Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

шүүгдэгч Т.Алтанбагана, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Санжид баг, Ойчдын 5-9 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 11-35 тоотод түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ТЯ94090111/ Сартуул овогт Төмөр-Очирын Алтанбаганад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201725021275 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Алтанбагана 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна Д.Батбаярыг зодож хүний эрүүл мэндэд эрүүний зүүн талын үений сэртэнгийн хугарал, эрүүний үений хагас мултрал, баруун гайморын хөндийн урд болон ар ханын хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, хэл доод уруул, эрүүний төвгөрт шарх, 2 хацар духанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Алтанбаганын: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

хохирогч Д.Батбаярын: ... 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100 айлд явж байгаад найз Мөнхбаатар утсаар дуудаад хамт замдаа Мөнгөнсүх, эхнэр Оч нартай таараад 4 дүгээр байрны урд талд очиход соната-5 маркийн машин дотроо үс таних Улаакаа 1 хүүхэн, 1 залуу хоёртой цуг байсан. Улаанкаа суугаад 1 шил архи гаргаж ирээд задлаад ууж байхад Улаакаа Мөнгөнсүхийн эхнэр рүү “наад хайрцгаа хаа” гээд хоорондоо хэрэлдээд унасан. Мөнгөнсүх Улаакааг “Чи миний эхнэрийг загналаа” гээд хэрэлдээд барьцалдаад авахаар нь би очоод Улаакааг хойноос нь тэврээд хажуу тийш тавьсан. Тэгээд л ухаан алдсан, би хүнтэй маргалдаагүй. Миний биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна, би Улаакааг холдуулсан болохоор Улаакааг цохисон болов уу гэж бодож байна. Өмнө нь миний хамар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хугараад Мөнгөн гүүр эмнэлэгт хамраа тэгшлүүлж байсан, өөр гэмтэл байгаагүй, надад ямар нэгэн гэмтэл учруулсныг харсан хүн байгаа юм байна лээ. Учирсан гэмтэлдээ эрүүний хагалгаанд 1 дүгээр эмнэлэгт орсон, шүүх хуралд оролцохгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,

 

гэрч М.Мөнгөнсүхийн: ...Батбаяр ахын байсан газар руу манай эхнэр Оч, Г.Мөнхбаатар бид нар гарахад Улаакаа гэх өмнө нь харж байгаагүй залуу бид нарыг дуудахад нь очсон. 4 дүгээр байрны шийдний хажууд архи уусан, Улаакаа гэх залуу манай эхнэр Оч руу уурлаад “янхан” гэж доромжилсон. Дараа нь Батбаяр ах руу уурлаад бас над руу уурлаад дайраад байсан. Буцаад ахтай хэрэлдээд зодолдоод нүүр рүү нь өшиглөж унагаагаад дээрээс нь дэвсэж байхад Мөнхбаатар очиж салгаад аваад явсан.  Бид нарыг архи ууж байхад Улаакаа гэх залуу агсам тавиад байснаас болж маргалдсан. Батбаярын биед ил харагдах шарх сорви байгаагүй, бид нар өөр хүмүүстэй маргалдаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

гэрч Э.Анхбаярын: ...Мөөгийгийн эхнэр нь намайг харж байхад машины урд хайрцаг ухаж байсан. Тэгээд Алтанбагана крем алга болчихлоо гэж Мөөгийгийн эхнэртэй хэрэлдсэн. Алтанбагана, Мөнгөнсүх нар маргалдаж байхад Батбаяр нь дундуур орж ирэхэд Алтанбагана Батбаярыг мангасдаж унагаасан. Батбаяр өөр хүнтэй маргалдаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16/,

 

гэрч Л.Батаагийн: ...гэрийнхээ цонхоор харж байхад хэдэн залуучууд муудалцаж байхад Мөнгөнсүхийн эхнэр нь манай байр руу зугтаж орж байсан. Батбаяр нь тэр залуучуудтай хамт архи ууж байгаад салаад манай байр руу алхаж байхад нь араас нь хамт архи ууж байсан танихгүй нэг залуу гүйж ирээд учир үггүй зодчихоод машиндаа суугаад зугтаасан. Би араас нь гэмгүй хүнийг зодчихлоо гэж хэлээд Батбаяр дээр очсон. Би тэр хүмүүсийг явсны дараа утсаар нь нөгөө залуучууд руу “нөгөө хүн чинь үхчихлээ” гэж албаар ярихад ирээгүй, түргэн ирээд Батбаярыг аваад явсан. Батбаяр, Мөнгөнсүх нар өөр хүмүүстэй маргаагүй, ерөөсөө л хамт архи ууж байсан хүнтэй л маргалдсан. Батбаярыг тэр залуугаас өөр хүн зодоогүй, ямар ч байсан толгой бүх юм нь цус болчихсон байсан. Тэр залуу Батбаярыг мангасдаж унасан байхад нь хүртэл зодоод байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,

 

гэрч О.Янжинлхамын: ...Машин дотор танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн урд талын суудал дээр, Анхбаяр жолоон дээр бусад нь хойд талын сандал дээр сууж байхад урд сууж байсан танихгүй эмэгтэй урд хайрцагнаас нүүрний крем аваад энэ хэнийх юм бэ гээд кармаа руугаа хийхэд нь манай найз залуу хараад яагаад наадахаа авч байгаа юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй нь шорон, янхан гээд хараалын үг урсгаад хоорондоо маргалдаад байж байхад Баагий дундуур нь ороод “чи одоо яах гээд байгаа юм бэ” гээд манай нөхрийг алгадсан. Баагий дахиж манай найз залуу алгадахад нь манай нөхөр Баагийг мангасдсан чинь өвдөг нь сөхрөөд сууж байгаад урагшаа уначихсан. Өөр хүмүүсийн хооронд маргаан болоогүй, нүүрээрээ унасан. Батбаярын аль нэг нүд нь хөхөрчихсөн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

гэрч Г.Мөнхбаатарын: ...Батбаяр, Мөнгөнсүх, бас нэг хүүхэнтэй цуг 100 айлын цэцэрлэгийн урд хашаан дотор согтуу зогсож байсан. Авсан архиа Батбаяр, Мөнгөнсүх, Алтанбагана бид 4 хувааж уусан. Хамт явсан хүүхэн нь бид нарын ууж байсан архинаас нэг татчихаад Алтанбаганын машин руу очоод суучихсан. Удалгүй машин барьж явсан Анхаа гэх залуу ирээд Алтанбаганад “тэр хүүхэн чинь машины урд талын хайрцаг ухаад гоо сайхны бараа авчихлаа” гэсэн чинь Алтанбагана Мөнгөнсүхэд “Чи авгайгаа аваач, хулгай хийгээд байна гэж хэлэхэд Батбаяр хажуунаас нь “чи яасан сүртэй юм” гэж уурлахад Батбаяр “чамд ямар хамаатай юм боль” гэж хэлээд Батбаяр Алтанбаганыг түлхэхэд Алтанбагана гараараа эрүү рүү нь цохиход урагшаагаа нүүрээрээ газар мөргөж унасан. Алтанбагана Батбаярыг цохихдоо зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №6444 тоот:

  1. Д.Батбаярын биед эрүүний зүүн талын үений сэртэнгийн хугарал, эрүүний үений хагас мултрал, баруун гайморын хөндийн урд болон ар ханын хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, хэл, доод уруул, эрүүний төвгөрт шарх, 2 хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Т.Алтанбаганыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Алтанбагана анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Батбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-51/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Алтанбаганад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төмөр-Очирын Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Төмөр-Очирын Алтанбаганыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Т.Алтанбагана нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Алтанбагана оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоосугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Алтанбагана торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Т.Алтанбаганад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Алтанбаганад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ