Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 64

 

Т.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00174/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.О-, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 25-ны өдрийн 384 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдох

"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Адъяа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.М- болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нараас:

Энэрэл цогцолбор сургуулийн захирал Ж.М-гийн 2018.05.08-ны өдрийн Б/21 тоот тушаалаар халсныг тус шүүхийн 2018.08.09-ний өдрийн 861 дугаар шийдвэрийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн Н.С- захирлын Б/27 тоот тушаалын дагуу ажилд эгүүлэн томилогдон ажиллаж байсан ба 2018.12.20-д Холбооны бүгд найрамдах Герман улсад явах шаардлага гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан мөн сургуулийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-аас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг

хүртэл 1 сарын чөлөө хүсч, 2018 оны 12 дугаар сарын 15-18-ны хооронд нягтлан бодогч Б.О-д ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Харин 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иртэл захирал Ж.М- чамаар ажил хийлгэхгүй, өөр хүн авсан бас халах тушаал өгөхгүй, чи шүүхдээд ордог биз дээ гэж хэлсэн. Сургуулийн хүүхдийн амралт сунгагдаад ажил бага байгаа болохоор бас надад халах тушаал өгөөгүй болохоор ажилдаа эргээд орох байх гэж бодож байтал удаа дараагийн уулзалтад шүүхээр шийдүүлбэл шийдүүл гэж хэлсээр ирсэн. Цаг хугацаа явж намайг ажлаас халаагүй бас ажлын байраар хангалгүй хохироож байгаа тул намайг ажлын байраар хангаж чөлөөтэй байсан хугацаанаас бусад ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг бодож олгох ба эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-, О.Адъяа нараас:

Төмөрбаатар овогтой М- нь тус шүүхэд ажлаа үргэлжлүүлэн хийх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх гомдол гаргасныг эс зөвшөөрч байна.

Учир нь Т.М- нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс тус сургуульд нярвын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захирлын А/28 тоот тушаалаар томилогдсон тооллогын комисс нь сургуулийн эд хөрөнгөд тооллого хийхэд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтыг хөтлөөгүй, данс бүртгэлийг шинэчлээгүй, мөн хүнсний агуулахад тооллого хийхэд нягтлан бодох бүртгэлийн цахим программын хүнсний материалын дансны үлдэгдэл мөнгөн дүнгээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар 10.878.854 төгрөгийн хүнсний материал дутсан байсныг илрүүлэн захиралд танилцуулж, нябо нарт богино хугацаанд өр төлбөрийг барагдуулахыг сануулсан байдаг.

Т.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилдаа ирээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй, мөн албан ёсны чөлөө авалгүйгээр гадаад явж байгууллагын жилийн эцсийн тайлангийн үеэр үүрэгт ажлаа биелүүлээгүй болно. Тайлан мэдээг хоцроож зарим хүнсний болон аж ахуйн тайланг бид бүхэн өөрсдөө нөхөн хийж мэдээ тайлангаа гаргаж байсан. Ингээд ажилдаа огт ирэхгүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирж өөр ажилд шилжин ажиллах, ажилгүйдлийн тэтгэмж авах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн тушаал хүсч, захирлын Б/21 тоот тушаалыг авч явсан. Т.М- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 861 тоот шийдвэрийг үндэслэн Н.С- захирлын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 тоот тушаалаар томилогдон ажиллаж байх хугацаандаа бараа материалын болон хүнсний тайлангуудыг хугацаанд нь тайлагнаж нягтлан бодогчоор хянуулаагүй байна. Т.М- нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Герман улс руу аялах болсон тул 1 сарын чөлөө хүсч өргөдөл бичсэн өргөдлийн хариуд нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 179 тоот албан бичгээр нягтлан бодогч солигдож байгаа болон хүнсний 9, 10, 11, 12 дугаар сарын тайлан хийгдээгүй, хянагдаагүй байгаа ба жилийн эцсийн тооллого, мэдээ тайлан хийхэд нярав зайлшгүй байх шаардлагатай тул 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл чөлөө олгохгүйг мэдэгдсэн.

Ингээд Т.М- нь би чөлөө өгсөн ч явна, өгөөгүй ч явна гэдгээ чамд болон захиралд хэлсэн гээд өөрийн дутаа хийсэн хүнсний тайлангуудаа хянуулахгүйгээр нягтланд орхисон ба бараа материалын болон аж ахуйн тайланг 9, 10, 11, 12 саруудын тайланг огт өгөөгүй бөгөөд хүнээр хийлгээд 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор өгөөд явуулна гээд санхүүгийн анхан шатны баримт болох шаардах хуудсууд, зарлага, орлогын баримтуудыг авч явсан. Мөн нягтлан Б.О-д гэсэн өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагт агуулахуудын түлхүүрүүдийн хамт нягтлангийн ширээн дээр орхиод нөхрийн хамт явсан.

Т.М- нь санхүүгийн анхан шатны баримтуудыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авч яван жилийн эцсийн тайлан өгөх хугацааг хоцроож, тус сургуулийн нягтлан бодогч болон аудитын газраас удаа дараа баримт нэхсэн боловч өгөхгүй байсаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгч, нөхөн тайлан хийснийг аудитын газрын дүгнэлтэд тусгасан байна. Т.М- нь өөрийн хувийн ажлыг урьтал болгож, төрийн ажлыг өөрт хамаагүй мэтээр ойлгож, бусдыг элдвээр доромжилж, бусдыг алдаатай мэтээр ойлгуулж, өөрөө алдаагүй мэтээр худал мэдээллийг өгч ёс зүйгүй авирладаг нэгэн.

Иймээс Т.М-ын Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т.М- нэхэмжлэлтэй Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.25-ны өдрийн 384 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлтэй холбоогүй асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

1. “... Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирлын 2018 оны 08

дугаар сарын 28-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар Т.М-ыг ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна"  гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тус ажлын байран дээр шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдож, ажиллаж буй үндсэн ажилтан, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан болох нь тус дүгнэлтээр болон холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

2. “Нэхэмжлэгч Т.М- ... үлдэгдэл тайлангуудыг 2018 оны 12 дугаар сарын 25- ны дотор хүлээлгэн өгөхөөр өөрийн гарын үсэг зурж баримт үйлдсэн, мөн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл баримтуудыг нягтлан Б.О-д хүлээлгэн өгч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Буянт ухаа боомтоор гарч 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн байх бөгөөд энэ хугацаанд ажил тасалснаар тооцож бүртгэж байсан болох нь Ажлын цаг ашиглалтын бүртгэл талуудын тайлбараар тогтоогдож байна. ”  гэж дүгнэжээ. Маргааны гол зүйл буюу бодит факт бол: 2018 оны 11 сарын 22-ны өдөр тус сургуулийн захирал солигдож Ж.М- захирал болсон үеэс эхлэлтэй байдаг. Т.М- нь тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.С-т ХБНГУ-руу хувийн ажлаар явах талаараа амаар урьдчилан мэдэгдэж харилцан зөвшилцсөний үндсэн дээр 2018.11,13-ны өдөр нислэгийн тийзээ захиалж, даатгалаа хийлгэсэн байдаг. /хх-95 хуудас/. Мөн Ж.М- захирал ажлаа авсан үеэс чөлөө авах тухайгаа амаар хэлж ажил олгогчийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэсэн хариуг өгч байсан байдаг бөгөөд 2018.12.13-ны өдөр чөлөө хүссэн өрөгдлөө албан ёсоор бичгээр үйлдэж захирал болон сургалтын менежер Д.О- нарт нэг нэг хувийг өгсөн байдаг. /хх-92 хуудас/. Чөлөө хүссэн өргөдлийг хүлээж авсан захирал өмнө нь болон тухайн үед чөлөө олгохоор зөвшөөрсөн талаар тус хэрэгт гэрчээр оролцсон гэрч Д.О-ийн мэдүүлэг болон талуудын тайлбараар нотлогддог /хх-68-69 хуудас/. Гэвч чөлөө хүссэн өргөдлийн хариуг ажил олгогчийн зүгээс 2018.12.17-ны өдөр албан тоотоор өгсөн байдаг бөгөөд Т.М-ын хувьд 2018.12.20-ны өдрийн нислэгийн тийз захиалсан байсан тул арга буюу цаг хугацаанд хавчигдаж нягтлан бодогч Б.О-д ажлаа хүлээлгэж өгөөд явсан байдаг. /хх-126, 141, 96-97 хуудас/.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: 1.“...Нэхэмжлэгч Т.М- нь ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй гэж маргаж байгаа боловч чөлөө олгоогүй болохыг мэдсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нягтлан Б.О-д ажил хүлээлгэж өгсөн гэж нотлох баримт ирүүлж тайлбар гаргаж байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийн ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаар ажлаас халагдсан өдөр буюу хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан өдөр гэж үзэх үндэслэлтэй байна”  гэж бодит факт, нотлох баримт, хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлан дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг мушгиж өөрөө санаачлаад ажлаа хүлээлгэж өгсөн, хөдөлмөрийн гэрээгээ өөрийн санаачилгаар цуцалсан гэж тайлбарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2.Өөрөөр хэлбэл ажлаас гарч буй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа уг ажилтан ажлаас хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрөөр дуусгавар болох бөгөөд ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.”  гэсэн дүгнэлт хийгээд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-дахь хэсэгтэй холбон тайлбарласан байдаг. Хэрвээ Т.М- өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол шүүхэд хандах ямар ч шаардлагагүй. Анхан шатны шүүх хууль хэрэглээний тус урьдчилсан нөхцөлүүдийг огт хэрэглэхгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдаж шийдвэрлэгдэх дараах үндэслэлтэй: Т.М-ын хөдөлмөрийн харилцаа, гаргасан зөрчилтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр огт гаргаагүй. Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлээр Т.М-ын ажил тасалсан гэх үйлдэл зөрчлийн шинтэй байх бөгөөд энэ тохиолдолд ажил олгогчоос ямар нэгэн тушаал шийдвэр гарсан байхыг Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулж өгсөн боловч ажил олгогч тушаал шийдвэр гаргахгүйгээр хууль бус эс үйлдэхүйгээр ажилтны эрхийг ноцтой зөрчсөн. Тушаал гаргаагүйгээс ажилтан амралтын мөнгө авах, ажилгүйдлийн болон, гэнэт халагдсаны тэтгэмж, нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөх зэрэг асуудалд хүндрэл учирдаг тул ажил олгогч зайлшгүй ямар нэгэн тушаал гаргасан байх учиртай.

Шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тухай: Т.М-ыг ажил тасалсан гэж үзэж байгаа тохиолдолд тус зөрчилд арга хэмжээ авч сахилгын шийтгэл ногдуулахаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудаар зохицуулсан байна. Гэвч шүүх эдгээр нөхцөл байдал, хуулийн заалтыг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл бүрдэнэ.

2.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн учир нь УТХтХ-ын 41.1.5.гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг буюу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр зохицуулсан байх боловч шүүх нэхэмжлэгчийг хохироож улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг минь шүүх хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Т.М- нь Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт гомдол гаргасан байна.

            Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон бусад бичгийн баримтуудаар Т.М- нь тус сургуульд нярвын ажил хийж байгаад хувийн ажлаар гадаад  улсад зорчихоор байгууллагын захиргаанаас чөлөө хүссэн, ажил олгогч чөлөө олгоогүй талаар бичгээр мэдэгдсэн, харин Т.М- ажлаа хүлээлгэн өгч чөлөө хүссэн хугацаандаа гадаадад зорчиж ирээд ажилд орох гэхэд нь ажилд буцааж аваагүй  түүний оронд өөр хүн авч ажиллуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

            Анхан шатны шүүх дээрх маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн  43 дугаар зүйлийн 43.2-т заасныг хэрэглэн “ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаар ажлаас халагдсан өдөр буюу хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан өдөр гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцааг үүсгэх, дуусгавар болгох үндэслэл журмыг тодорхойлон заасан бөгөөд хуулийг хэрэгжүүлэх нь ажилтан болон ажил олгогчийн үүрэг юм.

            Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургууль буюу ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан эрхийн акт гаргах үүрэгтэй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх зүйн үр дагаврыг үүсгэх юм.

Тухайн тохиолдолд ажил олгогч ажилтан Т.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, мөн түүнийг ажиллуулаагүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогджээ. Тухайлбал хэргийн /87 дугаар талд/ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Дархан-Уул аймаг Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирлын Б/75 тоот тушаал авагдсан байх бөгөөд уг тушаалаар  тус сургуулийн нярав ажилтай байсан Т.М- 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс ажлаа хаяад явсан тул Батмөнх овогтой Энхжаргалыг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн  нярвын ажилд түр томилон ажиллуулжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэр гаргаагүй байж ажиллуулахгүй байгаа байдлыг ажлаас халсантай адилтгаж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээний маргаантай асуудал нь гэрээний талуудын харилцан тохиролцох эсхүл хуульд нийцүүлэн шийдвэрлэх асуудал юм.

            Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар баримтуудаар Т.М-ыг ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх бусад нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хууль зүйн боломжгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь зөв байна.

            Харин ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаал шийдвэр гаргаж ажиллуулаагүй байж түүний ажлын орон тоон дээр өөр хүн авч, ажилтныг ажил хийлгэхгүй байгаа нь иргэний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, төрийн байгууллагын хууль дээдлэх зарчимд харшилсан үйлдэл байх тул ажилтныг ажилд нь буцаан тогтоох нь зөв гэж үзлээ.

Хэрэгт авагдсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэр дэх сүүлийн гурван сарын цалингийн дунджаар тооцож ажилтны  2019 оны 1 дүгээр  сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх буюу 2019 оны 4  дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан шийдвэрлэвэл зохино гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 25-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т.М-ын нэхэмжлэлтэй Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М-ыг Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.232.815 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах гэж,

            2. 2 дугаар заалтыг: “... 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.М-аас тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр  зүйлийн  59.3-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай гэсэн заалтыг шүүхийн шийдвэрт нэмж оруулсугай.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                  

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА        

                                                       ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ