Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/05237

 

 

 

 

 

 

 

2022 12 13

101/ШШ2022/05237

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С Т ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г Т ХХК холбогдох

 

Цементийн төлбөр 183,503,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С Т ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани буюу С Т ХХК нь Г Т ХХК-тай 500,000,000 төгрөгийн цемент нийлүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22/02 тоот Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингэхдээ уг гэрээний 3.2-т заасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр худалдан авсан цементийн төлбөрийн 50 хувийг төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэй байсан. Улмаар манай компани нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,263.02 тонн цементийг Г Т ХХК-д нийлүүлсэн. Г Т ХХК эхний төлбөр болох 280,628,760 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 219,371,240 төгрөгнөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны 3,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 39,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 27,500,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 5,888,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 90,388,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч дахин 54,520,000 төгрөгийн цементийг авснаар нийт 183,503,240 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Манай компанийн зүгээс Г Т ХХК-тай холбогдон Цемент худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч ...боломжгүй, дараа больё.. гэх зэрэг тайлбаруудыг тавьсаар одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй манай компанийг хохироож байна.

Иймд цементийн үлдэгдэл төлбөр болох 183,503,240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г Т ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 22/02 дугаартай Цемент худалдах, худалдан авах гэрээ, С Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн шинэчилсэн дүрэм, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл, С Т ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа №2022/3, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2022 оны 4 дүгээр сарын 02,03,04,05,06,08,09,10,11,28-ны өдрийн зарлагын баримтуудыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжид гаргасан гомдол, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 22/02 дугаартай Цемент худалдах, худалдан авах гэрээ, Г ТХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22/2-154 дугаартай Тооцоо гаргасан тухай албан бичиг, Г ТХХК-ийн БУ16-1281/17 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, Г ТХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нь нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн, харин нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С Т ХХК нь хариуцагч Г ТХХК-д холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 22/02 дугаартай Цемент худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 183,503,240 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Г ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нэхэмжлэлийн хувийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан байх бөгөөд тэрээр 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл татгалзаж байгаа талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлэх үүргийг хүлээсэн боловч тайлбараа ирүүлээгүй, ийнхүү тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. С Т ХХК болон Г ТХХК нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22/02 дугаартай Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дотоодын үйлдвэрийн задгай цементийг нийлүүлэхээр, гэрээний нийт үнэ нь 500,000,000 төгрөг, гэрээний 3.2-т зааснаар цемент худалдан авалтын 1 дүгээр ээлжийн төлбөр болох нийлүүлсэн дүнгийн 50 хувьд ногдох мөнгөн төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлөхөөр, 2 дугаар ээлжийн төлбөрийг нийлүүлсэн цементийн 100 хувийн гүйцэтгэлээр 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

4б. Дээрх гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд зохигчид нь цемент худалдан авахаар харилцан тохиролцож байсан байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 1,263.02 тонн цементийг С Т ХХК нь Г Т ХХК-д нийлүүлсэн, улмаар 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр талууд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны тооцоог нийлэхэд 183,503,240 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Г ТХХК нь С Т ХХК-иас нийт 683,987,740 төгрөгийн цемент авч, 500,484,500 төгрөгийг төлж, 183,503,240 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа №2022/3 баримт, Г ТХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22/2-154 дугаартай Тооцоо гаргасан тухай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4в. Зохигчдын хооронд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 22/02 дугаартай Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш Г Т ХХК нь эхний төлбөр болох 280,628,760 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 219,371,240 төгрөгнөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 39,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 27,500,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 5,888,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 90,388,000 төгрөгийг төлж, 128,983,240 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба дахин 54,520,000 төгрөгийн цементийг хариуцагч нь авч, нийт 183,503,240 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргаж байна.

 

Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 500,000,000 төгрөгийн цемент худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 128,983,240 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч хариуцагч нь нэмж 54,520,000 төгрөгийн үнэтэй цементийг авснаар зохигчдын хооронд 183,503,240 төгрөгийн үлдэгдэлтэй, энэхүү төлбөр төлөх үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байна.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбараа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/20876 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжид гаргасан гомдолдоо 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 22/02 дугаартай Цемент худалдах, худалдан авах гэрээ, Г ТХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22/2-154 дугаартай Тооцоо гаргасан тухай баримтуудыг хавсарган ирүүлсэн, эдгээр баримтаас үзэхэд хариуцагч гэрээ байгуулсаны хувьд болон гэрээний үлдэгдэл төлбөрийн хувьд маргаангүй буюу 183,503,240 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрсөн тооцоог шүүхэд ирүүлжээ.

 

6. Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчдын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А түүний 8811-8666 дугаарын утсаар 12 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд за ойлголоо, компаниас төлөөлөгчөө сольж байгаа, шинэ төлөөлөгч нь очих байх гэсэн хариу өгсөн, шүүхийн зүгээс эрх бүхий томилогдсон этгээдэд хурлын товыг мэдэгдсэн.

 

Хариуцагч Г ТХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 22/2-150 дугаартай итгэмжлэлээр Ч.А 2 жилийн хугацаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон ба, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэж зааснаар хариуцагч нь төлөөлөгчийг оролцуулахгүй, олгосон итгэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.

 

Ийнхүү шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А хэргийн материалыг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулсан байх бөгөөд энэ өдрөөс хойш Ч.Атарболд нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжид гомдол гаргахдаа гомдолдоо хавсарган ирүүлсэн баримтуудаас гадна нэхэмжлэгч тал нэмж нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийг хэлэлцүүлэх шүүгчийн захирамж 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гарч, түүнд шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй, хэргийн материалтай танилцах эрх, үүргээ хэрэгжүүлдэггүй, мэтгэлцэх эрхийг хангасан боловч мөн шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,075,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ТХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,075,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С Т ХХК-д олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г ТХХК-иас 183,503,240 /нэг зуун наян гурван сая таван зуун гурван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,075,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ТХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,075,500 /нэг сая далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/20876 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ