| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/06905/И |
| Дугаар | 101/ШШ2022/05327 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2022/05327
| 2022 12 19 | 101/ШШ2022/05327 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,843,331.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.О,
Хариуцагч М.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн М.Т нь Хтай 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/201843427410 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201843427410 тоот Барьцааны гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201843427410-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 6,391,905.21 төгрөг, зээлийн хүүнээс 2,718,666.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19,680.71 төгрөг, нийт 9,130,252.73 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч М.Тт холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд зээлийн гэрээний төлбөрт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,608,094.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,086,889.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 148,347.83 төгрөг, нийт 7,843,331.88 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Т би Хнаас 2018 оны 3 дугаар сард 11,000,000 төгрөгийн зээл авсан. Миний бие зээлээ төлөхдөө нэг ч хоног хоцроож үзээгүй, цаг тухайд нь төлөлтөө хийж явсан ба 2019 оны 3 дугаар сард жирэмсний амралтаа авч, зээлийг нөхөр маань төлж эхэлсэн. Гэвч 2019 оны 6 дугаар сард нөхөр гэнэт шалтгаангүй ажлаасаа халагдаж, зээлийг минь төлж чадалгүй, хугацаа алдсан. Зээлээ төлж чадалгүй явж байгаад 2020 оны 01 дүгээр сард Хны эдийн засагч гэх залуутай холбогдож, би зээлээ алдангитай нь төлж хоцрогдолгүй болж хэвийн төлөлтөндөө орьё, яг хэдийг төлөх вэ гэхэд 2,027,000 төгрөг төлөх юм байна гэж хэлсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 16 цагийн үед 2,027,000 төгрөг төлж хэвийн төлөлтөө хийж эхлэнэ гэж байтал гэнэт короно гараад нөхрийн ажил зогссон. Тэгээд Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны 3 дугаар сард Хин дээр очиж зээлээ хойшлуулж, үндсэн хүүгээ төлөх хүсэлтээ тавьсан боловч надад боломжгүй гэсэн ба өмнөх төлөөгүй саруудын алданги, хүү 800,000 төгрөг байна гэж хэлсэн. Тухайн оны 01 дүгээр сард алданги, хүүтэй нь төлж, хэвийн болсон, юун 800,000 төгрөг вэ? гэж хэлсэн. Ингээд намайг энэ мөнгөө төлсөний дараа хамрагдах боломжтой гэсэн. Мөн удаа дараа 4, 5 дугаар сард очиж хүсэлтээ тавьсаар байсан. Ямар ч орлогогүй, хүүхдийнхээ мөнгөөр амьдарч байсан. 2021 оны 4 дүгээр сард намайг эдийн засагч дуудаж, гэрээ хийгээд хойшлуулж болно гэж хэлсэн. Тухайн үед короногийн карентин суларч нөхрийн ажил хэвийн горимдоо шилжиж, төлж болох боломжтой гэж бодсон. Ингээд 2021 оны 3 дугаар сард н.Сэлэнгэ гэж хүн дуудан уулзаж, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж чадахгүй бол шүүхэд өгнө үү гэсэн өргөдөл бичиж өгсөн. Үүнээс хойш банкнаас байнга ярьж байсан ба намайг шүүхэд өгчих, ямар ч орлогогүй, боломжгүй байна гэдгээ хэлсэн. Миний бие Хны нэхэмжилсэн алданги, зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би жил гарангийн өмнөөс шүүхэд өгч, хүүг зогсоож өгөөч гэхэд шүүхэд өглөө гэж байсан, санаатайгаар хугацаа авч хүү, алданги тооцсон гэж үзэж байна. Би сураггүй алга болоогүй, үнэхээр амьдралын боломжгүй байна, ямар ч байсан зээл авсан тул үндсэн зээлээ төлөх үүргээ мэдэж байна.
Иймд Хнаас нэхэмжилсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/201843427410 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн БГХ201843427410 дугаартай Барьцааны гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843427410-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олгол, эргэн төлөлтийн хуваарь, М.Тийн иргэний үнэмлэх, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хны гүйлгээний баримт, Зээлийн бүртгэлийн карт, М.Тийн 0 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61/923 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61/6225 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, Монгол шуудан ХК 51 дүгээр салбарт шуудангаар илгээх албан бичиг хүлээлцсэн актууд, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 61/6867 дугаартай зээл төлөх мэдэгдэл, Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, М.Тийн өргөдлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч хариу тайлбар ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 4,608,094.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,086,889.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148,347.83 төгрөг, нийт 7,843,331.88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг зөвшөөрч, хүүгийн төлбөрийн хувьд жил гарангийн өмнөөс шүүхэд өгч, хүүг зогсоож өгөөч гэхэд шүүхэд өгөөгүй, хугацааг санаатайгаар хэтрүүлж, хүүгийн хэмжээ ихэссэн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Х ХХК нь М.Ттэй 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201843427410 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 11,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээлж, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээлд 6,391,905.21 төгрөг, зээлийн хүүд 2,718,666.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19,680.71 төгрөг, нийт 9,130,252.73 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн бүртгэлийн карт зэргээр тогтоогдож байна.
3б. Дээрх гэрээний хугацаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дуусах ба талууд харилцан тохиролцож, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201843427410-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, гэрээний хугацааг 48 сар болгон, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусжээ.
3в. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн ба гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дууссан, хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зохих ёсоор зээл төлөх үүргээ гүйцэтгэж байсан, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2,070,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь үндсэн зээлд нь тооцсон, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
3г. Х ХХК нь М.Тт зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дотор зээлээ төлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан байх болох нь зээл төлөх мэдэгдэл-үүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
4. Хариуцагч нь зээлийн төлөлтийг гэрээнд заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар гэрээний үндсэн хугацааны хүү болон зээлээ хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хүү тооцсон нь хуульд нийцжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
5. Хариуцагч нь 11,000,000 төгрөгийг нийт 48 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд 48 сарын хүү нийт 8,976,000 /4 жил х 2,244,000/ төгрөг, нийт 19,976,000 төгрөгийг гэрээний үндсэн хугацаанд төлөхөөр байх бөгөөд үүнээс үндсэн зээлд 6,391,905.21 төгрөг, зээлийн хүүд 2,718,666.81 төгрөг нийт 9,110,572.02 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр нь 10,865,427.98 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр буюу гэрээний үндсэн хугацаа дуусахад төлөхөөр байсан байна.
Нэхэмжлэгчийн хувьд М.Тийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,070,000 төгрөгийг үндсэн зээлд тооцсоноор түүний гэрээний дагуу төлөх хүүгийн хэмжээ буурсан гэж үзэхээр байна.
6. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Х ХХК нь өөрийн зээл олгох журам, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох журмынхаа дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 4,608,094.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,086,889.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148,347.83 төгрөг, нийт 7,843,331.88 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан журмаар тооцвол энэхүү тооцооллоос илүү бодогдохоор байна.
7. Хариуцагч М.Т нь хувийн шалтгааны улмаас зээлийг төлөх боломжгүй болсон гэх тайлбар гаргаж, зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нөгөөтэйгүүр тодорхой орлогогүй болсон нь 2 талын байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,443.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 140,443.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Тээс зээлийн гэрээний үүрэгт нийт 7,843,331.88 /долоон сая найман зуун дөчин гурван мянга гурван зуун гучин нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,443.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 140,443.31 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ