| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/07122/И |
| Дугаар | 101/ШШ2023/00348 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/00348
| 2023 01 11 | 101/ШШ2023/00348 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ш,
Хариуцагч: Л.Б нарт холбогдох
Автомашинд учруулсан хохиролд 420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.Э,
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, Иргэдийн төлөөлөгч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Ш, Л.Бнар нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед 0 УАУ улсын дугаартай prius 30 маркийн автомашинаар байрны зогсоолд зогсож байсан 0 УНЧ улсын дугаартай honda insight маркийн миний эзэмшлийн машиныг мөргөж, гэмтээгээд ослын газраас хөдөлсөн ба тухайн үед болсон үйл явдлын зураг, үнэлгээний компаниар гаргуулсан үнэлгээ зэргийг аваад даатгалын компанид хандсан боловч хохирлыг барагдуулах боломжгүй /тухайн үеийн камерын бичлэг байхгүй гэх шалтгаанаар/, тухайн иргэд өөрсдөө хохирлыг төлж барагдуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хариуцагч нартай уулзаж, ярилцсан боловч үр дүн, шийдэлд хүрч, хохирлоо барагдуулж чадаагүй.
Иймд миний машинд гаргасан хохирлыг барагдуулж, үнэлгээний компанийн гаргасан 420,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 8 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед орцны үүднээс ухарч хөдлөхдөө зогсоолын бус хаалганы хажууд байрлуулсан honda insight 0 УНЧ дугаартай машины зүүн урд буферийг шүргээд урагш хөдлөхдөө буферийнх нь төмөр тогтоогч тээглэсний улмаас түгжээ нь мултарсан. Хүчтэй мөргөж, хагалж гэмтээсэн зүйл байхгүй. Тухайн үед орцны гадна байсан хүмүүс гэрчилнэ. Би холбогдох дугаарлуу нь залгаж дуудаж, шүргэсэн хэсгээ харуулж, хуучин хагархай гэмтлийг сануулж хэлсэн, зургаар нотолно. Бид ярилцаж, даатгалд хандахаар тохиролцсон, маргааш нь авто үнэлгээний газар очиж, үнэлгээ хийлгэсэн 0 УАУ улсын дугаартай машин 200,000 төгрөгийн үнэлгээ гарсан, 0 УНЧ улсын дугаартай миний шүргэснээс гадна буферийн зам, хаалганы гажаа, хуучин хагархай зэргийг бүгдийг үнэлүүлж, надад хамааралтай болгож, ярьсан. Үнэлгээ хийсэн ажилтан бусад гэмтэл нь хуучин гэмтэл байна гэдгийг хэлсэн. Гэвч 0 УНЧ машины жолооч уурлаж, гүтгэсээр байгаад 420,000 төгрөгийн үнэлгээ гаргуулсан. 2 машины үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсийг би төлсөн. Би хохирлыг барагдуулахгүй гэж хэлээгүй. Хохирогч хуучин эвдрэл гэмтлээ надруу тохож гүтгээд 420,000 төгрөгийг нэхэмжлээд байна. Би өөрийн гаргасан гэмтэлд тохирсон хохирлыг барагдуулна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хариуцагч Ц.Шын хувьд ухарч байгаад бусдын автомашины буферийг шүргэж, гэмтээсэн гэм буруутай буюу эзэмшигчийг өөрөө дуудаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Зүүн урд гэрлийн доод замыг гэмтэлд буруутай эсэхийг ажиглагчийн үүднээс шууд тогтоох боломжгүй, мэргэжлийн дүгнэлт чухал болов уу. Шүргэлтээс үүдэлтэй хохирлыг хариуцагчаар гаргуулах нь зүйтэй гэв.
4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0 УНЧ улсын дугаартай honda insight маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Кости-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №32381/ДД№24051982 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт, 0 УНЧ улсын дугаартай машины фото зураг, Ц.Шын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болон Л.Бгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ард даатгалд гаргасан өргөдөл, 0 УАУ улсын дугаартай prius 30 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, А.Эын иргэний үнэмлэхийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч нь хариу тайлбар, 0 УНЧ улсын дугаартай автомашины фото зургыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4а. Нэхэмжлэгч нь 0 УНЧ улсын дугаартай honda insight маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ц.Шын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болон Л.Бгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ард даатгалд гаргасан өргөдлийг нэхэмжлэлдээ нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар хавсаргасан байсныг шүүх хуралдаанд тэрээр нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Ц.Ш, Л.Бнарт холбогдуулан өөрийн эзэмшлийн 0 УНЧ улсын дугаартай honda insight маркийн автомашинд учирсан хохиролд 420,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Ц.Ш, Л.Бнар нэхэмжлэгч нь өөрийн автомашины үнэлгээг хийлгэхдээ хуучин эвдрэл гэмтлийг оруулж, үнэлгээг 420,000 төгрөгөөр гаргуулж, нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэгчийн автомашинд өөрийн учруулсан гэмтэлд тохирсон хохирлыг барагдуулна гэж маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 300,000 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Хариуцагч Ц.Ш нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, орцны үүднээс 0 УАУ улсын дугаартай Toyota prius30 маркийн автомашиныг жолоодон, ухрах хөдөлгөөн хийж байхдаа гадна зогсоолд зогсож байсан нэхэмжлэгч А.Эын эзэмшлийн 0 УНЧ улсын дугаартай honda insight маркийн автомашиныг зүүн урд талаас нь шүргэж, зүүн урд буферийнх нь төмөр тогтоогч тээглэсний улмаас түгжээ нь мултарсан, улмаар Ц.Ш нь А.Эыг дуудан гаргаж ирсэн ба хоорондоо ярилцаж, цагдаад мэдэгдээгүй, харин даатгалд хандахаар тохиролцсон, 8 дугаар сарын 23-ны өдөр автомашины эвдрэл гэмтэлд үнэлгээ хийлгэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нар нь гэм буруугийн хувьд маргаагүй, нэхэмжлэгч нь өөрийн автомашинд учруулсан хохирлыг тэдгээрээс шаардах эрхтэй байна.
4б. Кости-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №32381/ДД№24051982 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан-гаар 0 УНЧ улсын дугаартай honda insight маркийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг гаргасан байх бөгөөд урд буфер элэгдэл тооцсоноор 40,000 төгрөгөөр засварлах, зүүн урд крыло эвдрэлийг 50,000 төгрөгөөр засварлах, зүүн урд гэрлийн доод урт замыг 120,000 төгрөгөөр солих, будах зардалд 150,000 төгрөг, 200 гр будаг туслах материал, лакны шууд бус зардалд 60,000 төгрөг, нийт 420,000 төгрөгийн үнэлгээг тогтоосон байна.
Хариуцагч Ц.Ш нь нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашиныг зүүн урд талаас шүргэж урд буфер болон зүүн урд крылод дунд зэргийн эвдрэл үүссэний хувьд маргаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан зүүн урд гэрлийн доод урт зам их хэмжээгээр эвдэрсэн эвдрэлийг зөвшөөрөөгүй.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн 0 УНЧ улсын дугаартай honda insight маркийн автомашинд хариуцагчийг шүргэхээс өмнө хуучин гэмтэл байсан болох нь тогтоогдож байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний компанийн уг машинд зүүн урд гэрлийн доод урт зам-ыг солих шаардлагатай гэж үзэн, солих зардалд 120,000 төгрөгийг тооцсон нь үндэслэл муутай байх тул уг зардлыг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгчийн автомашины эвдрэлийн хохирлын үнэлгээ нь 200,000 төгрөг орчим гарах ёстой гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл энэхүү тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй өөрийн автомашинд учирсан хохирлыг хариуцагч нар нөхөн төлөх үүрэгтэй байна.
5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Б.Н нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.
Иргэдийн төлөөлөгч Б.Н нь ...хариуцагч Ц.Шыг бусдын автомашиныг гэмтээж, гэмтэл учруулсан гэм буруутай, машиныг шүргэснээс үүдсэн хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч нарыг осолд буруутай, хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 9650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ш, Л.Бнараас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 120,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ш, Л.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид 9650 /есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР