| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2010000001019 |
| Дугаар | 2021/ДШМ/656 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/656
Ц.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
хохирогч Т.Х, Ц.Ч,
шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч К.Бауиржан,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бд холбогдох 2010000001019 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Ций Б, 1969 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, хүү, охин, ач, зээ нарын хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Ц.Б нь:
1. “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Ноосны нэхмэлийн 14 дугаар байрны 48 тоотод хохирогч Т.Хгийн мобайл банк ашиглан шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг авч залилсан,
2. “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын Хаан банкны АТМ-ээс хохирогч Ц.Чийн шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг авч залилсан,
3. “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Оргил худалдааны “Хаан” банкны АТМ-ээс шилжүүлсэн Д.Дийн 5.000.000 төгрөгийг авч залилсан,
4. “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Сансар худалдааны “Хаан” банкны АТМ-ээс шилжүүлсэн хохирогч Ц.Үын 5.000.000 төгрөгийг авч залилсан,
5. “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Сансар худалдааны “Хаан” банкны АТМ-ээс шилжүүлсэн хохирогч М.Бын 5.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Ций Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн ангийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Ций Бг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бгийн өмчлөлийн Г2203001308 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 37 дугаар гудамжны 526а тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020191 дугаартай хувийн сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хохиролд тооцуулахаар хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгаас нийт 21.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Үад 5.000.000 хохирогч М.Бад 5.000.000 төгрөг, хохирогч Д.Дд 2.000.000 төгрөг, хохирогч Т.Хд 4.000.000 төгрөг, хохирогч Ц.Чт 5.000.000 төгрөгийг тус тус олгож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 1 жил 10 сарын хорих ял, мөн 21.000.000 төгрөгийг хохирол төлүүлэх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулан оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг би үүсгээгүй. З гэх хүн “Буянт-Ухаа-2 дугаар хороололд оруулж өгөх бүрэн боломж байна” гэхээр нь тохиролцож, Згийн 5046054669 “Хаан” банкны дансанд хохирогч нарын 21.000.000 төгрөгийг шилжүүлж, буцаан аваагүй нь үнэн ба дансны хуулга нь байгаа. 2020 оны 7 дугаар сард З “Нийслэлийн орон сууцны бүртгэлд хүмүүс чинь ороод эхэлсэн, “nock.vb.rov.mn” гэсэн сайт руу ороод шалгаж болно” гэж хэлээд, чатаар над руу хүмүүсийн бүртгэлд орсон гэсэн мессеж явуулж эхэлсэн. Уг сайтаар орж шалгаж үзсэн бүртгэлд орсон байсан учраас, мөн удахгүй байранд нь оруулаад эхэлнэ гэсэнд итгээд хүлээхээр шийдсэн. 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай “Згийн хэрэг хохирлоо хохирогч нарт буцааж төлсөн” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч З нь ямар ч хохирол барагдуулаагүй. З “хаагдсан хэрэг дахиад сөхөгдвөл хүмүүс чинь байрандаа орж чадахгүй” гэсэн учраас эдгээр 5 хүний хохирлыг би өөрөө авч, хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж худал мэдүүлэг өгсөн нь үнэн юм. З нь шүүхийн шатанд “хохирлыг бүрэн төлж дуусгана, танд ямар нэг асуудал үүсгэхгүй” гэсэн ч байдал эсрэгээрээ эргэж, ял шийтгүүлсэнд гомдолтой байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч К.Бауиржан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэж, Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй, хэргийн үйл баримтыг бодитоор тогтоогоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор, шүүх тогтоох үүрэгтэй байхаар хуульчилсан. Ц.Бгийн хувьд мөрдөн байцаалтын явцад тухайн хэргийг буюу бусдыг хууран мэхлэх үйлдлийг ганцаараа хийсэн талаар мэдүүлж ирсэн, улмаар мөрдөгч, прокурорын хувьд түүний мэдүүлэгт хөтлөгдөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасныг үл ойшоон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгүй ирсэн. Шүүхийн шатанд Ц.Б нь өөрөөс нь гадна З гэгч энэ хэрэгт холбоотой, түүний заавраар уг асуудлыг хийж байсан, хохирогчдоос авч байсан мөнгийг Згийн данс руу шилжүүлж байсан талаар мэдүүлж, мэдүүлгийн эх сурвалж болох хэрэгт авагдсан өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны дансны хуулгыг заасан. Өөрөөр хэлбэл, хавтас хэргийн 24-46 дугаар талд Ц.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5016050210 дугаартай харилцах дансны хуулга нотлох баримтаар авагдсан ба уг дансанд үзлэг хийсэн мөрдөгч нь зөвхөн хохирогч гэх иргэдээс шилжүүлсэн мөнгөн дүнг тулгасан байдлаар үзлэг /1хх 47/ хийж, тухайн данснаас гарсан зарлага хэсэгт үзлэгт хийлгүй орхигдуулсан байдаг. Энэ нь Ц.Бгийн мэдүүлгийг эх сурвалжийг бодитой шалган тогтоогоогүй, дан ганц түүний “... би өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан” гэсэн мэдүүлэгт хөтлөгдөж мөрдөн шалгах ажиллагааг явуулсныг харуулж байна. Зүй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.Бгийн “Хаан банк”-ны дансанд үзлэгийг зохих ёсоор явуулж, зарлага бүрийг тулган шалгасан бол хохирогч нараас шилжүүлсэн мөнгөнөөс тухай бүр нийт 20.500.000 төгрөгийг 5049054668, 5030704539 дугаарын данс руу шилжүүлсэн болохыг олж тогтоох, улмаар уг дансны эзэн хэн болох, ямар учраас мөнгө шилжүүлсэн, Ц.Бтай ямар хамааралтайг шалган тогтоох боломжтой байсан юм. Шүүхийн шатанд өмгөөлөгчдийн зүгээс энэхүү дансны хуулга болон зарлагын гүйлгээг нэг бүрчлэн шинжлэн судалж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 20.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх 2 дансны эзэн хэн болохыг тодруулахад “Х.З” гэгч болохыг Ц.Б нь тодорхой мэдүүлсэн. Гэвч шүүх уг хэрэгт Х.З гэгч хамааралгүй, хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 18 дугаартай прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын хуулбараар Х.З нь бүх мөнгийг хохирогч нарт буцааж өгсөн болох нь тогтоогдлоо гэж дүгнэсэн. Шүүхийн үндэслэл болгож буй дээрх 2 прокурорын тогтоолд (хуулбар) энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 5 хүний хохирол төлбөртэй холбоотой асуудал огт дурдагдаагүй ба хэрэв Х.Згийн зүгээс эдгээр хохирогч нарт бүх мөнгийг буцааж өгсөн байсан бол эрүүгийн 2010000001019 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдох үндэслэл нөхцөл байхгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж Ц.Бг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЩТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүднээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Бгийн яриад байгаа З гэдэг хүнийг танихгүй, утсаар ярьж байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 2019 оны 11 дүгээр сарын 24-ний хооронд Ц.Бгийн өгсөн “Хаан банк”-ны 5016050210 дугаартай дансанд Ч 5.000.000, Х 4.000.000, Ү 5.000.000, Ба 5.000.000, Д 5.000.000 төгрөгийг тус тусдаа шилжүүлж, нийт 24.000.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн Дийн 5.000.000 төгрөгөөс 2020 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд 3.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Хохирогч нар нийт 21.000.000 төгрөгийг Ц.Бгаас гаргуулан авах ёстой. Анх гомдол гаргаснаас хойших хугацаанд Ц.Б нь нэг ч удаа хохирол барагдуулаагүй, ямар ч төлбөр төлөөгүй, санал санаачилга гаргаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын Ц.Бд залилуулсан 21.000.000 төгрөгийг хохирлын асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Т.Х “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.
Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б нь залилах гэмт хэргийг дангаараа үйлдсэн гэж мэдүүлж байсан. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Халиун, Ч, Д, Ба, Ү нарын мэдүүлэгт “З гэх хүнтэй уулзсан, бид З гэх хүнээс хохирлоо нэхэмжилж байна.” гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь “хохирогч нараас авсан мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж дууссан” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч “Баянгол дүүрэгт яллагдагчаар татагдсан байсан” гэж байна. Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд 4-5 удаа хойшилж байсан. Энэ хугацаанд “яллагдагчаар татах тогтоол авч ирнэ” гэж байсан боловч тухайн үед Ц.Б нь яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэг байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “...Х.З, Ц.Б нар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилга болох “Хүннү вилла”, “Арцат апартмент”, “VIР резиденс” хотхонд борлуулагдаж буй орон сууцыг хямд үнээр, барилгыг барьж буй компанийн зээлээр, төлбөрийн бусад таатай нөхцөлөөр авч өгнө хэмээн 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн ... Т.Х /Ч.Должинсүрэн/, ... М.Ба, н.Ү, Д.Д, Ц.Ч, ... нараас нийт 526.200.000 төгрөгийг авсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Х.Зт, Ц.Б нар нь дээрх хүмүүсийг Засгийн газраас хэрэгжүүлж буй Нийслэлийн төрийн албан хаагч нарт олгох үнийн хөнгөлөлттэй орон сууц авах төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг хөөцөлдсөн гэх боловч уг үйл ажиллагаа амжилтгүй болсон байна. ...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэхээс өмнө болон мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Х.Зт, Ц.Б нар нь дээрх нэр бүхий иргэдийн 532.200.000 төгрөгийг буцаан төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурсан, төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй. ...Х.Зд холбогдох эрүүгийн 2002001390073 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. ...” /2хх 7/ гэсэн,
Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 29 дугаартай “прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор “...Хяналтын прокурор Т.Оюунжаргал 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2777 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол”-ын “ОЛСОН нь” хэсэгт хавтас хэрэгт авагдсан хохирогч Ж.Чулуунтуяа, О.Анар, Б.Доржпагам, С.Баярцэнгэл, Д.Мөнхсувд, Г.Шинэхүү, Д.Мөнхцэцэг, Б.Содном, Л.ОдонЧ, Б.Туяа, Г.Болдхуяг, Д.Атарчулуун нарын мэдүүлэг болон холбогдох дансны гүйлгээний баримт зэрэг нотлох баримтаар Х.З Ц.Б нар нь дээрх нэр бүхий иргэдээс орон сууцыг хямд үнээр, барилгыг барьж буй компанийн зээлээр болон төлбөрийн бусад таатай нөхцөлөөр авч өгнө хэмээн нийт 73.500.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон боловч төлбөрийг буцаан төлсөн, бусад иргэд гомдол гаргаагүй, зарим иргэд төлбөрийг буцаан авсан талаар мөрдөгчийн тэмдэглэлд тусгагдсан байх тул” гэж өөрчлөн найруулсугай. ...” гэсэн /2хх 9-10/ тус тус прокурорын тогтоол хэрэгт авагджээ.
Дээрхээс үзвэл, Т.Х, М.Ба, н.Ү, Д.Д, Ц.Ч нарын хохирогчоор тогтоогдсон Х.З, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2002001390073 дугаартай хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа прокуророос Ц.Бг “Хохирогч Т.Х, Ц.Ч, Д.Д, Ц.Ү, М.Ба нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, нийт 24.000.000 төгрөгийг залилсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/2019 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг асуудлыг тодруулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан бөгөөд уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаанд эргэлзээ бүхий асуудлаар ялласан байхад анхан шатны шүүх энэхүү харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий баримтуудыг нягтлан шалгахгүйгээр хэргийн үйл баримтыг яллах дүгнэлтээс өөрөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох”, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг илтэд хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчиж хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй Ц.Бд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ