Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0014

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц******* /РД:/,                                           

Хариуцагч: Х хэлтэс,

Гуравдагч этгээд: “Б**************” ХХК /РД:/, Г *******” ХХК /РД: /-д холбогдох улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Б.Ц******* тус шүүхэд хандан “Х хэлтсийн улсын бүртгэгч Н.С 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж Г байрны ******* ******* тоот 79.24 м.кв 3 өрөө орон сууцыг Б.Ц*******гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэн өмчлөлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч Б.Ц******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Р-А/******* дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг “Г *******” ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Г А блок, ******* ******* тоот, 3 өрөө 79.24 м.кв орон сууцыг захиалж, 2021 оны II улиралд хүлээн авахаар тохиролцсон.[1]

2.2. “Б******* *******” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Х хэлтэст хандаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай хүсэлт гаргасан.[2]

2.3. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн Ү- дугаарт “Б******* *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон.[3]

2.4. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Е 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар тогтоолоор “Б******* *******”-ийн өмчлөлд эрхийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж[4], энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 114-3/2125 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдсэн.[5]

2.5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанд “Б******* *******”-ийн өмчлөлд эрхийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах “үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх” тусгай тэмдэглэлийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийсэн талаарх баримт хувийн хэрэгт авагджээ.[6]

2.6. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Нийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2*******1 дүгээр тогтоолоор “Б******* *******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлжээ.[7]

2.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэдийн нэр дээр салгаж бүртгэн гэрчилгээг шинээр олгохгүй байхыг Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн.[8]

2.8. Б.Ц******* нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, ******* байрны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг эрх бүхий ажилтан М.Б хүлээн авчээ.[9]

2.9. Улмаар улсын бүртгэгч Н.С 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч түүнийг шүүх болон эрх бүхий байгууллага шалгаж байгаа” гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл гаргажээ.[10]

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс “...Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, ******* байрны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн хувьд шүүхийн маргаан байхгүй, барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон учраас улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлгүй...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс “...прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн, барилгын гүйцэтгэгч “Б******* *******” ХХК, “Г *******” ХХК-иас комиссын дүгнэлт, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан орон сууцны жагсаалтыг ирүүлээгүй тул бүртгэх боломжгүй...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.12. Гуравдагч этгээд Г ХХК-ийн зүгээс “...үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус...” гэж, гуравдагч этгээд “Б******* *******” ХХК-ийн зүгээс “... барилгын хөрөнгө оруулагч хоорондын маргааны улмаас 70 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн ...” гэх зэрэг агуулгаар тус тус тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Н.С 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн гудамж Г байрны ******* ******* тоот 79.24 м.кв 3 өрөө орон сууцыг Б.Ц*******гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэн өмчлөлийн гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн хэлтэст даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Б.Ц******* 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Г *******” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулаад , Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн гудамж Г байрны ******* ******* тоот 79.24 м.кв 3 өрөө орон сууцыг захиалаад төлбөрөө бүрэн төлөөд барагдуулсан. Төлбөрийн хувьд маргаангүй. Улсын комисс тухайн байрыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөхийн өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлтээ гаргасан боловч улсын бүртгэлийн хэлтсээс татгалзсан хариу өгсөн. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй хууль бус гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмчлөлийн хувьд тухайн орон сууцыг өмчлөгчийнх нь хувьд хариуцагч гуравдагч этгээдүүд болон бусад этгээдүүдэд Б.Ц*******гийн өмчлөл биш гэсэн ямар нэгэн маргаан байхгүй байгаа. Хариуцагчаас татгалзлын үндэслэлийг тайлбарлахдаа шүүхэд маргаантай байна гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр хэрэгт цугларсан баримтаас харахад “Б******* *******” ХХК, “Г *******” ХХК нар хоорондоо маргаантай байна. Үүн дээр нь арбитрын шийдвэр гараад явж байсан байна. Компаниудтай холбоотой маргаан үүсээд үүнийг нь шалгагдаж байгаа гэсэн баримтууд ирсэн байгаа. Гэхдээ маргаад байгаа зүйл нь ******* тоот барилгын өмчлөх эрх дээр байна уу, гэдэг нь тодорхой харагдахгүй байгаа учраас ******* тоот барилгын хувьд хөндөгдсөн маргасан зүйл байхгүй байна гэж үзэж байгаа. Анх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Б******* *******” ХХК 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг тухайн барилга дээр авсан гэдэг. Баригдах ёстой байсан барилга нь 2 блок барилга байдаг. Баруун талын барилга баригдаж байх үед тухайн барилга дээр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээ авчихсан. Одоо энэ барилга 100 хувийн гүйцэтгэлтэй дуусчихсан байгаа. Улсын комисс хүлээгээд авсан байгаа. Өмчлөлийн хувьд маргаан байхгүй учраас Б.Ц*******г өмчлөгчөөр бүртгэх татгалзах хууль зүйн үндэслэл байгаа учраас  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй 12838 м.кв талбайтай дуусаагүй барилгын өмчлөх эрх бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт "Б******* *******" ХХК өмчлөлд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч зохицуулалттай. Үл хөдлөх эд хөрөнгийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 11-3/2125 дугаартай албан бичиг болон Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 222 дугаартай прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4-160/2073 дугаартай албан бичиг болон 2022 оны 2260067/11 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 101/ГХ2021/01609 дугаартай шүүгчийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.  Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэг үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл зөрүүтэй, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн эрхийн хязгаарласан шийдвэр гарсан, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ" гэж тус тус заасны дагуу "Б******* *******" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан барилгын жагсаалтыг 2021 оны ******* сарын 14, 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн "Б******* *******" ХХК болон "Г *******" ХХК нь, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлт, албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д заасан захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан орон сууцны жагсаалт зэрэг баримт бичгийг Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст өнөөдрийн байдлаар ирүүлээгүй байх тул эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжгүй. Иймд нэхэмжлэгч Б.Ц*******гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд “Б******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай барилгын эцсийн өмчлөг бүрэн гүйцэт тогтоогдоогүй байгаа. 70 хувийн гүйцэтгэлтэй барилга бол байдаг. Германы хөрөнгө оруулалттай компанитай хамтран ажиллаад барилгыг энэ хэмжээнд босгосон байсны дараа “Г *******” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд гүйцээж барьсан тохиолдол байгаа. 70 хувийн гүйцэтгэл дууссан барилга гээд албан ёсны гэрчилгээг “Б******* *******” ХХК авсан. Гэвч энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар анхны “*******” ХХК  Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар  татаад захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа...Хөрөнгө оруулалт хийсэн юм чинь гэрчилгээгээ авъя гэдэг нь зөв. Манай хувьд 3 хөрөнгө оруулалттай барилга байгаа. “Б******* *******” ХХК-ийн газар дээр барилга баригдаад “*******” ХХК, “Г *******” ХХК нарын хөрөнгө оруулалтаар боссон хөрөнгө юм. 100 хувь дууссан барилгын албан ёсны гэрчилгээ байх ёстой. 3 компанийн нэр дээр 100 хувь дууссан барилгын гэрчилгээ гараад эндээсээ эд хөрөнгөө хувааж аваад жагсаалтаар авсан эд хөрөнгөөсөө Б.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломж байгаа. Эрүүгийн цагдаагийн албанаас өгсөн улсын бүртгэлийн газраас хөрөнгийг битүүмжилсэн асуудал байсан. Нийслэлийн прокурорын газрын прокурорын зөвшөөрөл өгөөд тухайн 70 хувийн гүйцэтгэлийн гэрчилгээтэй хөндөгдөж байгаа асуудал байгаа. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн гүйцэтгэх хуудас гараад тухайн барилга дээр ямар нэгэн байдлаар хөрөнгийг битүүмжилсэн асуудал байгаа. Хөрөнгийн асуудал дээр маргаантай асуудал гараад ирсэн. Үүнийг зөрчөөд эрх мэдээд ав гээд шүүхээс хангаад өгөхөөр олон процессын асуудал зөрчигдөх болов уу гэж бодож байна. Хэрвээ болдог бол надад татгалзаад байх зүйл байхгүй. Гэрчилгээний талаар ярьж байгаа, тухайн барилгадаа орсон амьдраад явж байгаа. Гэрчилгээний хувьд гарахгүй, хөрөнгө оруулагчийн бөгөөд эдийн хооронд маргаантай асуудал байгаа учраас уучлалт хүснэ. Давж заалдах шатны шүүх хэлэлцүүлэг болсонгүй гээд буцаачих шиг болсон. “*******” ХХК өөрсдийнхөө нэр дээр болгоно гэж байгаа...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Х хэлтсийн улсын бүртгэгч Н.С 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай[11] мэдэгдлийн хууль зүйн үндэслэл нь Эд хөрөнгийн эрх улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалт байна.

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гээд, мөн зүйлийн 29.1.5 дахь заалтад “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэж, 29.2 дахь хэсэгт “Улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан тухай хариуг мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд хариу мэдэгдэлд татгалзсан тухай үндэслэлээ тодорхой тусгана” гэж тус тус зохицуулжээ.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах, 12838 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “Б******* *******” ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ.[12]

4. Нэхэмжлэгч Б.Ц******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Р-А/******* дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг “Г *******” ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Г А блок, ******* ******* тоот, 3 өрөө 79.24 м.кв орон сууцыг захиалж, 2021 оны II улиралд хүлээн авахаар тохиролцсон.

5. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Е 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар зөвшөөрлөөр “Б******* *******”-ийн өмчлөлд эрхийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж[13], энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 114-3/2125 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгджээ.[14]

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанд “Б******* *******”-ийн өмчлөлд эрхийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах “үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх” тусгай тэмдэглэлийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:” гээд, мөн зүйлийн 30.1.4 дэх заалтад “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;” гэж заасны дагуу хийсэн талаарх баримт хувийн хэрэгт авагдсан.[15]

7. Хэрэгт авагдсан баримт болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд, Б.Ц*******гээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж Г байрны ******* ******* тоот 79.24 м.кв 3 өрөө орон сууцыг Б.Ц*******гийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг улсын бүртгэгч хянаж, мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ц******* нь “Б******* *******” ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах, 12838 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг болох ******* ******* тоот, 3 өрөө 79.24 м.кв орон сууцыг шилжүүлэн авахаар 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг “Г *******” ХХК-тай байгуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байжээ.

9. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 222 дугаар тогтоолоор Б.Ц*******гийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан орон сууцны барилгыг бүхэлд нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, уг тогтоол нь Эрүүгийн 210200073 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болтол хүчинтэй байх тул уг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл орон сууцны барилгын бүрдэл хэсэгт хамаарах өмчлөх эрхийг салгаж бүртгэх үндэслэлгүй байна.

10. Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Е 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар зөвшөөрлөөр “Б******* *******”-ийн өмчлөлд эрхийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийн үйлчлэл нь байрны ******* ******* тоот 79.24 м.кв 3 өрөө орон сууцад нэгэн адил хамаарах тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Б.Ц*******гийн орон сууцны өмчлөлийн талаар шүүхийн маргаан байхгүй, байрны эрхийн доголдол тухайлсан орон сууцад хамааралгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

11. Дээр  дурдсан үндэслэлээр Х хэлтсийн улсын бүртгэгч Н.С 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл нь мэдүүлэг гаргах үеийн үйл баримт, эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөв үнэлсэн төдийгүй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалт болон эд хөрөнгийн өмчлөх эрх нь тухайн хөрөнгийн бүрдэл хэсэгт хамаарах зарчимд нийцсэн гэж үзнэ.

12. Харин “Б******* *******” ХХК-ийн өмчлөлийн Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Бат-Эрдэнийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 22260067/11 дүгээр тогтоолын үндэслэл болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 207*******тай захирамж болон 1609 дугаар гүйцэтгэх хуудсыг мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06131 дүгээр Захирамж болон гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай[16] захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул дээрх гүйцэтгэх баримт бичиг нь үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүйг дурдаж байна.

13. Түүнчлэн талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах, 12838 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг улсын комисс хүлээн авсан, Б.Ц*******гийн эзэмшилд байгаа, захиалагчийн нэрс бүхий орон сууцны жагсаалтыг Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгөөгүй, барилгын өмчлөлтэй холбоотой “*******” ХХК, “Б******* *******” ХХК-ийн хооронд эрүүгийн болон захиргааны хэрэг хянагдаж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон[17], энэ талаар талууд маргаагүй болно.

14. Б.Ц*******гийн зүгээс “Г *******” ХХК-тай байгуулсан Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай Улсын комиссын дүгнэлт, захиалагчийн нэрс бүхий орон сууцны жагсаалтыг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад дахин мэдүүлэг гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

15. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 29.1.5 дахь заалт, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 30.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц*******гээс Х хэлтэст холбогдуулан гаргасан “Х хэлтсийн улсын бүртгэгч Н.С 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж Г байрны ******* ******* тоот 79.24 м.кв 3 өрөө орон сууцыг Б.Ц*******гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэн өмчлөлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 12 дахь тал

[2] Хх 39 дэх тал

[3] Хх 116 дахь тал

[4] Хх 119-120 дахь тал

[5] Хх 117 дахь тал

[6] Хх 126 дахь тал

[7] Хх 175 дахь тал

[8] Хх 176 дахь тал

[9] Хх 19 дэх тал

[10] Хх 9 дэх тал

[11] Хх 9 дэх тал

[12] Хх 116 дахь тал

[13] Хх 119-120 дахь тал

[14] Хх 117 дахь тал

[15] Хх 126 дахь тал

[16] Хх 149 дэх тал

[17] Шүүх хуралдааны тэмдэглэл