхий хүмүүс баталгаажуулсан.
Үүний дараагаар талууд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр харилцан тохиролцож эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж, хариуцагч нь 27,918,327.96 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх болохыг зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл тухайн төлбөрийг төлөхгүй байна. Иймд, хариуцагчаас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 1.1-т заасны дагуу үлдэгдэл төлбөр 27,918,327.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 297,550 төгрөг төлсөн баримт,
2. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
3. Паблик дэфендэр лойерс ХХН-ийн тооцоо,
4. Тооцооны баримтын жагсаалт,
5. Тооцооны үлдэгдэлийн баталгаа,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө п д л хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл-өөс хариуцагч Д д м т ХХК-нд холбогдуулан 27,918,327.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Энэ хэрэгт шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тоот захирамжийн дагуу албадан шүүхэд ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Ингээд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр товлож, энэ талаар зохигчдод мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй хэдий ч шүүхийн зүгээс талуудын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр товлосон боловч хариуцагч нь мөн адил шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ө п д л хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь хариуцагч Д д м т ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, мөн 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж хариуцагч компанид хууль, эрх зүйн зөвлөгөө өгөхөөр тохиролцсон байна /х.х-ийн 6-21 хуудас/.
Тодруулбал, зохигчдын байгуулсан эдгээр гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид хууль, эрх зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, үйлчлүүлэгчийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх, гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливлаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаанд оролцох болон шүүхэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох зэрэг үүргийг тус тус хүлээжээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заасан. Тайлбарлавал, нэхэмжлэгч Ө п д л хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг этгээд болохын хувьд хариуцагч Д д м т ХХК-ийн хүсэлт, захиалгаар хууль, эрх зүйн тодорхой төрлийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн нь хөлсөөр ажиллах гэрээний эрх, үүргийн шинжтэй харилцаа байна.
Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
3. Тус хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заажээ. Зохигч нарын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт 2-т зааснаар ердийн ачаалалтай сард 2,500,000.00 төгрөг, их ачаалалтай сард 2,500,000.00 төгрөгөөс гадна үйл ажиллагааны явцад гарах бусад нэмэлт зардлын хамт хариуцагч нь үйлчилгээний хөлсөнд төлөх үүргийг хүлээсэн бол 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээгээр дээр дурдсан хөлсний хэмжээг 2,000,000.00 төгрөгөөр тогтоосон байна /х.х-ийн 12, 20 хуудас/.
Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллагч нь бүх төрлийн ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх боловч ажил гүйцэтгэх гэрээний нэгэн адил ажлын үр дүн буюу шинээр тодорхой төрлийн зүйлийг бий болгох бус, харин үйл ажиллагаа /ажил үйлчилгээ/ нь өөрөө гэрээний зүйл байдаг тул ийнхүү ажиллагч нь үүргээ зохих ёсоор биелүүлснээр тэрээр ажиллуулагчаас хөлс шаардах эрх үүсдэг.
Энэ талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тодруулбал, хөлсөөр ажиллах гэрээний зохигчид гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүснэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигч нарын төлбөрийн талаарх тооцоо нийлсэн баримтаар хариуцагч Д д м т ХХК нь хөлсөөр ажиллах гэрээний төлбөрт 2020 оны 04 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 20,416,666.67 төгрөгийг төлөх ёстой байснаас 5,558,838.71 төгрөгийг нэхэмжлэгч Ө п д л хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл-д төлж, үлдэгдэл 14,857,824.96 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн бол 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 30,000,000.00 төгрөгийг төлөх ёстойгоос 20,029,327.96 төгрөгийг төлж, өмнөх оны үлдэгдэл 14,857,824.96 төгрөгийн хамт нийт 24,828,327.96 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна /х.х-ийн 24, 25 хуудас/.
Ингээд зохигчид 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлж, хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд 8,583,333.33 төгрөгийн хөлс төлөх үүргийг хүлээсэн бөгөөд үүнээс 5,493,333.33 төгрөгийг төлж, өмнөх оны үлдэгдэл 24,828,327.96 төгрөг дээр төлөгдөөгүй үлдсэн 3,090,000.00 төгрөгийн нэмж нийт 27,918,327.96 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ /х.х-ийн 23 хуудас/.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Гэтэл хариуцагч Д д м т ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Тодруулбал, энэ тохиолдолд тус компанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 27,918,327.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 297,550.00 төгрөгийг төлсөн ба нэгэнт шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул дээр дурдсан хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 297,550.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг үндэслэн хариуцагч Д д м т ХХК-иас 27,918,327.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө п д л хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,550.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 297,550.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР