Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ******* сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

            Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар,

            Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 хугацаагаар хорих ялаар,

            Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 хугацаагаар хорих ялаар,

            Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

            Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай, *******.

                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр *** шилжих шөнө *** сумын *** гэх газраас хохирогч *** 1 тооны бярууг явганаар тууварлан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *** 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

*** өдөр Өвөрхангай аймгийн *** гэх газраас хохирогч *** 2 тооны охин бярууг явганаар тууварлан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *** 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

            *** үед *** багийн нутаг дэвсгэрээс *** 1 тооны улаан зүсний үхрийг явганаар тууварлан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч **** 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *** ...би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд байх юм. Миний буруу... гэх мэдүүлэг,

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** өдрүүдэд *** газраас өөрийн эзэмшлийн улаан ягаан зүстэй 2 чих нь урдаасаа ухам имтэй, 1 тооны бяруугаа бэлчээрээс нь хулгайд алдсан. ...би *** суманд хулгайн бололтой үхэр байна гэж сураг сонссон. Очтол миний алдсан ...бяруу мөн байсан. Тэгээд *** алдсан бяруу яагаад энд байдаг билээ” гэхэд *** гэх залуу манай үхэрт авч ирж тавьсан гэсэн. Тэгээд би бяруугаа ачаад гэртээ авч ирсэн. Одоо бяруу үхэртээ байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181 хуудас/,

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр *** газар өвөлждөг. ***ны өдөр манай үхэр *** гэх газрын замын доод тал буюу баруун намаг талдаа 20-д тооны үхэр бэлчиж байсан ба тухайн цаг хугацаанд 15-16 цагийн үед үзэхэд байсан. Тэгээд орой үхрээ хотлуулах гээд гэрийнхээ гадаа тууж ирээд одоо ногооны бяруу болох тугалнууддаа тэжээл өгөх гэтэл улаан зүсмийн 1, улаан ягаан зүсмийн 1 нийт 2 тооны бяруу байхгүй болохоор нь ойр орчмоор хайгаад олоогүй ба тэрнээс хойш айлын үхэр дагаад явчихсан байх гэж бодоод ойр орчмын айлуудаар хайгаад олохгүй байх тул хулгайд алдсан байж болзошгүй. Учир нь *** сумын нутаг дэвсгэртэй хил залгаа байдаг, манайхтай ойролцоо *** гэх айлынх мөн нэг тооны бяруугаа алдсан талаар саяхан хоёр тооны бяруугаа хайж явах үедээ мэдсэн тул цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 хуудас/,

Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** үед *** аймгийн *** сумын *** гэх газраас өөрийн үхэр сүргээсээ улаан зүсмийн багавтар биетэй, шүдлэн насны монголын гунжаа хулгайд алдсан. Тэгээд алдсан гунжаа сураглаж байтал *** сумын гаралтай *** гэх залуу манай алдсан гунжийг туун *** сумын төвийн урд талд нутаглах хүргэн ах *** аваачиж орхиод өөрөө хот руу явсан байсан. Тэгээд би өөрийн алдсан гунжаа им зүсээр нь таньж олж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106-107 хуудас/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** үеэр *** сумын төвийн урд талд байх нуурын дэнж гэх газар байх гэртээ байж байх үед 14-15 цагийн үед шар хамар *** гэж хочилж дууддаг *** гэх залуу явган улаан зүсмийн гурван бярууг хөлөөр нь туугаад манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд манайд орж цай уучхаад та миний гурван тооны бярууг хараад байж бай би удахгүй авна гэхээр нь би *** гэх хүнийг тухайн бяруунуудаа хаанаас ямар нэртэй газраас авчирсан юм бэ гэж асуутал доороос авсан гэж хэлсэн ба тухайн бяруу авсан гэх газраа тодорхой хэлээгүй. Тухайн үед өвөлжилт хүнд байсан учир чи тухайн гурван бяруугаа хурдан аваарай, үхчихвэл би хариуцахгүй шүү гэж хэлээд хэд хоног харж байя гэж хэлээд *** гэх залууг явуулсан. *** сарын эхээр шар хочтой *** гэх залуу улаан өнгийн хуучин *** маркийн тээврийн хэрэгсэлтэй, нударгатай улаан өнгийн хөвөнтэй дээл, хар ноосон малгай, арзгар хар гутал өмссөн ганцаараа явж байсан. Тэгээд манай гэрт орж цай хоол идчихээд манайд хоноод өглөө явах үедээ гурван бярууны нэгийг нь 300,000 мянган төгрөгөөр зармаар байна гэхээр нь би нэг бярууг нь би гэрт байсан 200,000 мянган төгрөгийг өгөөд дараа ирж үхрээ авах үед чинь үлдэгдэл 100,000 төгрөгөө өгий гэж хэлээд явуулсан дахиж манайд ирээгүй. Би тухайн үед арай жижигхэн улаан хүрэндүү зүсний хойноосоо хоёр чих нь ухам имтэй охин нэг тооны бярууг худалдан аваад хөх ноосондуу өнгийн хүзүүвч хийгээд хоёр чинь нь араасаа ухам байсан ба зөв талын чихийг урдаас нь догол болгож өөрчилсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 18, 148-149 хуудас/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...*** манайд ирэх үедээ 1 удаагийн үйлдлээр 4 тооны үхэр тууж ирсэн. Тухайн үед *** тууж ирсэн 4 үхрээс хэсэг хугацааны дараа 3 үхрийг нь эзэд нь ирээд таниад аваад явсан учир 3 үхэр гээд мэдүүлчихсэн юм. Түүнээс биш *** ирэхдээ 4 үхэр тууж ирсэн нь үнэн... ”гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 хуудас/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** үеэр намайг ажлаа тараад 18-19 цагийн үед ирэхэд манай дүү *** манай гэрт ирчихсэн байсан. Ямар нэг тээврийн хэрэгсэлгүй байхгүй байсан. Би дүү *** бяруу авчирсан гэхээр хаанаас юу авчирсан бэ гэж асуутал миний юм байгаа юм түр тавьчихъя гэж байсан. Би тухайн үед хаанаас авсан талаар асууж тодруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн *** дугаартай “...нийт 700,000 долоон зуун мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 37-43 хуудас/,

Хөрөнгийн    үнэлгээний Дамно ХХК-ийн *** дугаартай “...нийт 400,000 дөрвөн зуун мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 186-190 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн *** дугаартай “...нийт 800,000 найман зуун мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 116-121 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

“Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодийг дөрвөн богоор тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр **** төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч *** болон өмгөөлөгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч **** бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч **** нарт 4 тооны үхэр нь биетээр буцаан олгогдсон тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** 01 (нэг) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заалтад гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** 01 (нэг) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч *** бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч **** 01 (нэг) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 01 (нэг) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.  Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН