Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 108

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Сүхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч С.Бадамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Сэрээнэндоржийн Бадамсүрэнд  холбогдох 201715000115  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Оёдол-Эсгүүр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 113-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЙИ86040726/ Тайж овгийн Сэрээнэндоржийн Бадамсүрэн.  
Шүүгдэгч С.Бадамсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15-17 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 113-07 тоот хашаанд нөхөр Н.Мянганбаатарын эзэмшлийн 89-95 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгөтэй, Хьюндэй Портер маркийн ачааны автомашинаар ухрах үйлдэл хийхдээ хайхрамжгүй хандаж өөрийн төрсөн охин 4 нас 8 cap 9 хоногтой Мянганбаатарын Намуунааг мөргөж бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүх хуралдаан хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч С.Бадамсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хоёр хүүхэдтэйгээ гэрт байхад Хүрлээ гээд хүн байшингийн хундаманд хийх шороо зөөгөөд өгөөч гэхээр нь хоёр хүүхдээ гэртээ үлдээгээд Хүрлээгийн байшингийн шороог 3 удаа явж татсан. Над руу Н.Мянганбаатарын хамаатан Мөнхцэцэг утсаар залгахдаа манайх түлэх аргалгүй болсон байна. Манай нөхөртэй хамт хашаанаас аргал олоод ирээч гэхээр нь би түрүүлээд нөхрийн эзэмшлийн 89-95 ӨВА улсын дугаартай, цэнхэр өнгийн портер машиныг унаад хашааны гадаа очиход манай хоёр хүүхэд хашааны хаалга онгойлгож өгсөн. Хашаанд машинтайгаа орж байхдаа ухарч орж аргал ачихаа гэнэт санаад хашааны зүүн талд машинтайгаа зогсоод хойшоо огцом ширүүн ухарсан чинь манай том хүү Н.Тэргэл ээж урагшлаарай хүүхэд дайрчихлаа гээд чанга хашгираад байсан. Тэгээд би машинаа жоохон урагшлуулчихаад буугаад машины хойд талд очиход Н.Намуунаа уйлчихсан газар хэвтэж байсан. Би охиноо тэврээд араас ирэх Амарсанааг хашаанаас гарч харахад харагдахгүй байсан. Тэгээд машинаа унаад хоёр хүүхдээ суулгаад Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр ирэхэд миний охин Н.Намуунааг Баярсайхан эмч үзээд хэвтэх шаардлагатай гээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Одоогоор охины биеийн байдал гайгүй сайжирч байгаа. Цаашид Улаанбаатар хот явж үзүүлнэ гэж бодож байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  
Насанд хүрээгүй хохирогч М.Намуунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би өдрийг нь мэдэхгүй байна манай ээж, ах бид хоёртой гэрт байж байгаад өглөө машинтайгаа яваад өгсөн. Орой ээж машинтайгаа хашааны гадна ирэхээр нь ах бид 2 хашааны хаалгыг онгойлгож өгсөн. Ээж машинтайгаа хашаан дотор ухарч байхад нь би 
ардуур нь гүйсэн чинь ээж машинтайгаа ухарч байхдаа намайг мөргөсөн. Тэгээд ээж намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн, надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35 дугаар хуудас/,   
Насанд хүрээгүй гэрч Б.Тэргэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би ээж, дүү хоёртойгоо гэртээ байж байгаад ээж 11 цагийн орчим аавын эзэмшлийн цэнхэр өнгийн Портер машинтай айлд шороо зөөнө гээд явчихсан. 16 цаг 50 минутын үед дүү бид 2 гэрээс гараад хашаандаа тоглож байтал, ээж машинтай хашааны урд хаалган дээр ирэхээр нь хашааны хаалгаа онгойлгож өгсөн. Би хашааны хаалга онгойлгоход ээж машинтай хашаанд орж ирсэн. Дүү бид 2 хашааны хаалганы баруун талд зогсож байсан. Ээж машинтайгаа хашаанд орж ирээд машинаа асаалттай байлгаж байгаад гражнаас аргал ачих гээд машинтайгаа хойшоо ухарсан. Ээж намайг хашааны хаалгаа хаа гэхээр нь би хашааны хаалга хаагаад эргээд хартал манай дүү Намуунааг ээж машинтайгаа ухарч байхдаа мөргөчихсөн байхаар нь ээжийг "машинаа зогсоогоорой Намуунааг дайрчихсан байна" гэж хэлсэн чинь ээж машинаа урагшлуулж зогсоогоод Намуунааг машинд суулгаад намайг хашааны хаалга онгойлго гэхээр нь хаалгаа онгойлгоод бид нар шууд эмнэлэг дээр ирсэн. Эмч Намуунааг үзээд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/,  
Гэрч О.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр С.Бадамсүрэн нь манайд байшингийн хундам цутгах гээд машинаараа 3 удаа шороо буулгасан. Бадамсүрэн өглөө манайд ганцаараа ирсэн. Хоёр хүүхдээ гэртээ үлдээчихсэн ирсэн. Өдөр 15 цаг өнгөрч байхад Бадамсүрэн гэр лүүгээ харилаа гээд ганцаараа цэнхэр өнгийн портер машиныг унаад явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,   
Гэрч Н.Мянганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажил хийж байхад 18 цагийн орчим манай хүргэн Цэрэнтогтох утсаар хэлэхдээ манай эхнэрийг хашаандаа машинаараа ухарч байгаад охин Намуунааг мөргөөд Намуунаагийн биеийн байдал муу эмнэлэгт байна гэхээр нь шууд аймаг руу гарсан. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 03 цаг өнгөрч байхад аймагт ирсэн. Одоогоор Намуунаагийн биеийн байдал гайгүй байгаа. Манай охин Намуунаа авто ослоос толгойдоо гэмтэл авсан. Өөр гэмтэл аваагүй. ... Миний машинд эвдрэл гэмтэл учраагүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41 дүгээр хуудас/,   
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн 147 дугаартай шинжээчийн: “... М.Намуунаагийн биед тархины доргилт, суурь ясны зүүн хэсгийн шугаман хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн бяцарсан, сэлтэрсэн хугарал, зүүн чамархай, зүүн түнхний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, хэвлий, зүүн гуя, зүүн өвдөгний зулгаралт зүүн гуя, өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 47 дугаар хуудас/,   
2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай Техникийн шинжээчийн: “... Уг болсон хэрэг нь зам тээврийн осол, хэрэг биш байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн тайлбар 1 дүгээр бүлэгт Зам тээврийн осол гэдэг нь “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал...” гэж заасан байгаа нь зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байна. Сэжигтэн С.Бадамсүрэн нь 89-95 ӨВА улсын дугаартай автомашин жолоодож ухрах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалт зөрчсөн байна. Хэн нэгний эзэмшилд байгаа айлын хашааг зам гэж үзэхгүй. Монгол улс замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэгт Зам гэсэн тодорхойлолтод “Тээврийн хэрэгслээр зорчиход 
зориулсан зурвас газар Зорчих хэсэг болон түүний хажуугиин хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна...” гэж заасан байна. Н.Мянганбаатарын  эзэмшлийн хашаанд уг осол гарсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 жолооч ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдал хангахгүйгээр ухарч болгоомжгүйгээр бусдын биед гэмтэл учруулсан байх бөгөөд энэ үйлдэл зам дээр  болоогүй хувийн хашаанд болсон байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэнгийн гаргасан ослын акт үндэслэлтэй байх боловч урьдчилсан байдлаар гаргасан ослын шалтгаан нөхцлийг дутуу дүгнэсэн байна. Учир нь осол үйлдэгдэн гарсан объект нь айлын хашаан дотор болж Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэгт заагдсан “Зам тээврийн ослын” тодорхойлолтод нийцэхгүй байна. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,   
Яллагдагч С.Бадамсүрэнгийн: “... 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хоёр хүүхдийн хамт гэртээ байж байгаад Хүрлээ гээд хүн байшингийн хундаманд хийх шороо зөөгөөд өгөөч гэхээр нь хоёр хүүхдээ гэртээ үлдээгээд Хүрлээгийн байшингийн шороог 3 удаа явж татсан. Над руу Мянганбаатарын хамаатан Мөнхцэцэг утсаар залгахдаа манайх түлэх аргалгүй болчихоод байна. Манай нөхөртэй хамт хашаанаас аргал олоод ирээч гэхээр нь би түрүүлээд нөхрийн эзэмшлийн 89-95 ӨВА улсын дугаартай, цэнхэр өнгийн портер машиныг унаад хашааны гадаа очиход манай 2 хүүхэд хашааны хаалгаа онгойлгож өгсөн. Хашаанд машинтайгаа орж байхдаа машинтайгаа ухарч орж аргал ачихаа гэнэт санаад хашааны зүүн талд машинтайгаа зогсоод хойшоо огцом ширүүн ухарсан чинь манай том хүү Тэргэл урагшил гээд чанга хашгираад хүүхэд дайрчихлаа гэж хэлэхээр нь машинаа урагшлуулж буугаад машины хойд талд очтол Намуунаа уйлчихсан газар хэвтэж байхаар нь охиноо тэврээд араас ирж явсан Амарсанааг санаад хашааны хаалгаар гарахад Амарсанаа харагдахгүй байхаар нь хоёр хүүхдээ аваад аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очоод Намуунааг Баярсайхан эмч үзээд хэвтэх шаардлагатай гээд тэр өдрөө гэмтлийн тасагт хэвтсэн. Одоогоор биеийн байдал гайгүй сайн байгаа. Би “В” ангиллын үнэмлэхтэй. Эмчилгээний зардлыг нөхөр бид хоёр хийж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66, 68 дугаар хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /ххийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37 дугаар хуудас/,  Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 18 дугаар хуудас/,  Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/,  Монгол улсын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000374784 дугаартай гэрчилгээ, схем зураг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,  Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29 дүгээр хуудас/,  Шүүгдэгч С.Бадамсүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 69, 72-74 дүгээр хуудас/,  Шүүгдэгч С.Бадамсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг болно. Шүүгдэгч С.Бадамсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15-17 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 113-07 тоот хашаанд нөхөр Н.Мянганбаатарын эзэмшлийн 89-95 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгөтэй, Хьюндэй Портер маркийн ачааны автомашинаар ухрах үйлдэл хийхдээ хайхрамжгүй хандаж өөрийн төрсөн охин 4 нас 8 cap 9 хоногтой Мянганбаатарын Намуунааг мөргөж бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч М.Намуунаагийн “... Ээж машинтайгаа хашаан дотор ухарч байхад нь би ардуур нь гүйсэн чинь ээж машинтайгаа ухарч байхдаа намайг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35/, насанд хүрээгүй гэрч Б.Тэргэлийн “... Би хашааны хаалга онгойлгоход ээж машинтай хашаанд орж ирсэн. Дүү бид 2 хашааны хаалганы 
баруун талд зогсож байсан. Ээж машинтайгаа хашаанд орж ирээд машинаа асаалттай байлгаж байгаад гражнаас аргал ачих гээд машинтайгаа хойшоо ухарсан. Ээж намайг хашааны хаалгаа хаа гэхээр нь би хашааны хаалга хаагаад эргээд хартал манай дүү Намуунааг ээж машинтайгаа ухарч байхдаа мөргөчихсөн байхаар нь ээжийг "машинаа зогсоогоорой Намуунааг дайрчихсан байна" гэж хэлсэн чинь ээж машинаа урагшлуулж зогсоогоод Намуунааг машинд суулгаад намайг хашааны хаалга онгойлго гэхээр нь хаалгаа онгойлгоод бид нар шууд эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39/, гэрч О.Хүрэлбаатарын “... Өдөр 15 цаг өнгөрч байхад Бадамсүрэн гэр лүүгээ харилаа гээд ганцаараа цэнхэр өнгийн портер машиныг унаад явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40/, гэрч Н.Мянганбаатарын “... 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажил хийж байхад 18 цагийн орчим манай хүргэн Цэрэнтогтох утсаар хэлэхдээ манай эхнэрийг хашаандаа машинаараа ухарч байгаад охин Намуунааг мөргөөд Намуунаагийн биеийн байдал муу эмнэлэгт байна гэхээр нь шууд аймаг руу гарсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 47/, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 21-22/, шүүгдэгч С.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч С.Бадамсүрэнгийн эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Тайж овгийн Сэрээнэндоржийн Бадамсүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.  
Шүүгдэгч Тайж овгийн Сэрээнэндоржийн Бадамсүрэнг болгоомжгүй үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  
Шүүгдэгч С.Бадамсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдав.   
Шүүгдэгч С.Бадамсүрэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлгээр, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Намуунаа, түүний өмгөөлөгч Б.Батсайхан, хууль ёсны төлөөллөгч н.Сэрчмаа нарын шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.     
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт 
хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөхөөр заасан бөгөөд шүүгдэгч С.Бадамсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч С.Бадамсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.   
Хэрэгт иргэн Н.Мянганбаатарын эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 89-95 ӨВР улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч С.Бадамсүрэнгийн №892673 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдаж ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бадамсүрэнд буцаан олгож тус тус шийдвэрлээ.     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 3, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Тайж овгийн Сэрээнэндоржийн Бадамсүрэнд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.  
2. Шүүгдэгч Тайж овгийн Сэрээнэндоржийн Бадамсүрэнг болгоомжгүй үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч  С.Бадамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.  
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Н.Мянганбаатарын эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 8995 ӨВР улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.    5. Шүүгдэгч С.Бадамсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэгт хураагдаж ирсэн С.Бадамсүрэнгийн №892673 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бадамсүрэнд буцаан олгосугай.    
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бадамсүрэнд  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр 
зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бадамсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
               
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 М.МАНДАХБАЯР