Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/00241

 

 

 

 

 

 

 

 

2023 01 06

101/ШШ2023/00241

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: К.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ю холбогдох

 

577,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч К.С,

Хариуцагч Б.Ю,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К.С би 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Турк улсад "Ази Монгол хоол нэртэй фэйсбүүк акаунт онлайн дэлгүүр ажиллуулдаг иргэн Б.Буянаагаас бараа захиалж авахаар интернэт банкаар 0 Баяраа дансанд нийт 805,000 төгрөг шилжүүлж 23 ширхэг хүүхдийн гутал захиалсан. Хүүхдийн гутал бараа маань захиалгаар ирээд, хүлээж авахад чанаргүй маш муу бараанууд байсан тул зарим барааг Монгол дахь админ Б.Юд даруй мэдэгдэж, маргааш нь /35,000 х 13ш = 455,000 төгрөг + агаарын ачаа 122,500 төгрөг 6,135 кг х 7$ х 2852/ буцааж тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Тухайн үед хүлээж авахдаа эгчээ барааг зарж байж мөнгийг маань гаргаж өгье гэсэн. Намар нь Б.Югаас буцаасан барааны мөнгө 577,500 төгрөгөө авья гэтэл барааг чинь зарсан гэхдээ чамд одоо мөнгө өгөх боломжгүй байна гэсэн. Үүнээс үүдэн хэд хэдэн удаа залгаж нэхэмжилсэн боловч элдвээр доромжилж, чаддаг юм заргалдаад аваарай гээд залгасан дугаар бүрийг блок хийдэг байсан тул 2021 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прукрорын №3128 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдсэн. Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдах явцад дэслэгч н.Дөлгөөн надруу залгаад Б.Ю буцаасан барааг лайваар зараад богино хугацаанд мөнгийг чинь гаргаж өгий гэж байна, та дараа нь барааг буцааж авахгүй биздээ гэж асуусан. Би тиймээ гэж харилсан. Ингээд Б.Югаас хэсэг хугацааны дараа мөнгөө дахин нэхтэл барааг зарсан чамд энэ мөнгийг өгөхгүй мөрдөн байцаагч н.Дөлгөөнд өгнө зэргээр элдвээр доромжлоод утсаа тасалсан. Миний бие өнөөдрийг хүртэл барааныхаа мөнгийг буцааж авч чадаагүйд, бас эдвээр доромжлуулсандаа маш их гомдолтой байна.

Иймд Б.Югаас буцаасан барааны мөнгө 577,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Ю шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К.С нь Б.Ю надаас бараа захиалан, би Турк улсаас барааг нь авчирч өгсөн. Тэрээр бараануудаа авч яваад нэг хоногийн дараа надад буцаан авчирч өгсөн. Үүний дараагаас надаас мөнгө нэхэж эхлэн, элдвээр загнаж, фэйсбүүкээр элдэв юм ярих болсон. Ингээд 11 сард Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн ба би очиж тайлбар болон барааг авч очсон. Ингээд К.С нь бараагаа авахгүй мөнгөө авна гэсэн тул барааг нь зарж өгөхөөр тохирсон. Үүнээс хойш 5 сард залган бараагаа /энэ пүүзнүүд нь зуны арьсан пүүз/ аван гэсэн бөгөөд 3 пүүз нь зарагдсан 105,000 төгрөг авах уу гэхэд дансаа явуулаагүй, бараагаа надаас нэхсэн. Би хариуд нь цагдаа дээр уулзаж өгий гэсэн боловч энэ хүн алга болоод би барааг нь зарж чадаагүй, зун дууссан. Энэ хүний ойлгомжгүй байдал нь миний цаг зав, сэтгэл санааг нотцой хохироож байна. Энэ хүн яг юу хүсэж байгааг үнэхээр ойлгохгүй байна. 13 пүүз захиалсан ба тэр пүүз нь зуны пүүз байсан бөгөөд 3 ширхэгийг зарсан, 10 ширхэг пүүз нь байгаа, пүүзээ авахгүй гэж байгаа тохиолдолд 577,500 төгрөгийг зөвшөөрч байна, хувааж төлнө, сард 100,000 төгрөг өгөх боломжтой гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Он Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3128 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Б.Югийн иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, Б.Югийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тайлбар, К.Снийн иргэний үнэмлэх, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбарыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч хариу тайлбар ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2022/28235 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч К.С нь хариуцагч Б.Юд холбогдуулан 577,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Б.Ю нь бараагаа буцаан авахгүй тохиолдолд 577,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, ийнхүү төлөхдөө сард 100,000 төгрөгөөр төлөх санал гаргасныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. К.С нь өөрийн дүү К.Гн хүү М.Он Хаан банкны 0 тоот данснаас 5025084578 тоот Б.Югийн ээж н.Бн дансанд 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр soko ayush 0гэсэн утгаар 805,000 төгрөгийг шилжүүлж, Ази Монгол нэртэй фэйсбүүк онлайн дэлгүүр ажиллуулдаг Б.Бс 23 ширхэг хүүхдийн гутал Турк улсаас захиалж, гутлуудыг уг онлайн дэлгүүрийн Монгол Улс дахь админ Б.Югаас хүлээн авсан, улмаар захиалсан хүүхдийн гутлаас 13 ширхэг гутал нь чанарын шаардлага хангаагүй гэж К.С нь Б.Юд буцаасныг тэрээр хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

3б. К.С нь дээрх асуудлаар Б.Юг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байх ба Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3128 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

 

Б.Ю нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт, тайлбартаа ... бараа бүтээгдэхүүнийг нь зарж борлуулан мөнгийг буцаан олгоно гэсэн тайлбарыг гаргаж байсан байна.

 

3в. 1 ширхэг гутлын үнэ 35,000 төгрөг ба 13 ширхэг нь 455,000 төгрөг, уг төлбөр дээр агаарын ачааны үнэ 122,500 төгрөг, нийт 577,500 төгрөг болж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Зохигчид нь бараа захиалсан болон бараа хүлээн авсан, барааг буцаасан, одоо буцаасан барааны төлбөр болон агаарын ачааны үнэ нийт 577,500 төгрөг байгаа талаар хэн хэн маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар зохигчдын хооронд үүрэг үүсээгүй боловч К.Снийн онлайн худалдаагаар захиалсан барааг Монгол Улс дахь админ Б.Ю нь барааг буцаахад нь хүлээн авсан буюу хөрөнгийг олж авсанаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Югаас улсын тэмдэгтийн хураамжид 17,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Югаас 577,500 /таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К.Сд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Югаас улсын тэмдэгтийн хураамжид 17,975 /арван долоон мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К.Сд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ