Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/671

 

Б.Б-ид холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2010006680465 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Б-, 1979 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 308 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

             Б.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод байх гэртээ төрсөн ах Б.Ба-тай “Ээжийг сандлаар цохилоо” гэж хэлснээс болж маргалдан зодолдохдоо хэвлий орчим нь 2-3 удаа өшиглөсний улмаас “нойр булчирхайн няцрал” бүхий гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хоригдож байх хугацаандаа засрал хүмүүжлийг олж авах болно. Хохирогч талаас гомдол санал, нэхэмжилсэн зүйл байхгүй. Миний бие эхийн хамт амьдардаг. Эх Д.Н- нь одоо 62 настай, тэтгэвэрт байдаг. Эхийн минь зүрх нь байнга өвдөж даралт нь ойр ойрхон ихэсдэг. Надаас өөр асрах ойр дотны хүнгүй тул эхийнхээ ачийг бага ч болтугай хариулж асрах боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Иймд ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хүү Б.Б- 8 жилийн хорих ял авсан нь бидэнд үнэхээр хүнд тусч байна. Талийгаач хүү Б.Ба- нойр булчирхай нь өвдөөд олон хоног хоол унд идэхгүй, хэвтэж байсан. Дусал хийлгээд нааш цааш яваад даарснаас шалтгаалан хариу урвал өгч нас барсан байх. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан эсэх эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд учрах үедээ амь насанд аюултай гэх асуудлыг тусгаагүй байдаг. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгөхийг хүсье. ...” гэв.

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 10 жилийн хорих ял оногдуулах ялын санал гаргасан. Харин шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 8 жилийн хорих ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

                Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            - амь хохирогч Б.Ба-, шүүгдэгч Б.Б- нарын хувийн байдал, тухайн өдөр болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн “...Б-ид хандан “Дахиж гэрт хүүхдээ авчрахгүй шүү, хүүхэд чинь үгэнд орохгүй, өдөржин шалтгаангүй уйлах юм, ээж нь өдөржин хүүхэд уйлахаар ядраад байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б- уурлаад “Та дандаа миний хүүхдийг ад үздэг, яахаараа ад үзээд байдаг юм” гээд хажуудаа байсан жижиг сандлыг аваад над руу шидсэн. Тэр шидсэн сандал нь миний духыг оночихсон. Тэгсэн чинь талийгаач хүү Ба- намайг өмөөрөөд Б-ид “Чи ээжийг гэмтээчихлээ, дандаа хэрүүл хийх юм, болиоч” гэж зандрангуй хэлсэн. Тэгтэл Б- уурлаад “Чамд ямар хамаатай юм бэ, та нар миний хүүхдийг ад үздэг” гэж хэлээд том өрөөнд буйдан дээр сууж байсан Ба- дээр очоод нэг гараараа заамдаж байгаад нүүрэн тус газар нь нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд цохиж байхад талийгаач хүү Ба- буйдан руу хойшоо хэвтсэн. Тэгсэн чинь Б- үргэлжлүүлээд гараараа цохиод байх шиг байсан. ... Энэ үед Ба-ын бие эрс муудсан. Яармагийн эмнэлгийнхэн “Гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүл” гэж хэлсэн. ... 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө үүрээр нас барсан. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ба-ыг Б-оос өөр хүн цохиж зодоогүй. ... миний хувьд Б- хүүдээ ямар ч гомдол саналгүй. ... тухайн өдөр согтуудаа санамсаргүй л цохиж зодсон. ...” /хх-ийн 17-18/,

                - гэрч Л.Н-ын: “...хадам ээжийн гэрт амьдардаг 13 настай Т  нь “...3 сарын 29-ний өдөр Б- ах эмээг цохисон чинь Ба- ах өмөөрөөд өөдөөс нь босож ирээд салгахад Б- ах Ба- ахыг цохиж унагаасан...” гэхээс өөр зүйл яриагүй. ...” /хх-ийн 25-26/,

            - гэрч Б.П-н: “...ээж Н- зүүн талын нүдэн дээрээ төмсний хальс тавьчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “Б- хүү Отгоог ад үзлээ гэж агсам тавиад ... цохисон ... Ба- ээжийг өмөөрөөд Б-той зодолдсон” гэж хэлсэн. Б- Ба-ыг зодоод нүүрнийх нь аль нэг тал нь хавдсан байсан. ...Тэмүүжин надад “Б- ах Ба-ыг олон удаа алгадаад байсан” гэж хэлсэн. ... Маргааш өглөө нь Ба- шар ногоон зүйлээр бөөлжөөд байхаар нь эмнэлэг авч явсан. Ба- эмнэлэг рүү явж байхад “Хэвлий хэсгээр өвдөөд байна” гээд бариад ёолоод байсан. ... урьд нь Б- олон удаа Отгоо гэх хүүхдээсээ болж ээжид хандан “Хүүг гадуурхаад байна” гэж агсам тавьж байсан. Б- агсам тавихаараа Ба-ыг зодож байсан. ...” /хх-ийн 27-29, 30-31/,

            - гэрч Б.Бат-н: “...ээж Н-ийн баруун нүд, ах Ба-ын нүүрнийх нь зүүн хэсэгт хөхөрчихсөн байсан. ... Ба- ах ээжийн хамт Б- ахад зодуулсан гэсэн. ... “Хүү О-г ээж гадуурхаад байна” гээд Б- ах ээжийг цохисон гэсэн. Тэгтэл ээжийг өмөөрч Ба- ах Б- ахад үг хэлэхэд Б- ах Ба- ахыг зодсон гэсэн. Ээж хэлэхдээ Б- ах Ба- ахын нүүр рүү нь гараараа зөндөө цохисон гэж хэлсэн. ...” /хх-ийн 32-33/,

            - гэрч Б.Т-н: “...ээж хэлэхдээ “Б-, Ба- хоёр хоорондоо хэрэлдээд Ба- гараад явсан” гэж надад 2020 оны 3 дугаар сарын 30-ны орой хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өглөө Ба- ахын гэрт нь ороход амьсгал нь нэлээд дээгүүр буюу хэцүү амьсгалж байсан. Тухайн үед ах доошоо харчихсан дээгүүрээ юм нөмөрчихсөн байсан. ... “Ээжид 103 дуудаад үзүүл” гэж хэлээд явсан. Б- ах цочмог ууртай хүн байгаа юм, зүгээр байж байгаад гэнэт уурладаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 37-38/,

            - гэрч Д.Э-н: “...тухайн өдрийн өглөө сэрэхэд эгч Н-ийн өрөөсөн нүд нь хөхрөөд хавдчихсан, дүү Ба-ын нүүр нь битүү эрээн цоохор болоод хавдчихсан байсан. ... юу болсон талаар асуухад эгч Н- хэлэхдээ “Б- Ба- бид хоёрыг зодсон” гэж хэлсэн. Зодуулснаасаа хойш хэд хоног Ба- нь орноосоо босохгүй хэвтээд байсан. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түргэн дуудаж үзүүлсэн. Тэгээд “Ба-ыг эмнэлэг авч явж үзүүл” гэсэн. ... Эгч Н- хэлэхдээ “Б- Ба-ын нүүр лүү нь гараараа цохиж, дээрээс нь хөлөөрөө дэвссэн” гэж хэлсэн. Ба- “Миний зүрх өвдөөд байна, мөн нойр булчирхай өвдөж байна” гэж байсан. Ба-т ямар нэгэн өвчин байгаагүй, зүгээр байсан. ...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

                - тухайн өдөр амь хохирогч Б.Ба-тай маргалдаж, улмаар түүний биед халдах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...ээж Н- том өрөөний орон дээр хэвтэж байгаад надад хандан “Тэр шээс чинь чиний шээс биш, гэрт дахин авч ирэхгүй шүү, үхэж далд орог” гээд орилоод байсан. ... миний бага хүү О-г хэлж байгаа юм. Би ээжид “Та дандаа миний хүүг ад үзэж байх юм” гэж хэлсэн. ... миний уур маш их хүрээд ... эвхэгддэг жижиг сандлыг авч ээж рүү шидсэн. Сандал ээжийн нүүрийг нь оночихсон чинь том ах Ба- ээжийг өмөөрөөд “Чи муу новш яаж байна аа, давраад байгаарай гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босож очоод ахыг заамдаж байгаад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд заамдсан чигтээ буйдан дээр дарж унагаагаад дээрээс нь хэвлий орчим нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж өшиглөсөн. ... дүү П салгасан. ... нэлээн оройтоод гэртээ ирсэн. ... Ба- ах буйдан дээр нүүр нь хөхөрсөн, нэлээн зовуурьтай эвхрээд, хоёр гараараа хэвлийгээ бариад хэвтэж байсан. ... 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ах гараагүй гэртээ өнжсөн. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ... Т залгаад “Ба- ахын бие муудаад байна, эмнэлэгт үзүүлмээр байна, мөнгө байна уу” гэж асуусан. ... 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө гэр лүүгээ залгахад дүү П Ба- ахыг нас барсан гэж надад хэлсэн. ... сүүлд задлан шинжилгээний дүгнэлт гарахад ах маань хэвлийн битүү гэмтлээс болоод нойр булчирхай нь няцраад нас барсан байсан. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ба- ахыг цохиж зодсон хүн надаас өөр байхгүй. ... миний өшиглөснөөс болж гэмтэл авсан байх, надад гэм буруутай үйлдэлдээ маргах, өөрийгөө өмөөрөх шалтгаан байхгүй. ... Тухайн өдөр согтуу байсан учраас биеэ барьж чадалгүй цохиж зодсон. ...” /хх-ийн 85-86, 87-88/ гэсэн мэдүүлэг,

            - хэргийн газарт болон цогцосны гадна байдалд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7, 8-11/,

             - амь хохирогч Б.Ба-ын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 839 дугаартай “Талийгаачийн цогцост нойр булчирхайн няцрал, цус хуралт, өвчүүний хормой, хэвлийн өмнөд гялтан, өрц, үнхэлцэг хальс, элэг, элэгний холбоос, цөсний ар гадаргуу, нарийн, бүдүүн гэдэс, сэмж, чацархай, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа дээд, доод уруул, эрүү хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид элэгний архаг үрэвсэл архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь нойр булчирхайн няцралын улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаач нь 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өглөөний 06 цаг 40 минутад нас барсан байна. /Өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр/ Талийгаач нь В (III)-р бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-63/,

                - уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Т.Сэлэнгийн “...хэвлийн битүү гэмтлүүд болон нүүрний гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хэвлийн битүү гэмтлүүд нь хэвлий орчим мохоо зүйлээр дэвсэх, өшиглөх үед үүсэх боломжтой. Нойр булчирхайн няцрал гэмтэл нь бусад хэвлийн гэмтлүүдтэй хамт хэвлийн битүү гэмтэлд тооцогдох бөгөөд хэвлийн битүү гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нүүрний гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Нэмж хэлэхэд хэвлийн битүү гэмтэл нь нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нойр булчирхайн няцрал гэмтэл нь дангаараа үхэлд хүргэсэн гэж ойлгож болно. Дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... Нойр булчирхайн няцрал гэмтлийг хагалгаа хийсэн эмч нь “нойр булчирхайн үхжил” гэж бичсэн байна. Үндсэндээ үхжил, няцрал гэдэг нь нэг ойлголт. Нойр булчирхай гадны нөлөөллөөс болж няцарсны улмаас үхжил үүснэ. Энэ нь нойр булчирхайн өвчин эмгэгтэй холбоогүй, шууд гэмтэл юм. ...” /хх-ийн 69-71/ гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлахад,  

                Б.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод байх гэртээ өөрийн хүүхдийг өмөөрч эх Д.Н-ийг сандлаар цохиход төрсөн ах Б.Ба- нь эхийгээ өмөөрч маргалдсан ба улмаар түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, хэвлий орчим нь 2-3 удаа өшиглөн эрүүл мэндэд нь “нойр булчирхайн няцрал” бүхий гэмтэл учруулсны улмаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Б.Ба- нь нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

                Харин энэхүү үйл баримтаас өмнө болоод нас барах хүртлээ Б.Ба- нь бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

            Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

            “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байна.

            Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

            “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.

            Амь хохирогч Б.Ба-ын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 839 дугаартай дүгнэлтээр “...талийгаачийн цогцост нойр булчирхайн няцрал, цус хуралт, өвчүүний хормой, хэвлийн өмнөд гялтан, өрц, үнхэлцэг хальс, элэг, элэгний холбоос, цөсний ар гадаргуу, нарийн, бүдүүн гэдэс, сэмж, чацархай, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа дээд, доод уруул, эрүү хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд талийгаач нь нойр булчирхайн няцралын улмаас гэмтлийн шоконд орж нас барсан...” болохыг тогтоосон ба уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Т.Сэлэнгээс “...нойр булчирхайн няцрал гэмтэл нь дангаараа үхэлд хүргэсэн гэж ойлгож болно. Дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... Нойр булчирхайн няцрал гэмтлийг хагалгаа хийсэн эмч нь “нойр булчирхайн үхжил” гэж бичсэн байна. Үндсэндээ үхжил, няцрал гэдэг нь нэг ойлголт. Нойр булчирхай гадны нөлөөллөөс болж няцарсны улмаас үхжил үүснэ. Энэ нь нойр булчирхайн өвчин эмгэгтэй холбоогүй, шууд гэмтэл юм...” хэмээн мэдүүлжээ.

            Түүнчлэн амь хохирогч Б.Ба- нь 2020 ны 3 дугаар сарын 29-ний өдөр бусдад зодуулсны улмаас гэмтэл авч, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн тус эмнэлэгт 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22:00 цагаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 00:30 цаг хүртэл хугацаанд мэс ажилбарт орж, эрчимт эмчилгээ болон сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч сайжрал өгөхгүй байсаар амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 06 цаг 40 минутад нас барсан талаар эмнэлгийн бичиг баримт, өвчний түүхэнд тусгагдсан байна.

            Дээрх байдлаас дүгнэхэд, амь хохирогч Б.Ба-ыг үхэлд хүргэсэн “нойр булчирхайн няцрал” гэмтэл нь шүүгдэгч Б.Б-ийн хэвлий хэсэгт нь өшиглөх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч шоконд орж, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссоноор нас баржээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнд 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Б- нь давж заалдсан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал, нэхэмжилсэн зүйлгүй байхгүй, эхийгээ харж ханддаг зэрэг нөхцөл байдлыг иш татсан байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.Б-ийн 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл 1 хоног, 2021 оны 3 дугаар сарын 19-нөөс 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 111 хоног, нийт 112 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Түүнчлэн, шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд багтаж байгаа болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл 1 /нэг/ хоног, 2021 оны 3 дугаар сарын 19-нөөс 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 111 /нэг зуун арван нэг/ хоног, нийт 112 /нэг зуун арван хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН